Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
Хэргийн индекс | 187/2021/0224/Э |
Дугаар | 2021/ШЦТ/227 |
Огноо | 2021-04-08 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | Б.Соёлмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/227
2021 4 08 2021/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Соёлмаа, шүүгдэгч Д.Ц-, нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Д-ийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2110004310166 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, зурагчин мэргэжилтэй, хувиараа зурагчин хийдэг, ам бүл 2, ээжийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Д-ийн Ц,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ц- нь 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүслэнт нар сар хоолны газарт хооллохоор ороход тус хоолны газрын зөөгч ажилтай Э.Батнямын ширээн дээр ил орхиж үлдээсэн Самсунг А50 маркийн гар утсыг бусдын эд зүйл гэдгийг мэдсээр байж завшиж, бусдад 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.Ц-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Э.Батням мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүслэнт нар сар нэртэй зоогийн газарт ажлаа хийж байгаад өдрийн 11 цаг 35 минутад цайндаа орохдоо ширээн дээр өөрийн Самсунг А50 маркийн гар утсыг тавиад хоол идээд сууж байхад гаднаас үйлчлүүлэгч ороод ирэхээр нь захиалгыг нь авч өгчхөөд буцаад ширээн дээрээ очиход миний ширээнд өөр хүн ирээд суучихсан байхаар нь аяга тавгаа аваад гал тогоо руу оруулж тавьчхаад тэр хүний захиалгыг авчирч өгсөн. Хэсэг хугацааны дараа миний хоол идсэн ширээн дээр ирсэн залуу гараад явчихсан, би утсаа хайж үзэхэд байхгүй байсан...” /хх-ийн 22-23, 24-25/ гэсэн,
Шүүгдэгч Д.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хоол идэхээр хоолны газарт орсон. Тэгээд ширээн дээр байсан гар утсыг олж аваад хоол идээд гараад явсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас дуудахаар нь гар утсыг нь эзэнд нь буцааж өгсөн...” /хх-ийн 43-44/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /хх-ийн 3/,
- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10-13/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14-16/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-34/,
- Шүүгдэгч Д.Ц-ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Ц- нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүслэнт нар сар хоолны газарт хооллохоор ороход тус хоолны газрын зөөгч ажилтай Э.Батнямын ширээн дээр ил орхиж үлдээсэн Самсунг А50 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийн эд зүйл гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Батнямын “...2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ...ажлаа хийж байгаад өдрийн 11 цаг 35 минутад цайндаа орохдоо ширээн дээр өөрийн Самсунг А50 маркийн гар утсыг тавиад хоол идээд сууж байхад гаднаас үйлчлүүлэгч ороод ирэхээр нь захиалгыг нь авч өгчхөөд буцаад ширээн дээрээ очиход миний ширээнд өөр хүн ирээд суучихсан байхаар нь аяга тавгаа аваад гал тогоо руу оруулж тавьчхаад тэр хүний захиалгыг авчирч өгсөн. Хэсэг хугацааны дараа миний хоол идсэн ширээн дээр ирсэн залуу гараад явчихсан, би утсаа хайж үзэхэд байхгүй байсан...” /хх-ийн 22-23, 24-25/ гэсэн, шүүгдэгч Д.Ц-ийн “...2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хоол идэхээр хоолны газарт орсон. Тэгээд ширээн дээр байсан гар утсыг олж аваад хоол идээд гараад явсан....” /хх-ийн 43-44/ гэсэн мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10-13/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14-16/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-34/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Батнямын эд хөрөнгөд 450,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь эд зүйлийг хохирогчид буцаан өгсөн /хх-ийн 10-13/, хохирогч Э.Батням гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Д.Ц- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын заримыг биет байдлаар төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгчийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ц- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2110004310166 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Ц- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.Батням гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн Ц-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Ц-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2110004310166 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Ц- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.Батням гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР