Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 29

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан-Өлгий 10-154 тоотод оршин суух Хурга овогт Сүхийн Энхжаргал /РД:ДЕ76112519/- ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 01 дүгээр баг Сийрст,  Уурхайчин 5-155 тоотод оршин суух Боржигон овогт Сэрээтэрийн Даваа /РД:ЧИ76122010/-д холбогдох,

1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...С.Энхжаргал би 2013 оны 05 дугаар сарын 22-ны өпөр С.Даваад 1,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 23-31 УНС улсын дугаартай автомашиныг өөрийн нэр дээр болгож, С.Давааг өөрөө унах нөхцөлтэйгөөр зээлсэн юм. Гэтэл энэ хүн зээлсэн мөнгөө өгөхгүй өдий хүрч байна. С.Даваа нь машин унаж зөрчил гаргаж тэмдэглэл миний хаягаар ирсэн болно.

            Иймд С.Даваагаас анх зээлсэн 1,000,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

            Хариуцагч С.Даваа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:   

            “...С.Даваа би С.Энхжаргалаас 23-31 УНС улсын дугаартай авто машин барьцаалан 1,000,000 төгрөг авсан нь үнэн болно. С.Даваа би “Энержи ресурс” ХХК-нд ажиллаж байхдаа Энхбаатар гэдэг хүнд зодуулан толгойдоо хүнд гэмтэл авснаас ажлаас гарсан. Одоо биеийн эрүүл мэндийн байдал сайжирч хувийн компанид жолоочоор ажилд орсон. С.Энхжаргалын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С.Энхжаргал нь хариуцагч С.Даваад холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч С.Даваа нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Энхжаргалд бүхэлд нь төлнө хэмээн хүлээн зөвшөөрч байх ба энэ зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. С.Энхжаргалын нэхэмжлэлтэй, С.Даваад холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч С.Даваа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28,550 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн банкны 211000134959 тоот данснаас 14,275 төгрөгийг, мөн хариуцагч С.Даваагаас 14,275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.Энхжаргалд олгосугай.

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА