Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 19

 

  Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

  Шүүх хуралдаанд:

  Нарийн бичгийн дарга                     Г.Должинсүрэн

  Прокурор                                          Ч.Мөнхзул

  Шүүгдэгчийн өмгөөлөгч                   З.Нямсүрэн нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох эрүүгийн 1821000830072 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Х овогт Б-н Б, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1982 оны 10 сарын 20-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар багийн “М” гэх газар оршин суух, ял шийтгүүлж байгаагүй.

Б.Б нь 2018 оны 01 сарын 20-ны өдөр 09 цагийн орчим Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн “Н” хороололд оршин суух хохирогч Г.Тын гражийн цонхоор хууль бусаар нэвтэрч хонины нэг ширхэг гулууз буюу 25 кг мах хулгайлж 62500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч Б.Бг “агуулахад хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-ээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор:

1/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Б.Бг бусдын эд хөрөнгийг агуулахад нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож;

2/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэж;

3/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж;

4/Эрүүгийн 1821000830072 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж;

5/Баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Б-ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж;

6/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 04 сарын 02-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “Миний бие анхан шатны шүүхийн 91 тоот шийтгэх тогтоолыг хууль ёсны буюу үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Харин ял шийтгэл оногдуулах шүүх хурал миний хувийн байдал, хохирол төлсөн байдал, хохирогчийн гомдолгүй, өр авлагагүй, хөнгөн шийтгэж өгөөч гэсэн хүсэлт, миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хэрэгт хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг дутуу үнэлж хорих ял оноосон явдалд гомдолтой байна. Би анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, өндөр настай ээж, аавтайгаа байдаг зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ. 

Прокурор Ч.Мөнхзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ялимгүй хэрэг учир ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой. Хохирлын хэмжээ бага, хохирлоо төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан үзнэ үү”                 гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 сарын 20-ны өдөр 09 цагийн орчим Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн “Н” хороололд оршин суух хохирогч Г.Тын гражийн цонхоор нэвтэрч хонины нэг ширхэг гулууз буюу 25 кг мах хулгайлж 62500 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10/;  

2. Хохирогч Г.Тын “...Би 2018 оны 01 сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу яваад 2018 оны 01 сарын 21-ний өглөө 10 цагийн орчим Баяндун суманд ирээд гэртээ байж байхад Б ах манайд ирээд “танай гэрийг эргэж тойрч байхад танай гражийг өчигдөр хүн хөшиж байсан. Юм алга болоогүй байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би граж руу очиход хаалга нь цоожтой байхаар нь түлхүүрээр нь онгойлгож дотогш орсон чинь гражийн урд хананд байдаг цонхыг даруулж хадсан хадаас нь хөшигдөж цонх онгойсон байсан. ...Би гражид хадгалсан гулуузалж бэлтгэсэн махаа тоолсон чинь 1 ширхэг хонины мах алга болсон байсан. Ингээд би хэсгийн төлөөлөгч Бд хэлж алга болсон махаа бүртгүүлсэн. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа хэсгийн төлөөлөгч намайг дуудахад нь очиж уулзахад “Б гэх хүн таны гулуузыг хулгайлсан байна” гэж хэлсэн. Би сүүлд нь ...Бтай уулзаад “хэлэхгүй яасан юм бэ” гэхэд, Б “би согтуудаа авчихсан байна” гэж хэлсэн. ...Б над руу энэ хэргээс өмнө зөндөө л утсаар ярьдаг байсан, гэхдээ надаас хонины гулууз авах талаар огт яриагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/;

3. Гэрч Б.Бын “...2018 оны 01 сарын 20-ны өглөө 09 цагийн орчимд би Тын гэрийг эргэх гээд хашаанд нь очиход нэг намхан залуу гражийнх нь хаалгыг татаж чангаагаад зогсож байсан. Тэгэхээр нь би хашааных нь завсраар “хөөе хэн бэ” гэж хашгирахад тэр залуу хашааны баруун тал руу гараад явсан...Тэр залуугийн орсон байшин руу орж Б-с өчигдөр өглөө танай байшингаар хэн орсон талаар асуухад, Б “Б гэх залуу ороод гарсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22/;

4. Гэрч Ж.Гын “...2018 оны 01 сарын 20-ны өдөр гэрээсээ гараад явж байхад сумын төвд Б нь ганцаараа хонины гулууз тэврээд явж байсан. Тэгээд гар өргөхөөр нь би зогсоод уулзахад Б “энэ хонины гулуузыг худалдаад авчих гэсэн. Уг гулууз 25 кг болохоор нь 1 кг-ийг нь 2500 төгрөгөөр бодож 62500 төгрөг өгч худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/;

5. Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 58/ зэрэг нотлох баримтууд болно.

            Хэргийг зөв зүйлчилсэн ба анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Б.Бн давж заалдах гомдолд дурдсан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан” гэх үндэслэлүүдээр анхан шатны шүүхээс   оногдуулсан  ялыг хөнгөрүүлэх буюу ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Шүүхийн шийдвэрт нөлөөлсөн буюу хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Бын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн  1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Бн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 38 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДОЛГОРМАА                         

                             ШҮҮГЧИД                                                    С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                                   Л.НАРАНБАЯР