| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2021/0371/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/376 |
| Огноо | 2021-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/376
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Х.Анхцэцэг, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А овгийн Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00180 0398 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А овгийн Б.Б, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа том машины жолооч хийдэг, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ** дүгээр гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит *** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Х.О-г “хашааны хаалга онгойлгож өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь алгадах, гуя, гарын тохой хэсэгт гуталтай хөлөөр өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь баруун тохойн зөөлөн эдийн няцрал, мөр, тохой, гуянд цус хуралт, шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч, А овгийн Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит ** дүгээр гудамжны ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.О-г “хашааны хаалга онгойлгож өгсөнгүй” гэж нүүр лүү нь алгадаж, гуя, гарын тохой руу нь өшиглөн зодож, бие махбодод нь “баруун тохойн зөөлөн эдийн няцрал, мөр, тохой, гуянд цус хуралт, шуунд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй, ...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Х.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр намайг гэртээ хоёр хүүхэдтэйгээ байж байтал манай нөхөр Б согтуу ирсэн. Тэгээд орон дээр сууж байгаад уурлаад байхаар нь би нөхрийгөө “юундаа уурлаад байгаа юм, миний хөгшөөн” гээд хацар дээр нь үнсэх гээд ойрттол миний баруун хацар хэсэгт алгадсан. Юу болсныг асуухад “чи намайг хашааны хаалга нүдээд байхад онгойлгож өгсөнгүй, зайл” гэж уурлаад хувцсаа өмсөөд гарч явсан. 30 орчим минутын дараа эргэж орж ирээд “чи зайлаач, чиний хэрэг байхгүй” гэж хэлээд зогсож байхад баруун гуя руу гуталтай хөлөөрөө хоёр удаа өшиглөхөөр нь би Б-ыг цааш түлхсэн. Тэгэхэд Б газар унангуутаа босож ирээд баруун гарын тохой, шуу хэсэг рүү гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Манай 14 настай охин А 102 дугаар луу залгаж, цагдаа дуудсан байсан. Б өмнө нь 2020 оны 08 дугаар сард бас нэг удаа согтуу ирээд миний хамар хэсэг рүү бөгжтэй гараараа цохиж байсан, би тухайн үед цагдаа дуудаж байсан. Дараа нь би гомдол, саналгүй гээд хаалгаж байсан. Бид хоёр гэр бүл болоод 17 жил болж байна. Гэрлэлтийн баталгаатай, 2 охинтой. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас);
3. Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны хамтарсан багийн хурлын: “...Багийн гишүүдийн 100 хувийн саналаар иргэн Б, О нарын хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болов...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 47-48 дугаар хуудас), аюулын зэргийн үнэлгээ (хх-ийн 9-10 дугаар хуудас);
4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 132 дугаартай: “...Х.О-гийн биед баруун тохойн зөөлөн эдийн няцрал, мөр, тохой, гуянд цус хуралт, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 12 дугаар хуудас);
5. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би согтуудаа босож ирээд О-гийн хөл рүү өшиглөөд О газар унаад босож ирэхэд нь би дахиж нэг удаа өшиглөсөн. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг би учруулсан. Би өмнө нь нэг удаа О-г алгадаж байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм алдаа гаргахгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас);
6. Шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 57 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (шинээр гаргаж өгсөн), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хх-ийн 55 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа (хх-ийн 54 дүгээр хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 56 дугаар хуудас), ажлын газрын тодорхойлолт (хх-ийн 51 дүгээр хуудас), шүүхийн шийдвэрээр хуулийн этгээдэд төлбөргүй тухай тодорхойлолт (хх-ийн 52 дугаар хуудас), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 53 дугаар хуудас), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 59-60 дугаар хуудас), орлогын тодорхойлсон Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 61-72 дугаар хуудас), АСАП сангийн лавлагаа (хх-ийн 36-43 дугаар хуудас), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал (хх-ийн 78-83 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Х.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 79 дугаар тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхийн шинжилгээний байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээч хохирогч Х.О-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаар эргэлзээгүй, үндэслэл бүхий дүгнэлт гаргасан байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Х.О-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг өөрийн үйлдлээ хүсэж үйлдсэн гэж үзэн гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүгдэгч Б.Б, хохирогч Х.О нар нь албан ёсны гэр бүлийн баталгаатай байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “...эхнэр, нөхөр..” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн тодорхойлсон, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан тул хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч Б.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” гэж тус тус хуульчилсан тул зүйлчлэл хүндрүүлэх үндэслэл болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Х.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулж, дөрвөн сарын хугацаанд төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.А овгийн Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-т сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА