Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 30

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороонд байрлах “Капитрон банк” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг Цагаан-Овоо, Ямаан хүрэн 3-9 тоотод оршин суух, Жүнээ Боржигон овогт Цэцгээгийн Мандахнаран /РД:НБ90053111/-д холбогдох,

Цалингийн зээлийн гэрээний үүрэг 8,763,215.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...Иргэн Ц.Мандахнаран нь 2013 оны 08 дугаар 23-ны өдөр 3019-2013/138 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 9,600,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай авсан. Зээлдэгч Ц.Мандахнаран нь тус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, хүүний төлөлтийг тогтоосон хугацаанд төлөхгүй 2015 оны 02 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний эргэн төлөлтөд зөрчил үүсгэн банкны шаардлагыг болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа болно.

            Иймд Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлүүдийг баримтлан 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3019-2013/138 тоот цалингийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 6,454,035.01 төгрөг, зээлийн хүү 2,281,428.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,752.35 төгрөг нийт 8,763,215.51 төгрөгийг Ц.Мандахнарангаас гаргуулж өгнө үү. Тус банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно” гэжээ. 

            Хариуцагч Ц.Мандахнаран шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            “...Иргэн Ц.Мандахнаран би 2013 оны 08 дугаар сарын 23-ны “Капитрон банк” ХХК-тай 3019-2013/138 тоот “Цалингийн зээлийн гэрээ байгуулан 9,600,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. 2015 оны 02 дугаар сар хүртэл зээлээ төлж байгаад ажилгүй болсны улмаас цалингийн зээлээ төлж чадаагүй. “Капитрон банк” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч Ц.Мандахнаранд холбогдуулан цалингийн зээлийн гэрээний үүрэг 8,763,215.51 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Ц.Мандахнаран нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,763,215.51 төгрөгийг нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-нд төлнө хэмээн бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба энэ зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Мандахнаранд холбогдох цалингийн зээлийн гэрээний үүрэг 8,763,215.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ц.Мандахнаран нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 155,161 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, “Төрийн банк” ХХК-ийн 211000134959 тоот данснаас 77,580.5 төгрөгийг, мөн хариуцагч Ц.Мандахнарангаас  77,580.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-нд олгосугай.

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА