Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 18

 

   Б.Г, Г.Г, Б.Ө, Э.Х нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

           Нарийн бичгийн дарга                                               Г.Должинсүрэн

Прокурор                                                                           С.Ариунаа

Шүүгдэгч Б.Өнөржаргалын өмгөөлөгч                     Р.Ганчулуун

Шүүгдэгч Б.Ганзориг, Г.Ганзул, Э.Хүдэрсүх

нарын өмгөөлөгч                                                        Т.Энхболд, Д.Урансувд

Шүүгдэгч                                                                     Б.Ө, Э.Х

нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Ариунаагийн бичсэн эсэргүүцлээр Б.Г, Г.Г, Б.Ө, Э.Х нарт холбогдох эрүүгийн 1721002590180 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн Цагдаагийн газрын сум дахь цагдаагийн хэсэгт цагдаагаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг,  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Бын Г.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, хүнд даацын машины жолооч мэргэжилтэй, “А к” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 9-р хороо тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Гийн Г.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Эийн Х.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Мянгат суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “А к” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т овогт Бн Ө.

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаагаар ажиллаж байхдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан 2279.85 кг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг аймгийн төв рүү хүргэж өгөхөөр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж явахдаа 40 кг буюу 2,000,000 төгрөгийн үнэ бүхий ургамлын үндсийг завшсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Г.Г нь Б.Өыг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан 2279.85 кг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг 83-52 УНХ улсын дугаартай “Норд бенз” маркийн машинаар тээвэрлэн аймгийн төв рүү хүргэж өгөхөөр итгэмжлэн хариуцаж явахдаа 2 шуудай ургамлын үндсийг завших гэмт хэрэг үйлдэхэд нь урьдчилан амлан дэмжлэг үзүүлэн, 2 шуудай ургамлын үндсийг өөрийн жолоодож явсан 32-09 УНҮ дугаартай “Норд бенз” маркийн машинд ачиж, тээвэрлэн аймгийн төвд хүргэсэн, мөн ургамлын үндсийг зарж борлуулсан мөнгөнөөс 150,000 төгрөгийг авч бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт,

Шүүгдэгч Э.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2 шуудай буюу 40 кг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Ө нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан 2279.85 кг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг аймгийн төв рүү холбогдох байгууллага, албан тушаалтанд хүлээлгэн өгөхөөр итгэмжлэн хариуцаж, “А к” ХХК-ийн өмчлөлийн  83-52 УНХ улсын дугаартай “Норд бенз” маркийн  тээврийн хэрэгслээр тээвэрлэх явцдаа  40 кг буюу 2,000,000 төгрөгийн үнэ бүхий ургамлын үндсийг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 74  дүгээр шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б овогт Б.Г-г битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хамгаалах үүрэг гүйцэтгэж явахдаа битүүмжлэн хураан авсан эд хөрөнгийг завшсан, шүүгдэгч Х овогт Г.Г-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихад хамжигчаар оролцсон, шүүгдэгч Х овогт Э.Х-г зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндсийг худалдсан, шүүгдэгч Т б овогт Б.Ө-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-н нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-г хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус  тэнсэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Г, Г.Г, Б.Ө, Э.Х нарт тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

-Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г, Г.Г, Б.Ө, Э.Х нарт тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд, шүүгдэгч Б.Өнөржаргалд тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд  хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Г.Г, Б.Ө, Э.Х нарын ургамлын нөхөн төлбөрт төлсөн 2,000,000 төгрөгнөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1,120,000 /нэг сая нэг зуун хорин мянган/  төгрөгийг улсын орлого болгож, 880,000 /найман зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Б.Г, Г.Г, Б.Ө, Э.Х нарт буцаан олгож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Э.Х-н эзэмшлийн 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй “Пажеро” маркийн 95-51 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулан улсын орлого болгож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хийн эзэмшлээс 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй “Пажеро” маркийн 95-51 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, “А к” ХХК-ийн эзэмшлээс 48,000,000 төгрөгийн үнэлгээтэй, “Норд бенз” маркийн 32-09 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, “А к” ХХК-д буцаан олгож,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Гийн тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Г.Г тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Э.Х-н тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Б.Ө-н тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, ...шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Ариунаа бичсэн эсэргүүцэлдээ: “…Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хэргийг хэлэлцээд шүүгдэгч нарын ургамлын нөхөн төлсөн төлбөрт төлсөн 2,000,000 төгрөгнөөс 1,120,000 төгрөг нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого тул улсын орлого болгож, үлдсэн 880,000 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Б.Г, Г.Г, Б.Ө, Э.Х нарт буцаан олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтаар 1 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг экологи эдийн засгийн үнэлгээг 50,000 төгрөг байхаар тогтоосон.

Шүүгдэгч нар нь 2 шуудай буюу 40 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг завшиж, 2,000,000 төгрөгийн шууд хохирлыг учруулсан, мөн дээрхи ургамлын үндсийг бусдад зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэний улмаас 1,120,000 төгрөгийн ашиг олсон байхад шүүхээс шүүгдэгч нарын хохиролд 2,000,000 төгрөгийг нөхөн төлбөрт төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,120,000 төгрөгийг хохирол болох 2,000,000 төгрөгнөөс хасч, зөрүү 880,000 төгрөгийг шүүгдэгч нарт буцаан олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Норд бенз” маркийн 32-09 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 48,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлээгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох “Сүү” ХК-ийн өмчлөлийн “А к” ХХК-ийн эзэмшлийн 48,000,000 төгрөгийн үнэ бүхий ашигласан “Норд бенз” маркийн 32-09 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, “А к” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г, Г.Г, Б.Ө, Э.Х нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтыг  зөрчсөн тул Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгч Б.Г, Г.Г, Э.Х нар прокурорын эсэргүүцэлд гаргасан тайлбартаа: “...Бид прокурорын эсэргүүцлийг зөвшөөрөхгүй байгаа учир нь:

а/ Шүүгдэгч бид нар 40 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг байгалиас ухаж түүгээгүй, байгал экологид хохирол учруулаагүй бөгөөд харин Т.Э гэгч хүний хураагдсан дээрхи үндсийг ачиж явж байгаа түүнээс 2,000,000 төгрөгийн үндсийг завшиж бусдад дээрхи хэмжээний хохирол учруулан уг хохирлыг нөхөн төлсөн юм. Иймд байгаль экологид биднийг хохирол учруулаагүй гэж шүүх дүгнэсэн болно.

б/ Шүүгдэгч бидний завшсан 40 кг үндэс нь Т.Эд холбогдох эрүүгийн хэргийн эд мөрийн баримт буюу өөрөөр хэлбэл Т.Эийн зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч хадгалсан дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул биднээс байгалийн ургамлын нөхөн төлбөрийг гаргуулах үндэслэлгүй байна гэж шүүхээс дүгнэсэн. Үүнийг прокурор буруу ойлгожээ.

в/ Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь “Норд бенз” маркийн 32-09 УНҮ дугаартай тээврийн хэрэгсэл нь Г.Гын эзэмшлийнх биш “А к” ХХК-н эзэмшлийнх тул буцаан олгохоор шийдвэрлэсэн бөгөөд хуульд машины үнийг гаргуулж, улсын орлого болгох заалт байхгүй тул шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна.

г/ Шүүгдэгч бидэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлаж үнэлж дүгнэсэн бөгөөд шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр хэргийг хуулийн дагуу шийдсэн.

Иймд Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 74  дүгээр шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Г.Г прокурорын эсэргүүцэлд нэмж гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2,000,000 төгрөгийг Б.Г, Э.Х, Б.Ө бид хуваан төлсөн. /нэг хүнээс 500,000 төгрөг гарсан/

…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна” гэжээ.

Гэтэл анхан шатны шүүхээс гэмт хэргийн хамжигч надад гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулсан ялаас их ял оногдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн тул давж заалдах шатны шүүхээс надад оногдуулсан 2 жилийн тэнсэн ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд хэлсэн саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Гэхдээ Г.Гд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2-т зааснаар гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулах ёстой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай заалт юм. Иймд шүүх хууль зөрчөөгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун хэлсэн саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Шүүх хууль зөрчөөгүй. Иймд тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд хэлсэн саналдаа: …40 кг ургамлын үндэсний нөхөн төлбөрийг гаргуулах үндэслэлгүй. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дүгээр заалтыг зөрчөөгүй учир 48,000,000 төгрөгийн тээврийн хэрэгслийг хураах шаардлагагүй юм гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: …Гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,120,000 төгрөгийг хохирол болох 2,000,000 төгрөгнөөс хасч, зөрүү 880,000 төгрөгийг шүүгдэгч нарт буцаан олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн.

Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Норд бенз” маркийн 32-09 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 48,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлээгүй орхигдуулсан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.Г, Г.Г, Б.Ө, Э.Х нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаагаар ажиллаж байхдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан 2279.85 кг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг аймгийн төв рүү хүргэж өгөхөөр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж явахдаа 40 кг буюу 2,000,000 төгрөгийн үнэ бүхий ургамлын үндсийг завшсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Г.Г нь Б.Өыг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан 2279.85 кг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг 83-52 УНХ улсын дугаартай “Норд бенз” маркийн машинаар тээвэрлэн аймгийн төв рүү хүргэж өгөхөөр итгэмжлэн хариуцаж явахдаа 2 шуудай ургамлын үндсийг завших гэмт хэрэг үйлдэхэд нь урьдчилан амлан дэмжлэг үзүүлэн, 2 шуудай ургамлын үндсийг өөрийн жолоодож явсан 32-09 УНҮ дугаартай “Норд бенз” маркийн машинд ачиж, тээвэрлэн аймгийн төвд хүргэсэн, мөн ургамлын үндсийг зарж борлуулсан мөнгөнөөс 150,000 төгрөгийг авч бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэргийг,

Шүүгдэгч Э.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2 шуудай буюу 40 кг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Ө нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан 2279.85 кг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг аймгийн төв рүү холбогдох байгууллага, албан тушаалтанд хүлээлгэн өгөхөөр итгэмжлэн хариуцаж, “А к” ХХК-ийн өмчлөлийн  83-52 УНХ улсын дугаартай “Норд бенз” маркийн  тээврийн хэрэгслээр тээвэрлэх явцдаа  40 кг буюу 2,000,000 төгрөгийн үнэ бүхий ургамлын үндсийг завшсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Үүнд:

Иргэний нэхэмжлэгч П.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Уг шалгалтаар манай сумын 2-р баг буюу Буйр нуурын зүүн урд захад үйл ажиллагаа явуулдаг “Буйр трейвел” ХХК-ийн амралтын баазын агуулахад байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс 84 шуудай буюу 2279.85 кг хадгалагдаж байхад нь Г.Г “Хово” маркийн 83-82 УНХ дугаартай машинаар дээрх ургамлын үндсийг тээвэрлэн аймгийн төв рүү авч яваад 09 дүгээр сарын 12-ны өглөө Мэргэжлийн хяналтын газрын агуулахад акт үйлдэж хүлээлгэн өгсөн. Тэгээд материалыг Цагдаагийн байгууллагад шилжүүлсний дагуу 84 шуудай ургамлын үндсийг цагдаагийн албан хаагч нар хүлээн авахад 2 шуудай буюу 50 кг үндэс дутсан байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 30 тал/,

Гэрч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Хураан авсан 84 шуудай буюу 2279.85 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг “А к” ХХК-ийн “Норд бенз” маркийн машинд ачаад Г, Т, жолооч залуу бид нар 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Халхгол сумаас аймгийн төв рүү гарч 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө 05 цагийн үед Мэргэжлийн хяналтын газрын гадаа буулгаад манаач Цд хүлээлгэн өгч гараажид хийлгэсэн. Цагдаагийн байгууллагын ажилчид 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гараажаас үндсийг хүлээж авахад 82 шуудай буюу 2239.82 кг болж 2 шуудай буюу 40 кг үндэс алдагдсан байсан. Үндэс тээвэрлэн авч явдаг өдөр Халхгол сумын цагдаагийн хэсгийн дарга, хошууч Ц.С руу аюулгүй байдлаа хангуулах үүднээс хамгаалалт хэрэгтэй байна гэж ярихад Гийг аваад яв гэсэн. “А к” ХХК-ийн захирлаас тээвэр хийх машин гуйхад Өыг машинтай нь ирүүлсэн. Жолооч Өн хувьд тээвэрлэлт хариуцаж байсан бөгөөд цагдаа Г аюулгүй байдал, ургамлын үндэс алдагдах, дутагдах асуудлыг хариуцаж явсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 35-37 тал/,

Гэрч Ц.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Г нь миний  хариуцсан  цагдаагийн  хэсэгт  томилогдон  ажиллаж  байсан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу шууд удирдах дарга нь би байсан. Цагдаагийн албан хаагчийн хувьд удирдах албан тушаалтнаас амаар болон бичгээр өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 136 тал/,

Мөн Халхгол сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Гн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 12-04-323/02 тоот акт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг жинлэсэн тухай тэмдэглэл, Г.Гс цагдаагийн ахмад Б.П ургамлын үндэс хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг болно.

Шүүх, шүүгдэгч нарын зарж борлуулсан 40 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үнэ болох 2,000,000 /хоёр сая/ төгрөгнөөс 1,120,000 төгрөг нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэн улсын орлого болгож, үлдэх 880,000 төгрөгийг гаргуулж шүүгдэгч Б.Г, Г.Г, Б.Ө, Э.Х нарт буцаан олгохоор шийдвэрлэсэн нь буруу, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзнэ. Шүүгдэгч нар улсын орлого болговол зохих 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ургамлын үндсийг завшсан байхад анхан шатны шүүх тэднийг уг хохирлыг төлөх үүрэггүй, зөвхөн гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Прокурор шүүх хуралдаан дээр шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон 1,120,000 төгрөгийг хохирлын 2,000,000 төгрөгнөөс гадуур хураах ёстой гэж тайлбарлаж байгаа хэдий ч давж заалдах шатны шүүх, тэднээс 2,000,000 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэснээр “гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хурааж хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулах” талаарх хуулийн шаардлага хангагдсан гэж үзнэ.

            Шүүгдэгч нар нь ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгээгүй, байгаль экологид учирсан хохирол нь тэдний үйлдэлтэй холбоогүй тул нөхөн төлбөрийн мөнгө гаргуулаагүй нь зөв юм.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Норд бенз” маркийн 32-09 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 48,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлээгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй байна.

            Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, тухайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машин нь бусдын өмчлөлийн хөрөнгө байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилго хангахад шаардлагагүй байх тул “Норд бенз” маркийн 32-09 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 48,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Г түүний өмгөөлөгч Т.Энхболд нар шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж байгаа боловч уг хуулийн зүйл хэсэгт “…тухайн хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна” гэж заажээ. Шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Гд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн байх тул хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иймд улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолын 5 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Г.Г, Б.Ө, Э.Х нарын ургамлын нөхөн төлбөрт төлсөн 2000.000 төгрөгнөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1120.000 /нэг сая нэг зуун хорин мянган/  төгрөгийг улсын орлого болгож, 880.000 /найман зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж шүүгдэгч Б.Г, Г.Г, Б.Ө, Э.Х нарт буцаан олгосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Г.Г, Б.Ө, Э.Х нарын 40 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи эдийн засгийн үнэлгээний төлбөрт төлсөн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг улсын орлого болгосугай” гэж өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Л.НАРАНБАЯР                         

                      ШҮҮГЧИД                                         Б.СҮХГОМБО

                                                                                Ж.ДОЛГОРМАА