Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 175/ШЦТ2021/6

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг,

 улсын яллагч А.Баясгалан,

 шүүгдэгч Я.*******,

 шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр нарыг тус тус оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Тугчин овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2031000690113 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тугчин овогт *******ын *******, Монгол улсын иргэн, 1963 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот “Налайх” дүүрэгт төрсөн, 57 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой,  сувилагч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Сэлэнгэ аймгийн “Ерөө” сумын “Бугант” тосгоны “Эрүүл мэндийн төв”-д дархлаажуулалтын сувилагч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 3 дугаар баг, 3 дугаар байрны 25 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД:/*******/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Я.******* нь Эрүүл мэндийн төвийн Нийгмийн дархлаажуулалтын сувилагчийн ажил үүргээ гүйцэтгэх явцад буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр М.*******н /9 сартай/ биед улаан бурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлааны /УГУ/ вакцин тарих үедээ Эрүүл мэндийн сайдын “Улаан бурхан, гахай хавдар, улаануудын хавсарсан вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх тухай” 263 дугаар тушаалд заасан зааврыг, мөн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай” 611 дүгээр тушаалыг зөрчиж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс М.******* нь нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Я.******* нь Эрүүл мэндийн төвийн Нийгмийн дархлаажуулалтын сувилагчийн ажил үүргээ гүйцэтгэх явцад буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр М.*******н /9 сартай/ биед улаан бурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлааны /УГУ/ вакцин тарих үедээ Эрүүл мэндийн сайдын “Улаан бурхан, гахай хавдар, улаануудын хавсарсан вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх тухай” 263 дугаар тушаалд заасан зааврыг, мөн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай”-ыг 611 дүгээр тушаалыг зөрчиж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс М.******* нь нас барсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Я.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм зүйл хийсэндээ үнэхээр харамсаж байна. Хохирогчид оршуулгын зардалд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 6,700,000 төгрөгийг нөхөн төлсөн, 2020.10.31-нд 2,300,000 төгрөг, 2021.01.12-нд 50,000 төгрөг, 2021.01.13-нд 1,950,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг[1],

2. Хохирогч Х.*******гийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Талийгаачид 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Бугант тосгоны Эрүүл мэндийн төвд вакцин хийлгэсэн. Маргааш өглөө 10 цагийн үед эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очих үед эмч нар гаднах хувцсыг нь тайлж хараагүй, эмч нар зөвхөн хүүхэд халуурч, бөөлжиж байгаа асуудалд анхаарал хандуулаад байсан. Өдөржин эмнэлэг дээр байхад эмч нар хүүхдийн хувцсыг тайлаагүй бөгөөд орой сувилагч нарын ээлж солигдож, орой гарсан сувилагч “тариа хийнэ” гэж хэлээд зүүн гарын цамцыг тайлсан чинь “зүүн гарын бугалга хэсэг хавдсан байна” гэж хэлсэн. Эмч нар талийгаачийн зүүн гарын бугалга хэсгийг үзээд “хавдсан байна” урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байсан Бид нар тэр оройдоо Дархан-Уул аймгийн эмнэлэг рүү явсан. 2020 оны 02 дугаар сарын 05-ны орой хүүхэд тариа хийлгэсэн. Тариа хийсний дараа хүүхэд халуураад, бөөлжсөн. Тэгэхээр нь вакцин хийлгэснээс болоод ингэж байна гэж бодож байсан. Хүүхэд хоёр удаа бөөлжих үед эмнэлэг рүү дуудлага өгөх үед 23 цаг өнгөрч болж байсан. Тэр үед хүүхдийн вакцин хийсэн зүүн гарын бугалга хэсэг нь зүгээр хэвийн байсан. Өмнө нь товлолын вакцин хийлгэж байсан. Тэр үед манай хүүхдийн биед ямар нэгэн өөрчлөлт орж байгаагүй...” гэх мэдүүлэг[2],

3. Хохирогч Х.*******гийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Миний хувьд хавтаст хэргийн материалтай танилцлаа. Нэгэнт хэрэг шүүхийн байгууллагаар орж эцсийн шийдвэр гарах болохоор талийгаачийн ээжийн хувьд хэрэгт хохирогчоор орж байгаагийн хувьд санал гомдол байхгүй. Я.******* сувилагчийг ажилдаа сайн, хүнд их тусархуу аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг болохоор Бугант тосгоны иргэд бүгд мэддэг. Тийм учраас талийгаачийн ар гэрийнхэн, миний зүгээс гомдолгүй. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэнэ үү. Миний хувьд оршуулгын зардал гэж 9.000.000 төгрөгийн зардал гарсан. Талийгаачийн хайрцаг, ном уншуулсан, хоол унд, Бугант тосгоноос аймгийн төв рүү 2-3 удаа ирсэн унааны бензины зардал, Улаанбаатар хотоос аймгийн төв ирсэн зардал, эдгээр нийлээд зардал гарсан. Баримтуудыг шүүх хуралдаанд авч орно гэж бодож байна. Баримтуудыг хавтаст хэргийн материалд хавсаргахгүйгээр авч орно. Энэ нэхэмжлэлийг барагдуулах юм бол өөр хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Ц.*******гийн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эхнэр ******* хүү ******* нарын хамтаар 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд ханиад томуунаас хол эрүүл агаарт байх санаатай ирсэн. Бугантад ирэхэд манай хүү *******гийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн өвчин зовиур байхгүй байсан. Тэгээд энэ сарын 05-ны өдөр Бугант тосгоны эрүүл мэндийн төвд ирж “Улаан бурхан” өвчний эсрэг мөн хатгалгаа өвчний эсрэг 2 вакцин хийлгэсэн бөгөөд вакцин хийлгэсэн үеэс эхлэн манай хүүгийн биеийн байдал хэвийн бус зовиуртай болж, шөнө халуурч, бөөлжиж эхэлсэн. Анх вакцин хийлгэсэн орой бие нь өвдөөд байхаар нь тосгоны эмнэлэгт дуудлага өгч эмч ирж, хүүхдэд халуун буулгах тариа хийж өгөөд явсан. Тухайн шөнө хүүхдийн бие халуунтай, зовиуртай байхаар нь маргааш өглөө эхнэр бид хоёр хүүхдээ авч эмнэлэгт үзүүлтэл “хордлого авсан байж магадгүй” гэж яриад байсан. Тэгээд тэр өдрөө Бугантын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад орой 21 цагийн үед хүүхдийн биеийн байдал муудаад байхаар нь өөрсдийн хүсэлтээр Дархан-Уул аймаг руу гараад нэгдсэн эмнэлэг дээр нь очтол анхны тусламж үзүүлээд “та нар эргээд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт очсон нь дээр” гэж хэлээд явуулсан. Дархан Уул аймгаас гараад шууд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нас барсан. ...Манай хүү *******гийн нас барсан шалтгааныг үнэн зөвөөр шалгаж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Б.*******ийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 03 цагийн орчим Бугант тосгоноос 9 сартай, биеийн байдал хүнд, хүүхэд, хүүхдийн хүлээн авах яаралтай тасагт сумын бага эмчийн хамт ирсэн. Ингээд тухайн хүүхдэд үзлэг хийх үед хүүхэд халуунтай, тайван бус, вакцин тариа хийсэн зүүн гарын бугалга хэсэг газар нь хүрэнтэж улайсан хавдартай, нэлээн хордлоготой хүүхэд байсан. Энэ талаар ар гэрийнхнээс нь асуух үед “2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед Бугант тосгоны эрүүл мэндийн төв дээрээ вакцин хийлгэснээс болоод биеийн байдал нь хүндэрч эхэлсэн” гэж ээж нь хэлсэн...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Ж.Мөнхдаваагийн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Орой гэрт нь очиход хүүхэд 3 удаа бөөлжсөн гэж байсан ба бөөлжсийг эцэг, эх нь цэвэрлэсэн байсан. Хүүхдийн биеийг гаднаас нь харахад царай зүс нь хэвийн, хүүхдэд улаан бурханы /УГУ/ вакцин хийдэг, гуяанд нь хатгалгааны вакцин хийдэг юм. Тэр орой очоод мөрийг нь бол хараагүй, гуяны вакцин хийсэн ул мөрийг харахад улайж хавдсан, ямар нэгэн шарх үүссэн зүйл байгаагүй, зүгээр байсан. Өөр ямар нэгэн хүндэрсэн, нүүр ам нь улайсан ноцтой зүйл харагдаагүй юм. Тэгээд эцэг эхэд нь зөвлөгөө өгч дахин бөөлжихөөс урьдчилан сэргийлж, хажуу талаар нь хэвтүүлэх, хүүхдээ маш сайн харж хянаарай гээд эмчилгээ бичиж өгөөд явсан юм...” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч Г.Ганболдын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хүүхдийн тасаг дээр очиж хүүхдийг үзэхэд биеийн байдал хүнд, хордлого ихтэй, зүүн талын бугалга тэр чигтэй хавдсан, зүүн бугалганы дээд 3/1 дээр харласан шархтай, доод хэсгээр цус хурж хөхөрсөн эмзэглэл ихтэй, халуун, хатуу нэвчистэт үрэвсэлтэй байсан. “...Хүүхдийн биеийн байдал, зовиур намдаагүй хэвэндээ байна” гэж ар гэрийнхэн нь ярьсан. Ингээд хүүхдийн жижүүр эмч *******, чанарын менежер Сонинбаяр нартай хамтран үзэж урьдчилан сэргийлэх тарилгын дараахь зүүн булчингийн нэвчистэт буглаа, биеийн ерөнхий хордлого, хордлогот үхжил гэсэн онош тавьсан. Яаралтай байдлаар үрэвсэл, хордлого тайлах эмчилгээ хийж улмаар мэс заслын тасагт шилжүүлэх талаар ярилцсан. Хүүхэд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 08 цагийн үед хүүхдийг дахин үзэхэд яаралтай журмаар идээт үрэвслийн голомтыг арилгах зорилгоор мэс заслын тасагт шилжүүлж, хагалгааны баг дуудан 08:30 ерөнхий унтуулгын доор Бархас эмч, хагалгааны сувилагч нар хамтран буглаа нээх хагалгааг эхэлсэн. Хагалгааны явцад тухайн шархнаас /5 мл/ орчим шар шингэн гарсан. Нээсэн шархнаас арчдас авч үүсгэгчийн шинжилгээг лабораторид өгсөн...” гэх мэдүүлэг[7],

8. Гэрч О.*******ын 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний цагдаагийн байгууллагад хандсан шалтгаан нь: ач хүү *******гийн нас барсан шалтгааныг үнэн зөвөөр тодруулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг[8],

9. Гэрч С.*******гийн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* нь манай охины хүү буюу миний зээ хүү байгаа юм. Манайд ханиад томуу гадуур их байгаа учраас саяхан Улаанбаатар хотоос Бугант тосгонд ирсэн бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр17 цагийн үеэс эхлэн биеийн байдал муудаж, тухайн оройдоо халуурч мөн бөөлжөөд байхаар нь манай хүүхдүүд эмч дуудан ирж үзүүлтэл тариа хийж өгөөд эргээд явсан байсан. Тэгээд зээ хүү “******* нь тухайн шөнөдөө халуунтай хоносон” гэж аав, ээж хоёр нь ярьж байсан. Би Сэлэнгэ аймагт ажилтай явж байсан болохоор тэр болгоныг сайн мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг[9],

10. Гэрч Б.ийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эмчилгээ хийгдсэнээс хойш ажиглалтын байдалтай байсан бөгөөд амин үзүүлэлтийг шалгаад эцэг, эхэд нь хүүхдийн биеийн байр байдлыг тайлбарлан хэлээд зөвлөгөө өгч, улмаар дараагийн шатны эмнэлгийн байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахад М.*******н эцэг, эх өөрсдөө “Дархан-Уул аймаг руу явна” гээд Бугант тосгоны эрүүл мэндийн төвийн Эрдэнэчимэг эмчтэй хамт явсан юм...” гэх мэдүүлэг[10],

11. Гэрч Н.ын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 06-ны үдээс хойно мэдсэн. Хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна. Хүүхдийн ар гэрийнхэн хүртэл өөрсдөө хүүхдээ ингэсэн, тэгсэн гэх зүйл хэлээгүй. Вакцин хийлгэснээс болоод уйлганасан. Биеийн байдал нь тайван бус байгаа гэсэн зүйл хэлсэн. Хүүхэд өглөө эмнэлэг дээр ирэх үед хүүхдийн хөл, цээж хэсгийг үзсэн. Тариа хийсэн гарыг огт үзээгүй. Тарианаас болсон гэж бодоогүй. Яагаад гэхээр нь хүүхдийн ээж хэлэхдээ “урд өдөр хүүхэд бөөлжсөн, гүйлгэсэн” бас баасыг нь харуулсан. Баас нь бужигнасан байсан болохоор шингэн алдсан байна гэж бодоод хордлоготой байна гэж бодсон...” гэх мэдүүлэг[11],

12. Гэрч Б.Чулуунцэцэгийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн хүүхдийн шинжилгээнд орсон. Шинжилгээнд орох үед хүүхдийн сэрээ булчирхай нь том байсан. Сэрээ булчирхай том байсныг шинжилгээнд орсон эмч нар хоорондоо вакцины дараахь хариу урвал хүчтэй байж болзошгүй талаар ярилцаж байсан...” гэх мэдүүлэг[12],

13. Гэрч Ц.Ганболдын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Я.Баярмаа нь вакциныг *******н биед буруу хийсэн байсан явдлаас болж М.******* нь нас барсан зүйл биш юм. Харин Я.******* нь вакциныг хийх явцдаа халдвар хамгаалалтын дэглэм зөрчиж, бохир оруулснаар вакцин хийсэн газар нь идээлж үрэвссэн явдал юм. М.*******н вакцин хийсэн гарын хэсэгт халдварын улмаас үрэвсэл үүсэн буюу халдварын улмаас нас барсан...” гэх мэдүүлэг[13],

14. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Талийгаачид гэмтэл тогтоогдсонгүй. 2.Талийгаач үжил халдварын улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ. 3.Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил өвчинтэй байжээ. 4.Талийгаач Ерөө сумын Бугант тосгоны Эрүүл мэндийн төвийн вакцины сувилагч /Measles Mumps and rubella/ буюу УГУ-Улаан бурхан, гахай хавдар, улаанууд гурвалсан вакциныг зохих газар, зөв байрлалд, зохих тунгаар хийсэн байна. 5.Талийгаачид вакцин хийсний дараа өдрөөс халуурч өвдсөн, вакцин хийсэн газар хавдаж, улайж,  улмаар хүзүү, гарын тохой, сарвуу руу хавагнаж, нэвчдэст идээ үүссэн байна. 6.Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар хүүхдийг хүлээн авч оношилж, яаралтай зохих эмчилгээ, арга хэмжээ авч, гарах хүндрэлээс урьдчилан сэргийлж буглааг нээж идээг гадагшлуулан, эрчимт эмчилгээ хийгдсэн байна. 7.Эмнэлгийн тусламжийг Аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн үед зохих хугацаанд цаг алдалгүй, яаралтай арга хэмжээ авсан байна. 8.Корона вирусээс халдварласан эсэхийг тухайн цаг үед тодорхойлох боломж үгүй байжээ. 9.Талийгаачийн цус В/lll/ бүлгийн харьяалалтай  байна...” гэх дүгнэлт[14],

15. Эм бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.Чулууны 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №18-03-014/06 тоот шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт:  “...MEASLES MUMPS AND RUBELLA VACCINE LLA VACCINE 0158N001 серийн дугаартай вакцин нь заавал хийх үндэсний товлолын вакцин. Заавал хийх үндэсний товлолын вакциныг Дархлаажуулалтын тухай хуулийн 3.17.1, 3.17.2, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.15.1, Гаалийн тухай хуулийн 2.9.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас /Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захиалга дээр үндэслэн/ захиалга хийгдэж НҮБ-н хүүхдийн сангаас нийлүүлэгддэг. Зориулалтын хөргүүртэй 24 цагийн тасралтгүй, цагийн нарийн хяналт, хэмийн тогтолцоотой, машинаар тээвэрлэж, ХӨСҮТ-с аймаг дүүргийн ЭМГ-луу ЭМГ-с мөн вакцин зөөвөрлөлтийн саваар /24 цагийн хэмийн хяналттай/ нийлүүлэгддэг. Уг /0158И001/ серийн 40 тун/хүн вакцин 2020 оны 01 дүгээр сарын 24-нд +2 хэмийн зохицуулалттайгаар ЭМГ-с Бугант тосгоны ЭМТ-д ирсэн ба 2020 оны 02 дугаар сарын 22-ны байдлаар үлдэгдэл тун -35/ тун байна. 2. Уг вакцин нь хавсарсан буюу хэд хэдэн өвчний эсрэг антиген, хоргүй гүүсрийн найрлагатай вакцины ангилалд хамрагдана. Улаан бурхан гахай хавдар, улаануудын эсрэг дархлааны вакцин. Вакциныг нэг удаагийн ариун зүү, тариур хэрэглэн зориулалтын уусгагчаар найруулан зөөлөн сэгсэрч найруулсан даруйдаа 0.5 мл дугаар соруулан бугалганы дээд хэсгийн арьсан дор тарьж хэрэглэнэ. Мөсөн ханатай хөргөгчийн доод сагсанд +2, +8 хэмд хадгалах зориулалтай. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар MEASLES MUMPS AND RUBELLA VACCINE LLA VACCINE 0158И001 серийн дугаартай вакциныг Бугант тосгоны ЭМТ-н дархлаажуулалтын кабинетэд зааврын дагуу хөргөгчийн доор сагсанд +4 хэмд хадгалж байсан. Вакцины хадгалалтын хугацаа 2020 оны 11 сар хүртэл хүчинтэй. 3.УГУ вакцин нь Дархлаажуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар заавал хийх товлолын вакцин бөгөөд 1 дүгээр тунг 9 сартайд, 2 дугаар тунг 2 настайд нь хийлгэж дархлаа бүрэн тогтдог. Дархлаажуулалтын өмнө эмчийн үзлэг хийх нь хүүхдийн биеийн байдлыг үнэлж, вакцин хийхэд харшлах өвчин, эмгэг байгаа эсэхийг тогтоож, дархлаажуулалтын дараах хүндрэлээс сэргийлэх зорилготой бөгөөд 2 сараас дээш хүүхдийг сум, өрхийн эмч, хүүхдийн эмч хийнэ. Энэ нь дархлаажуулалтын тухай хуулийн 13.4 дэх хэсэг, түүнтэй холбогдуулан гарсан ЭМС-н 261 дүгээр тушаалаар /хавсралтаар/ зохицуулагддаг. 4. Вакцин хийлгэсэн хүнд өмнө нь болсон эсвэл шинээр бий болсон өвчин эмгэг болон вакцинтай холбоогүй гадаад орчны нөлөөллийн улмаас дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл тохиолдож болно. Жишээ нь УГУ вакцин хийлгэсний дараа хэсэг газрын урвал болох өвдөх, хавдах, улайх шинж тэмдэг ойролцоогоор 10%-д чичрэх, цочиромтгой болох 5% д илэрч болзошгүй байдаг. 5. Байхгүй болно...” гэх мэдүүлэг[15],

16. Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 485 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Талийгаачид гадны нөлөөтэй гэх гэмтэл тогтоогдоогүй, товлолт вакцин хийсэнтэй холбоотой нэвчдэс үүссэн үүнд зүслэг хийгдсэн шархтай байна. 2. Талийгаач нь цус багадалт, хоол тэжээлийн архаг дутал, шүүдэст эмгэгшил /диатиз/ гэсэн суурь эмгэгүүдтэй байжээ. 3. М.*******д хийсэн MEASLES MUMPS REBELLA VACCINE LLA VACCINE 0158N001 серийн дугаартай улаан бурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлааны /УГУ/ вакцин байна. 4.Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн 38 дугаар хуудас, дархлаажуулалтын хуудсанд вакцинатор Я.*******гийн УГУ вакциныг баруун гарт 0,5-аар в/м (булчинд) хийсэн тухай тэмдэглэлээс харахад вакцины тун хэмжээ зөв боловч арьсан дор тарих заавартай вакциныг булчинд хийсэн нь ЭМС-ын “Улаан бурхан, гахай хавдар, улаануудын хавсарсан вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх тухай” 263 дугаар тушаалд заасан зааврыг зөрчиж, буглаа үүсэх нөхцлийг бүрдүүлсэн, мөн вакцин хийсэн байршлыг буруу тэмдэглэсэн нь ЭМС-ын 2019.12.30-ны өдрийн “Эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах” тухай А/611 дугаар тушаалыг зөрчсөн байна. 5. Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Дархлаажуулалтын тухай” 261 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Дархлаажуулалтын өмнө эмчийн үзлэг хийх журам”-д  дархлаажуулалтын өмнөх үзлэгээр вакцин хийхэд харшлах өвчин, эмгэг байгаа эсэхийг тогтоож, дархлаажуулалтын дараахь хүндрэлээс сэргийлэх зорилгоор 2 сартайгаас дээш насны хүүхдэд, сум, өрх, хүүхдийн эмч үзлэг хийнэ гэж заасан байдаг. Бугант тосгоны ЭМТ-д вакцин хийлгэхээр ирэх үеийн үзлэгийг эх баригч, бага эмч мэргэжилтэй Ж.Мөнхдаваа хийсэн нь дээрх тушаалыг зөрчжээ. 6. Бугант тосгоны Эрүүл мэндийн төвийн эмч хүнд өвчтөнг хугацаа алдалгүй дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлжээ. Дархан-Уул аймгийн эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн баримт үгүй байна. 7. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар оношлогоо, эмчилгээг хугацаанд нь зохих ёсоор хийжээ. 8. М.******* нь зүүн бугалганд тариа хийсний дараах үрэвслийн нэвчдэс үүсэн улмаар үжлийн нэг хэлбэр болох үрэвслийн түгээмэл хам шинжийн улмаас нас баржээ. 9. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт №14-ийн 3дугаар хариулт, 4 дугаар хариултын ...гахай хавдар, улаанууд гурвалсан вакциныг зөв байрлалд ...хийсэн байна гэснээс бусад нь үндэслэлтэй байна... гэх мэдүүлэг[16],

17. Шүүгдэгч Б.*******гийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би олон жил сувилагчаар ажилласан. Ийм алдаа дутагдал гаргасандаа харамсаж байна. Өмнө нь ямар нэгэн байдлаар хүүхдэд вакцин хийснээс болж урвал өгч байсан тохиолдол байхгүй...” гэх мэдүүлэг[17],

18. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[18], 19. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[19], 20.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[20], 21.Талийгаачийн эмнэлэгт үзүүлсэн бүртгэл болон шинжилгээний хариу бусад баримт[21], 22.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[22], 23.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[23], 24.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[24] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогчийн зүгээс оршуулгын зардалд 10,101,420 /арван сая, нэг зуун нэг мянга дөрвөн зуун хорь/-н төгрөгийг зарцуулах баримт ирүүлсэн байна.

Шүүгдэгчийн зүгээс хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны шатанд 6,700,000 /зургаан сая долоон зуун мянга/-н төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд 2020.10.31-нд 2,300,000 төгрөг, 2021.01.12-нд 50,000 төгрөг, 2021.01.13-нд 1,950,000 төгрөг, (6,700,000+2,300,000+50,000+1,950,000=11,000,000) төгрөг нөхөн төлсөн байна.

Гэвч энэ гэмт хэргийн улмаас хүний амь насыг хохироосон, түүний эцэг, эхэд нөхөн сэргээгдэхгүй хүнд хохирол учруулсан хор уршгийг арилгах боломжгүй тул хор уршиг бүрэн арилсан гэж үзэхгүй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Я.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Я.*******д сувилагч, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, ажиллахтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хориглох, хязгаарлалт тогтоож, тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Я.*******д мэдэгдсэн болно.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Я.*******д анхааруулав.

Шүүгдэгч Я.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тугчин овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******г 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Я.*******д сувилагч, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, ажиллахтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хориглох, хязгаарлалт тогтоож, тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Я.*******д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Я.*******д анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн өдрөөс эхлэн эрх хасах ялын хугацааг тоолсугай.

6. Шүүгдэгч Я.*******гийн зүгээс оршуулгын зардалд 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөг хохирогч Х.*******д нөхөн төлснийг дурьдсугай.

7. Шүүгдэгч Я.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.АМАРГЭРЭЛ