Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 221/MA2023/0007

 

 

 

“С” ХК-ийн

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Э-ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0003095 дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 831 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н

Хариуцагч Б.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч .Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0832/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч “С” ХК -иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Э-д холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Э-ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0003095 дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 831 дүгээр шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51.2, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д заасныг тус тус баримтлан “С” ХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Э-ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0003095 дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх нь “... Хариуцагч иргэдээс гомдол мэдээлэл ирсэн учир хяналт шалгалт хийсэн гэж тайлбарлах боловч уг тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол, аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж заасны дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамж батлуулан шалгалтын үйл ажиллагааг явуулахаар тодорхой зохицуулсан байхад уг ажиллагааг хийлгүйгээр төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд удирдамж батлагдсан үед гомдол, мэдээлэл ирсэн учир тусад нь дахин удирдамж батлуулах шаардлагагүй гэж үзсэн нь хуульд тус тусад нь хуульчилсан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл ажиллагааг ялгаж хуулийн үндэслэлтэйгээр явуулаагүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэжээ.

3.2. Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь ... хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн” гэж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхтэй” гэж, 16.1.3-д “хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон асуудлаар хууль тогтоомжийн биелэлтийг шалгах ...” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 1.1 дэх хэсэгт “хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” гэж, 6.1. дүгээр зүйлийн 1-д “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэж, 1.1 дэх хэсэгт “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” гэж тус тус заасан.

3.3. Тус газрын эрх бүхий албан тушаалтан нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн биелэлтийг шалгах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэх явцад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16 дахь хэсэгт зааснаар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл болох “С” ХК-ийн “C” сүлжээ дэлгүүрийн 10 дугаар хорооллын 37 дугаар салбарт худалдаалагдаж буй бүтээгдэхүүний лангуун дээр хямдралын тэмдэглэгээ байршуулсан хэдий ч хямдралгүй үнээр борлуулж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж худалдагч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй зөрчлийг илрүүлж, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.

3.4. Нэхэмжлэгч “С” ХК-иас гомдлын шаардлагаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/20 дугаартай удирдамжийг хүчингүй болгуулахаар тодорхойлоогүй бөгөөд харин тус газрын эрх бүхий албан тушаалтны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0003095 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар тодорхойлсон. Уг маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд бус Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд үндэслэн гарсан захиргааны акт бөгөөд анхан шатны шүүхээс маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т заасныг баримталсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдээгүй нь тухайн зөрчил үйлдэгдсэнийг шууд үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

3.5. Анхан шатны шүүх нь “... гомдол гаргагчийн хувьд Raffaello 200 граммтай наборын 10 хувийн хямдралын тэмдэглэгээг аваагүй нь тухайн барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хангагдах хэрэглэгчийн эрхийг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийг шууд гаргасан гэж үзэх үндэслэл мөн тогтоогдоогүй ... Хэдий зөрчил шалгасан тэмдэглэл, фото зураг бусад баримт болон гомдол гаргагч талаас тухайн хямдралын тэмдэг хямдрал зарласан хугацаанаас хойш байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч Зөрчлийн тухай хуульд тухайн зөрчлийн шинж, үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэмжээнээс хамаарч ямар шийтгэлийг аль эрх бүхий этгээд оногдуулахыг хууль тогтоогч тусгайлан зохицуулсан байгаагаас үзэхэд дээрх нөхцөл байдал нь хэрэглэгчийг төөрөгдүүлж барааны талаар бодит мэдээллээр хангаагүй гэж шууд буруутгах нь зөрчлийн шинж, ногдуулж буй шийтгэлийн хэмжээтэй нийцээгүй байна ... хэрэгт авагдсан баримтаа хямдрал дууссан 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хяналт шалгалт хийх хүртэлх хугацаанд бараа зарагдаагүй, тухайн барааг сонгон худалдан авагч этгээдийн хувьд буруу мэдээлэл авсан, түүнээс болж хохирсон этгээд тодорхой бус, ганцхан барааны хувьд хямдралын 10 хувь гэсэн тэмдэглэгээг аваагүй байдал нь оногдуулж буй шийтгэлийн хэмжээ, түүнээс болж учирсан хохирол тодорхойгүй байхад хэрхэн шалтгаантайгаар уялдаж байгаа тогтоогоогүй ...” гэж тус тус дүгнэжээ.

3.6. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчилд үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус заасан.

3.7. Гэтэл гомдол гаргагчийн зүгээс барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй зөрчил үйлдсэн болохоо үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “С” ХК-ийн “C” сүлжээ дэлгүүрийн 10 дугаар хорооллын 37 дугаар салбар дахь “Набор Raffello 200 гр” бүтээгдэхүүний лангуун дээр 10 хувийн хямдралын тэмдэглэгээ байршуулсан хэдий ч кассан дээр хямдралгүй үнээр бичигдэж байсан болох нь тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс дээрх Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үл харгалзан “... зөрчлийг шууд гаргасан гэж үзэх үндэслэл мөн тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.8. Эрх бүхий албан тушаалтнаас “С” ХК-ийн 200 гр” бүтээгдэхүүний лангуун дээр 10 хувийн хямдралын тэмдэглэгээ байршуулсан хэдий ч кассан дээр хямдралгүй үнээр бичигдэж байсан болох нь тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс дээрх Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үл харгалзан “... зөрчлийг шууд гаргасан гэж үзэх үндэслэл мөн тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.9. Эрх бүхий албан тушаалтнаас “С” ХК-ийн “C” сүлжээ дэлгүүрийн 10 дугаар хорооллын 37 дугаар салбарт нийт бараа бүтээгдэхүүнд бус түүврийн аргаар 10 бүтээгдэхүүнийг сонгож, үнийн мэдээллийг шалгасан тул тус салбарт ганцхан “Набор Raffello 200 гр” барааны хувьд үнийн мэдээлэл зөрсөн гэж шууд дүгнэлт хийх боломжгүй, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй зөрчлийн хувьд зөвхөн нэг ширхэг барааны хувьд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд шийтгэл оногдуулахгүй, нэгээс дээш олон ширхэг барааны хувьд уг үүргээ биелүүлээгүй бол шийтгэл оногдуулна гэж барааны тоо, хэмжээнээс хамааруулах байдлаар зөрчлийн шинжийг зохицуулаагүй юм.

3.10. Гэтэл анхан шатны шүүхээс ганцхан барааны хувьд хямдралын 10 хувь гэсэн тэмдэглэгээг аваагүй байдалд шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан зарчимд нийцээгүй гэж дүгнэснээрээ уг зөрчлийг илт үгүйсгэсэн байх ба Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан шийтгэлийн зорилгыг харгалзан үзээгүй байна.

3.11. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангадах эрхтэй” гэж, 7.2-т “Үйлдвэрлэгч барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө” гэж, 7.2.4-т “барааны нэр төрөл, үнэ” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

3.12. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл уг зөрчлийн улмаас хэрэглэгчид хохирол учирсан байхыг шаардаагүй, зөвхөн уг үүргээ биелүүлээгүй байхад зөрчлийн шинж хангагдахаар байна.

3.13. Гэтэл анхан шатны шүүхээс “...тухайн барааг сонгон худалдан авагч этгээдийн хувьд буруу мэдээлэл авсан, түүнээс болж хохирсон этгээд тодорхой бус, ганцхан барааны хувьд хямдралын 10 хувь гэсэн тэмдэглэгээг аваагүй байдал нь оногдуулж буй шийтгэлийн хэмжээ, түүнээс болж учирсан хохирол тодорхойгүй байхад хэрхэн шалтгаантайгаар уялдаж байгааг тогтоогоогүй” гэж хэрэглэгчид хохирол учраагүй тохиолдолд шийтгэл оногдуулах ёсгүй байсан мэтээр дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхээс “С” ХК-д шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0003095 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 831 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

3. Давж заалдах шатны шүүх хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

3.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0003095 дугаар шийтгэлийн хуудсаар “С” ХК-ийг барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн хэмээн 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

3.2. Уг шийтгэлийн хуудсыг “С” ХК-иас эс зөвшөөрч “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ”, мөн хуулийн 5.2.3-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэсэн байх бөгөөд мөн хуулийн 5.2.5-д “Энэ хуулийн 5.2.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно” гэж нарийвчлан зохицуулж өгсөн. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь тус хуулийн заалтыг, мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/20 дугаар Хяналт шалгалтын удирдамжийн 4 дэх заалтыг тус тус ноцтой зөрчиж шийтгэлийн хуудсыг оногдуулсан” гэж тайлбарлан маргажээ.

3.3. Анхан шатны шүүх “... төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд удирдамж батлагдсан үед гомдол, мэдээлэл ирсэн учир тусад нь дахин удирдамж батлуулах шаардлагагүй гэж үзсэн нь хуульд тусад нь хуульчилсан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл ажиллагааг ялгаж хуулийн үндэслэлтэйгээр явуулаагүй, ... гомдол гаргагчийн хувьд “Raffello” 200 граммтай наборын хямдралын тэмдэглэгээг аваагүй нь тухайн барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хангагдах хэрэглэгчийн эрхийг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийг шууд гаргасан гэж үзэх үндэслэл мөн тогтоогдоогүй, ... хэрэглэгчийг төөрөгдүүлж барааны талаар бодит мэдээллээр хангаагүй гэж шууд буруутгах нь зөрчлийн шинж, ногдуулж буй шийтгэлийн хэмжээтэй нийцээгүй...” гэж хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

3.4. Хавтаст хэрэгт авагдсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлээс үзэхэд хяналт шалгалтаар “Raffello 200 граммтай набор 10 хувийн хямдралтай гэсэн ч касс дээр хямдарсан дүнгүй 23 000 гэж уншигдсан” гэх зөрчил илэрсэн болох, мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3771 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хямдрал 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хооронд явагдсан. Манай байгууллага нийт 250 гаруй салбар дэлгүүртэй. Тухайн салбар дэлгүүр дээр салбарын зөвлөхийн алдаанаас үүдэн барааны хямдралын шошгыг аваагүй байна. Гэхдээ барааны үнэ лангуун дээр 23 000 төгрөгийн үнэтэй касс дээр очоод уншуулахад 23 000 төгрөг гэж уншигдсан. 10 хувийн хямдрал гэсэн улаан шошгыг аваагүй байсан ч гэсэн хэрэглэгч лангуун дээрээс бараа авахад 1000 төгрөг, касс дээр уншуулахад 1500 төгрөгөөр уншигдаагүй. 23 000 төгрөг гэж лангуун дээр байсан үнээрээ касс дээр уншигдсан учраас хэрэглэгч авах эсэхээ шийдэх боломжтой байсан гэж үзэж байгаа. Гэхдээ хямдралын шошго аваагүй байсан гэдэгт маргахгүй”[1] гэж зөрчлөө хүлээн зөвшөөрсөн болох нь тус тус тогтоогдож байна.

3.5. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/20 дугаар удирдамжаар “Супермаркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжууд болон Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхийг шалгахад шалгалтын үндэслэл, зорилго чиглэсэн байх бөгөөд нэгэнт хяналт шалгалтын явцад Raffello 200 граммтай набор 10 хувийн хямдралтай гэсэн ч касс дээр хямдарсан дүнгүй 23 000 гэж уншигдсан, энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн байх тул Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шийтгэл оногдуулсан хариуцагч улсын байцаагчийн үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй.

3.6. Мөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ганцхан 37 дугаар салбар дээр 10 хувийн хямдралтай гэсэн улаан тэмдэглэгээ байсан, хямдрал 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дууссан бөгөөд хяналт шалгалт хийх хүртэлх хугацаанд бараа зарагдаагүй, тухайн барааг сонгон худалдан авагч этгээдийн хувьд буруу мэдээлэл авсан, түүнээс болж хохирсон этгээд байхгүй” гэж тайлбарлах боловч энэ нь зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

3.7. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан нь нэгэнт тогтоогдож байх бөгөөд уг зөрчилд шийтгэл ногдуулахад хэрэглэгчид хохирол учруулсан байхыг шаардахааргүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 831 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “С” ХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Э-ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0003095 дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                        Г.БИЛГҮҮН

 

[1] Хавтаст хэргийн 98 дугаар талд,