Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/266

 

 

                            

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Дондовням,

улсын яллагч Б.Энхбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Урангэрэл,

шүүгдэгч Г, түүний өмгөөлөгч Л.Энхтунгалаг,

шүүгдэгч Д гийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г, Д нарт холбогдох эрүүгийн 1934000720322 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Д Д/ /, Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймаг Улаанбадрах суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 4 эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймаг Сайншанд сумын 4 дүгээр баг Баруун буянт ухаа 5-1а тоотод оршин суух хаягтай,  ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэв.

 

Ц Г, Монгол улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймаг Баянлиг суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Өмнөговь аймаг Цогтцэций сумын 2 дугаар баг Шинэ хотхон 6-663 тоотод оршин суух хаягтай,  ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д нь Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Сондуул” гэх газарт Улаанбаатар хотоос Дорноговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 553/120 дахь километрийн шонгийн хажууд 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 5332 ӨМҮ улсын дугаартай Тоёото Пробокс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад, тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарган онхолдож Гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Тэмүүжингийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан, зорчигч Г.Мөнгөнтулгын амь насыг хохироосон гэмт хэрэгт,

Шүүгдэгч Г нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, өөрийн эзэмшлийн Тоёото Пробокс маркийн 53-32 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, жолоодох эрхийн үнэмлэхгүй зорчигч Дд шилжүүлж, Д нь Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Сондуул” гэх газарт Улаанбаатар хотоос Дорноговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 553/120 дахь километрийн шонгийн хажууд дээрх тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдож Б.Тэмүүжингийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж Г.Мөнгөнтулгын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр үед би жолоо барих ёсгүй байсан тэр үеэс өнөөдрийг хүртэл байнга харамсаж байгаа” гэв.

Шүүгдэгч Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Маргах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Урангэрэл: “2019 оны 1 сард эмээгийнх нь бие муудаад эмээ дээрээ  ирэх гээд унаа хайгаад Д найз нь унаа байна гээд цуг явсан ингээд хүний тоо хэтрүүлж, ядарсан үедээ жолоо барьж, жолоо шилжүүлж, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож явснаас болоод миний дүү нас барсан” гэв.          

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас хх-06 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-8 тал/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал/1-р хавтас хх-09 тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч/1-р хавтас 10 тал/, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны Төв аймаг Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Сондуул гэх газарт Улаанбаатар хотоос Сайншанд явах замд 120/553 км-ийн шонгийн ойролцоо Тоёото Пробокс маркийн 52-32 ӨМҮ дугаарын тээврийн хэрэгсэл замын хажуу руу гарч онхолдож эрэгтэй 24 настай Мөнгөнтулга нь нас барсан гэх хэргийн гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-11-15 тал/, жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл/1-р хавтас хх-16-17 тал/, согтуурал шалгасан драгер багаж үлээсэн гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-18 тал/,  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хавтас хх-19 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-20 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хавтас хх-22 тал/, цогцосны гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-23-28 тал/, шүүгдэгч Гын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг/1-р хавтас хх-29-30 тал/, шүүгдэгч Дгээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-31-32 тал/, гэрч Б.Билгүүнээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-33-34 тал/, гэрч С.Ганбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-35 тал/, гэрч Н.Буянжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-36-37 тал/, насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүжингээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-40 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Буянжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-42 тал/, хохирогч Т.Урангэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-48 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №130 дугаартай дүгнэлт/1-р хавтас хх-52-53 тал/, Н.Буянжаргалын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар/1-р хавтас хх-54-62 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №16 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт/1-р хавтас хх-64-65 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №131 дугаартай дүгнэлт/1-р хавтас хх-67-68 тал/, насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүжингийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар/1-р хавтас хх-73-74 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №74 дугаартай дүгнэлт/1-р хавтас хх-76 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №75 дугаартай дүгнэлт/1-р хавтас хх-80 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №77 дугаартай дүгнэлт/1-р хавтас хх-82-83 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №866 дугаартай дүгнэлт/1-р хавтас хх-87-100 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №2636 дугаартай дүгнэлт/1-р хавтас хх-110-120 тал/, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаартай дүгнэлт/1-р хавтас хх-122-123 тал/, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №83 дугаартай дүгнэлт/1-р хавтас хх-126 тал/, Гын хувийн байдлыг тогтоосон баримтууд/1-р хавтас хх-142 тал/, Дгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/1-р хавтас хх-143 тал//, №0000221135 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар/1-р хавтас хх-145 тал/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохирлын баримтууд/1-р хавтас хх-191-201 тал/, хохирлын баримтууд/1-р хавтас хх-211-250, 2-р хавтас хх-01-24 тал/, 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №146 дугаар шинжээчийн дүгнэлт /2-р хавтас хх-85 тал/, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №229 дугаар шинжээчийн дүгнэлт/3-р хавтас хх-24-26 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл/3-р хавтас хх-48, 50, 57 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д нь Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Сондуул” гэх газарт Улаанбаатар хотоос Дорноговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 553/120 дахь километрийн шонгийн хажууд 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 5332 ӨМҮ улсын дугаартай Тоёото Пробокс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад, тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарган онхолдож Гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Тэмүүжингийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан, зорчигч Г.Мөнгөнтулгын амь насыг хохироосон гэмт хэрэгт,

Шүүгдэгч Г нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, өөрийн эзэмшлийн Тоёото Пробокс маркийн 53-32 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, жолоодох эрхийн үнэмлэхгүй зорчигч Дд шилжүүлсний улмаас зам тээврийн осол гарч Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Сондуул” гэх газарт Улаанбаатар хотоос Дорноговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 553/120 дахь километрийн шонгийн хажууд дээрх тээврийн хэрэгслийг Д жолоодож яваад онхолдож Б.Тэмүүжингийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж Г.Мөнгөнтулгын амь насыг хохироосон болох нь:

Шүүгдэгч Гын гэрчээр мэдүүлсэн: “ ... Би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас тэмээ худалдаж аваад махыг нь ачаад өөрөө жижиг машинтай Дорноговь аймгийн Сайншанд руу явж ирээд орой 20 цагийн үед Улаанбаатар хот руу хүн авч явна гэж цуг ирсэн хүн маань зар тавьж өгөөд хүн ярихгүй болохоор нь ганцаараа гарах гэж байтал миний утас руу залгаад вогзал дээр Улаанбаатар явах хүн байна энэ утас руу залга гээд 94833019 дугаарын утас өгөөд би вогзал руу явж байхад дахиад нэг хүүхэн залгаад Улаанбаатар хот явна вогзал дээр байна гэхээр нь одоо очлоо гэж хэлээд тус эмэгтэйг хүүхэдтэй нь аваад анх ярьсан залууг вогзал дээр хүрээд ир гэхэд удалгүй эхнэртэйгээ хамт ирээд замаараа найзыгаа авна гэж хэлээд айлаас бас нэг залуу суулгаад ингээд 1 хүүхэд 4 том хүнтэй 21 цагийн үед Улаанбаатар хот руу гарсан. Ингээд замдаа явж байгаад гуанзанд хоол идээд тэндээс 01 цаг өнгөрч байхад хөдлөөд замд нойр хүрээд байхаар нь зогсоод унтах гээд суудлаа хойш болгоход ард сууж явсан залуу сэрэхээр нь нөгөө залууд хандаж чи жаахан жолоо барих уу гэж асуухад тэгье гэхээр нь жолоогоо шилжүүлээд ард суугаад унтсан. Ингээд унтаад явж байтал гэнэт дайвалзаад машин замаас гараад хөрвөөгөөд онхолдсон. Юунаас болж онхолдсоныг мэдээгүй” гэх мэдүүлэг/1-р хавтас хх-29 тал/,

Шүүгдэгч Дгийн гэрчээр мэдүүлсэн: “ ... Машин зогсохоор нь сэртэл жолооч ах чи машин бариад явчих би жаахан унтмаар байна нойр хүрээд явж болохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд машиныг нь жолоодоод хөдлөхөд явсан манай найз сэрээд надад хандаж хүн алчихваа чи гэж хэлсэн. Би юм дуугаралгүй хөдлөөд явсан жолооч ах ард миний суудалд суугаад явсан. Ингээд манай эхнэр сэрүүн яг хажууд хараад явсан тэгтэл гэнэт руль баруун гар тал руугаа булаахаар нь би сандраад зүүн гар тал руугаа дарахад бөгсөө хаяад замын баруун тал руу гараад 2-3 удаа өнхөрөөд дугуй дээрээ зогссон. Ингээд би шууд хаалга түлхэж гараад арын хаалгыг гаднаас нээгээд жолооч ах гарч ирээд би эхнэрээ татаж гаргаад нөгөө эгч миний хүүхэд хаана байна гээд хайгаад байсан. Манай найз машины хойд тал руу 5 орчим метр газар шидэгдчихсэн байсан хүрээд очиход амьсгаадаад юм ярихгүй байсан. Ингээд би найзаа босоорой гээд дуудаад хариу өгөхгүй амьсгаадаад байсан ингээд би сандраад зам руу гүйгээд машин зогсоогоод учраа хэлээд найзыгаа, эхнэрээ, нөгөө хүүхдийг ээжтэй нь суулгаад хамгийн ойрхон эмнэлэг рүү явуулсан. Ингээд жолооч ах бид хоёр машин зогсоох гээд зогсоогүй. Араас жолооч ахын таньдаг хүмүүс нь машинтай ирээд бид хоёр суугаад Баян сумын эмнэлэгт ирэхэд манай найз нас барсан байсан. Ингээд би өөрөө үзүүлэхэд толгой хавдсан, бөөрөөр өвдсөн байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-31 тал/,

Гэрч Б.Билгүүний гэрчээр мэдүүлсэн: “ ... Ингээд Говьсүмбэр аймаг өнгөрч явж байгаад замын хажууд зогсоод жолооч арын түшлэгээ налаад унтах шиг болоход нь би сэрсэн. Тэгтэл жолооч манай нөхөрт хандаж ахын дүү жоохон бариад явчих гэхэд манай нөхөр за гэж хэлээд машинаас гараад суудал солиод машин хөдлөөд явахаар нь би жолооч ахад хандаж манай нөхөр үнэмлэхгүй шүү дээ гэхэд жолооч ах надад хандаж таг зогсож байснаас жоохон явуулж байсан нь дээр шүү дээ гэж хэлсэн. Ингээд хөдлөөд цаг харахад 02 цаг 45 минут болж байсан. Би унтаад явж байтал жолооч ах учиргүй хашгирахад би сэрээд харахад машин замаас гараад өнхөрөөд зогссон. Ингээд би машинаас яаж бууснаа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд машинаас гарчихсан газар хэвтэж байсан даараад сэрсэн. Ингээд босоод харахад манай талийгаач дээр оччихсон сэрээрэй гээд нэрээр нь дуудаад хашгираад байсан. Нөгөө эгч хүүхдээ хайгаад байсан жолооч ах манай нөхөрт хандаж машин барьж чаддаггүй юм бол яах гэж барьсан юм бэ пизда чинь гээд уурлаад байсан. Ингээд замын машин зогсоогоод талийгаач болон намайг, ээж хүү бид дөрвийг суулгаад явуулсан. Ингээд Баян сумын эмнэлэг дээр очиход талийгаачийг оруулаад эмч нарыг дуудаад цээж шахалт хийгээд тусламж үзүүлээд байсан ингээд нөгөө хүүхдэд бас тусламж үзүүлж байгаад талийгаачийг нас барсан гэж хэлсэн. Ингээд нөгөө хүүхдийг гэмтэл рүү хүргүүлнэ гэж хэлээд намайг хамт аваад явсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-33 тал/,

Гэрч С.Ганбаатарын мэдүүлсэн: “ ... Талийгаач манай хамгийн бага хүү байгаа юм. Манай хүүг тээвэрлэж явсан машины жолооч хүний тоо хэтрүүлж авч явсан байна. Үүнд маш их гомдолтой байна. Багтахгүй гэж хэлэхэд шахаад суучих гэж хэлээд аваад явсан байсан. Өнөөдөр жолооч зорчигчийн тоогоороо хүнээ аваад явсан бол хүү маань амьд байх боломжтой байсан. Маш их харамсаж байна” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-35 тал/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Н.Буянжаргалын гэрчээр мэдүүлсэн: “ ... Ингээд нилээд явж байгаад жолооч замын хажуу руу гарч зогсоод 5 орчим минут унтаж байгаад сэрээд ард сууж явсан залууд хандаж зогсож байхаар жоохон ч гэсэн зам дөхөж байх уу ахын дүү жолоо барь гэхэд нөгөө залуу зөвшөөрөөд урд орж ирж суугаад машин асаагаад хөдөлсөн. Нөгөө жолооч ард оронд нь суугаад унтсан байгаа. Ингээд би хэсэг хугацаанд дуг хийгээд унтахад гэнэт хүмүүс хашгираад би сэрээд харахад нөгөө залуу жолоогоо хоёр тийшээ ээлжилж мушигаад замын зүүн гар тал руу буюу ертөнцийн зүгээр баруун гар тал руугаа онхолдоод машин хоёр бүтэн эргээд дугуйн дээрээ зогссон. Ингээд би буугаад хүүхдээ хайхад машинаас нилээд хойшоо зайтай хүү маань шидэгдсэн байсан. Сүүлд суусан залуу мөн манай хүүтэй ойролцоо байсан ингээд араас ирж байсан машин зогсоож би хүүгээ аваад нөгөө сүүлд суусан залууг аваад жолоо барьж байсан залуугийн эхнэр бид дөрөв Баян сумын эмнэлэгт ирж анхны тусламж аваад Улаанбаатар хот руу гэмтэл рүү хүргүүлсэн. Нөгөө сүүлд суусан залуу Баян сумын эмнэлгийн хаалгаар орж чадалгүй нас барсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-36 тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүжингийн мэдүүлсэн: “ ... Миний тархи доргисон, эгэм хугарсан, тархины цууралт, цус хуралт гэмтэл авсан. Одоо байнга толгой өвдөж байгаа, эгэмээ хадуулсан хааяа өвдөөд байдаг, эмчилгээний зардлууд болон нааш цаашаа явж байгаа замын зардлууд бүх хохирлоо баримтаар өгч хэрэгт хавсаргуулсан байгаа тус хохирлоо нэхэмжилнэ. Мөн баримтгүй зардлууд их гарч байгаа тархи толгойны сүлжээний эмнүүд хувь хүнээс авч хэрэглэж байгаа тус тооцоог шүүх хурал дээр авч ирэх болно” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-40 тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нарантуяагийн мэдүүлсэн: “ ... Найз Д нь Улаанбаатар хот руу явахыг мэдэж байсан ба Сайншанд Улаанбаатар чиглэлийн воганы 21 цаг 15 минутад явах гал тэрэгээр зорчих гээд очсон боловч воганы билет дууссан байсан учир шөнийн воганаар явна гээд гэрлүүгээ явах гэж байхад нь вогзал дээр суудлын машин 15000 төгрөгөөр Улаанбаатар явна гэхээр эхнэртэйгээ хамт явахаар болоод тус машинд суугаад манай хүү рүү утсаар залгаж хамт явахаар тохиролцоод гэрээр нь очиж аваад явсан байсан. Явах үедээ зорчигчийн тоо хэтэрсэн байхад миний хүүг очиж гэрээс нь авсан байсан. Мөн явж байх үедээ зорчигч нарт ах нь 20 хоног гэртээ хариагүй их ядарч нойр хүрч байна ахтайгаа ярьж байгаарай гэж хэлж байсан мөн явдал дундаа ойр ойрхон зогсож хүнтэй яриад явсан гэж хамт явсан хүмүүс нь хэлж байсан. Зам зуураа араас нь мах ачиж дагаж явсан машинаа хүлээж байгаад бөөндөө хоолонд орсон байсан ер нь их удаан явсан байсан. Энэ байдлыг нь хүүхдүүд хоорондоо хэдүүлээ тал мөнгөө аваад Чойр дээрээс өөр машинд суух уу гэж хүртэл ярилцаж байсан боловч араас нь машин ирээгүй юм билээ. Мөн Дгийн эхнэр багтахгүй байсан учир Говьсүмбэр хүртэл өвөр дээр нь сууж явсан байсан. Ингээд замдаа явж байгаад жолооч миний нойр хүрээд байна машин барь гэж Дд хэлэхэд эхнэр нь нөхрөө жолооны үнэмлэхгүй шүү дээ гэж хэлэхэд нь жолооч хөдөө газар яах ч үгүй зогсож байснаас зам хорогдоно шүү дээ гэж машин жолоодуулсан байсан. Д жолоо барьж эхэлснээс хойш багахан хугацаанд явж байтал руль булааж замын хажуу руу онхолдсон гэж хэлж байсан. Ослын дараа машины эзэн Дг чи машин ийм болгочихлоо гэж зэмлэж заамдсан гэж эхнэр нь хэлж байсан. Миний хэлэх гэсэн гол зүйл бол тухайн жолооч зориулалтын бус тээврээр зорчигч тээвэрлэсэн, мөн зорчигчийн тоо хэтрүүлж миний хүүг авч явсан, мөн машиныхаа бүрэн бүтэн байдлыг хянаагүй, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлснээс болж осол хүүгийн минь амь нас хохирсонд машины эзэмшигчид маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг/1-р хавтас хх-44 тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас хх-06 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-8 тал/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал/1-р хавтас хх-09 тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч/1-р хавтас 10 тал/, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны Төв аймаг Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Сондуул гэх газарт Улаанбаатар хотоос Сайншанд явах замд 120/553 км-ийн шонгийн ойролцоо Тоёото Пробокс маркийн 52-32 ӨМҮ дугаарын тээврийн хэрэгсэл замын хажуу руу гарч онхолдож эрэгтэй 24 настай Мөнгөнтулга нь нас барсан гэх хэргийн гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-11-15 тал/, жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл/1-р хавтас хх-16-17 тал/, согтуурал шалгасан драгер багаж үлээсэн гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-18 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хавтас хх-19 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-20 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хавтас хх-22 тал/, цогцосны гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-23-28 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №16 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн “1.Талийгаачийн биед гавал ясны шугаман хугарал, тархины эдийн няцралт, тархины эдийн аалзан хальсан доорхи цус харвалт, хуйханд цус хуралт, уушигны эдийн урагдал, элгэнд цус хуралт, дотуур цус алдалт, биед язарсан шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Г.Мөнгөнтулга нь гавал ясны хугарал, тархины эдийн няцралт, аалзан хальсан доорхи цус харвалтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. 4.Цусны этилын спирт илрээгүй байна. 5.Талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай байна” дүгнэлт/1-р хавтас хх-64-65 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №131 дугаартай “1.Б.Тэмүүжингийн биед зүүн зулай, чамархай, суурь ясны шугаман хугарал, баруун дух, духны хажуу хэсэг, чамархай хэсэгт хатуу хальсан доорхи цус хуралт, зүүн чамархайд хатуу хальсан дээрхи цус хуралт, баруун дух, баруун чамархайд цусархаг няцралт, баруун хажуу ховдол  шахагдсан, зүүн зулай чамархайд хаван хавдарт, зүүн эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт/1-р хавтас хх-67-68 тал/, насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүжингийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар/1-р хавтас хх-73-74 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №866 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн “урд дугуй” гэж хаяглаж, “1” дугаараар тэмдэглэн шинжилсэн дугуй ослын үед хагарсан байх үндэслэлтэй. “Хойд дугуй” гэж хаяглаж “2” дугаараар тэмдэглэн шинжилсэн дугуй хөдөлгөөний явцад хий алдаж хагарч, ослын үед механик гэмтлүүд үүссэн байх үндэслэлтэй. 2.Хөдөлгөөний явцад хойд дугуй хагарахад автомашины хөндлөн тогтвор алдагдуулах шалтгаан, нөхцөл үүснэ. 3. “2” дугаартай хойд дугуйн хий хөдөлгөөний явцад алдсан байх үндэслэлтэй тул жолооч мэдэх боломжгүй. 4.Шинжилгээнд ирүүлсэн объект, осол хэргийн материалд үндэслэн автомашины баруун хойд дугуйнд хадаас орж хий алдаж хагарахад автомашины хөндлөн тогтворжилт алдан шарвалт үүсгэж замаас гарч өнхрөн онхолдсон байж болох үндэслэлтэй” дүгнэлт/1-р хавтас хх-87-100 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №2636 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн Probox маркийн 53-32 ӨМҮ улсын дугаартай автомашины тоормосны болон жолооны механизм ажиллаж байгаа нь ослын өмнө ажиллаж байсан байх үндэслэлтэй. Автомашинд гарсан эвдрэл гэмтлээс автомашин явах боломжгүй тул явах эд ангийн ажиллагааг шалгах боломжгүй. 2.Автомашины хойд тэнхлэгийн пүршний доод сууринд хаймар резин тавьж дээш өндөрлөсөн нь пүршний суурийг тогтворгүй болгож пүрш суурь хэсгээрээ хөдлөх ганхах хөдөлгөөн үүсэх, автомашины бусад эд ангийн хэвийн ажиллагаа автомашины тогтворт байдалд нөлөөлж зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан нөхцөлд нөлөөлсөн байх боломжтой” гэх дүгнэлт/1-р хавтас хх-110-120 тал/,

2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаартай “1.Хариулт 1.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 53-32 ӨМҮ улсын дугаартай Toyota probox маркийн тээврийн хэрэгслийн жолооч Дугарсүрэн овогтой Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм заалт зөрчсөн гэж үзэв. Хариулт 2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 53-32 ӨМҮ улсын дугаартай Toyota probox маркийн тээврийн хэрэгслийн жолооч Дугарсүрэн овогтой Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1. “Жолоочийн үүрэг: Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, гэсэн заалт зөрчсөн байна гэж үзэв. Хариулт 3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 53-32 ӨМҮ улсын дугаартай Toyota probox маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Цогтжаргал овогтой Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. Хариулт 4: Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 53-32 ӨМҮ улсын дугаартай Toyota probox маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Цогтжаргал овогтой Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.”жолоочид дараахь зүйлийг хориглоно: б/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх”, мөн 23.9 “дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч”, 3.4 “жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэв. Хариулт 5: Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн осол болсон  газрын зам нь асфальтан, шулуун тэгш, хуурай, зохицуулагддаггүй, суурингийн гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ, явган хүний замгүй, хайс хашлагагүй зам гэжээ. Иймд зам тээврийн осол гарахад замын эвдрэл, цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. Хариулт 6. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд асуултанд дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэж үзэв” гэх дүгнэлт/1-р хавтас хх-122-123 тал/,

2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №83 дугаартай “1.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёото Пробокс маркийн 52-32 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д болон Г нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчснөөс уг зам тээврийн осол гарсан байна. 2.Шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй гэж үзэв” гэх дүгнэлт/1-р хавтас хх-126 тал/, №0000221135 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар/1-р хавтас хх-145 тал/,

2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №146 дугаар шинжээчийн “1. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл/жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/:, мөн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв. 2.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “жолоочид дараахь зүйлийг хориглоно: б/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх”, мөн 23.9 “дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч”, мөн 3.4 “жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэв. 3. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон. 4.Асуултанд дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй гэж үзэв” гэх дүгнэлт /2-р хавтас хх-85 тал/,

2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №229 дугаар шинжээчийн “1.Toyota Probox маркийн 53-32 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх, 23.9. Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/тээврийн хэрэгслийн техникийн тодрхойлолтоор тогтоосон тооноос олон олон зорчигч тээвэрлэхгүй байх гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Toyota Probox маркийн 53-32 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын зүйлийг хориглоно: дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын авто техникийн лабораторийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 866 дугаартай дүгнэлтэд /хх-ийн хуудас 89/ Осол, хэргийн газарт авсан гэрэл зургийн үзүүлэлтийн №1-3-д замын зорчих хэсэг дээр гарсан мөрүүдийг “1, 2, 3” дугаараар тэмдэглэсэн, гэрэл зургийн №5-д 4 мөр үргэлжилж байгаад №6-д “4” дугаараар тэмдэглэж төгссөн, шинжилгээний явц дахь гэрэл зургийн 46-д эрэгтэй хадаасны толгой элэгдэж зурагдсан, зураг №49-д үзүүлсэн эрэгтэй хадаасны үзүүр гэмтэлгүй, бохирлогдоогүй шинж тэмдэг, зураг №57-д хий алдаж хөөсөрч байгаа шинж тэмдэг, гэрэл зургийн №8-10-д тээврийн хэрэгсэл анх газарт хөрвөөсөн байж болох “А” цэг болон хугарсан толь, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд ослын дараа тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл, хөдөлгөөний чиглэл болон шарвалтын даялал зэрэг онцлог шинж тэмдгүүдийн шалтгаант холбоонд үндэслэн автомашины баруун хойд дугуйнд хадаас орж хий алдаж хагарахад автомашины хөндлөн тогтворжилт алдан шарвалт үүсэж замаас гарч өнхрөн онхолдсон байж болох үндэслэлтэй", хариулт 2-т "Хөдөлгөөний явцад хойд дугуй хагарахад автомашины хөндлөн тогтвор алдагдуулах шалтгаан нөхцөл үүснэ", хариулт-4-т "Шинжилгээнд ирүүлсэн объект, осол хэргийн материалд үндэслэн автомашины баруун хойд дугуйнд хадаас орж хий алдаж хагарахад автомашины хөндлөн тогтворжилт алдан шарвалт үүсгэж замаас гарч өнхрөн онхолдсон байж болох үндэслэлтэй", мөн хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын авто техникийн лабораторийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2636 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хариулт 2-т/хх-ийн хуудас 111-112/ "Автомашины хойд тэнхлэгийн пүршний доод сууринд хаймар резин тавьж дээш өндөрлөсөн нь пүршний суурийг тогтворгүй болгож пүрш суурь хэсгээрээ хөдлөх ганхах хөдөлгөөн үүсэх, автомашины бусад эд ангийн хэвийн ажиллагаа автомашины тогтворт байдалд нөлөөлж зам тээврийн осол, хэрэг гарах шалтгаан нөхцөлд нөлөөлсөн байх боломжтой” гэж хариулсан нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал уг зам тээврийн осолд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 4. 1,2 дахь хариултаар хариулагдсан. 5.Уг хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэх дүгнэлт/3-р хавтас хх-24-26 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч Д, Г нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Төв аймгийн Прокурорын газраас Г д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж ирүүлсэн байна.

Эрүүгийн 1934000720322 дугаартай хэрэгт авагдсан баримт материалууд болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэргийг шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх, 23.9. Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/тээврийн хэрэгслийн техникийн тодрхойлолтоор тогтоосон тооноос олон олон зорчигч тээвэрлэхгүй байх гэснийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байдлыг үндэслэн Төв аймгийн Прокурорын газраас Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэсэн.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Г нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, өөрийн эзэмшлийн Тоёото Пробокс маркийн 53-32 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, жолоодох эрхийн үнэмлэхгүй зорчигч Дд шилжүүлсний улмаас шүүгдэгч Д нь Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Сондуул” гэх газарт Улаанбаатар хотоос Дорноговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 553/120 дахь километрийн шонгийн хажууд 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 5332 ӨМҮ улсын дугаартай Тоёото Пробокс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад, тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заалтыг зөрчсний улмаас талийгаач Г.Мөнгөнтулгын биед “гавал ясны шугаман хугарал, тархины эдийн няцралт, тархины эдийн аалзан хальсан доорхи цус харвалт, хуйханд цус хуралт, уушигны эдийн урагдал, элгэнд цус хуралт, дотуур цус алдалт, биед язарсан шарх, зулгаралт, цус хуралт” гэмтэл учирч улмаар амь нас нь хохирсон болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

Шүүгдэгч Г, Д нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Г, Д нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас 1 хүний амь нас хохирч, 1 хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх боловч тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г, Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Д, Г нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г, Д нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул Д, Г нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос үүссэн хор уршгийг болох амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч нар нь  мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд төлж барагдуулсан, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Урангэрэл нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй байна.

            Харин насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Буянжаргалын нотлох баримтын шаардлага хангаагүй 127315 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн №02016146 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн Г ын өмчлөлийн Ү-11114000887 дугаартай 183мкв орон сууц, Г-11140002275 дугаартай 500мкв газрыг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д, Г нарт тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолын хувийг харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үүсгэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Д Д, Ц Г нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний амь нас хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д Д, Ц Г нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3/гурав/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д, Г нарыг ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг/тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д, Г нарыг шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д, Г нар нь шүүхээс тэнссэн 3/гурав/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Буянжаргал нь нотлох баримтын шаардлага хангаагүй 127315 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Гаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн №02016146 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн Гын өмчлөлийн Ү-11114000887 дугаартай 183мкв орон сууц, Г-11140002275 дугаартай 500мкв газрыг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын хувийг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д, Г нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагааар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д, Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.ОТГОНЖАРГАЛ