Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/278

 

 

 

 

 

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч М.Гансувд,

хохирогч Ж.Отгонцэцэг, Б.Мөнхжин,

шүүгдэгч О, А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А, О нарт холбогдох 2034000000366 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Б овогт Х А, Монгол улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Төв аймаг Борнуур суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдааны мэргэжилтэн мэргэжилтэй, Номин супер маркет дэлгүүрт барааны мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, аав, ээж, хоёр дүүгийн хамтаар Төв аймаг Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 1 дүгээр гудамж 12 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэв.

Б овогт Т О, Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймаг Сэргэлэн суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүдийн хамтаар Төв аймаг Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг Хөшиг гэх газар оршин суух хаягтай,  ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдснаар/

Шүүгдэгч А нь О-тай бүлэглэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн орой Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Хүрд” нэртэй баарны гадаа Ж.Отгонцэцэгийг мөн түүнтэй хамт явсан Б.Мөнхжин нарыг гар болон хөлөөрөө толгой , нуруу, хөлийн гуя хэсэгт цохиж үсдэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О нь А-тэй бүлэглэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн орой Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Хүрд” нэртэй баарны гадаа Ж.Отгонцэцэгийг мөн түүнтэй хамт явсан Б.Мөнхжин нарыг гар болон хөлөөрөө толгой , нуруу, хөлийн гуя хэсэгт цохиж үсдэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “хийсэн хэрэгтээ гэмшиж байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж ярих зүй байхгүй...Хохирол төлбөрийг одоо төлнө. Тухайн үед нь төлөх гэсэн боловч данс нь болохгүй байсан учраас төлж чадаагүй  ” гэв.

 

Шүүгдэгч А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “хийсэн хэрэгтээ гэмшиж байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж ярих зүй байхгүй...Мөнхжинд 60.000 төгрөг өгсөн” гэв.

 

Хохирогч Ж.Отгонцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Толгой доригсон, нүд хөхөрсөн учраас эс тариа, толгойгоо бариулаад нийт 90.000 төгрөг болсон, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв. 

 

Хохирогч Б.Мөнхжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “60.000 төгрөг өгсөн. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

   Үүнд:

            Хохирогч Б.Мөнхжингийн мэдүүлэг /хх-ийн 4-6 тал/, хохирогч Ж.Отгонцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 7-10 тал/, шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2020 оны 05 дугаар сарын 29-нийи өдрийн №291 дугаартай дүгнэлт /хх-ийн17 тал/, шинжээч эмч Э.Эрхэмбаярын мэдүүлэг /хх-ийн 27 тал/, шүүгдэгч Оын мэдүүлэг /хх-ийн 11-12, 37-38 тал/, шүүгдэгч Аийн мэдүүлэг /хх-ийн 13-14, 45 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А нь О-тай бүлэглэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн орой Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Хүрд” нэртэй баарны гадаа Ж.Отгонцэцэгийг мөн түүнтэй хамт явсан Б.Мөнхжин нарыг гар болон хөлөөрөө толгой , нуруу, хөлийн гуя хэсэгт цохиж үсдэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

Хохирогч Б.Мөнхжингийн: "...2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед миний утас руу А гэх хүн залгаад хаана байна гэхээр нь би Улаанбаатар хотод байна нэг цагийн дараа Төв аймагт очино тэгээд залгая гэсэн. Би Улаанбаатар хотоос Төв аймагт оройны 17 цагийн үед ирээд А рүү залгаад би Тө аймагт ирчихлээ Отгонцэцэгийг дагуулаад хүрээд ир гэхээр нь би Төв аймгийн Од гэх нэртэй газрын хажуу талд Отгонцэцэгтэй таараад А, О хоёр чи бид хоёрыг дуудаад байна гээд Отгонцэцэгийн хамтаар Төв аймгийн Хүрд нэртэй бааранд очиход Отгонцэцэгийг О, А хоёр чи яагаад манай нөхөртэй явалдаж мөнгө зээлдэг юм бэ гэж хэлээд О нь Отгонцэцэгийг заамдаж аваад үсдэж унагаагаад дээрээс нь баруун нүдэн дээр нь хөлөөрөө 1 удаа дэвссэн ба хөл рүү дахиад дэвсээд байх шиг байсан.Би А гэх хүнийг болиоч гэхэд чи яагаад дандаа Отгонцэцэгийг өмөөрч байдаг юм бэ гэж хэлээд намайг үсдэж байгаад газар чирээд зүүн хөлний гуя хэсэгт өшиглөсөн ба хэдэн удаа өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Отгонцэцэг хүрч ирээд салгахад А, О дахиад зодоод байсан ба удалгүй цагдаа нар ирсэн...Тухайн үед намайг О нь намайг чи яагаад Отгонцэцэгийг өмөөрдөг юм бэ гээд А нь намайг үсдэж газар унагаагаад чирээд нүүрэн тус газар өшиглөсөн ба би хэдэн удаа өшиглөсөн талаар санахгүй байна. Мөн зүүн талын гар луу нэг удаа өшиглөсөн...Миний толгой өвдөж байгаа, зүүн талын гар, хөл хоёр өвдөж байгаа ба гар шалбарсан байна. Мөн Отгонцэцэгийн нүд нь хөхөрч хавдсан байсан ба хөл нь хөхөрсөн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 тал/,

Дахин өгсөн: "...Улаанбаатар хотод байхад А 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр утсаар Отгонцэцэгийг дагуулаад яваад ир гэсэн тэгээд би Төв аймгийн төвд аймагт ирээд тэгтэл А мөн утсаар залгаад Отгонцэцэгийг дагуулаад яваад ир гээд байсан Отгонцэцэгийг хаана байгааг мэдэхгүй байна гэсэн чинь ажил дээрээ байгаа гээд байсан би тэгээд Отгонцэцэгийн ажил дээр очоод Отгонцэцэг бид хоёр ажлаас гараад Хүрд нэртэй баараны хажуугаар тойроод гараад ирсэн чинь Отгонцэрэгл А хоёртой өөдөөс өөдөөсөө таарсан юм тэгтэл О чи манай нөхөртэй явалддаг хэн бэ гээд О Отгонцэцэгийг үстээд авсан тэгтэд А хажуугаас нь мөн Отгонцэцэгийг үстээд цохиж зодоод тэгэхээр нь би хажуугаар нь салгах гэхэд намайг чи юу юм гээд А нь намайг үснээс зулгаагаад чирсэн тэгтэл хажуугаас О нь намайг үснээс зулгаагаад өшиглөж цохиж эрүүл мэндэд хохирол учруулсан тэгээд салаад би Отгонцэцэгт утсаа өгөөд цагдаа дуудаад цагдаа ирээд бид нарыг аваад цагдаагийн газарт ирсэн...О надтай цуг явсан Отгонцэцэгийг үснээс нь зулгаагаад цохиж зодоод мөн хажуугаас А мөн Отгонцэцэгийн үснээс зулгаагаад цохиж зодсон тэгэхээр нь би салгах гэтэл А миний үснээс зулгаагаад намайг цохиж зодсон тэгтэл хажуугаас О нь миний үснээс мөн зулгаагаад гараараа толгой нуруу руу өшиглөөд хөлөөрөө мөн тэр хоёр хөл, гуя хэсэгт өшиглөж цохиж гэмтзл учруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

Хохирогч Ж.Отгонцэцэгийн: "...2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажлаасаа гараа явж байтал манай таньдаг хүн болох Мөнхжин таараад намайг О, А хоёр Хүрд гэх нэртэй бааранд дуудаад байна яваад ир гэж байна та бид хосрыг гэхээр нь би бид хоёр шууд Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт байх Хүрд нэртэй бааранд очсон. Тухайн үед Хүрд нэртэй баарны гадаа О, А хоёр зогсож байсан ба очих үед О нь намайг чи манай нөхөр болох би жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна.Мажаа гэх хүнтэй явалдсан гэж гээд А намайг үсдэж татаж унагаагаад зүүн талын гуя тус газар хөлөөрөө 2 удаа өшиглөсөн ба газар байж байхөд А нь дахиад баруун нүдэн тус газар нэг удаа хөлөөрөө дэвссэн мөн О нь нүүрэн тус газар 1 удаа алгадаж үсдэж унагаасан. Намайг газар унаад босч ирж байхад Мөнхжин А, О хоёрын нэг нь үсдээд чирч байсан ба А нь Мөнхжингийн тус үсийг барьчихсан байж байсан.Тэгээд удалгүй цагдаа ирээд аваад явсан...О гэх хүн намайг чи манай нөхөртэй явалдсан гэж хэлээд зодсон ба би О гэх хүний нөхөртэй нэг удаа пиво ууж байсан. Би явалдаж байгаагүй...Намайг О нь үсдсэн харин А нь хоёр удаа зүүн гуя болон шилбэ рүү нэг нэг удаа өшиглөөд үснээс зулгаасан, баруун нүдэн дээр А хөлөөрөө нэг удаа дэвсэж нүүрэн тус газар нэг удаа алгадсан...А, О хоёр согтуу байсан...3үүн нүд хавдаж хөхөрсөн, толгойн үс хөндүүрлэж өвдөж байгаа, хүзүү хөшиж өвдөж байгаа ба зүүн гуя шилбэ хоёр өвдөж байгаа ба шилбэ хөхөрсөн, баруун гарын долоовор хуруу өвдөж байна. Мөнхжингийн үс нь унасан ба өвдөж байна гэсэн өөр ил харагдах шарх, соривгүй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

Дахин өгсөн: "...Намайг 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр намайг ажил дээрээ байж байсан чинь найз Мөнхжин ирээд бид хоёр манай ажлаас 19 цагийн орчимд гараад явж байгаад аймгийн төвд Хүрд нэртэй баарны хажуугаар тойроод гартал О, А нар таараад тэгтэл О намайг чи манай нөхөртэй явалдаад чи яах гээд байгаа юм гээд миний үснээс зулгаагаад доош дараад гар, хөлөөрөө толгой нуруу болон хөл рүү өшиглөж зодоод тэгтэл хажуугаас нь Отай цуг явсан А миний үснээс зулгаагаад мөн гараараа цохиж зодож эрүүл мэндэд хохирол учруулсан. Тэгтэл надтай цуг явсан Мөнхжин салгах гэтэл А Мөнхжингийн үснээс зулгаагаад цохиж зодоод мөн хажуугаас нь О мөн үснээс нь зулгаагаад цохиж зодоод би салгаад Мөнхжин надаа утсаа өгөөд би цагдаа дуудаад цагдаа нар ирээд бид дөрвийг аваад цагдаа дээр авчирсан. О намайг эхлээд үстээд доош дараад гэр, хөлөөрөө цохиж өшиглөж эрүүл мэндэд хохирол учруулж байхад А мөн үснээс зулгаагаад гар хөлөөрөө цохиж өшиглөж эрүүл мэндэд хохирол учруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

Шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гаргасан №291 дугаартай: "...Ж.Отгонцэцэгийн биед баруун нүдний зовхи цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын 3-р хуруунд зөөлөн эдийн няцрал зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна....Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 18 тал/,

Шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гаргасан №290 дугаартай: "...Б.Мөнхжингийн биед баруун, зүүн гуянд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна....Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 24 тал/,

Шинжээч Э.Эрхэмбаярын: "...Баруун зүүн гуянд цус хуралт үүссэн гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна тухайн гэмтлүүд нь нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжто шинэ гэмтлүүд байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

Шүүгдэгч Оын яллагдагчаар өгсөн: "...Би өмнө өгсөн мэдүүлэгт хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа болохоор ярих зүйл байхгүй байна...А бид хоёр Отгонцэцэг, Мөнхжин нартай маргалдаж гараараа цохиж эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 тал/,

Түүний гэрчээр өгсөн: "...Найз Аийн хамтаар Төв аймгийн төвд нэг цэгийн орчимд Хүрд нэртэй баарны хойно 2020 оны 05 дугаар сарын 23-ны 18 цагийн орчимд явж байгаад Мөнхжин, Отгонцэцэг хоёртой таараад тэгээд үл шалтгаалах зүйлээс болж тэр хоёртой маргалдаад би Отгонцэцэгтэй барьцалдаж аваад харилцан зодолдож би Отгонцэцэгийг үснээс нь зулгаагаад доош нь дараад нүүр хэсэгт нь гараараа цохиж зодож эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан. Би Мөнхжинг цохиж зодоогүй Отгонцэцэг бид хоёр барьцалдаж маргалдаж байхад А Мөнхжин хоёр барьцалдсан байдалтай байсан...Тухайн үед А бид хоёр Хүрд нэртэй бааранд 4 ширхэг 0,5 граммтай пиво хувааж уусан байсан согтоогүй болж байгаа үйл явдлыг мэдэх чадвартай байсан...Отгонцэцэг нь манай нөхөртэй явалдаад байгаа юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

Шүүгдэгч Аийн яллагдагчаар өгсөн: "...Тухайн өдөр явж байгаад Отгонцэцэг, Мөнхжин нартай таарсан, тэгээд хэрүүл маргаан болж Отгонцэцэгийг О цохиж зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан харин би Мөнхжинтэй маргалдаж цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/,

Түүний гэрчээр өгсөн: "...Би 2020 оны 05 дугаар сарын 23-ны орой ажлаас тараад эгч О руу утсаар залгаад уулзъя гээд тэгээд бид хоёр утсаар ярьж байгаад уулзаад төвд байдаг Хүрд нэртэй бааранд ороод юм ярьж сууж байгаад пиво уугаад тэгээд тухайн баарнаас гарч ирээд явж байгаад Отгонцэцэг, Мөнхжин хоёртой таараад тэгээд маргалдаад О эгч Отгонцэцэгтэй барьцалдаад би Мөнхжинтэй барьцалдаж маргалдаад тэгсэн цагдаа нар ирээд бид 4-ийг аваад цагдаагийн газарт ирсэн...О эгчийн нөхөртэй Отгонцэцэг болон Мөнхжин хоёр явалдаад байгаа юм...Мөнхжин бид хоёр барьцалдаад бид хоёр бие биенийхээ үснээс зулгаагаад бие биенийгээ цохиж гэмтэл учруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/   зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

 

Бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч А, О нар нь бүлэглэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн орой Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Хүрд” нэртэй баарны гадаа Ж.Отгонцэцэгийг мөн түүнтэй хамт явсан Б.Мөнхжин нарыг гар болон хөлөөрөө толгой , нуруу, хөлийн гуя хэсэгт цохиж үсдэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

 

Санаатай гэдэгт өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэг

Шүүгдэгч А, О нар нь нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч А, О нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Отгонцэцэг, Б.Мөнхжин нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч А, О нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А, О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт хураагдан ирсэн СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Т О, Б овогт Х А нарыг бүлэглэн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О, А нарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О, А нарт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нь О, А нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О, А нарт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт хураагдан ирсэн СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хэргийн хамт хадгалсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О, А нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О, А нарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.О