| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0001/Э |
| Дугаар | 175/ШЦТ2021/3 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 175/ШЦТ2021/3
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, улсын яллагч Т.Нансалмаа, хохирогч О.******* /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,шүүгдэгч Б.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 2031000000200 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Урианхай овогт *******ы *******, Монгол улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн “Сагсай” суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Буурагчин 10-80 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:/*******/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутагт өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.*******ийн зүүн талын нүд, хамар хэсэг рүү цохисны улмаас биед хамар ясны хянга, хажуу ханын цөмөрсөн хугарал, таславчийн зөрүүтэй хугарал, баруун, зүүн, дээд, доод зовхи, хацарт цус хуралт хүзүүнд улаан хүрэн зулгарлын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь 2020 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутагт өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.*******ийн зүүн талын нүд, хамар хэсэг рүү цохисны улмаас биед хамар ясны хянга, хажуу ханын цөмөрсөн хугарал, таславчийн зөрүүтэй хугарал, баруун, зүүн, дээд, доод зовхи, хацарт цус хуралт хүзүүнд улаан хүрэн зулгарлын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тулгын мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.*******ийн мэдүүлэхдээ: “...Шүүгдэгчтэй хохирол төлбөрийг 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж тохирсон. Тухайн үед мөнгө төгрөг байгаагүй хот руу ачааны машинд сууж яваад эмнэлэгт үзүүлсэн, эмнэлэгт хагалгаанд орох шаардлагатай гэсэн боловч мөнгө байгаагүй учир хагалгаанд орж чадаагүй нутаг буцсан. Надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг[2],
3.Хохирогч О.*******ийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд хэвтэж байтал шөнийн 01 цагийн үед санаж байна, манай хүргэн ах Б.*******а нь Сүүеэ гэх туслах ажилтантайгаа цуг гэртээ хүрээд ирсэн юм. Гэртээ орж ирээд Б.*******а над руу хандаж “чи манайхаас зайл” гэж хэлсэн юм. Тэгээд би орноос босож хувцсаа өмсөөд Б.*******тай заамдалцаж “чи миний эгчийг битгий ингэж дээрэлхээд бай” гэж хэлээд байж байтал, гэрт байсан хүмүүс салгасан юм. Б.*******а нь тухайн үед “одоо больё” гэж хэлээд гэнэт заамдаж цамцаар боож газар унагасан юм. Тэгээд гараараа нэг удаа миний зүүн талын хамар, нүд орчим хэсэг рүү цохиж, надад хандаж “эр эмийн хооронд илжиг бүү жороол, гэж чи яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд гэрээс гараад явсан юм. Тэгээд би цагдаа дуудаж дуудлага өгсөн юм. Өөр ямар нэгэн асуудал болоогүй. Бид хоёр муудалцах болсон гол шалтгаан нь гэвэл хүргэн ах Б.*******а миний эгчтэй зүй бусаар харьцдаг хандлага, намайг хадлангийн ажилд гарснаас хойш харагддаг болсон. Миний эгчийг их дээрэлхэж харьцдаг юм шиг байна лээ. Энэ шалтгаанаас болж бид хоёр муудалцсан юм. Би Б.******* гэх хүнд цохиулсан эмчилгээний мөнгөө нөхөн төлүүлсэн тул надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг[3],
4.Гэрч О.*******ын 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний дүү О.******* нь миний нөхөр надад “архи гаргаад ир” гээд дээрэлхсэн өнгө аятай зүйл хэлэхэд нь намайг өмөөрч уг хоёр хүний дунд хэрүүл болсон юм. Миний нөхөр тухайн үед архи уусан байдалтай байсан. Өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан. Уг хүн нь одоо 51 нас гарлаа, ямар залуу хүн байгаа биш, нас, намба суумаар байгаа юм. Би энэ талаар дараа нь нөхөртөө “зан харьцаан дээрээ анхаар” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Л.*******гийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Зан байдлын хувьд Б.******* нь шударга, яриа хөөрөө сайтай, хүнтэй амархан ойлголцох чадвар сайтай хүн байгаа юм. Архи уухаараа ямар зан байдал гаргадаг талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[5],
6.Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 313 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.О.*******ийн биед хамар ясны хянга, хажуу ханын цөмөрсөн хугарал, таславчийн зөрүүтэй хугарал, баруун зүүн, дээд, доод зовхи хацарт цус хуралт, хүзүүнд улаан хүрэн зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хүний эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[6],
7.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[7], 8.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[8], 9.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[9], 10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], 11.Эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол[11], 12.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[12] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Тулгын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон О.******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, шүүгдэгч Б.******* нь эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирогчтой эвлэрэн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Урианхай овогт *******ы Тулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тулгын цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Б.*******д анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ