Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 221/MA2022/0796

 

         

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч Б.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, “Ж” ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй маргаан бүхий газарт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхээс татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Ж” ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй маргаан бүхий газарт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч Б.Ц

Хариуцагч Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 114/2022/0012/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас Дархан-Уул аймгийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт тус тус холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, “Ж” ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй маргаан бүхий газарт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхээс татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Ж” ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй маргаан бүхий газарт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхийг даалгуулах”-аар маргасан байна.

2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 40.1, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох ““Ж” ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй маргаан бүхий газарт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхээс татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Ж” ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй маргаан бүхий газарт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхийг даалгах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж тус тус шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг удаа дараа зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Нэхэмжлэгч хүсэлтээ, хариуцагч нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгсөн он, сар, өдрөө тодорхойлж чадахгүй байгаа хэдий ч Дархан сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/135 дугаартай албан бичиг гарахаас өмнө, гарсны дараа хариуцагч байгууллагад хандаж байсан гэж үзэхээр байна...” гэж “Ж” ХХК-иас хариуцагч Дархан-Уул аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хэзээ, хэдэн удаа хандаж байсан талаар огт “тодорхойгүй”-ээр ийнхүү дүгнэжээ.

Гэтэл нэхэмжлэгч талаас шүүхэд “Ж” ХХК-ийг төлөөлж хариуцагч байгууллагад хэд хэдэн удаа хандаж байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх тухай хүсэлтийг биечлэн гаргаж байсан Д.М-г гэрчээр оролцуулан хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр, нийт хэдэн удаа хүсэлт гаргасан, тухай бүрт хэн гэдэг албан тушаалтан ямар үндэслэлээр татгалзаж байсан тухай ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах хүсэлтийг гаргасан боловч шүүх гэрчээр оролцуулах нь ач холбогдолгүй гэж үзээд татгалзсан.

Улмаар шүүх уг “тодорхойгүй” хугацаагаа үндэслээд “...Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байтал хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна...” гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Зүй нь хэрэв шүүх ингэж үзсэн бол нэхэмжлэгч “Ж” ХХК чухам хэзээ Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандвал зохих байсныг тодорхой хугацаагаар тасалбар болгон дүгнэх ёстой байсан.

Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж, 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөн.

3.2. Хуулийн шаардлага хангаагүй нотлох баримт бүрдүүлсэн. 2022 оны 09 сарын 29-ний өдөр анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхийн өмнө нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс газрыг тодорхой хугацааны туршид ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай байсныг нотлох зорилгоор 2020 оны 01 сараас 2022 оны 06 сарыг хүртэлх хугацаанд Улсын онцгой комисс, Улаанбаатар хотын буюу Нийслэлийн онцгой комисс, Дархан-Уул аймаг болон Дархан сумын онцгой комиссоос гаргасан бүхий л хорио цээрийн дэглэм, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан тогтоол, шийдвэр эрх зүйн актыг нотлох баримтын шаардлагад нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргуулах хүсэлт гаргасан.

Шүүх дээрх хүсэлтийг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн боловч “...Эдгээр нь нэгэнт ил болсон баримт учраас шүүгчийн туслахаар яг одоо холбогдох албан ёсны сайтуудаас гаргуулан авчруулъя...” гээд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлж байх явцад буюу нотлох баримт шинжлэн судлах шатанд интернэтээс татаж аваад хэвлэсэн хуулбар баримт бичгүүдийг хэрэгт хавсаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг, 38.3 дахь хэсэг, 38.4 дэх хэсэгт тус тус зааснаар бичмэл нотлох баримтад тавигдах хууль зүйн шаардлагыг тодорхой тусгаж, хэрэв нотлох баримтыг гаргуулан авахад бэрхшээлтэй байвал шүүх уг баримт хадгалагдаж буй газарт үзлэг явуулж болохоор заасан.

Гэтэл дээр дурдсанчлан интернэт орчноос татан авч хэвлэсэн гэх баримтууд нь эх хувь биш, нотариатаар гэрчлэгдээгүй, төрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарагдаж баталгаажигдаагүй. Түүнчлэн, шүүгчийн захирамжаар гаргуулахаар шийдвэрлэсэн нийт тушаал, шийдвэр эрх зүйн актууд бүрэн хавсаргагдаагүй.

Тухайлбал, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хилийн боомтуудыг хаах; 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах хөдөлгөөнийг зогсоох, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолоор 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд бэлэн байдлын зэрэгт шилжүүлснийг мөн оны 03 сарын 30-ны өдөр хүртэл сунгах, УОК-оос иргэд, автомашины хөдөлгөөний 2020 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл хязгаарлах, Улаанбаатар хот, аймаг, сумаас гарах болон орох хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 03 сарын 10-аас мөн сарын 16-ны өдөр хүртэл зогсоох, УОК-оос агаарын болон авто тээврийн төмөр замын хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах; нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн захирамжаар хотоос гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хорих; 2020 оны 11 дүгээр сарын 18-аас эхлэн хувийн тээврийн хэрэгсэл болон иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох тухай шийдвэрүүд тус тус байхгүй байсан.

3.3. Тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх, боломжит хугацаа олгоогүй.

Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хариуцагчаас 2022 оны 09 сарын 14-ний өдрийн 262 дугаартай албан бичгээр хариу тайлбар хүргүүлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ" гэж заасан боловч энэхүү хариу тайлбараас үзвэл хариуцагч өөрт хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч буй эсэх, татгалзсан эсэх нь ерөөс тодорхой биш байсан.

Иймээс шүүх хуралдаанаас өмнө хариуцагчийн байр суурийг тодорхой болгож, мэтгэлцэх боломжоор хангахыг хүсэхэд шүүх “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд оролцож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг хариуцагчаас асуугаад шийдвэрлэх боломжтой...” гээд хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Ингээд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан эсэхийг мэдэхгүй учир шүүх хуралдаанд бэлтгэж, тэгш эрхтэйгээр мэтгэлцэн оролцох боломжоор хангагдаагүй.

Үүний дээр энэхүү давж заалдах гомдолд өгүүлсэнчлэн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүгчийн захирамжийн хүрээнд шүүгчийн туслахын хэвлэсэн баримтуудтай танилцах Хангалттай хугацаа, боломжийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчид огт олгоогүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3.1 дэх хэсэгт заасан “Захиргааны хэргийн нотлох баримт, хэргийн материалтай танилцах, танилцах боломжит хугацаагаар хангуулах, тэмдэглэл хийх, шаардлагатай материалыг өөрийн зардлаар хувилж, хуулбарлан авах” гэх өмгөөлөгчийн болон нэхэмжлэгчийн эрхийг шууд зорчсон.

3.4.Гомдол гаргах эрхийг хангаагүй тухайд:

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлж эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд юун түрүүнд Дархан-Уул аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх шаардлагатай тул тус нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг “түдгэлзүүлэх” хүсэлт гаргасан.

Шүүх хүсэлтийг хянаж үзээд “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т заасан тусгаарласан хэргийг шийдвэрлэтэл хэргийг түдгэлзүүлэх зохицуулалт байхгүй тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай...” гэж шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 14.6 32.6, 54.2, 61.1, 65.1, 111.3, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан.

Эндээс үзвэл хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүх хуулийн дээрх зүйл заалтыг хэрэглэсэн тохиолдол бүрт уг захирамжид гомдол гаргах эрхээр зохигч, тэдгээрийн өмгөөлөгчийг хангах ёстой байна. Гэвч шүүх ийнхүү захирамжид гомдол гаргах эрхийг маань хангалгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүд нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна.

3.5. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэл, тайлбарт огт “дүгнэлт” хийгээгүй.

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээ цуцалсан маргаан бүхий захиргааны акт үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл байдал үүсээгүй байсан гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ дурдаж байсан.

Тодруулбал, “Ж” ХХК нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх” дараах шалтгаантай байсан гэж удаа дараа тайлбарласан. Дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахалтай холбоотойгоор Улсын Онцгой комисс болон бусад эрх бүхий байгууллагаас хязгаарлалт тогтоосон шийдвэр, тогтоол, Төрийн захиргааны байгууллага буюу Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хууль бус эс үйлдэхүй зэрэг.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар огт дүгнэлт хийгээгүй мөртлөө “... “Ж” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зөрчил гаргасан нь тогтоогдож байна... гэж дүгнэсэн.

3.6. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Шүүх нэхэмжлэгч "Ж” ХХК-ийн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй хугацааг “... 2016 оны 05 сарын 20-ны өдрөөс хойш төрийн аудитын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 41/14 дугаартай албан шаардлага, Дархан-Уул аймгийн

 Засаг даргын 2022 оны 06 сарын 07-ны өдрийг хүртэл ...” гэж тодорхойлсон.

Гэтэл шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж дүгнэсэн 2019 оны 06 сарын 05-ны өдрөөс хойш нэг жилийн дараа Дархан-Уул аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь “Ж” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г шинэчлэн байгуулсан. Энэ нь эрх бүхий төрийн захиргааны байгууллага тухайн үедээ нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн газар ашиглаагүй гэх үйл баримтыг зөрчил гэж үзээгүйн илрэл бөгөөд хэрэв хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга тус үйл баримтыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж үзсэн бол ийнхүү холбогдох гэрчилгээ, гэрээг шинэчлэхгүй байсан.

Гэтэл шүүхээс энэ талаар “...Гэрчилгээ, гэрээгээ шинэчлэн бичүүлж авсан гэх 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нь гэрээ хийгдсэн өдөрт хамаарахгүй байх тул...” гэж маргааны зүйлтэй холбоогүй дүгнэжээ.

Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/158 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”, “Ж” ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй маргаан бүхий газарт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхээс татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Ж” ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй маргаан бүхий газарт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Дархан-Уул аймгийн Засаг дарга болон тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт тус тус холбогдуулан гаргажээ.

2.2. Маргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01-А/158 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ж” ХХК-ийг Шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, ШТС зориулалттай 1800 м.кв талбай бүхий 4505102559 нэгж талбарын дугаартай газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмшүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

2.3. Анхан шатны шүүх “...“Ж” ХХК нь ...газартаа Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамж гарч гэрээ байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төрийн аудитын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 41/14 дугаартай албан шаардлага, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01А/158 дугаартай захирамж гарах хүртэлх хугацаанд тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой барилга байгууламж, зам талбай бариагүй болох нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг, өмгөөлөгчийн “... 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш Дархан сумын Засаг дарга Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжээгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын газар ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан, 2020 оны 02 сараас 2022 оны 06 дугаар сарын хугацаанд хөл хорио тогтоож хөдөлгөөн хязгаарласан ...” гэх тайлбар, гэрчийн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна” гэж дүгнэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/158 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/135 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болж, аймгийн Засаг даргын мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжаар 65 иргэн, 25 хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн газар багтсан байна.

2.5. Дархан-Уул аймгийн Засаг даргаас 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/81 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дахин сэргэжээ.

            2.6. Ийнхүү газар эзэмших эрх сэргэснээс хойш өөрийн эзэмшлийн газарт Шатахуун түгээх станц барих төсөл хэрэгжүүлэх талаар “А О” ХХК-тай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 20/86 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07/24-2021-02 дугаар техникийн нөхцөл, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10-06-020/116 дугаар дүгнэлт, Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан, “Ж” ХХК-ийн шатахуун түгээх станцын эскиз зураг батлуулах зэргээр тухайн газар дээр шатахуун түгээх станц барихад шаардлагатай үйл ажиллагаануудыг явуулж байсан болох нь дээрх хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

2.7. Эдгээрээс дүгнэвэл, нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт шатахуун түгээх станц барихаар холбогдох зөвшөөрлүүдийг авсан, зохих хэмжээгээр хөрөнгө оруулалт хийсэн төдийгүй түүний газар эзэмших цаг хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал давхцаж, тодорхой цаг хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй байдал үүссэн байх тул нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж буруутгах боломжгүй.

2.8. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ““Ж” ХХК-иас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 он 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/158 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.9. Харин нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох ““Ж” ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй маргаан бүхий газарт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхээс татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газарт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхийг даалгах” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

2.10. Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хугацааг тодорхой тогтоохгүйгээр “... нэхэмжлэгч хүсэлтээ, хариуцагч нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгсөн он сар өдрөө тодорхойлж чадахгүй байгаа хэдий ч Дархан сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/135 дугаартай албан бичиг гарахаас өмнө, гарсны дараа Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/158 дугаартай захирамж гарахаас өмнө хариуцагч байгууллагад хандаж байсан гэж үзэхээр байна[1]” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

2.11. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ” гэж хуульчилжээ.

2.12. Хариуцагч Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхээс татгалзсан шалтгаанаа “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасан баримт бичиг дутуу байсан учир хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэж тайлбарлаж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч компаниас дээрх хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэн дахин хандах боломжтой юм.

2.13. Нөгөөтээгүүр Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хандах боломжтой байгаа энэ тохиолдолд нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-иас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 он 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/158 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай” гэж өөрчилж,

 

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                         Т.ЭНХМАА

 

 

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

 

[1] 2 дугаар хавтаст хэргийн 94 дүгээр талд,