Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 175/ШЦТ2021/8

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

улсын яллагч Т.Нансалмаа,

хохирогч Б.Баттуяа,

шүүгдэгч М.Ганболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 3063 /цахимаар/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сээсүү овогт Манлайн Ганболдод холбогдох эрүүгийн 2031002560177 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1 Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 2 дугаар баг Хануй гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Сээсүү овогт Манлайн Ганболд, РД:/АД69113011/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч М.Ганболд нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг, “Улаан бургас” нэртэй газар иргэн Б.Баттуяатай “намайг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдан зодолдож, улмаар түүний толгой, гар, мөр хэсэгт нь малтуураар 3-4 удаа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Ганболд нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг, “Улаан бургас” нэртэй газар иргэн Б.Баттуяатай “намайг хэл амаар доромжиллоо” гэсэн шалтгаанаар маргалдан зодолдож, улмаар түүний толгой, гар, мөр хэсэгт нь малтуураар 3-4 удаа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч М.Ганболд гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ганболдын өгсөн: “...Би нэг удаа цохисон. Энэ үйлдэл нь миний буруу. Эмнэлэгт байхад нь очиж чадаагүй. Дараа нь гэртээ ирэхэд нь очиж уучлалт гуйсан. Хохирогчид эмчилгээний зардалд 1,800,000 төгрөг нөхөн төлсөн бөгөөд дахин гаргаж өгсөн хохирлын баримт дээрх хохирлыг нөхөн төлнө...” гэх мэдүүлэг[1],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баттуяагийн өгсөн: “...Тухайн өдөр би архи уусан байсан. Тэгээд М.Ганболд таарахад нь би М.Ганболдыг “чи манай мөнгөн эмээлийг хулгайлсан” гэж хэлэхэд М.Ганболд “би аваагүй, манай удамд хулгайч байхгүй” гээд бид хоёр маргалдахад М.Ганболд хашаа руугаа ороод малтуур аваад миний толгой хэсэгт нэг цохисон. Сая ярихдаа ганцхан удаа цохьсон гэж хэлээд байна. Гэтэл нэг удаа биш 3-4 удаа цохьсон гэв. Тэгээд Алтанбулагийн эмнэлэг дээр очоод оёдол хийлгэсэн. ...Надад 1,800,000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг[2],

3.Хохирогч Б.Баттуяагийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би болсон явдлын талаар ярихад хэрэг болдог өдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэртээ манай хөгшин хадгалсан байсан 0,5 литрийн “Хараа” нэртэй архи байсныг авч найз өвгөн Ганбаагийн гэрт очиж хувааж уусан юм. Гэхдээ Ганбаа бид хоёр миний авч очсон архийг бүгдийг уугаагүй талыг нь уусан юм. Тэгээд Ганбаагийн гэрээс гарч гэр лүүгээ явж байгаад зүс таних Баясгалангийн зуслан дээр түүний малчин Ганболдтой тааралдаж түүнийг заамдаж аваад Ганболдод “манайхан хулгайч биш, хэзээ ч тэр мөнгөн тоногтой эмээл хулгай хийхгүй” гэж хэлэхэд надаас мултарч хажуугийн хонины хашаа руу зугтаахаар нь би түүний араас хөөж очиход Ганболд хонины хашаан дотор байсан шар өнгийн модон бариултай хар төмөр малтуур авч эхлээд миний толгойн зүүн талын оройн хэсэгт нэг удаа, дараа нь зүүн гарын булчингийн хэсэг, ар дал руу нэг удаа цохисон. Тэгээд би түүнд цохиулахгүй гэж малтуурыг нь авах гэж дайраад Ганболд надад өгөхгүй гэж нэлээд ноцолдсон. Ганболд ямар ч байсан намайг 3-аас 4 удаа /малтуураар/ манартал цохисон. Ганболдод цохиулсны дараа толгой мөн зүүн гарнаас нэлээд их цус гарсан юм. Тэгээд би Ганболдоос холдож хойд зүгт гэр лүүгээ явах замд хөрш Батмөнх ахын худаг дээр очиж толгой, гарныхаа цусыг угаагаад тогтохгүй байсан. Би тухайн үед цус их алдсан ухаан балартаж түүнээс хойш болсон явдлыг сайн санахгүй байна. Ингээд ухаан ороод нэг санахад Алтанбулаг сумын Цагдаагийн хэсэг дээр очсон дэд хурандаа Наран гэдэг хүнтэй уулзаж болсон явдлын талаар хэлж байсан...гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Л.Баясгалангийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16 цаг өнгөрч байхад манай хүү болох Бямбадорж над руу утсаар ярьж “Ганболд ахыг хүн зодоод байна” гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид 2 хүү Бямбадоржийг гэрээс аваад Алтанбулаг сумын Улаанбургас руу явсан. Тэнд манай зуслан байдаг юм. Тэгээд Улаанбургас гэх газарт зам уруудаад Туяагийн хүүгийн гэрийн цаана Батмөнхийн гэр байдаг. Батмөнхийн гэрийн урд Туяа толгойноос цус гарсан байдалтай байсан. Тэгээд Туяа “ах нь гандан буурахгүй, та нар яв” гэхээр нь бид нар тойроод яваад өгсөн. Цааш яваад зуслан дээрээ иртэл Ганболд нь “Туяа гэх хүн намайг нүүр лүү цохиж, хүзүүгээр боосон” гэж хэлсэн. Туяа анх таарах үед их хэмжээний согтолттой байсан...” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Бямбадоржийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд зуслан руугаа явж байх замд Туяагийн хүүхдийн гэрийн хажууд таарахад Туяа ах өөдөөс бие нь цус болсон байдалтай ирж байсан. Юу болсон талаар асуутал “намайг хүн зодсон” гэж хэлсэн. Яг юу болсон талаараа тодорхой хэлэхгүй байсан бөгөөд Туяа ах их хэмжээний согтолттой байсан. Туяа ах бид нарыг “яв” гэсэн болохоор нь цааш Ганболд ах руу очтол малаа хариулаад гэрийн хажууд байж байсан...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Б.Алтансүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өнөөдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 12-ны орой 17 цагийн үед байсан санагдаж байна, би гэртээ байхад манай хамаатны ах Баттуяа тархи толгой, хувцас хунар нь нэлээд цус болчихсон байдалтай гэрийн үүдэнд ирсэн. Тэгсэн араас нь цагаан өнгийн Приус машинтай Бямбаа гэдэг залуу Баттуяа ахын араас бараг хамт шахуу ирсэн юм. Тэгээд Баттуяа ахаас “хэн таныг ийм болтол нь зодсон юм бэ?” гэж асуухад Баттуяа ахыг хариулах завдалгүй машинтай ирсэн Бямбаа намайг “машинд суучих манайх руу явья, та аавтай уулз” гэж ярихаар нь би машинд сууж Бямбаагийн гэрт очиход түүний аав Баясгалан байсан бөгөөд намайг “эмээл хулгайлсан” гэж ярихаар нь “би эмээл аваагүй” гэж хэлэхэд “тэгвэл чи авсан хүнийг мэдэж байгаа” гэж хэлсэн. Тэгээд би Баясаагаас энэ “манай ах Баттуяаг хэн ингэж зодсон юм бэ?” гэж асуухад Баясаа, түүний хүү Бямбаа нар “манай малчин Ганболд танай ахыг малтуураар цохисон” гэж ярьсан. Тэгсэн малчин Ганболд надад танай ах Баттуяа намайг элдэж хөөгөөд зодоод цамц урахаар нь би түүнийг малтуураар цохисон юмаа гэж ярьсан...” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Б.Октябрь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...өнөөдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 12-ны орой 16 цаг өнгөрч байхад манай хүү Бямбадорж аав руугаа залгаад Ганболд ахыг согтуу хүн ирээд зодоод байна гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд хүү Бямбаа, нөхөр Баясгалан бид 3 Улаанбургасанд байх зуслан руу 15-20 минут явсан. Улаанбургасаар зам уруудаад Туяагийн хүүгийн гэрийн цаана Батмөнхийн гэр байдаг. Батмөнхийн гэрийн урд Туяагийн толгойноос цус гарсан байдалтай бид нарыг очиход “Ах нь гандан буурахгүй, та нар яв” гэхээр цааш яваад зусаан дээр иртэл Ганболд “Туяа гэх хүн намайг нүүр лүү цохиж, хүзүүгээр боосон” гэж хэлсэн. Туяатай анх таарахад их хэмжээний согтолттой байсан...” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч М. Болдбаатар 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би эхээс арвуулаа бөгөөд би айлын 5 дахь хүүхэд миний доод талын дүү М.Ганболд нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3-р баг, Улаанбургас гэх газарт Баясгалан гэх хүний малыг маллан амьдарч байгаа юм. Баясгалантай ямар нэг хамаатан садны харилцаа хамааралгүй” гэх мэдүүлэг[8],

9.Гэрч Б. Алтаннаран 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 12-ны орой 18 цагийн үед гэртээ байхад манай ээж над руу утасдаж мэдэгдсэн. Ингээд Алтанбулаг сумын эрүүл мэндийн төв орж аавтай уулзсан. Маргааш нь аймгийн нэгдсэн эмнэлэг болон Саран элит эмнэлэг орж зураг авахуулж үзүүлэхэд яаралтай Улаанбаатар явж үзүүл гэсэн. Тэгээд галт тэргээр Улаанбаатар явж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтүүлсэн. Нарийн шинжилгээ хийлгэхэд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэснээр хагалгаанд орсон. Би ааваас ямар учраас хэнд зодуулсныг асуухад “Баясгалан гэх хүний малчин нь намайг малтуураар цохиж зодсон” гэсэн. Одоогоор аавын маань эмчилгээний зардал нэг сая найман зуу гаруй төгрөгийн зардал гараад байна...”  гэх мэдүүлэг[9],

10.Гэрч П.Азжаргал 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 12-ны орой 17 цаг өнгөрч байхад манай хадам ээж Цэрэнханд руу утасдаад “Түргэн дуудаад аав чинь толгойгоо хагалуулчихсан байна” гэхээр нь Алтанбулаг сумын эрүүл мэндийн төвийн утсанд дуудлага өгчихөөд аав, ээж хоёрын байгаа газарт очиход хадам аав Баттуяагийн нүүр толгой хэсэг нь тэр чигтээ цус болчихсон байдалтай газар хэвтэж байсан. Тэгээд ээж бид хоёр цусыг нь угаахад тогтохгүй байсан. Байгаа байдлын зургийг нь дарж баталгаажуулаад аав аваад сумын эмнэлэг рүү явсан. Явж байхад зам засварын ажил хийж байгаа баазын тэнд эмнэлгийн машин өөдөөс ирэхээр нь зогсоод  аавыг тэр машинд суулгасан” гэх мэдүүлэг[10],

            11.Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний газрын албаны шинжээч эмч                                        Т.Насанжаргалын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаргасан №244 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.М.Ганболдын биед толгойн дагз, зүүн хацар шанаа, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг[11],

12.Сэлэнгэ Аймаг дахь Шүүхийн шинжилгээний газрын албаны шинжээч эмч Т.Насанжаргалын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 243 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1. Б.Баттуяагийн биед гавал ясны зүүн чамархайд цөмөрсөн хугарал, хуйханд цусан хураа, толгойн зүүн чамархай, зүүн бугалга, баруун алганд шарх, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Б.Баттуяагийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд. 4. Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хүнд” зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг[12],

13.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[13], 14.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[14], 15.Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын тогтоол[15], 16.Хохирогчийн өвчний түүх[16], 17.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], 18.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[18] зэрэг бичгийн нотлох баримт болно.  

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Ганболдын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч М.Ганболдын зүгээс хохирогчийн эмчилгээний зардалд нийт 1,850,919 төгрөгийг нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч нь шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Харин хохирогч нь цаашид өөрт гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно. 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч М.Ганболдод эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ганболдод торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Энэхүү хэрэгт хураагдан ирсэн модон иштэй нэг ширхэг малтуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгав.

Шүүгдэгч М.Ганболд нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сээсүү овогт Манлайн Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ганболдод 10.000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ганболдын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.Ганболдод анхааруулсугай.

5.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн зүгээс хохирогчийн эмчилгээний зардалд 1,850,919 /нэг сая найман зуун тавин мянга есөн зуун арван есөн/ төгрөг төлснийг дурьдаж, хохирогч нь цаашид өөрт гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

6.Шүүгдэгч М.Ганболд нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй нэг ширхэг малтуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АМАРГЭРЭЛ