| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0291/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/275 |
| Огноо | 2020-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,
улсын яллагч Т.Төмөртулга,
хохирогч Б.Түвшинбаяр, Л.Оюунболд,
шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох 2034000000273 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х Б, Монгол улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, битон ар моторчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймаг Зуунмод сумын 6 дугаар баг 12-14 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч Х.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б.Түвшинбаяр, Л.Оюунболд нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Б.Түвшинбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй, нүд асуудалтай байгаа. Нүдээ үзүүлэх хэрэгтэй байна” гэв.
Хохирогч Л.Оюунболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Хиймэл шүд хугарсан, хиймэл шүд хийлгээд өгвөл гомдол саналгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-01 тал/, хохирогч Б.Түвшинбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-04-05 тал/, хохирогч Б.Түвшинбаяраас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-06 тал/, хохирогч Л.Оюунболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-08-09 тал/, хохирогч Л.Оюунболдоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-10 тал/, гэрч Ө.Жанчиваас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-11 тал/, гэрч Б.Батцэцэгийн мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-12 тал/, гэрч Х.Бгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-13-14 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №224 дугаартай дүгнэлт/хх-16 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №223 дугаартай дүгнэлт/хх-20 тал/, яллагдагч Х.Бгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-28-30 тал/, Х.Бгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-31 тал/, Х.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа/хх-34 тал/, яаралтай тусламжийн хуудас/хх-38-42 тал/, зэрэг болно.
Шүүгдэгч Х.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б.Түвшинбаяр, Л.Оюунболд нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б.Түвшинбаярын: “Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ар урт” дэлгүүрийн орчимд 2020 оны 04 сарын 18-ны өдөр явж байгаад Баяраа, мөн нэрийг нь мэдэхгүй нэг залуугийн хамтаар явж байхад нь таараад намайг хоёр мотоцикль засаад өг гэсэн за гээд нэрийг нь сайн мэдэхгүй залуугийнд Баяраа бид нар очоод нэг шил архи уугаад түүнийг дуусаад би айлд орж ирсэн юм чинь гээд дэлгүүр ороод нэг шил архи... аваад эргээд нөгөө айлдаа очоод тэгсэн Баяраа Оюунболдыг дуудчих гээд...архиа ууж дуусаад гараад хажуу эзэнгүй гэрт ороод унтсан тэгсэн айлын эхнэр орж ирээд Оюунболдыг зодоол алах гээд байна гэсэн босоод гэрлүү орсон чинь Оюунболдыг... цохиж зодож байсан би та хоёр хүн алчихсан байна шүү дээ гэсэн чинь нэрийг нь мэдэхгүй нөгөө залуу намайг чи юу юм гээд цохиж унагаагаад дээрээс дэвсээд зодоод байсан юм би арай гэж салгаад гэрээс нь гараад цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-04-06 тал/,
Хохирогч Л.Оюунболдын: “2020 оны 04 сарын 18-ны өдөр гадаа хүн дуудаад байна гэсэн гараад харахад Түвшинбаяр, Жанчив, Баяраа гурав нэг шил архитай ирээд Жанчивынд очоод нөгөө архи уугаад тэгээд юу болсон мэдэхгүй би согтоод ухаанаа алдсан байсан архи гараад ухаан ороход аймгийн цагдаагийн газарт ирсэн байсан тэгсэн уруул ам хавдсан хүнд зодуулсан байсан” гэх мэдүүлэг /хх-08-10 тал/,
Гэрч Ө.Жанчивын: “Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн нутаг “Од” нэртэй дэлгүүрийн хажууд 2020 оны 04 сарын 18-ны өдөр найз Бгийн хамтаар явж байгаад Түвшинбаяртай таараад Түвшинбаярт бид хоёр засах хоёр мотоцикль байна засаад өг гэсэн тэгэхэд Түвшинбаяр маргааш засья өнөөдөр сайхан ууя гээд бид гурав манайд ирээд нэг шил архи уусан ба түүнийгээ дуусаад ...Түвшинбаяр Оюунболдыг дуудья гээд Түвшинбаяр, Б бид гурав гэрээс гараад Оюунболдын гэрийн гадаа очоод Оюунболдыг дуудаад эргээд бид нар манайд ирээд архи уугаад Оюунболд, Түвшинбаяр хоёр тухайн үед манай гэрт маргалдаад байсан тэгсэн Түвшинбаяр, Оюунболд хоёр гэрээс гараад явсан гэрийн гадаа тэр хоёр маргалдаад байсан тэгтэл Б энэ хоёр юундаа маргалдаад байна оруулж ирье гээд гэрээс гараад удалгүй хашгиралдаад тэгэхээр нь эхнэр бид хоёр гарсан чинь Оюунболд Түвшинбаяр хоёр газар унасан нүүр амнаас нь цус гарчихсан хэвтэж байсан тэгээд цагдаа эмнэлэг дуудсан.” гэх мэдүүлэг/хх-11 тал/,
Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №224 дугаар “1.2. Л.Оюунболдын биед дээд уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух, баруун хацар, зүүн гарын алга, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/хх-16 тал/,
Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №223 дугаар “1.2. Б.Түвшинбаярын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эвэрлэгт цус хурсан, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/хх-20 тал/,
Яллагдагч Х.Бгийн: “...хүлээн зөвшөөрч байна түргэн шуурхай шийдүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-28-30 тал/, зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Х.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Эрүүгийн 2034000000273 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарын цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Х.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, хохирогч нарын цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ