| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2015/10294/И |
| Дугаар | 1039 |
| Огноо | 2017-03-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 1039
| 2017 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 101/ШШ2017/01039 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 хороо, Гялс төвийн зүүн талд байрлах 4 давхар шар байшинд оршин байх ОСНАА-н харъяа Хэрэглэгчдэд үйлчлэх 2 дугаар төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 2 хороо, 1 б хэсэг Цэргийн хотхон АОС гудамж, 11 тоотод оршин суух Гунаажавын Жадамба /УУ57032617/-д холбогдох,
Цэвэр, бохир усны төлбөр 29,369,133 төгрөг гаргуулах, хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан 23,248,697 төгрөг гаргуулах, дулааны төлбөрийн хасалт хийхийг тогтоолгох, айл өрхийг хүлээн авахыг даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Наранцацрал, Р.Жамъянжав, хариуцагчийн төлөөлөгч Г.Цэвэлээ, өмгөөлөгч Г.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ОСНАА-н харъяа Хэрэглэгчдэд үйлчлэх 2 дугаар төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч П.Наранцацрал, Р.Жамъянжав нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн оршин суугч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг ус дулаанаар хангаж ажилладаг бөгөөд тус дүүргийн нутагт байрлан үйл ажиллагаа явуулдаг иргэн Жадамбаа АОС нь 2008 оны 12 дугаар сараас 2013 оны 09 дүгээр сарын дуустал хугацааны цэвэр, бохир усны төлбөр 16,979,133.80 төгрөгийг төлөхгүй манай байгууллагыг хохироож байна. Иймд иргэн Жадамбаагийн АОС-аас 16,979,133.80 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Г.Жадамбаа нь ОСНАА-н ГМ ХХК-д 2010 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Жадамбаа 48 айлын орон сууцны ашигталтын хөлс, 12,390,000 төгрөгийг ерөнхий нягтлан бодогч Г.Амартүвшинд бэлэн мөнгөний баримтаар тушаасан гэсэн. Энэ асуудлыг ОСНАА-ын ГМ ХХК-д ерөнхий нягтлан бодогч байсан Г.Амартүвшин нь миний гарын үсэг биш гэсэн тул Г.Жадамбаагаас 12,390,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна гэв.
Хариуцагч Г.Жадамба шүүхэд болон төлөөлөгч Г.Цэвэлээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцтай нягтлан бодох бүртгэлийн дагуу тооцоо нийлж, үлдэгдлээ баталгаажуулж баримтжуулсаар байхад дулааны өртэй, дулаан манайхаас нэхээд байна гэсэн асуудал олон жил яригдаж байна.
Бид дулаанд хичнээн төгрөгийн өртэй болохоо мэдэхээр ДШС-нд удаа дараа хандсан. Хамгийн сүүлд 2013 оны 04 дүгээр сард албан бичиг өгч, манайд хяналт шалтгалт хийсэн боловч ДШС-ээс манайхыг өргүй гэсэн.
Манайх орон сууцанд ямар нэгэн өргүй болоод ирэнгүүт зохиомлоор цэвэр бохир ус гээд дахин өр үүсгэсэн. Монголд дулаанаар хангадаг ганц байгууллага байдаг учраас дамжуулах байгууллага болох орон сууц нь монополь байгууллага болон хувирдаг. Тэдний ажлын хариуцлагагүйгээс болсон алдаа болгоныг хэрэглэгч иргэд, байгууллагууд хүлээн авч хохирох шаардлагагүй.
Нягтлан бодохын хуулийн дагуу бэлтгэн нийлүүлэгч байгууллага нэхэмжилсэн дүнгээрээ худалдан авагч байгууллагаас мөнгөө нэхэмжлэх эрхтэй байхад энэ байгууллага нэхэмжлэлийн дүнгээс өөр дүн гаргаад, тухайн үед өөрсдөө байгаагүй мөртлөө мөнгө нэмээд байгааг ойлгохгүй байна.
2009, 2010, 2011, 2013 онуудад цэвэр, бохир ус тооцооны нэхэмжлэлд байгаагүйг нотлох баримтаар өгч байна.
Дэнж найрамдал өргөөгийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн тооцоо нийлэлтээр нэхэмжлэлд цэвэр, бохир усны төлбөр байгаагүй.
Жадамба 48 айлын өрх нь 2009 оны 08 дугаар сард ашиглалтад орж, 2009 оны 09 дүгээр сараас хэрэглээний цэвэр усаар хангагдаж ХҮТ-2-ын нэхэмжилж байгаа 2013 оны 09 дүгээр сар хүртэлх цэвэр бохир усны төлбөрт бүгд 12,105,832 төгрөг төлсөн байхад УСУГ-аас илүү мөнгө нэхэмжилж байгаа нь үнэн биш төлбөр нь харагдаж байна.
Хариуцагч Г.Жадамба шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Г.Жадамбаа миний барьсан барилга Дулааны шугам сүлжээнээс анх 2008 оны 12 дугаар сард дулаан авсан, дулаанд хэрэглэх гурван сарын төлбөрөө 2009 оны 02 дугаар сарын 09-нд бэлнээр нь ус дүүргэлтийн 352,000 төгрөгийн хамт тушаасан.
Орон сууцтай нягтлан бодох хуулийн 19.4.1-т зааснаар хамгийн сүүлд 2013 оны 11 дүгээр сарын 25-нд 18,888,607.43 төгрөгийн өртэй болохоор харилцан тохиролцож, гарын үсэг зурж, үлдэгдлийг баталгаажуулан мөнгөө төлөхөөр болсон.
Гэтэл тооцооны үлдэгдлийг барагдуулах явцад орон сууцны Дэнж найрамдал өргөө байгууллага нь:
1. Дулааны шугам сүлжээнд төлсөн гурван сарын төлбөрийн дахин давхардуулж нэхэмжлэн намайг өрөнд оруулсан байсан.
2. Дулаанаас 1 дүгээр сарын эх үүсвэрт /2 дугаар сарын бичилтэнд орсон өөрчлөлт/ хавсралтандаа Г.Жадамбаагийн 20 айлын 11, 12, 01 дүгээр сарын дулааны үнийг УБДС ХК-д урьдчилгаа төлсөн байна. 3 дугаар сарын эх үүсвэрийн бичилтэд эх үүсвэр нэмэгдэнэ гэж албан тоотын хавсралтаар ирсээр байхад нэхэмжлэлийг давхардуулж дулааны мөнгөнөөс их мөнгөөр нэхэмжилж өрөнд оруулсан.
3. Дулааны мөнгө төлсөн Дэнж найрамдал өргөөгийн төлбөрийн түүхийг УБДС ХК-иас очиж авахад 2009 онд манай дулаанд урьдчилж төлсөн 3 сарын төлбөрийн хасалтыг хасч өгөөд 2 дугаар сарын эх үүсвэрээ нэмэгдүүлсэн баримтаар гаргаж өгсөн.
4. Хамгийн сүүлд тооцооо нийлсэн тооцооноос дулаанд төлсөн 3 сарыг буюу Дэнж найрамдалын давхардуулж бичсэн үнийн дүнг хасаад орон сууц манайхаас нэхэмжлэх сараар нь тооцоход манайх 8,145,745.18 төгрөг төлөхөөс 2014 оны 04 дүгээр сарын 23-нд 352,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 22-нд 8,018,750, төгрөг, нийт 8,370,750 төгрөгийг төлсөн.
Эндээс манайх орон сууцанд мөнгө төлөх биш харин 225,004.82 төгрөг буцаан авахаар байсан ч орон сууцны нягтлан, удирдах ажилтнууд манайх дулаанд их өртэй байгаа гээд танайх 60,000,000 төгрөгийн өртэй гээд байхаар нь шүүхээр манай асуудлыг танайх нэхэмжилж шийдвэрлүүлээч гэж бид удаа дараа шаардаж байсан.
Орон сууцны байгууллага нь дулаанд өртэй болонгуутаа өрөө хувь хүмүүст нэмж байгаад харамсаж байна.
Манайх мэргэжлийн хүнээр хянуулаагүй бол энэ төлбөр миний төлөх өр болох нь гарцаагүй байлаа. Төлбөрийн нэхэмжлэлийг будлиантуулахаас гадна 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 41 хоног дулаанаар хангаагүй байгаа хүсэлт өгч хасалт хийлгүүлэх гэхэд Дулаанаас хасалт хийж өгөхгүй байна гэхээр би Дулаан дээо очиж уулзахад манайх хэвийн горимтой, танай халаалтыг ХҮТ-2 хариуцна гэсэн боловч ажлын хариуцлага алдсанаа үл ухамсарлан мөнгөө бүтэн авна гээд л ард иргэдийн хохироож байна.
ХҮТ-2 нь 41 хоногийн халаалтын мөнгөнөөс 40 хувиар хассан боловч үлдэх 60 хувийн төлбөрийг хасч өгөхгүй байна. Мөн дээрх байгууллагуудын маргаанаас болж, 48 айлын эрх ашиг хохирч байна. Ингэж сүүлд орон сууц Дэнж найрамдал болсноос хойш 20 сард 10 хоног тасалж байсан гэж үзвэл нийт 600 хоногт 15,000 төгрөгийн дулаан хэрэглэхэд нийт 7,000,000 төгрөг гарч, энэ мөнгийг айл өрхүүдээр төрүүлсэн.
Иймд ХҮТ 2-т илүү төлсөн 225,004.82 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 41 хоногийн 60 хувийг дулаан тасалсан дулааны төлбөрийн хасалт хийхийг тогтоож өгнө үү.
Ашиглалтад ороод 6 жил болж байгаа 36 дугаар байрны 48 өрхийн эрх ашгийг хүндэтгэн үзэж мэргэжлийн байгууллага болох ХҮТ 2 орон сууцанд айл өрхийг хүлээн авах шийдвэрийг гаргаж өгнө үү.
Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь огт өгөөгүй үйлчилгээ өөрөөр хэлбэл 2008 оны 11 дүгээр сараас 2009 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгцээний халуун усаар хангаагүй байж надаар 23,023,692 төгрөг төрүүлсэн байна.
Ингэж төлүүлэхдээ иргэнээр биш аж ахуйн нэгж байгууллагын тарифаар авсан байдаг. Иймд үндэслэлгүйгээр надаас илүү авсан 23,023,692 төгрөгийг урьд сөрөг нэхэмжлэл гаргахдаа нэхсэн 255,004 төгрөгт нэмж 23,248,697 төгрөг болгож байна гэв.
Нэхэмжлэгч ОСНАА-н харъяа Хэрэглэгчдэд үйлчлэх 2 дугаар төв сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Жадамбаа АОС нь Хэрэглэгчдэд үйлчлэх 2 дугаар төвийн Ус дулаан дамжуулах 5 дугаар төвийн Ус суваг удирдах газраас худалдан авсан цэвэр усыг хэрэгцээний халуун усны ялтсан бойлерт эргэлтийн насосоор халааж хэрэглэгчийн хэрэглээний халуун усаар тасралтгүй хангадаг цэвэр усны зарцуулалтын үнэ юм. Цэвэр усны зарцуулалтын үнийг тооцохдоо Хот суурины усан хангамж ариутгах татуургын ашигталлтын тухай хуулийн 20 дугаар зүйлд хэрэглэгчийн хэрэглэсэн цэвэр усны хэмжээг гэрээний дагуу эрх бүхий байгууллагаар баталгаажсан усны тоолуурын заалтыг үндэслэн тооцно. Тоолуургүй тохиолдолд төр захиргааны байгууллагаас тогтоосон нормыг үндэслэн тодорхойлно гэж заасан. Тоолуургүй усны хэрэглээг тодорхойлохдоо:
1. Байгаль орчны сайдын 153 дугаар тушаалын дагуу ус хангажмийн төвлөрсөн системд холбогдосон сууцанд амьдардаг нэг хүний хоногийн хэрэглээний нормыг 230 л/х,
2. Барилга доторх усан хангамж, ариутгах татуурга БНбД 40-05-98-н хавсралт 3-т хоногийн ерөнхий хэрэглээ 220-250 л, үүнээс халуун усны хоногийн хэрэглээ 90 л гэж тогтоосныг үндэслэл болгодог. Дээрх заалтыг үндэслэн иргэн Г.Жадамбаагаас халуун усны зарцуулалтын үнэ 16,979,133.80 төгрөгийг нэхэмжилсэн болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ОСНАА-н харъяа Хэрэглэгчдэд үйлчлэх 2 дугаар төв, хариуцагч Г.Жадамбад холбогдуулан цэвэр, бохир усны төлбөр 29,369,133 төгрөг гаргуулах, хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан 23,248,697 төгрөг гаргуулах, дулааны төлбөрийн хасалт хийхийг тогтоолгох, айл өрхийг хүлээн авахыг даалгах сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, төлбөрийн өргүй, үндэслэлгүй гэж нэхэмжлэлээс татгалзжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Г.Жадамбын төлөөлөгчөөс “дулааны төлбөрийн хасалт хийхийг тогтоолгох, айл өрхийг хүлээн авахыг даалгах” сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас шүүх хуралдааны явцад татгалзсан болно.
Нэхэмжлэгч Хэрэглэгчдэд үйлчлэх 2 дугаар төв нь хариуцагч Г.Жадамбад холбогдуулан Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо /13361/, Б.Доржийн гудамжинд орших амины орон сууцны 2008 оны 12 дугаар сараас 2013 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацааны хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулсны төлбөрт 16,979,133 төгрөг, 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2010 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны орон сууцны ашиглалтын хөлс 12,390,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй уялдахгүй, зөрүүтэй тайлбар гаргасан зэрэг нь нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэл бүхий байдлаар нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь бохир ус татан зайлуулсны төлбөрийг 1 хүний 1 сард хэрэглэх хэрэглээний халуун усны хэмжээ 230 литр гэж тайлбарлаж, тус дүнгийн 40 хувиар тооцон, үүнээс хэрэглэсэн нийт бохир усны зардлыг тодорхойлж 16,979,133 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байх боловч шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч харилцан зөрүүтэй тайлбарыг гаргаж, шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй байна.
Мөн орон сууцны ашиглалтын хөлс 12,390,000 төгрөгийг хариуцагч 2010 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид төлсөн бэлэн мөнгөний зарлагын баримт дахь гарын үсэг эргэлзээтэй, нэхэмжлэгч уг төлбөрийг хүлээн аваагүй гэж 12,390,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3559 тоот дүгнэлтээр маргаж буй мөнгийг хүлээн авсан тухай 2010 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Бэлэн мөнгөний зарлагын баримт” дахь гарын үсэг нь “ГМ” ХХК-ийн нягтлан бодогч Г.Амартүвшин гэх гарын үсгийн загвартай тохирохгүй гэж, мөн хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 524 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2010 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Бэлэн мөнгөний зарлагын баримт” дахь тэмдэгний дардас нь хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтууд дахь “ГМ” ХХК-ийн тэмдгийн дардастай тохирч байгааг, мөн тус 2010 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Бэлэн мөнгөний зарлагын баримт” дахь тэмдгийн дардсыг хэвлэн олшруулаагүй, тосоор дарагдсан болохыг дүгнэж ирүүлжээ.
Шинжээчийн дүгнэлтүүдээр хариуцагч 12,390,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд гагцхүү нэхэмжлэгчийг төлөөлж нягтлан бодогч бус өөр этгээд гарын үсэг зурж мөнгийг хүлээн авсан нь маргааныг бий болгосон ба энэ үндэслэлээр хариуцагчийг төлбөр төлөөгүй гэж үзэхэд учир дутагдалтай байна. Шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь орон сууцны ашиглалтын хөлс 12,390,000 төгрөгийг хүлээн аваагүй, хариуцагч төлөөгүй болохыг нэхэмжлэгч нотлох баримтаар нотлоогүй, тус баримтыг үндэслэн шүүлт хийхэд мөнгө төлөгдсөн тухай тайлан гараагүй гэх үндэслэлээр хариуцагчаас 12,390,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд хариуцагч Г.Жадамба нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Хэрэглэгчдэд үйлчлэх хоёрдугаар төвийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэсэгчлэн хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Жадамбаас 29,369,133 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Орон сууц нийтийн аж ахуйн Хэрэглэгчдэд үйлчлэх хоёрдугаар төвийн нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч Г.Жадамбын нэхэмжлэгч Орон сууц нийтийн аж ахуйн Хэрэглэгчдэд үйлчлэх хоёрдугаар төвөөс 23,023,692 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Орон сууц нийтийн аж ахуйн Хэрэглэгчдэд үйлчлэх хоёрдугаар төвөөс 225,004 төгрөг гаргуулан хариуцагч Г.Жадамбад олгосугай.
2. Хариуцагч Г.Жадамбын нэхэмжлэгч Орон сууц нийтийн аж ахуйн Хэрэглэгчдэд үйлчлэх хоёрдугаар төвд холбогдуулан дулааны төлбөрийн хасалт хийхийг тогтоолгох, айл өрхийг хүлээн авахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлээс татгалзсан болдохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456,019 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,500 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Орон сууц нийтийн аж ахуйн Хэрэглэгчдэд үйлчлэх хоёрдугаар төвөөс 7,400 төгрөг нөхөн гаргуулж хариуцагч Г.Жадамбад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ