Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2 дугаар баг, Гавилууд, бага булаг 4-1 тоотод оршин суух, Сөнөд Доной овогт Банзрагчийн Хэнмэдэхбаяр /РД:КМ74051011/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 15, Моннис цамхагт байрлах “Оюутолгой” ХХК-д холбогдох

Урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг, Б.Оюунтунгалаг, хариуцагч “Оюутолгой” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Навчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Хэнмэдэхбаяр миний бие 2011 оноос эхлэн “Оюутолгой” ХХК-д операторын албан тушаалд ажилласан бөгөөд тус компани нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан юм. Ингээд тус компанид 5 жил тасралтгүй ажилласан. Ажиллах хугацаанд ээлжийн мастер н.Бямбадорж нь ажлын байрны дарамт шахалтыг удаа дараа гаргаж байсан. Ажлын цагаар архи авч ир, хоол хийж ир, борц аваад ир гэх мэтээр тушаана, үгэнд нь ороогүй хүнийг загнаж, хууль бус үйлдэл гаргадаг байсан, ажил хийхэд их төвөгтэй, дарамттай, ажлаа тайван хийх боломжгүй байсан. Энэ талаар удирдлагад хэлж гомдол гаргаж байсан боловч тогтоогдох боломжгүй гээд н.Бямбадоржид хариуцлага аваагүй.

2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0155/16 тоот захирлын тушаалаар намайг ажлаас үндэслэлгүйгээр халсныг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Учир нь уг тушаалд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Дээрх ажлаас халсан тушаалыг сахилгын буруу шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан гэж үзэж байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Оюутолгой” ХХК-д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул түүнд “сануулах” хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Гэтэл Б.Хэнмэдэхбаяр нь өмнөх сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр LO-040 техник буюу шанагат экскаваторыг ажиллуулахын өмнө үзлэг шалгалтын дэвтэр дээр үзлэг шалгалтын үр дүнг тэмдэглээгүй зөрчил буюу хөдөлмөрийн зөрчлийг давтан гаргасан. Иймд дээрхийг үндэслэн “Оюутолгой” ХХК нь нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр цуцалсан. Иймд нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаярын нэхэмжлэлийн шаардлагуудыг хангахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй орхин шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 01 сарын 16-ны өдөр ээлжийн мастер Нэргүй гэдэг хүнээс RT50 дээр гарч экскэ 15 ачих наред авсан. Машин техникт үзлэг шалгалт хийгээд хөдөлж амжаагүй байтал Шатарын Батсүрэн гэх опероторчыг надад дохиочноор өгсөн. 10 гаруй минутын дараа өгсөн дохиочноо өөр ажилд томилж аваад явсан. Би ганцаараа үлдэж экскэ ачих талбай руугаа орсон. Талбай дээр очихоосоо өмнө ээлжийн мастер Нэргүй, Болдтөмөр хоёрт орж болохгүй юм байна талбай бага дээрээс нь газрын байдал эвгүй энхэл донхилтой, дотор нь суурин өрөм, суудлын машин зэрэг олон зүйл байгаа учир орж болохгүй орсон ч машин эргэж болохгүй талаар хэлсэн боловч аргалаад хий дараагийн ажил хүлээгдэж байна гэж даалгавар өгсөн. Би өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж нарийн зайнд олон дахин маневар хийсэн. Миний машин нь хүнд машиныг ачиж буулгахад тоноглогдсон зөвхөн чиргүүл нь гэхэд 24 метр урттай машин байсан. Далий газар маневар хийж байх хооронд миний машины зөв талын ар талын дугайны крилон буюу гэрлийг тогтоох суурь нь чиргүүлийн урд нугасан хэсэгт дарагдаж хугарсан. 1 дүгээр асуудал нь ийм зүйл болсон. 2 дугаар асуудал нь 2016 оны 1 сарын 23-ны өглөө CP04 дээр гарах наредийг Энхгарамгайгаас авсан. Тухайн өдөр Бямбадорж гэдэг хүн ээлж ахалж байсан бөгөөд тэр өдөр ажилдаа ирээгүй учир замын инженер Энхгарамгай наред өгсөн. Би CP04 дээр гарч тралер 50-раа ачилт хийсэн. Машинаа асаагаад хөдлөх гэж байтал Энхгарамгай ирээд лодор 40-ийг халаачих гэж хэлсэн учир лодор 40-ийг халаачхаад ажлаа хийх гэсэнд Энхгарамгай хүрч ирээд наад 2 машин чинь нэг газар ажил хийх юм байна. Тиймээс чи аваачаад паркалчих гэж хэлсэн. Би өгсөн үүрэг даалгаварын дагуу 2 машиныг нэг доор авчирч паркалсан. Тийм учраас эдгээр 2 зөрчлийг би гаргаагүй гэж бодож байгаа. 2016 оны 2 сарын 2-ны өдрөөс хойш өнөөг хүртэл би нийт 273 хоног ажилгүй байсан. Иймээс өдрийн 242.785 төгрөгөөр бодож 66.825.305 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа:” 2016 оны 2 сарын 2-ны өдөр Оюутолгой ХХК-аас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 8б, 10.4.1.2 Хөдөлгөөнт хүнд машин механизм техникийн оперотерийн үүрэг хариуцлага стандарт зааварчилгааны 3.3-ыг үндэслэн Б.Хэнмэдэхбаярыг ажлаас халсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж заасан бөгөөд 2012 оны 6 сарын 15-ны Улсын дээд шүүхийн зөвлөмжид ажил олгогч нь дээрх үндэслэлээр ажилтныг ажлаас халсан бол зөрчил бүрийг тус тусад нь тогтоосон байхыг шаардана гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч тал нь давтан гаргасан гэх зөрчлөө тус бүрд нь нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл нотолж чадаагүй гэж үзэж байна. Дээрх 2 тушаалын хууль зүйн үндэслэлийг яаж шалгаж тогтоосон нь тодорхойгүй байгаа ч манай зүгээс 2 зөрчлийг гаргаагүй гэдгээ дараах байдлаар нотолдог. Үүнд эхний зөрчлийн хувьд Хэнмэдэхбаярын буруутай үйлдлээс болж хохирол учраагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрэл зураг, Хэнмэдэхбаярын нэхэмжлэлээр нотлогдож байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг стандарт бус буруу тоноглосон тул уг тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан байдаг учир шууд нэхэмжлэгчийн буруу гэж үзэж хариуцлага тооцох нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2 дахь зөрчлийн хувьд анх Хэнмэдэхбаярт cp04 гэх тээврийн хэрэгсэл дээр ажиллах наредийг өгсөн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан ажилчдын наредийн тэмдэглэлээр нотлогдож байна. Гэтэл үүний дараа нь Хэнмэдэхбаярт лодор 40 гэх тээврийн хэрэгслийг халаах үүргийг өгсөн. Халаах үйл ажиллагааг тээврийн хэрэгслийг ажиллуулах гэж ойлгодоггүй гэж гэрчүүд мэдүүлэг өгсөн. Тухайн тээврийн хэрэгслээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, тээврийн хэрэгслийнх нь мөн чанараар ажлаа гүйцэтгэхийг ажиллуулах гэж ойлгоно гэж гэрч нар мэдүүлсэн. Үүнтэй адил нэхэмжлэгч нь тайлбар гаргадаг. Лодор 40 дээр үүрэг аваагүй, уг тээврийн хэрэгслийг үргэлжлүүлэн ажил хийхгүй халааж байсан учраас үүнийг ажиллуулах гэж үзээгүй учир үзлэгийн хуудсыг бөглөөгүй гэж тайлбар өгсөн. Анх наред өгсөн ср04 дээр үзлэгийн хуудас бөглөсөн байдаг. Иймээс 2 дахь сахилгын зөрчлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Логик дарааллын хувьд хэрвээ нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан болон тухайн хүнтэй уулзаад зөрчлийг тогтоогоод, шалгаад тэмдэглэл үйлдээд дараа нь арга хэмжээ авах ёстой байсан. Гэтэл Оюутолгой ХХК-нь арга хэмжээ авсны дараа уулзалт хийсэн. Хавтаст хэргийн 9-13 хуудсанд авагдсан уулзалтын тэмдэглэлээр нотлогдож байгаа. 1 сарын 23-ны өдөр сахилгын шийтгэл авах шийдвэр гарсан байхад 1 сарын 26-ны өдөр уулзсан байдаг. Энэ уулзалтаар 2 зөрчлөө авч хэлэлцсэн байдаг. Сахилгын шийтгэлийг тогтоохгүйгээр шийтгэсэн нь Хэнмэдэхбаярыг ажлаас халах бодолтой байсан болон хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан тушаалдаа:” Хариуцагч тал нь нэхэмжлэгч нь 2 дугаар зөрчил дээр нэхэмжлэл гаргасан учир 1 дүгээр зөрчил хамаагүй. Тиймээс тайлбар хийхгүй гэж ярьдаг. 2 дугаар сахилгын шийтгэлийн тушаал нь 1 дүгээр сахилгын шийтгэлийн агуулгын утгыг татсан үг хэрэглэсэн. Хэрвээ сахилгын шийтгэлийг давтан гаргасан гэсэн бол өөр байх байсан. Гэтэл эцсийн сануулга, сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд сахилгын шийтгэлийг давтан гаргасан гэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Манай талаас 2 зөрчлийн талаар ярьж байгаа. Оюутолгойд хүнд машин механизм ачих буулгах стандарт журам хэрэгждэг бөгөөд уг журмын дагуу тухайн тээврийн хэрэгслийн оператор бүрт дохиочин өгөх ёстой байсан. 2 дугаар зөрчлийн хувьд тэр Энхгарамгай гэдэг хүн нь Хэнмэдэхбаярт шууд үүрэг өгөх ажилтан биш бөгөөд уг үүрэг өгөх эрхгүй хүн үүрэг өгсөн бөгөөд уг үүрэгтэй холбоотой зөрчил гаргасан гэж үзэж байгаа юм” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Хэнмэдэхбаяр нь өмнөх сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаа болон 2016 оны 1 сарын 23-ны өдөр техникийг ажиллуулахын өмнө үзлэг шалгалтын дэвтэр дээр үзлэг шалгалтын үр дүнг тэмдэглээгүй зөрчил гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заанаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Навчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Нэхэмжлэл гаргаж байж иргэний хэрэг үүсдэг. Хавтаст хэргийн 1 хуудсанд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг харахад ажлаас үндэслэлгүй халсаныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх гэж бичсэн байдаг. Хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд нэхэмжлэлд хавсаргасан баримт байдаг. Энэ нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан гэж үзэж байгаа. Шүүх хуралдаанаар шүүгч нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг танилцуулсан. Үүнд ажлаас үндэслэлгүй халагдах гэж хэлсэн. Нэхэмжлэгч нь 2016 оны 2 сарын 2-ны өдрийн 0155/16 тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж бичсэн байдаг. Энэ зөрчил нь сахилгын давтан зөрчилд хамаарч байгаа. Нэхэмжлэгч нь 1 дүгээр асуудал, 2 дугаар асуудал гэж яриад байна. Энэ нь 1, 2 гэсэн асуудал байхгүй. 2 зөрчлийн асуудал яригдаж байгаа боловч сүүлийн сахилгын зөрчил ажлаас халсан тушаал дээр нэхэмжлэл гаргасан. Анхны зөрчлийг хүндээр авч үзэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх, нэмэгдүүлэх эрх нь ИХШХШХТ-ийн 26 дугаар зүйлд заасны нэхэмжлэгчид нээлттэй байсан. 2016 оны 1 сарын 16-ны өдөр эхний зөрчлийн арга хэмжээ авагдсан. Харин сахилгын давтан зөрчлийг 1 сарын 23-ны өдөр гаргасан байдаг учир ажлаас халсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн 2 дахь тушаал дээр гарсан бөгөөд анхны шийтгэл ноогдуулсан асуудал дээр нэхэмжлэл гаргаагүй юм. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж нэмэгдүүлээгүй. Сахилгын шийтгэл ноогдуулсаны дараа уулзалт хийсэн гэж хэлээд байна. Тийм зүйл байхгүй. 1 сарын 26-ны өдөр Хэнмэдэхбаярт тушаалын хувийг гардуулж өгсөн боловч ярилцлага хийгээгүй юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөөс СР04 дээр гарахдаа үзлэгийн хуудас бөглөсөн гэж хэлээд байна. 2017 оны 2 сарын 14-ны өдөр болсон шүүх хуралдаанаар нэхэмжлэгч хойшлуулах хүсэлт гаргаж нотлох баримт гаргуулах захирамжийн дагуу манай зүгээс нийт 23 хуудас баримтыг шүүхэд цахимаар ирүүлсэн. Энэ дотор СР04 дээр бичигдсэн боловч ямар тээврийн хэрэгсэл дээр ажиллах талаар бичигдээгүй, үзлэгийн хуудас бөглөгдөөгүй байдаг. Тиймээс Оюутолгой ХХК-ийн зүгээс сахилгын давтан зөрчил буюу 2 дахь зөрчил гаргасан учир ажлаас халсан. Эхний зөрчлийн тухай ярих байсан бол хөөн хэлэлцэх хугацаандаа гаргах ёстой байсан. Эхний зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол 2016 оны 4 сарын 3-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэмэгдүүлэх эрх нь нээлттэй байсан. Иймд хариуцагч Оюу толгой ХХК-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяр ажлаас үндэслэлгүй халсан тул урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч “Оюутолгой” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Хэнмэдэхбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр сахилгын зөрчил гаргасан, 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үзлэг шалгалтын дэвтэр дээр үзлэг шалгалтын үр дүнг тэмдэглээгүй зөрчлийг гаргаж, бичгээр өгөх эцсийн сануулах сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргажээ.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлахад:

Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяр “Оюутолгой” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, хүнд машин механизмийн оператороор ажиллаж байсан ба хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0155/16 дугаартай “хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3-7 дугаар хуудас/, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0155/16 дугаартай “хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Ажил олгогч нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 0120/16 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар “2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр RT-050 ачааны тэргээр EX-15 эксковаторыг ачихаар эргэх үед RT-050 ачааны тэрэгний зөв талын арын дугуйны хаалт /крыло/ болон арын гэрлийн тогтоогч суурь нь чиргүүлийн урд нугасанд дарагдан хугарч унасан. Компанийн эд хөрөнгийн хохирол учруулсан зөрчил гаргасан тул түүнд бичгээр өгөх эцсийн сануулах шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 150 дугаар хуудас/

Уг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг ХХБ-ын ерөнхий зөвлөх Вард Амберсон уулзалт ярилцлага хийж, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байх боловч уг өдрөө ажилтныг ажлаас түр чөлөөлөх мэдэгдэл өгчээ. /хх-ийн 110 дугаар хуудас/

Ажил олгогч нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирлын тушаал гаргаж, уг тушаалд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Банзрагч овогтой Хэнмэдэхбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн б, 10 дугаар зүйлийн 10.4.1.2, мөн Хөдөлгөөнт хүнд машин техникийн операторын үүрэг хариуцлага стандарт ажиллагааны зааварчилгааны 3.3 заалтуудыг тус тус үндэслэн ил уурхайн үйл ажиллагааны хэлтсийн хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор Б.Хэнмэдэхбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр LO-040 техникийг ажиллуулахын өмнө үзлэг шалгалтын дэвтэр дээр үзлэг шалгалтын үр дүнг тэмдэглээгүй зөрчлийг гаргаж бичгээр өгөх эцсийн сануулах сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 2-р сарын 2-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан байна. /хх-ийн 8-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх хуулийн заалтыг ажил олгогч зөрчсөн, мөн “Оюутолгой” ХХК, Б.Хэнмэдэхбаяр нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.4.1.2 дахь заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалттай нийцээгүйг дурдах нь зүйтэй.

“Оюутолгой” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тайлбартаа нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдол гаргасан, түүнээс өмнөх сахилгын зөрчил гаргасан тушаалд гомдол гаргаагүй, иймээс бид өмнөх сахилгын зөрчилтэй холбоотой баримтыг гаргаж өгөх шаардлагагүй гэж мэтгэлцэж байх боловч ажлаас халах тушаалдаа Б.Хэнмэдэхбаярыг сахилгын давтан зөрчил гаргасан талаар дурдаж, уг давтан зөрчил гаргасан талаарх баримтаа ирүүлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд Б.Хэнмэдэхбаярыг давтан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.Учир нь Оюу толгой ХХК-ийн 2016 оны 2 сарын 2-ны өдрийн 0155/16 тоот тушаал дахь ажилтан Б.Хэнмэдэхбаярыг ажлаас халах болсон “2016 оны 1 сарын 23-ны өдөр LO-040 техникийг ажиллуулахын өмнө үзлэг шалгалтын дэвтэр дээр үзлэг шалгалтын үр дүнг тэмдэглээгүй зөрчлийг гаргаж бичгээр өгөх эцсийн сануулах сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх үндэслэлийг бүрэн нотолж чадаагүй, мөн ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасныг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байхыг шаардана.

Мөн ажил олгогч нь ажилтанд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан ба 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өмнөх сахилгын зөрчил, мөн давтан зөрчил гаргасан талаар нэг өдөр ярилцлага хийхдээ Б.Хэнмэдэхбаярт эцсийн бичгийн сануулга өгчээ. /хх-ийн 10 хуудасны ар тал/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Маралмаа 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хэрэгт гэрчээр асуугдсан Б.Гүррагчаа, Н.Раднаарагчаа нарын мэдүүлэг илтэд худал байх тул шүүх хуралдаанаар нотлох баримтыг үнэлэх явцдаа нотлох баримтаас хасч өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байх бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэрч нарын мэдүүлэг нь үнэн зөв гэдэгт эргэлзээтэй, мөн 2 дугаар хавтаст хэргийн 54-114 хуудсанд авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй байх тул нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй юм.

Хэргийн 2-р хавтасны 133-154 дүгээр талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй, 155-р хуудсанд уг баримтуудын нотариатаар батлуулсан хуулбарыг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Монгол шуудан ТӨХК нь “Оюутолгой” ХХК-аас Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлэхээр өгсөн гэх боловч 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр уг баримтын эх хувь тус шүүхэд ирээгүй,/уг баримтын нотариатаар батлуулсан эх хувь тус шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 40 минутанд ирсэн/ 2-р хавтасны 191 хуудас/ Монгол шуудан ТӨХК-ийн маягт нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг 2015 оны 11, 12-р сар, 2016 оны 01 дүгээр сарын дундаж цалин хөлс 1 сарын 5.098.489 төгрөг байх ба 1 өдрийн цалин хөлс нь 5.098.489:21.5=237.139 төгрөг байна.

Б.Хэнмэдэхбаярын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 13 сар ажлын 6 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 5.098.489x13=66.280.357 төгрөг, 6x237.139=1.422.834, 66.280.357+1.422.834=67.703.191 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаярын Нийгмийн даатгалын №-А0134919 тоот дэвтрийг шүүх хуралдаанд эх хувиар нь гаргаж өгсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар буцаан өгөх нь зүйтэй.

Иймд “Оюу Толгой” ХХК-ийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0155/16 дугаартай “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байх тул Б.Хэнмэдэхбаярыг урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаярыг “Оюу Толгой” ХХК-ийн хүнд машин механизмийн операторын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Оюу Толгой” ХХК-аас Б.Хэнмэдэхбаярын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 67.703.191 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаярт олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаярын ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговороос нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “Оюу Толгой” ХХК-д даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч “Оюу Толгой” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 496.465 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                               Г.СОЛОНГО