Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/276

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,

улсын яллагч Э.Билгүүн,

хохирогчийн өмгөөлөгч Отгонсүрэн,

шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох 2034003810346 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д Б, Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар аймаг Баяндэлгэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Дэнжийн 12-00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Б нь Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Самбарт гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд ирсэн Ж.Соёл-Эрдэнийн малыг маллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан, мал хариулахдаа ашигладаг Даюн маркийн тээврийн хэрэгслийг хувьдаа завшиж, бусдад нийт 1609640 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

           

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-02 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-04-05 тал/, хохирогч Ж.Соёл-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-07-08 тал/, хохирогч Ж.Соёл-Эрдэнээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-09 тал/, гэрч С.Муучоноос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-10 тал/, гэрч Ж.Соёл-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-11-12 тал/, гэрч Д.Болорцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-13-14 тал/, гэрч Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-15 тал/, гэрч Ж.Сумъяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-16-17 тал/, гэрч Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-18-19 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ны 2020 оны 05 сарын 20-ны өдрийн 07/200 дугаартай үнэлгээний тайлан /хх-22-33 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ны 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 07/218 дугаартай үнэлгээний тайлан /хх-38-48 тал/, яллагдагч Баас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-57-58 тал/, Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-59 тал/, Бын хувийн мэдээлэл/хх-60-64 тал/, мотоцикль хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-69 тал/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 06 сарын 16-ны өдрийн 656 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-73-76 тал/, зэрэг болно.

 

Шүүгдэгч Б нь Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Самбарт гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд ирсэн Ж.Соёл-Эрдэнийн малыг маллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан, мал хариулахдаа ашигладаг Даюн маркийн тээврийн хэрэгслийг хувьдаа завшиж, бусдад нийт 1609640 төгрөгийн хохирол учруулсан болох нь:   

Хохирогч Ж.Соёл-Эрдэнийн: “...2020 оны 04 дүгээр сарын сүүлээр буюу 28, 29-ний хавьцаа эхнэр Болорцэцэгийн хамт Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутагт байх гэртээ байж байтал нэг танихгүй хүн орж ирээд “сайн байна уу намайг Б гэдэг юм. Би Төв аймгийн Зуунмод сумаас алхаж ирлээ, надад мөнгө төгрөг байхгүй амьдрах газар олдохгүй хэцүү байна, надад тус болоод гэртээ байлгаж болох уу? би танайд мал маллаад байж чадна, би багаасаа мал маллаж хөдөө өссөн” гэж хэлсэн. Тэгээд би ядарсан хүн байна гэж бодоод гэртээ байлгаж мал маллуулахаар болсон юм. Тэр өдрөөс хойш мал маллаж байгаад 2020 оны 05 дугаар сарын 07-ны өглөө 08 цагт хонинд явахаар нь би эхнэр Болорцэцэгийн хамт 10 цагийн үед Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Самбартай хөтөлд байх цайны газар луу яваад орй зуурын юм хийж байгаад өдөр 12 цагт гэртээ ирэхэд Б гэрт ирээгүй байсан ба хонио хартал айлын хоньтой нийлсэн байсан тул ялгаж авчихаад буцаад 14 цагийн үед гэртээ иртэл Б байхгүй байсан. Тэгээд би гайхаад хонь дээр байгаагүй юм чинь гэртээ баймаар юм хаана байгаа юм бол гээд гэрт байсан 20 литр түлшээ үзтэл аваад явсан байхаар нь би мотоциклоо хулгайлаад аваад явсан байна гэж бодоод цагдаад мэдэгдсэн...Би Б гэдэг хүнийг огт танихгүй, гэнэт орж ирээд баахан зовлон ярихаар нь өрөвдөөд гэртээ байлгасан. Би мотоциклийн гэрчилгээ болон улсын дугаар аваагүй. Гаалийн бичиг авч байсан боловч нүүдэл суудлын үед хаягдсан...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн хохирлоо бүрэн төлүүлэн авч мотоциклоо бүрэн бүтэн хүлээн авсан” гэх мэдүүлэг /хх-07-09 тал/,

Гэрч Д.Болорцэцэгийн: “...Би 2020 оны 05 сарын 07-ны өдөр нөхөр Соёл-Эрдэнийн хамт өглөө гэрээсээ 08 цагт гарч Самбартай хөтөл ороод ойр зуурын юм хийж байгаад гэртээ иртэл манай цэнхэр өнгийн улсын дугааргүй Даюн маркийн мотоцикл малчин Б аваад явсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг/хх-13-14 тал/,

Гэрч Муучонийн: “...Би Быг сайн танихгүй. 2020 оны 05 дугаар сарын 10-ны үед байх сайн санахгүй байна, цэнхэр өнгийн мотоциклтой залуу төмс ачих ажил хийж байгаад надад хандан би мотоцикл зарна хямдхан авах уу гэхээр нь би ямар нэгэн буруу гараар олж авсан эд зүйл байх гэж бодоод тэгье гэж хэлээд тухайн залууд зардал хийгээд яваарай гээд 30,000 төгрөг өгч Жаргалант сумын салдаг уулзвар дээр замын хажууд тухайн залууг буулгаад мотоциклийг нь гэртээ аваачиж байлгаж байгаад цагдаа нар ирэхээр нь цагдаа нарт хүлээлгэн өгсөн. Би тухайн залууг замын унаанд сууж яв гэж мөнгө өгч явуулсан юм. Мотоциклийг худалдаж авч байна гэж мөнгө өгч явуулсан асуудал байгаагүй. Улсын дугааргүй, Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн Даюун маркийн мотоцикл байсан ба цагдаад хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг/хх-10 тал/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ны 2020 оны 05 сарын 20-ны өдрийн 07/200 дугаартай “Даюн маркийн тээврийн хэрэгсэл 1.580.040 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-22-28 тал/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ны 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 07/218 дугаартай “...шатахуун 29.600 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-38-44 тал/,

Яллагдагч Бын: “...2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Соёл-Эрдэнийн гэрт малыг нь маллаад байж байгаад малдаа унадаг улсын дугааргүй Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн Даюун маркийн цэнхэр өнгийн мотоциклийг унаад Төв аймгийн Жаргалант сум руу явж очоод төмсний ачигч хийж байгаад Чоноо гэх хүнтэй уулзаад мотоциклоо үлдээгээд Төв аймгийн Жаргалант сумын Тал булагт байж байгаад цагдаа нарт баригдсан. Би зүгээр айлд очих гэж хөдөө явах гэж л хулгайлсан юм. Би Соёл-Эрдэнэ гэх хүний малыг маллаж байсан юм. Өөрөөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би хүнд зараагүй Чоноо гэх хүнд үлдээгээд явсан. Буцаагаад эзэнд нь хүлээлгээд өгсөн. Би бусдад учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу” гэх мэдүүлэг /хх-56 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Соёл-эрдэнэ нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Б-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д 250/хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

              4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-т нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ц.ОТГОНЖАРГАЛ