Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/277

 

 

                            

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Сүхням,

улсын яллагч Т.Төмөртулга,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгээ,

шүүгдэгч Г.О түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О-т холбогдох эрүүгийн 1934009940350 дугаартай хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г О, Монгол улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Төв аймаг Баяндэлгэр сум Галуут 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэв.

 

Хэргийн товч агуулга:/яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Хустайн ар” гэх газар 57-90 ТӨВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын Замын хөдөлгөөний 3.7., мөн хуулийн 12.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ю.Чимгээгийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгээ мэдүүлэхдээ: “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Хустайн ар” гэх газар 57-90 ТӨВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын Замын хөдөлгөөний 3.7., мөн хуулийн 12.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ю.Чимгээгийн амь нас хохироосон болох нь:   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцгээгийн: “ ...2019 оны 10 дугаар сарын 22-ны орой манай хүргэн ирээд хаалга нүдээд байхаар нь гартал ээж Чимгээ зам дээр хэвтэж байгаад үхчихсэн юм шиг байна гэхээр нь би хашааны завсраар битгий дэмий юм яриад бай согтуу солиороод явж байна гэж бодоод зайл чи гээд хөөсөн. Тэгсэн манай малын хашааны хаалгаар орж ирээд Чимгээ урд зам дээр хэвтэж байгаад нас барчихсан байх явъя л даа гээд байсан ба би итгэж өгөхгүй юу дэмий юм яриад байгаа юм бэ? гээд дэгээ төмрөөр хоёр цохиод хөөгөөд гаргасан тэгээд О охиноо авч явна гэсэн охин явахгүй гэсэн ба Ганчимэгийг ахын дүү цуг явъя л даа тэхүү гээд байсан. Тэгээд хөөж гаргасан ба О машиндаа суугаад хөдлөөд явсан. Тэгээд араас нь охин бид хоёр удалгүй гараад Тогосын гүүр /Мянгынг гүүр/ гэдэг газраар баахан хайгаад олоогүй ба манай том хүү Чимгээг мотоцикльтой хүн олсон гүүрний чигтээ байна гэнэ гэрэл асаагаад байж бай гэж хэлье гээд охин бид хоёр асаасан гэрлийг нь чиглээд очтол манай охин газар хэвтсэн дээгүүр нь дээл нөмөрсөн байсан ба нүүрэнд нь хүрэхэд хүйтэн болчихсон, цээжинд нь гараа хийж үзэхэд бүлээн байсан ба охиндоо хандан эгчдээ тариа хийгээч гэхэд өнгөрсөн байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-41-42 тал/,

Шүүгдэгч Г.Оын гэрчээр мэдүүлсэн:   “...Тэгээд Бааяагийн гэрээс гарахад харанхуй болсон байсан бөгөөд эхнэр бид хоёр явж байхдаа төөрөөд урагш явсан байсан ба манай эхнэр шээмээр байна зогс гэхээр нь зогссон тэгсэн эхнэр маань хаалгаа онгойлгоод л уначихсан ба би тойрч очоод өргөх гээд дийлэхгүй байсан бөгөөд сонин дуугараад байсан. Тэгээд би цээжин дээр нь дараад хиймэл амьсгаа хийж ам руу нь үлээгээд болохгүй байхаар нь өөрийнхөө цамцыг тайлж, улаан дээл нөмрүүлээд, машины тэвшин дээр байсан хайрцагтай бэлэн гоймон болон өөр зүйлсийг /сайн санахгүй байна гэх/ шатаагаад буцаж ирэхдээ олохгүй байх гэж бодоод гал түлсэн юм. Тэгээд тэндээсээ хөдлөөд Баяндэлгэр сумын төвд байдаг хадам ээж Цэцэгээгийнд ирж гэрт нь орж хэлэхэд ээжийнд манай охин Номин-Эрдэнэ, Ганчимэг эмч, ээж гурав байсан би Чимгээ сонин дуугараад хээр хэвтээд байна цуг явах уу гэхэд явахгүй байсан тэгсэн ээж намайг юу гэж солиороод байгаа юм бэ гээд дэгээ төмрөөр дал хэсэг рүү хоёр удаа цохиод авахаар нь би шууд гараад машинаа асаагаад буцаад талийгаач дээр очих гээд хайсан боловч олоогүй. Тэгэхээр нь байсан нэг пиво ганцаараа машинд уугаад унтаад өгсөн байсан. Тэгээд өглөө цагдаа болон эхнэрийн ах Батдорж, дүү нь Ганчимэг нар ирж намайг сэрээгээд авч явсан юм” гэх мэдүүлэг /хх-44-45 тал, ... манай эхнэр Чимгээ хоёулаа төв орж архи ууч гэсэн тэгэхээр нь би чи болсон байна нэмж уух шаардлага байхгүй юм биш үү гэхэд сумын төв явна гээд зөрөөд байсан. Тэгээд уг нь би сумын төв чиглээд явж байгаад ер нь гэр лүүгээ явъя гээд замдаа эргэх гэтэл манай эхнэр уурлаад миний рулийг булаацалдаад нүүрлүү цохиж самардаад хацар урсан тэгээд бид хоёр нилээн хол маргалдаад явсан ба гэнэт хаалга онгойлгоод үсэрчихсэн тэгээд үсрээд буух үед нь хойд дугуйнд буюу баруун талын хойд дугуйнд юм дайрагдах шиг болсон ба би тэр үед эхнэрээ дайрагдлаа гэж бодоогүй яг замын хувил дээгүүр гарч байсан болохоор хувил таарлаа гэж бодоод тэгээд эхнэрээ гайгүй байлгүй жоохон айлгаад эргэж ирж авъя гээд тэр чигээрээ давхиад явсан. Тэгээд нилээн цаашаа 4-5 орчим километр яваад буцаад эргээд эхнэрээ үсэрсэн газар нь очиж авахаар явсан ба хайгаад олдохгүй тэр хавиар нилээн явж байхад машины гэрэлд хэвтэж байгаа нь харагдсан ба хажууд нь очиход манай эхнэр доошоо хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь би машинаас бууж очоод өргөх гэтэл сонин дуугараад байсан ба дээш нь харуулах гэж байгаад дийлэхгүй байсан ба хэвтүүлж байгаад цээжин дээр нь дарж хиймэл амьсгаа хийгээд нэмэр болохгүй болохоор нь дээрээ нь хучаад эргэж олдохгүй байх гэж бодоод хажууд нь гал түлээд шууд сумын төв рүү ээжийн гэрт очиж хэлэхэд надад итгэхгүй байсан. Тэгээд эргэж очиж хайгаад олоогүй ба хээр хоноод нэг пиво ганцаараа уугаад унтсан. Тэгээд өглөө цагдаа болон эхнэрийн ах, дүү нар ирж намайг авсан юм” гэх мэдүүлэг/хх-46 тал/,

Гэрч Н.Эрдэнэбатын: “ ... Би 2019 оны 10 дугаар сарын 23-ны шөнө найз Эрдроотай айлд байж байтал Баяндуулахын эхнэр нь машин яваад байна үхрээ хашаагү очоод үзээд ир гэхээр нь бид хоёр мотоцикльтой үхрүүдийг нь үзчихээд худаг руу яваад юм харагдахгүй байхаар нь замын машинууд явж харагдсан юм байлгүй дээ гээд буцаад явж байтал зам дээр хүн хэвтэж байгаа харагдсан ба яваад очтол эмэгтэй хүн байсан бөгөөд ухаангүй байсан. Тэгээд хөдөлж очтол манай сумын Чимгээ гэдэг эгч байсан бөгөөд утсаар цагдаад мэдэгдээд талийгаачийн ах Баадай ахад утсаар хэлээд байж байхад талийгаачийн ээж нь Ганаа эгчтэй ирээд араас нь цагдаа, Баадай ах нар ирсэн юм. ... Гадаа машин ирсэн ба гэрээс гарахад О ах машинтайгаа ирээд Чимгээ хаана байна гэхээр нь та цуг хөдөлсөн шүү дээ гэхэд хайгаад олохгүй байна ах нь яаж явсан юм бэ гэхэд нь ёстой анзаараагүй дээ ах гэхэд буцаад хөдлөөд явсан. Тэгээд хэсэг байж байгаад Баяндуулах гэх айлын доохон нэг машин ирээд гэрлээ унтраагаад зогссон ба буцаад хөдлөөд явсан. Тэгсэн Баяндуулахын эхнэр машин яваад байна гэж хэлээд бид хоёр үхрээ эргэх гэж явж байгаад талийгаачтай таарсан юм” гэх мэдүүлэг/хх-47 тал/,

Гэрч Б.Эрдэнэбаярын: “ ... Тэгээд дуусаад талийгаач, нөхөр хоёрыг гэрт нь хүргээд өгье гэхэд Онжи ах яах юм бэ гээд 19 цаг өнгөрч байхад яваад өгсөн. Тэгээд Ээгий, Хүрлээ ах, Батаа, эхнэр, хүүхэдтэй нь бид нар цуг төв ороод 1 шил архи, 2 пиво аваад Батаагийнд очиж хүргэж өгөнгөө 1 пивоо уугаад Батаагийн гэрээс гараад Ээгий, Хүрлээ бид гурав Баяндуулах ахынд ирээд байж байхад Ээгий, Онжи ах ирээд эхнэрээ асуугаад явлаа гэж хэлсэн. Тэгээд Баяндуулах ахын эхнэр машин яваад байна үхэр хараад ир гэхээр нь Ээгий бид хоёр гадуур яваад гайгүй байхаар нь буцаад явж байтал зам дээр хүн хэвтэж харагдсан ба яваад очиход талийгаач хэвтэж байсан тэгээд цагдаад мэдэгдсэн юм” гэх мэдүүлэг/хх-49 тал/,

Гэрч П.Эрдэнэбатын: “ ... Орой 19 цаг өнгөрч байхад Чимгээ эгч, Онжоо ахтай явлаа гээд явцгаасан. Би нилээн больсон байсан ба гэрт Ээгий, Эрдроо хоёр намайг хүргэж өгсөн байсан. Тэгээд өнөө өглөө босоход Чимгээ эгчийг талийгаач болсон гэх сураг дуулдсан юм. Талийгаач болон Онжоо ах хоёр манайхаас гарахад нь эхнэр бид хоёр машинд нь дайгдаж явсан ба Баяндуулахын гэрт очих замд бага зэрэг нөхөртэйгээ маргах гээд байсан тэгээд би та хоёр яах гэж ингэж байдаг юм бэ? гэхэд гайгүй болсон би тэр үед нилээн халсан байсан. Талийгаач нилээн согтуу байсан Онжоо ах нэг унтаад гайгүй болчихсон  харагдсан ба Онжоо ахаа хүргээд өгөх үү гэхэд яах юм бэ явчихаж чадна гээд хөдөлсөн юм” гэх мэдүүлэг /хх-53 тал/,

Гэрч Л.Ууганчимэгийн: “ ... Тэгээд орой 19 өнгөрч байхад Чимгээ эгч, Онжоо ахтай явлаа, эндээс харилаа гээд явцгаасан. Нөхөр бид хоёр Онжоо ахын машинд дайгдаж явсан ба гэртээ харих унаагүй болсон байсан тэгсэн Эрдроо гэдэг залуугаар гэртээ хүргүүлсэн ба би тэр үед нилээн халчихсан байсан юм. Тэгээд бид хоёрыг хүргэж өгсөн Эрдроо, Энхээ хоёр буцаад явсан ба нөхөр бид хоёр унтаад өглөө босоод болсон асуудлын талаар сонссон юм” гэх мэдүүлэг/х-54 тал/,

Гэрч Д.Баярцэцэгийн: “ ...Тэгээд байж байтал чихтэйхэн хаазтай машин ирсэн ба би орондоо орсон байсан учир Эрдэнэбатыг гаргатал Чимгээ эгчийг асуугаад Онжи ах явж байна гээд орж ирсэн. Тэгээд тэр хоёр архиа уугаад сууж байхад нь Эрдэнэбат доогуур хоёр гурван машины гэрэл яваад байна гэж хэлэхэд нь үхэрээ хураагаагүй байгаа чи яваад үхэрээ харчихаад ир гээд Эрдэнэбат, Эрдэнэбаяр нарыг мотоцизльтой явуулсан юм. Тэгээд тэр хоёр нилээн удаан 00 цагийн үед ирсэн бөгөөд ирэхдээ балай юм болсон байна Чимгээ эгч өнгөрчихсөн зам дээр хэвтэж байна бид хоёр явж байгаад яг таарчихлаа гээд орж ирсэн тэгээд бид хэд унтаж амарцгаасан юм” гэх мэдүүлэг/хх-55 тал/,

Гэрч Б.Баяндуулахын: “ ... Эрдэнэбаяр, Эрдэнэбат нар явчихаад ирэхдээ зам дээр Чимгээ эгч нас барчихсан байна гэж орж ирсэн. Намайг унтаж байх үед Онжоо ах Чимгээ эгчийг сураглаад ирсэн гэж байсан ба миний хувьд өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг/хх-57 тал/,

Гэрч Ю.Ганчимэгийн: “ ...Өчигдөр буюу  2019 оны 10 дугаар сарын 22-ны орой 22 цаг өнгөрөөд манай хүргэн ах О гэрийн гадаа ирээд хаалга нүдээд эгч чинь үхчихлээ, цагдаа дуудаад явъя л даа гээд орилоод байсан ба манай ээж согтуу худлаа хуцаж байгаа юм яв чи гээд хөөгөөд оруулаагүй ба хашааны завсраар орж ирээд гэрт орж ирээд эгч чинь үхсэн юм шиг байна миний дүү явъя л даа гээд байсан ба манай ээж худлаа яриад бай гээд дэгээ төмрөөр 2-3 удаа цохиод авсан ба би хажуугаар нь ороод түлхээд гаргасан. Би тухайн үед хаана байгаа юм гэж асуухад Тогосын гүүрний урд байгаа гэж байсан ба хүргэн ахыг яваад өгөхөөр нь араас нь 10 орчим минутын дараа гараад Тогосын гүүрний урагшаа буугаад нилээн хайсан ба урд уулын тэнд нэг машин эргэлдээд нилээн нааш цаашаа явж гэрэл нь нэг ороод нэг гараад явж байгаад алга болчихсон. Тэгээд нилээн хайж байгаад гэрт нь очсон боловч байхгүй байсан. Тэгээд 23 цаг 56 минутад ах Батдорж руу залгахад мотоцикльтой 2 залуу олсон байна шороон замын хажууд хэвтэж байна гэхээр нь гэрэл тусгаж бай гэж ахаар хэлүүлээд гэрлийн чигээр очиход газар хэвтэж байсан ба үзлэг хийхэд ямар ч амин үзүүлэлт байхгүй болчихсон байсан ба ах руу эргэж ярихад сумын төвийн урд явж байна гэхээр нь цагдаа аваад ир гээд ах сумаас Ганзориг цагдааг авч ирсэн юм. Тэгээд Ганзориг цагдаа 00 цаг 58 минутанд миний утсаар аймгийн Цагдаагийн газарт мэдээлэл өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-58 тал/,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №182 дугаартай “ 1.Талийгаачийн биед элэгний урагдал, дэлүүний урагдал, дотуур цус алдалт, хоёр талын олон хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, биед зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хүнд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Ю.Чимгээ нь дотор эрхтний хавсарсан гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ. 5. Талийгаачийн цуснаас 3,2 промилли спиртийн агууламж илэрсэн байна. 6.Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. 7.Нас барсан цаг хугацааг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт/хх-68 тал/,

Шинжээч И.Ганболорын: “ талийгаач нь зам тээврийн ослын улмаас учирсан дотор эрхтний хавсарсан гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас барсан байсан. Амь хохирогч Ю.Чимгээгийн цуснаас илэрсэн согтолтын хүнд зэргийн үед амь хохирогч нь өөрийн үйлдлийг ухамсарлах, биеэ удирдах чадваргүй байсан гэж үзэж байна” гэх мэдүүлэг/хх-71-72 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №6126 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн Г.О 46 нас/эр 2019.10.24 гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2.3.Шинжилгээнд ирүүлсэн “Г.О 46 нас/эр 2019 оны 10 дугаар сарын 24” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна” гэх дүгнэлт /хх-78 тал/,

2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №176 дугаартай “Хариулт 1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд мотоцикль тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх Гончиг овогтой О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох :, 23.4 “жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэт зогсоосны дараа “зорчигчийг буулгах буюу суулгах, хаалга гүйцэт хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэт зогсоогүй байхдаа хаалгаа нээхийг хориглоно.”, 12.3 “тээврийн хэрэгслийн хурд “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус ту зөрчсөн гэж үзэв. Хариулт 2. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Портер маркийн 57-90 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх Гончиг овогтой О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахт зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:, 23.4 “жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэт зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалга гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэт зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно”:, 12.3 “тээврийн хэрэгслийн хурд “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчснөөс зам тээврийн осол болсон гэж үзэв. Асуулт 3. Зам тээврийн осол хэрэг болох үед замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв” гэх дүгнэлт /хх-98 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.О нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-134 тал/,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулга нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 7 сарын 08-ны өдөр 93 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-142 тал/ яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулснаар, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Г.От холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой тул шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч Г.О нь ойлгосон байх тул шүүгдэгч Г.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

Прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, эрх хасах нэмэгдэл ялыгсаналд зааснаар хасч, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах гэм хорын хохирол, төлбөргүй байна.

Шүүгдэгч Г.О-т холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.О-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар шүүгдэгч Ч овогт Г.О-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ыг ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх/тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.О нь шүүхээс тэнссэн 2/хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.О нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

                            

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.ОТГОНЖАРГАЛ