Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 175/ШЦТ2021/4

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ, улсын яллагч Т.Нансалмаа, шүүгдэгч Н.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрхэт овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2031000000201 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Эрхэт овогт *******гийн *******, Монгол улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн “Өлгий” суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан Уул аймгийн Дархан сумын 17 дугаар баг, 21 дүгээр хороолол, 07а байр, 26 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:/*******/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Н.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт байрлах “Ерөө” голоос ховор амьтан болох “Тул” загас нэг ширхгийг тусгай зөвшөөрөлгүйгээр барьж агнасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт байрлах Ерөө голоос ховор амьтан болох “Тул” загас нэг ширхгийг тусгай зөвшөөрөлгүйгээр барьж агнасан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Баттулгын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Би өөрөө загас барих сонирхолтой тухайн үед цэнгэг усны загас “ленок” байна гэж бодож барьсан. Загасны төрлийг сайн мэдэхгүй, цэнгэг усны загас харж байгаагүй, өөрийн мэдлэггүйгээс болж ийм хэрэгт орсондоо үнэхээр их харамсаж байна...” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч С.*******гийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* гэх иргэнээс хохирол барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч Д.*******гийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн нөхөр *******, 3 сартай хүү Гэрэлт нарын хамт 12 цагийн үед 01-07 ДАХ улсын дугаартай “Тоёота Сай” маркийн тээврийн хэрэгслээр Сэлэнгэ аймгийн “Ерөө” сум хуучин модон гүүрний орчим голын эрэг дээр очиж салхинд гарсан юм. Уг газар очоод майхан бариад цай чанаж уучихаад хүү бид хоёр майхан дотроо үлдээд манай нөхөр загас барихаар гол руу явсан. Ойролцоогоор 1 цаг орчим болоод ирэхдээ их л баярлачихсан “би загас барьчихлаа” гээд ирэхээр нь “ямар загас юм бэ” гээд асуусан чинь “линок” гэсэн би ямар нэртэй гэдгийг нь хараад мэдэхгүй. Ингээд уг газар орой 17 цаг хүртэл байж байгаад гэртээ харихаар хөдөлж 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, 7а-26 тоот гэртээ ирсэн. Манай нөхөр нөгөө барьсан загасаа гэрийн махны модон дээр тавьж, гэрэл зургийг нь аваад “Н.*******” нэртэй фэйсбүүк хаяг дээрээ пост оруулж тавьсан. Хэсэг хугацааны дараа бид хоёр тавьсан гэрэл зурган дор бичсэн коммент уншиж үзэхэд “Тул” нэртэй загас байна, наад постоо устга гэхээр нь манай нөхөр тавьсан постны гэрэл зургийг фэйсбүүк дээрээсээ устгасан. Тэгээд нөгөө загасаа маргааш нь шараад нөхөртэй хамт идсэн...” гэх мэдүүлэг[3],

4. Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Я.Батбилэгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан 2020/10 дугаартай: “...Иргэн Н.Баттулгын хууль бусаар агнасан загас нь “Тул” загас. Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор ховор зүйлийн ангилалд орсон байна. Тул загас нь Зэвэг загаснаас бие, толгой оливийн ногоон, сүүл хэсэг рүүгээ улаавтар бор, өөхөн сэлүүр, сүв болон нурууны сэлүүрүүдэд гол төлөв хар улаан өнгөтэй. Хэвлий цагаанаас хар саарал болж өөрчлөгдөнө. Ам тэгш том. Дээд эрүүний урт нүднээс хойш давсан. Толгой дээрээ жижиг хар толботой зэрэг шинж тэмдэгүүдтэй. Зураг дээрх Тул загасны нас нь 5-6 настай байх магадлалтай тул нарийн тодорхойлох боломжгүй байна. ...1 ширхэг Тул загас нь Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд заасны дагуу экологи эдийн засгийн үнэлгээний дүн 211.000 төгрөгийн хохирол гарч байна. Ан амьтны нөөцөд учруулсан хохирлыг амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөн тогтоож байгаль орчинд учирсан хохирлыг төлүүлнэ” гэсэн дүгнэлт[4],

5. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай мэргэжилтэн нарын гаргасан дүгнэлтэнд: “...Хэргийн материалд авагдсан цахим хаягт тавигдсан загас нь “ердийн тул” загас байна. “Тул” загасны дээд эрүү нүднээс хойш давсан толгой дээрээ жижиг дугуй бараан толботой, биеийн гадаргуудаа Х хэлбэрийн хагас сар хэлбэрт хар бараан толботой, хайрс маш жижиг байдаг зэрэг нь ердийн тул загасны шинж тэмдэгтэй тохирч байна. Монгол улсын Засгийн газрын 2012 оны Жагсаалт журам батлах тухай 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ховор амьтны жагсаалт”-ыг баталсан ба жагсаалтын 5-д: “Тул” загасыг ховор загасны төрөлд оруулсан байна. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ”-г тогтоосон ба Дархан сумын иргэн Н.Баттулгын хууль бусаар барьсан тул загасны экологи эдийн засгийн үнэлгээг 211.000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байна. Монгол улсын “Амьтны тухай хуулийн 37.2-т: “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасан байдаг” гэсэн дүгнэлт[5],

6. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол [6], 7.Гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол[7], 8.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[8], 9.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл[9], 10.Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл[10], 11.Эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол[11], 12.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[12] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Баттулгын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас ан амьтанд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 422.000 төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.******* нь хохирол төлөгдсөн тул, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгч Н.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас шүүгдэгч Н.Баттулгыг чөлөөлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн загасны уургыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгав.

Шүүгдэгч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрхэт овогт *******гийн Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас шүүгдэгч Н.Баттулгыг чөлөөлсүгэй.

3.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас ан амьтанд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 422.000 /дөрвөн зуун хорин хоёр мянга/-н төгрөгийг нөхөн төлснийг дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн загасны уургыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

5.Шүүгдэгч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.АМАРГЭРЭЛ