Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 030

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий  сумын 1 дүгээр  багийн оршин суугч                        Ители-Елтох  овогт Д.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас Д.Аийг чөлөөлөгдөөгүй болохыг тогтоох, түүнийг мэргэжилтний тус албан тушаалд томилон ажиллуулахгүй байгаа газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,  Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/40 дугаар захирамжийн 3 дахь заалтыг биелүүлэхийг, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Д.Аийг томилохыг тус тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, түүний өмгөөлөгч А.С, хариуцагч аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.М, түүний өмгөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2009 оноос аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт мэргэжилтнээс ахлах мэргэжилтнээр дэвшин ажиллаж байсан ба байгууллагын дарга Ш.М нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн учир аймгийн Засаг дарга намайг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм. Дараа нь аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/40 дугаар захирамжаар Ш.Мыг шүүхийн шийдвэрийн дагуу уг ажилд эгүүлэн томилж, газрын даргын түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн. Ингэснээр миний бие өөрийн үндсэн ажлаа хийх боломж гарч аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр ажиллах гэтэл намайг ажиллуулахгүй, цалин хөлсийг маань олгохгүй өнөөдрийг хүрлээ. Миний бие даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаанд миний өмнөх мэргэжилтний албан тушаалд Х.Ныг түр ажиллуулах үүргийг аймгийн Засаг дарга өгсөн, мөн  аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас түүнийг авч ажиллуулах санал ирсэн учир тушаал гаргаж Х.Ныг томилсон. Хариуцагч тайлбартаа намайг өөрийн хүсэлтээр мэргэжилтний орон тооноос чөлөөлөгдсөн, уг сул орон тоонд Х.Ныг бүр томилсон гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн үед намайг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, Төрийн албаны тухай хуулийн дагуу удирдах албан тушаалтны шалгалт өгөөгүй, салбар зөвлөлийн нэр дэвшүүлсэн тогтоол гаргаагүй, мөн би мэргэжилтний орон тооноос чөлөөлөгдөөгүй,  чөлөөлөгдөх өргөдөл гаргаагүй юм. Миний бодлоор мэргэжилтний орон тоо хэвээр байгаа, би чөлөөлөгдөөгүй, үргэлжлүүлэн ажиллах эрхтэй, тухайн үедээ Х.Ныг түр хугацаагаар ажиллуулъя гэж зөвшөөрч байсан. Өнөөдрийг хүртэл газрын дарга Ш.М нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц орон тоог Засаг дарга баталж, төсвийг нь  шийдэж өгсний дараа намайг ажилтай болгоно гэж ярьж байсан боловч биелүүлээгүй, би мэргэжилтний орон тооноос чөлөөлөгдөөгүй хэвээр байгааг дарга мэдсээр байж намайг ажиллуулахгүй, цалин хөлсийг маань өгөхгүй байгаа нь хууль бус юм. Иймд миний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтад байгаль орчныг хамгаалах талаарх аймгийн Засаг даргын бүрэн эрхийг заасан байх бөгөөд аймгийн Засаг дарга нь аймгийн байгаль орчны албаны даргыг байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж томилж, чөлөөлдөг болохоос тухайн байгууллагын бусад албан тушаалтныг томилж, чөлөөлөх эрх олгогдоогүй байгаа. Түүнчлэн, Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан байх, харьяа агентлагийн боловсон хүчний асуудалд аймгийн Засаг дарга шууд оролцох эрхгүй. Нэхэмжлэгч Д.А нь даргын албан тушаалыг 1 жил 8 сар гүйцэтгэсэн ба Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Ныг тус газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр тухайн үед томилсон байдаг. Д.А нь тус газрын даргыг 1 жил 8 сар гүйцэтгэж, уг албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа  мэргэжилтний албан тушаалыг “энэ ажил миний ажил” гэж байгаа нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтан өөр ажилд томилогдсон тохиолдолд нөгөө албан тушаалаас шууд чөлөөлөгдсөнд тооцдог. Дээрээс нь нэхэмжлэгч талаас аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа Х.Ныг түүний урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний орон тоонд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан учраас өмнөх ажилдаа очих ёстой гэж тайлбарлаж байгаа. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлдэг болохоос тэр хүний хүсэл зорилгоор биелүүлдэггүй. Гэхдээ Х.Н нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “би тийшээ очихгүй, намайг томилохгүй байгаа” гэж хэлсэн байдаг. Би ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа хүнийг ямар үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх юм бэ? Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аймгийн Засаг даргын Тамгын газар нь  тусдаа хоёр өөр байгууллага юм. Тухайн үед аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний орон тоо сул орон тоо гэдгийг зөвшөөрөөд Х.Ныг нэхэмжлэгч тус байгууллагын дарга байхдаа  өөрөө томилсон атлаа өнөөдөр мэргэжилтний уг орон тоонд ажиллана гэж маргаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй. Х.Н тухайн орон тоонд түр ажиллаж байгаа гэж үзэж байгаа бол тухайн үедээ яагаад түр гэж томилоогүй юм бэ, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байгаа, намайг очиход ажилд авахгүй байгаа гэж Х.Н хэлж байгаа. Тэгэхээр авах ёстой цалингаа аваад, гүйцэтгэвэл зохих ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүнийг би ажлаас нь чөлөөлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч Д.Аийг ажилтай болох асуудал Засаг даргын үүрэг болохоос Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга надад хамааралгүй юм. Д.А нь нэгэнт төрийн албанаас чөлөөлөгдсөн байж мэргэжилтнээр ажиллах ёстой гэж маргаж байгааг би  ойлгохгүй байна. Маргаан бүхий орон тоо одоо сул биш, эзэнтэй байгаа. Тухайлбал, ТЗ-6-гаар цалинжиж, аймгийн боловсон хүчин хариуцаж байсан төрийн жинхэнэ албан хаагч тухайн орон тоонд шилжин томилогдсон байгаа. Х.Нын хувьд урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан болохоос сүүлд томилогдсон ажилд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Үүнийг бид нар ялгаж, салгаж ойлгох нь зүйтэй байх. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баталсан үлгэрчилсэн журам, дүрмийн дагуу аймгийн Засаг дарга нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц, орон тоог баталдаг болохоос хэн нэгний хэлснээр дураараа орон тоо батлахгүй. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус газрын орон тооны цалинг  баталж өгсөн тохиолдолд орон тоо нэмэгдсэн гэж үзээд аймгийн Засаг дарга захирамжаар баталдаг. Дээрээс нь нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байгаа бөгөөд түүнийг мэргэжилтнээр томилсон ямар нэгэн шийдвэр гараагүй байхад энэ нь үндэслэлгүй юм. Тухайн үедээ яагаад Д.Аийг мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн тушаал гараагүй вэ гэдэгт тайлбар хэлэхэд, миний бие тус газрын даргаар ажиллаж байх үед ажлын хэсэг шууд орж ирээд “таныг ажлаас халсан” гэж захирамжийг танилцуулаад ажлаа авсан. Миний бие өөр ямар нэгэн албан тушаалд томилогдохоор байвал, удирдлагад мэдэгдэж үүргээ биелүүлэх байсан.

Гэхдээ нэхэмжлэгч тухайн үед энэ үүргээ биелүүлээгүй, миний тамга, тэмдгийг шууд хурааж авсан учраас Д.Аийг чөлөөлж чадаагүй, чөлөөлөх надад ямар ч бололцоо олгоогүй байгаа. Тийм учраас нэхэмжлэгч даргаар томилогдоход, мэргэжилтнээс чөлөөлөгдөх үүргээ бас биелүүлээгүй гэдгийг хэлмээр байна. Х.Ныг маргаан бүхий орон тоо болох аймгийн Байгаль орчин, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний орон тоонд жинхлэн томилсон тушаал нь  байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэргийн материалаас үзэхэд дараах үйл баримтууд тогтоогдож байгаа. Үүнд, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тушаалаар Х.Ныг ажлаас нь чөлөөлсөн, аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/45 дугаар захирамжаар Ш.Мыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажлаас халсан, мөн өдрийн Б/46 дугаар захирамжаар Д.Аийг тус газрын даргын үүргийг түр гүйцэтгэгчээр томилсон байдаг. Дараа нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/45 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон. Тус шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 728 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 535 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгоод Х.Ныг урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан байна.

Нөгөө талаар нэхэмжлэгчийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга 2009 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр тушаалаар тус газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр анх томилсон байна. Үүнээс юу харагдаж байгаа вэ гэхээр, Х.Ныг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнээс чөлөөлсөн тушаал хүчингүй болсон үйл баримт харагдаж байгаа бөгөөд түүнийг хүний нөөцийн мэргэжилтнээс чөлөөлж, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнээр томилсон нь буруу байна гэж шүүх дүгнэсэн байдаг. Мөн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргыг үүрэгт ажлаас халсан үйл баримт буруу байна гэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Тэгэхээр аймгийн Засаг даргын захирамжийн үйлчлэл аль хэдийд дууссан гэж үзэж байгаа. 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Д.Аийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар түр томилсон захирамжийн үйлчлэл мөн дуусгавар болсон байдаг. Дээрх хоёр шүүхийн шийдвэрээр бүх тушаал, захирамжуудын үйлчлэл дуусгавар болсон гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Ш.М нь шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдсон, Х.Ныг шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн учраас нөгөө албан тушаалд очих ёстой гэж үзэж байгаа. Харин нэхэмжлэгчийг түр томилсон тухай захирамж дуусгавар болсон тохиолдолд яах ёстой вэ гэдэг асуудлын талаар тайлбараа хэлье. Энэ нь өнөөдрийн маргааны гол зүйл болж байгаа. Нэхэмжлэгчийг сүүлд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 тоот тушаалаар тус газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилсон ба уг тушаал одоо болтол хүчин төгөлдөр хэвээр байгаа. Хариуцагчаас сая хэд хэдэн асуулт асуухад одоогийн байдлаар маргаан бүхий албан тушаалд Х.Н ажиллаж байгаа нь үнэн, шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдсон тохиолдолд энэ нь сул орон тоо болно гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр Д.Аийн орон тоо одоо хүртэл сул байгаа тул уг орон тоонд нэхэмжлэгч Д.Аийг томилох боломжтой гэж харж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн санал гаргаж байна. Харин үндсэн нэхэмжлэл хангагдсан тохиолдолд цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хангадах учиртай гэдгийг хэлмээр байна гэв.

Хариуцагчийн  өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэгдүгээрт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийн 3 дахь заалтыг биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан аймгийн Засаг дарга тодорхой албан тушаалтан буюу мэргэжилтнийг томилохыг  аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад үүрэг болгох эрх хэмжээ байна уу, түүнийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга заавал хэрэгжүүлэх ёстой юу гэдэг талаас тайлбараа хэлье. Аймгийн Засаг даргын байгаль орныг хамгаалах талаарх хэрэгжүүлэх эрх, үүргийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгээр хуульчилсан байдаг. Үүнд 10 төрлийн бүрэн эрхийг зааж өгсөн байх бөгөөд эдгээрийн дотор ямар нэгэн боловсон хүчнийг ажилд томилохыг үүрэг болох эрх хэмжээ аймгийн Засаг даргад олгогдоогүй байна. Эдгээр үйл баримтууд 2018 онд болж өнгөрсөн учраас тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн хүрээнд энэ асуудлыг ярих ёстой. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтад төрийн жинхэнэ албан хаагч харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл аймгийн Засаг даргын тавьсан шаардлага хуульд нийцэхгүй байгаа тул аймгийн Засаг даргын захирамжийг биелүүлээгүй гэх үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй гэдгийг хэлмээр байна. Тухайн ажилтныг шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд уг албан тушаалд шинээр томилогдсон албан тушаалтныг ажилтай болох үүргийг хэн хүлээх ёстой вэ гэдгийг тайлбарлах нь зүйтэй байна. Төрийн албаны тухай хуулиар энэ талаарх харилцааг зохицуулаагүй байдаг. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан байх ба Хөдөлмөрийн  тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасан. Дээрх “хөдөлмөрийн гэрээг цуцлах” гэдэг хуулийн зохицуулалтын төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд “ажлаас чөлөөлөх” гэдэг байдлаар ойлгох ёстой. Энэ тохиолдолд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаас Д.Аийг чөлөөлж байгаа албан тушаалтан аймгийн Засаг дарга гэдгийг анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/39 тоот захирамжаар нэхэмжлэгч Д.Аийг ажлаас чөлөөлсөн байх тул түүнд бололцооны дагуу өөр ажил олж өгөх үүргийг аймгийн Засаг дарга хүлээх ёстой байгаа. Энэ нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад хамаарахгүй учраас нэхэмжлэгчийн энэ талаарх шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээс чөлөөлөгдөөгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгч Д.Аийг ажилд томилсон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/46 тоот захирамжид Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг  тус  тус баримталсан байдаг. Төрийн  албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтад “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасан. Эндээс үзэхэд нэхэмжлэгч Д.Аийг  тухайн албан тушаалд шууд томилсон нь харагдаж байгаа. Нэхэмжлэгчийн хэлж байгаачлан түүнийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг гүйцэтгэгчээр томилсон бол Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийг баримталсан байх ёстой. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтад “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно” гэж заасан байдаг. Хуулийн энэ заалтыг Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 тоот тогтоолоор тайлбарлахдаа “...эзгүй байгаа албан хаагч...” гэдэгт хууль тогтоомжид заасны дагуу ээлжийн амралт эдэлж байгаа, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөө авсан, албан томилолтоор ажилласан, түр хугацаагаар сургалтад хамрагдсан, эдгээртэй адилтгах бусад шалтгааны улмаас албан үүргээ түр хугацаагаар гүйцэтгээгүй этгээд хамаарна” гэж заажээ. Үүнээс үзэхэд сул орон тоог гүйцэтгэж байгаа албан тушаалтныг эзгүй байгаа албан хаагч гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Ш.Мыг тухайн үед аймгийн Засаг дарга ажлаас чөлөөлснөөр тус газрын даргын сул орон тоо гарсан. Нэхэмжлэгч Д.А нь миний бие даргаар ажиллахдаа мэргэжилтний албан үүргийг давхар гүйцэтгэж байсан гэх боловч түүний энэ тайлбар нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй байгаа. Эндээс зөвхөн Д.Аийг ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй процессын алдаа гарсан байдал харагдаж байгаа юм. Ш.М нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөгдөөд явсан байх ба  энэ талаар хариуцагч Ш.М сая тайлбарлаж хэлсэн. Энэ асуудлаар Ш.Мыг буруутгаж нэхэмжлэлийг хангах үндэслэл байхгүй байна. Тухайн орон тоонд ажиллаж байгаа Х.Нын асуудал байгаа. Аймгийн Засаг даргын Тамгын газраас Х.Ныг маргаан бүхий орон тоонд томилох талаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад санал тавьсныг тухайн үед Д.А өөрөө тус газрын даргаар ажиллаж байхдаа хүлээн зөвшөөрч Х.Ныг жинхлэн томилсон байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжанаас нэгэнт Х.Ныг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаал хүчингүй болсон учраас аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын Х.Ныг ажилд томилсон 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 тоот тушаалын үйлчлэл дууссан гэж ойлгох ёстой гэж тайлбарлаж байгаа. Энэ асуудал Х.Нын нэхэмжлэлд ямар ч хамааралгүй, уг тушаалыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гараагүй. Тийм учраас нэхэмжлэгчийн миний бие мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдөөгүй гэх тайлбар ямар ч үндэслэлгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Гуравдугаарт, Д.Аийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилохгүй байгаа тус газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.М нь хууль бус  эс үйлдэхүй гаргасан асуудал байхгүй гэдгийг анхаарч үзэхийг хүсэж байна.

Дөрөвдүгээрт, Д.Аийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан  мэргэжилтнээр томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, шүүх хуралдааны нотлох баримт судлуулах шатанд хариуцагч талаас аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/1065 захирамжийг судлуулсан бөгөөд уг захирамжийн хавсралтад аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан  мэргэжилтний нэг орон тоо байгаа бөгөөд уг орон тоонд Х.Н ажиллаж байгаа нь тогтоогдсон. Х.Ныг урьд эрхэлж байсан ажилд томилсон шүүхийн шийдвэр гаргасан гэх үндэслэлээр тус газрын дарга түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй. Хэрэв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Ныг шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан албан тушаалд нь томилсон тохиолдолд Х.Н нь өөрийн хүсэлтээр маргаан бүхий албан тушаалаас чөлөөлөгдөх боломжтой гэж харж байгаа. Нэгэнт Х.Н ажиллаж байгаа тул Д.Аийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан  мэргэжилтнээр ажиллуулахыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Тавдугаарт, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтад “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх ба одоогийн байдлаар Д.А нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаас чөлөөлөгдсөнөөс хойш түүнийг ямар нэгэн ажилд томилсон тушаал, шийдвэр гараагүй. Тийм учраас түүнд цалин хөлс нөхөж олгох хууль зүйн үндэслэл байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А нь анх шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын  2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/40 дугаар захирамжийн 3 дахь заалтыг биелүүлэхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмж ихэсгэж, тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас өөрийгөө чөлөөлөгдөөгүй болохыг тогтоох, мэргэжилтний тус албан тушаалд түүнийг томилон ажиллуулахгүй байгаа газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,  Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/40 дугаар захирамжийн 3 дахь заалтыг биелүүлэхийг, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулахыг тус тус газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах зэргээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэгдүгээрт

Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдөөгүй болохыг тогтоох маргааны тухайд:

Нэхэмжлэгч Д.А нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад тус газрын дарга Ш.Мыг аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/45 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар[1] ажлаас нь чөлөөлснөөр бий болсон сул орон тоонд мөн өдрийн Б/46 дугаар захирамжаар[2] түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ.

Нэхэмжлэгч  ийнхүү өөр албан тушаалд томилогдсоноор түүний урд ажиллаж байсан аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний сул орон тоонд томилох эрх бүхий этгээдийн хувьд өөрөө Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үндэслэлээр иргэн Х.Ныг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 04 дугаартай тушаалаар томилсон байжээ.

Нэхэмжлэгч аймгийн Засаг даргын захирамжаар 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр газрын даргын ажлаас чөлөөлөгдсөн байх ба энэ хүртэл  уг албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан, мөн хугацаанд өмнөх мэргэжилтний ажил үүрэгт газрын даргын чиг үүргийг хавсран хэрэгжүүлсэн, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын Тавын 5.3-т заасан журмаар цалин хөлс авч ажилласан зэрэг үйл баримтууд тогтоогдоогүй. 

Харин  Х.Н нь дээрх 04 дугаартай тушаалын дагуу мэргэжилтний ажлын байранд одоог хүртэл ажиллаж байгаа, нэхэмжлэгчийг газрын даргын албан тушаалд ажилласан тухайн хугацаанд Х.Н нь  мэргэжилтний албан тушаалын бүрэн эрхийг дангаар хэрэгжүүлж, цалин хөлсөө бүрэн авч ажилласан, анх нэхэмжлэгчийг газрын даргын албан тушаалд томилсон аймгийн Засаг даргын 2017 оны Б/46 дугаартай захирамжийн үндэслэл зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн тухайн үед өмнөх мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдөөгүй гэх маргаан үндэслэлгүй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т төрийн захиргааны төв байгууллага нь...тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам баталж биелэлтийг хангуулах гэж заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-76 дугаартай “Үлгэрчилсэн дүрэм чиглэл батлах тухай” тушаалын Хоёрын 2.2.3-т зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчдыг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд нь тус газрын дарга байх бөгөөд тухайн 2017 онд нэхэмжлэгч Д.Аийг тус  газрын даргаар томилогдохоос нь өмнө газрын даргаар ажиллаж байсан Ш.М нь эхэлж ажлаас чөлөөлөгдсөн, аймгийн Засаг дарга нь тус байгууллагын мэргэжилтнийг ажлаас чөлөөлөх эрх бүхий этгээд биш байгаагаас тухайн үед Д.Аийг газрын даргаар томилогдохоос өмнө эхэлж мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гараагүй орхигдсоныг одоогоор нэхэмжлэгч мэргэжилтний тус албан тушаалаас чөлөөлөгдөөгүй гэж үзэхгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.А нь газрын даргын албан тушаалд томилогдсон тухайн цаг хугацаанд мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөн гэж ойлгоно.

Иймд нэхэмжлэгчийн энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёрдугаарт

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгчийг томилон ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,  мэргэжилтний уг  албан тушаалд томилон ажиллуулахыг газрын даргад даалгах маргааны тухайд:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/40 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 110/ШШ2017/0048 дугаар шийдвэрийг үндэслэн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Ш.Мыг тус албан тушаалд эгүүлэн томилсноор нэхэмжлэгч Д.А нь газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч Д.А нь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын бүтэц, орон тоонд буй гэх түүний урд ажиллаж байсан аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулахаар, харин хариуцагчаас уг албан тушаалд иргэн Х.Н ажиллаж байгаа, сул орон тоо биш, мэргэжилтний орон тоонд шууд томилох эрх зүйн үндэслэл байхгүй гэх зэргээр маргажээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/1065 дугаартай “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” захирамжаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын өмнөх бүтцэд байсан аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний нэг орон тоо хэвээр батлагджээ.

Хэрэг авагдсан нотлох баримтуудаас үзэхэд төрийн жинхэнэ албан тушаал болох  тус газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний нэг орон тоонд нэхэмжлэгч Д.А нь 2009 оноос хойш ажиллаж байгаад дээрх байдлаар томилох эрх бүхий этгээдийн шийдвэрээр тус газрын даргын албан тушаалд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаж, шүүхийн шийдвэрээр өмнөх албан хаагч эгүүлэн тогтоогдсон үндэслэлээр уг ажлаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч Д.А нь төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байсан албан хаагч бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасан.

Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд нөхөх журмыг мөн хуулийн 17 дугаар зүйлээр зохицуулсан, харин төрийн жинхэнэ албан хаагч өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар өмнөх ажилтан шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон үндэслэлээр тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн тохиолдолд түүний хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаагүй байна.

Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасан.

Энэхүү маргааны үйл баримтад холбогдох тухайлсан тохиолдлыг ийнхүү хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дахь заалтын агуулгаар хариуцагч ажил олгогчийн хувьд бололцоотой тохиолдолд нэхэмжлэгчид өөр ажил олж өгөх үүрэгтэй гэж ойлгох ба ажил олгогчийн уг үүрэг тухайн байгууллагын бүтэц, орон тоонд сул ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзнэ.

Нэхэмжлэгч Д.А нь газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчид хандаж ажилтай болгох талаар хүсэлт гаргасан байх ба энэ үед түүний урд ажиллаж байсан аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог сул байсан гэж үзэхээр байна.

Хариуцагчаас маргаан бүхий орон тоог сул орон тоо биш гэж маргасныг дараах байдлаар үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.А нь анх дээрх байдлаар газрын даргын албан тушаалд томилогдсоноор түүний ажиллаж байсан аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний суларсан орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үндэслэлээр аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Х.Ныг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 04 дугаартай тушаалаар томилсон байх ба Х.Н нь одоог хүртэл тус ажлын байранд ажиллаж байгаа нь тогтоогдсон. Х.Ныг анх ийнхүү маргаан бүхий орон тоонд томилохдоо түүнийг эхэлж урьд ажиллаж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас  Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үндэслэлээр чөлөөлж, мөн оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 3-02/298 дугаартай албан бичгээр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад хандаж  мэргэжилтнээр авч ажиллуулахыг санал болгосноор ийнхүү маргаан бүхий орон тоонд томилогдон ажиллах болжээ. Тухайн үедээ Х.Н нь өөрийг нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үндэслэлийг баримталж Засаг даргын Тамгын газрын ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, төрийн өөр байгууллагын мэргэжилтнээр томилсныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж  маргасан байна.

Ингэснээр  Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ/2017/0058 дугаартай шийдвэрээр  дээрх байдлаар Х.Ныг анх аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнээс 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай тушаалаар чөлөөлж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын  2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай тушаалаар аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилсон үед Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үндэслэл үүсээгүй нь, Х.Ныг тухайн үед өмнөх ажлаас нь чөлөөлж, одоогийн маргаан бүхий орон тоонд томилсон  нь хууль бус байсан нь, энэ нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнийг тус тус тогтоож, Х.Ныг ажлаас нь чөлөөлсөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний орон тоонд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн шүүхийн уг шийдвэр нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байжээ. Энэ үед хүчин төгөлдөр үйлчилж байсан дээрх журмын[3]  Гурвын 3.3-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан гэдэгт  ...бусад шалтгаанаар тухайн албан тушаалын сул орон тоо гарсан байх тохиолдол тооцогдох бөгөөд  дээрх байдлаар маргаан бүхий албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 22.1-д заасан үндэслэлээр иргэн Х.Ныг төрийн өөр байгууллагаас шилжүүлэн томилсон үйл баримтыг шүүхээс хууль бус болохыг тогтоож, өмнөх ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний орон тоог суларсан гэж үзэх үндэслэлтэй юм.         

 Өөрөөр хэлбэл иргэн Х.Н нь тухайн үед урьд ажиллаж байсан ажлаас нь чөлөөлж, одоогийн маргаан бүхий орон тоонд томилсныг эс зөвшөөрч маргасан, дээрх байдлаар түүний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь шүүх сэргээж,  урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон байхад Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтний орон тоонд одоог хүртэл ажиллаж байгаа нь хууль бус байх ба Х.Н нь аймгийн Засаг даргын Тамгын газрын ахлах мэргэжилтний орон тоонд шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон  тохиолдолд түүний хууль бусаар ажиллаж байгаа аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний орон тоог сул орон тоо гэж үзнэ.

Хариуцагчаас маргаан бүхий орон тоонд ажиллаж байгаа Х.Ныг шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь өмнөх ажилд эгүүлэн томилоогүй гэж тайлбарласан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т хариуцагч захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч түүнийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хандаж гүйцэтгэх хуудас олгуулна гэж заасан.  Шүүхийн дээрх шийдвэрээр Х.Ныг ажлаас нь чөлөөлсөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний орон тоонд эгүүлэн тогтоосноор түүнийг уг орон тоонд анх томилсон эрх бүхий этгээдийн шийдвэрийн үйлчлэл сэргэж, өмнөх ажлаа үргэлжлүүлэн хийх эрхтэй болсон.  Холбогдох хариуцагч шүүхийн дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх боловч Х.Н нь нэхэмжлэгчийн хувьд  мөн хуульд заасан журмаар шүүхийн уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлтээ шүүхэд гаргаагүй  байна.

Төрийн өөр байгууллагын ажил олгогч болох аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь шүүхийн шийдвэрийн дагуу Х.Ныг өмнөх ажилд нь авч ажиллаагүй нь, тухайн хэргийн нэхэмжлэгч Х.Н хуульд заасан журмаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлтээ шүүхэд гаргаагүй нь  Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаас Х.Ныг анх хууль бусаар томилогдсон маргаан бүхий албан тушаалд хэвээр ажиллуулах, түүнийг уг орон тооноос чөлөөлөхгүй байх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ/2017/0058 дугаартай  шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан үндэслэлээр биелэгдэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Иймд Х.Ныг маргаан бүхий орон тоонд хууль ёсоор ажиллаж байгаа төрийн албан хаагч гэж үзэхгүй тул уг орон тоог сул орон тоо биш гэх хариуцагч талын маргаан үндэслэлгүй байна.

Х.Ныг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацаанд маргаан бүхий сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмаар нөхөх үйл ажиллагаа явагдаагүй, нэхэмжлэгч Д.А урьд  нь уг албан тушаалд 2009 оноос 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажиллаж байсан, өмнө нь тус газрын даргаар ажиллаж байсан Ш.Мыг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосны улмаас газрын даргын үүрэгт ажлаас нэхэмжлэгч чөлөөлөгдсөн тул хариуцагч тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үндэслэлээр маргаан бүхий мэргэжилтний орон тоонд нэхэмжлэгчийг томилох бололцоотой байсан гэж үзлээ. Энэ тохиолдолд маргаан бүхий орон тоонд ажиллаж байгаа гэх Х.Нын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй бөгөөд түүнийг анх Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үндэслэл үүсээгүй байхад өмнөх ажлаас нь чөлөөлж, одоогийн маргаан бүхий албан тушаалд томилсон нь хууль бус болох нь тогтоогдож, аймгийн Засаг даргын Тамгын газрын ахлах мэргэжилтний өмнөх ажилд нь эгүүлэн тогтоосон заавал биелэгдэх шинжтэй хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгааг дурдах нь зүйтэй. 

Хариуцагч талаас нэхэмжлэгчийг аймгийн Засаг дарга ажлаас чөлөөлсөн, иймээс  Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дахь заалт нь аймгийн Засаг даргад хамааралтай гэж маргасан боловч нэхэмжлэгч анхнаасаа аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ажиллаж байсан, сүүлд тус газрын даргаар томилогдон ажиллаж байгаад чөлөөлөгдсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2-т заасан үндэслэл нь иргэнийг анх ажилд томилох зохицуулалт биш бөгөөд ажиллаж байсан албан хаагчийг өөрөөс нь үл хамаарах үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухайн тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт юм. Иймд нэхэмжлэгч эхний ээлжид өөрийн ажиллаж байсан байгууллагад  ажиллах бололцоотой, уг ажлын байранд тавигдах шаардлагыг хангах  тохиолдолд хуулийн 40.2-т зааснаар сул орон тоонд томилогдон ажиллах эрхтэй.  Хуульд зааснаар тус байгууллагын даргыг томилж, чөлөөлөх эрх бүхий этгээд нь аймгийн Засаг дарга боловч бусад ажилтныг томилох эрх бүхий этгээд нь байгууллагын  дарга юм. Иймээс нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллагын ажил олгогчийн хувьд хуулийн 40.2-т заасан  үүргийг хэрэгжүүлж ажиллах нь хариуцагчид хамааралтай тул энэ талаарх хариуцагч талын маргааныг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Дээрх байдлаар хариуцагч нэхэмжлэгчийг маргаан бүхий сул орон тоонд томилох бололцоотой байхад уг орон тоонд томилон ажиллуулахаас татгалзсан эс үйлдэхүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.2, 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим, нэхэмжлэгчийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тус тус зөрчсөн хууль бус болохыг тогтоож,  аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгчийг томилохыг даалгаж, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэлээ.

 

            Гуравдугаарт

Баян-Өлгий аймгийн Засаг даргын  2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/40 дугаар захирамжийн 3 дахь заалтыг биелүүлэхийг ажил олгогчид даалгах маргааны тухайд:

 

Энэхүү шийдвэр нь агуулгаараа аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Ш.Мыг шүүхийн шийдвэрийн дагуу тус албан тушаалд нь эгүүлэн томилсон шийдвэр байх ба захирамжийн 3 дахь хэсгээр тус газрын даргын ажлаас чөлөөлөгдсөн нэхэмжлэгч Д.Аийг ажлын байраар хангахыг үүрэг болгосон байжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчдыг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд нь аймгийн Засаг дарга биш бөгөөд тухайн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу нэхэмжлэгчийг бололцоотой тохиолдолд  өөр ажлын байраар хангах үүргийг томилох эрх бүхий этгээд болох газрын дарга бие дааж хэрэгжүүлнэ.

 Иймд аймгийн Засаг дарга  Байгаль орчин аялал жуулчлалын газрын албан хаагчдыг томилох эрх бүхий этгээд биш болохын хувьд  Б/40 дугаар захирамжийн холбогдох хэсгээр Д.Аийг ажилтай болгохыг газрын даргад үүрэг болгож шийдвэрлэсэн нь эрх хэмжээгүй этгээдээс  гаргасан  хууль бус шийдвэр  гэж үзэхээр байна.  Хариуцагч төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд  уг захирамж гарсан тухайн үедээ 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй буюу хууль бус шийдвэрийг биелүүлэх үүрэггүй гэх хариуцагч талын тайлбар нь үндэслэлтэй байна.

           Иймд хариуцагч нь  томилох эрх бүхий этгээдийн хувьд нэхэмжлэгчийг бололцоотой тохиолдолд ажлын байраар хангах үүргийг хуульд зааснаар бие даан шийдвэрлэх эрхтэй тул эрх хэмжээгүй этгээдээс гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээхгүй юм. Иймд энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Дөрөвдүгээрт

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр газрын даргын ажлаас чөлөөлөгдсөний дараа мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажилтай болгохыг хүссэн өргөдлөө томилох эрх бүхий этгээдэд гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Маргаан бүхий орон тоонд ажиллаж байсан Х.Ныг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс  аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний орон тоог дээрх байдлаар сул орон тоо гэж үзэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэсэн. Нэхэмжлэгчийг хүсэлтээ гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн үед маргаан бүхий орон тоонд  нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үндэслэлээр томилох боломжтой байхад томилохоос татгалзсан эс үйлдэхүй нь дээрх байдлаар хууль бус болох нь тогтоогдсон тул 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс нэхэмжлэгч аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллах эрхтэй байсан гэж үзэж мөн  үеэс нэхэмжлэгчийн төрийн алба эрхлэх,  тухайн албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлж  төрөөс цалин хөлс авах эрхүүд зөрчигдсөнийг харгалзан Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэсэн зохицуулалтыг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах талаарх шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т  төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс бүрдэх зохицуулалтын дагуу  нэхэмжлэгч урьд нь маргаан бүхий орон тоонд ажилласан хугацаанд албан тушаалын цалинд 540033 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 27002 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 91806 төгрөг,  нийт 658 841 төгрөгийн цалин хөлс авдаг байсныг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч дээрх хэмжээний цалин хөлснөөс гадна сард унаа хоолны хөнгөлөлтөд 16500 төгрөг авдаг байсан нь тогтоогдсон. Гэвч хуулийн 28.2.2-т унаа, хоолны үнийн хөнгөлөлт зэргийг цалин хөлсний бүрэлдэхүүнд хамааруулаагүй, түүнчлэн Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам” 4-т ... унаа, хоолны үнийн хөнгөлөлт зэргийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан тул  унаа хоолны хөнгөлөлтийг ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсөнд тооцоогүй болно.

        Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин авах эрх үүссэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс энэхүү маргааныг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн өдрийг оролцуулж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 5 сар 25 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 060 280 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 13 дугаар зүйлийн 13.1.4, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулахгүй байгаа тус  газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,  мэргэжилтний тус  албан тушаалд Д.Аийг томилон ажиллуулахыг тус газрын даргад даалгаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх  олговорт 4 060 280 /дөрвөн сая жаран мянга хоёр зуун ная/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдсэн хэсэг болох Д.Аийг аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдөөгүй болохыг тогтоох, Баян-Өлгий  аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/40 дугаар захирамжийн 3 дахь заалтыг биелүүлэхийг газрын[4] даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                                 

                             

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.РИЗА

 

 

 

 

 

 


[1] Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06  дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2017/0048 дугаар шийдвэрт тусгагдсан, хэргийн 42-54 дүгээр хуудас

[2] Хэргийн 20 дугаар хуудас

[3] Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”

[4] Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга