Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/36

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Т-ийн С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2119000000042 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймаг Айраг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд оюутан, ам бүл 5, эгч, хүргэн ах, хоёр хүүхдийнх нь хамт Дорноговь аймаг Айраг сум 4 дүгээр баг Цагаан дөрвөлж Уурхайчин гудамж 4-3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Т-ийн С-д /РД:ЕА98052711/,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Т.С нь 2021 оны 2 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 3 цагийн орчимд Э.О-ын толгойн тус газарт нь 2-3 удаа заазуурын арын ишээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн тухайн маргааныг салгах гэж байсан Э.Э-ын нүүр, толгой хэсэг рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Т.С шүүхийн хэлэлцүүлэгт; “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв. 

Насанд хүрээгүй хохирогч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 2 дугаар сарын 15-ны шөнийн 3 цагийн үед С надаас “гэрийн түлхүүр авна” гээд ах Үүрцолмонгийн ПС тоглоомын газар ирсэн, “хаалга нээ, би ормоор байна” гээд орилж, хашхираад байхаар нь би сандраад хаалга нээж өгсөн. Тэгээд орж ирээд намайг цохиж зодоод, Э хажуугаас болиулах гэтэл Э-ыг зодоод...намайг гараараа толгой хэсэг рүү 3-4 удаа цохисон, зодож байхдаа куртикнийхээ кармагаас заазуур гаргаж ирээд заазуурынхаа ар хэсгээр нэг удаа толгой руу цохисон, толгойноос цус гарч эхэлсэн, гэтэл “цусаа арч” гэж хэлээд, цаашаа явж Энхтамирыг цохиж эхэлсэн. ...Эмчилгээний зардал болох 200.000 төгрөгийг С-оос авсан, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг /хх-76/,

Хохирогч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 2 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 3 цаг өнгөрөөгөөд С согтуу ирсэн бөгөөд цахим тоглоомын газрын хаалгыг эвдчих гээд нүдээд байсан. О “хаалга онгойлгож өгөхгүй” гэсэн чинь Т.С цонхны шилийг хагалсан. ...Т.С согтуу орж ирээд Отгонбатыг “хаалга онгойлгож өгөөгүй” гэж зодож эхэлсэн, зодохдоо шууд толгойн тус газар нь тасралтгүй цохиж, ...би болиулах гэтэл намайг бас нүүр, толгой руу цохиод эхэлсэн. Тухайн үедээ куртикнийхээ халааснаас заазуур гаргаж ирээд Отгонбатын толгойн хэсэгт заазуурын бариул хэсгээр 2-3 удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-79/,

Гэрч Ц.Е-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Тухайн үед О айгаад хаалга онгойлготол Соронзонболд үгийн зөрүүгүй О-ын толгой, тархи руу цохиод эхэлсэн. Бид нар болиулах гэтэл халааснаасаа заазуур гаргаад ирсэн ба бид нар руу далайгаад “та нар цаашаа зогсож бай” гэж хэлээд О, Э хоёрыг зодоод эхэлсэн. ...Тухайн үед О-ын толгой руу заазуурын арын бариул хэсгээр шааж аваад байсан ба сүүлд цохихдоо заазуурын иртэй хэсгээр нь цохичих шиг болсон, гэтэл О-ын толгойноос цус гараад эхэлсэн ба энэ үед Э-ыг зодоод эхэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-20/,

Насанд хүрээгүй гэрч М.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 2 дугаар сарын 14-ний орой өөрийн найзууд Отгонбат, Э, Б-Э, Т, А, С, Е нарын хамт утсаараа тоглоод байж байсан...шөнө 2 цагийн үед О-ын хамаатны ах С гэдэг залуу ирээд хаалга нүдээд байсан, тухайн үед хаалгаа тайлж өгөөгүй. Тэгтэл шөнө 3 цагийн үед дахиж ирээд нүдээд байсан ба О гэрийнх нь түлхүүрийг цонхоор өгтөл “хаалгаа нээ” гээд хэлтэл О “онгойлгохгүй” гээд цонхоо буцаагаад хаачихсан. Тэгтэл “хаалгаа нээ гээд байгаа юм биш үү” гэж хэлээд цонх хагалсан. Тухайн үед О хаалгаа нээж өгтөл О-ын толгой руу цохиж эхэлсэн, болиулах гэтэл халааснаасаа заазуур гаргаж ирээд бид нар руу дайраад, бид нар айгаад хөдөлж чадаагүй, хараад зогсож байсан. Тэгтэл С гэдэг залуу О-ын толгойд заазуураараа нэлээн олон цохисон ба 2-3 удаагийн давтамжтай зодсон. Энхтамирын нүүр рүү цохиод хамраас нь цус гаргачихсан. О-ын толгойноос цус гараад салфеткаар тогтоох гэтэл цус нь тогтохгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-22/,

Насанд хүрээгүй гэрч А.Б-Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 2 дугаар сарын 14-ний шөнө Т, Э, А, О, Е, Ц, Ц нарын хамт О-ын ахын ПС-нд тоглож байх үед О-ын хамаатан С нь О-аас “түлхүүрээ авъя” гээд ирсэн бид нар хаалгаа нээж өгөөгүй...2 цагийн үед С ирээд “хаалгаа нээ” гээд хашхираад байхаар нь О хаалга нээж өгсөн. С орж ирээд шууд О-ыг зодоод, Энхтамир хажуугаас нь болиулах гэтэл Э-ыг бас зодож, куртикнээсээ заазуур гаргаж ирээд О-ыг заазуураар айлгаж ойртуулахгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-36/,

Т.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2021 оны 2 дугаар сарын 14-ний шөнө 2 цагийн орчимд гэрээс гарч тамхилахдаа хаалгаа санаандгүй хаасан. ...О эгчийн утсаар facebook орж О-тай чатаар “чи хаана байна, би түлхүүр авмаар байна” гэхэд “ПС-нд ирж ав” гэхээр нь “чи дөхүүлээд өгчих” гэхэд “би завгүй байна” гээд чатаа харахгүй, утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь О эгчийнд очиж “хаалга онгойлгох юм байна уу” гэхэд “наад хавиараа өөрөө үз” гээд би юм хайж яваад гал тогооноос нь заазуур аваад гэр рүү очиж хаалгаа заазуураар 10 минут орчим хөшөөд онгойхгүй болохоор нь ПС-нд очоод хаалгыг нь тогшоод нээхгүй болохоор нь байхгүй юм байна гээд явах гэтэл цонхоороо гэрийн түлхүүр өгөхөөр нь “чи хэнтэй байгаа юм, би оръё” гээд хаалгыг нь цохиод онгойлгохгүй болохоор цонхыг нь хагалсан чинь О сандрахдаа хаалга нээж өгсөн. ...Тэгээд би дотогшоо ороод...О-ыг баруун гараараа толгой хэсэг рүү нь 3, 4 удаа цохиод “чи түлхүүр авч ирээд өгчихгүй, тоглож байна гээд хэлчихгүй алга болчих юм, би ч гэсэн тоглодог, чамайг ойлгоно шүү дээ” гээд толгой руу нь заазуурын ишээр нэг удаа цохиод, Э-ыг баруун гараараа нэг удаа толгой хэсэг рүү цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-35-36, 62-63/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/, 

Иргэн Э.Ү-оос Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-2/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-10/, хяналтын камерын бичлэг бүхий сиди хүлээн авсан тэмдэглэл /хх-11-12/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-14/,

Дорноговь аймаг Айраг сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаартай тодорхойлолт /хх-37/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.А-ын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 02/084 дугаартай “...Э.Э-ын биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, доод уруулын дотор салстын цус хуралт, дээд, доод уруулын дотор салстын шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-43/,

Э.Э-ын биед үзлэг хийсэн талаарх хүний их эмч Р.Э-ийн 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт /хх-44/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.А-ын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 02/085 дугаартай “...Э.О-ын биед толгойн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-48/,

Э.О-тын биед үзлэг хийсэн талаарх хүний их эмч Р.Энхтүвшингийн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт /хх-49/,

Т.С эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/,

Т.С-оос иргэн Э.О, Э.Э нарыг зодохдоо ашигласан гэх ахуйн хэрэглээний 12.5см урттай заазуурыг хураан авсан тэмдэглэл /хх-94/,

хохирогч Э.Э-ын “...Миний бие эрүүл саруул учир гомдолгүй, хүсэлтийг минь хүлээн авна уу.” гэсэн хүсэлт /хх-107/,

насанд хүрээгүй хохирогч Э.О, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Ү нарын “...ямар нэгэн гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-108-109/,

Т.С-ын “...болчимгүй үйлдэл гаргасандаа гэмшиж өөрийн гэм буруугаа хүлээж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-113/ зэрэг болно.

Энэ хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Т.С нь 2021 оны 2 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 3 цагийн орчимд Э.О-ын толгойн тус газар 2-3 удаа заазуурын арын ишээр цохисон, мөн тухайн маргааныг салгах гэсэн Э.Э-ын нүүр, толгойн хэсэг рүү гараараа цохиж, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Т.Соронзонболдын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

насанд хүрээгүй хохирогч Э.О-ын “...2021 оны 2 дугаар сарын 15-ны шөнийн 3 цагийн үед С- надаас “гэрийн түлхүүр авна” гээд ах Үүрцолмонгийн ПС тоглоомын газар ирсэн, ...орж ирээд намайг цохиж зодоод, Э- хажуугаас болиулах гэтэл Энхтамирыг зодоод...намайг гараараа толгой хэсэг рүү 3-4 удаа цохисон, зодож байхдаа куртикнийхээ кармагаас заазуур гаргаж ирээд заазуурынхаа ар хэсгээр нэг удаа толгой руу цохисон, толгойноос цус гарч эхэлсэн, гэтэл “цусаа арч” гэж хэлээд, цаашаа явж Э-ыг цохиж эхэлсэн.” гэх,

хохирогч Э.Э-ын “...2021 оны 2 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 3 цаг өнгөрөөгөөд Соронзонболд согтуу...орж ирээд О-ыг “хаалга онгойлгож өгөөгүй” гэж зодож эхэлсэн, зодохдоо шууд толгойн тус газар нь тасралтгүй цохиж, ...би болиулах гэтэл намайг бас нүүр, толгой руу цохиод эхэлсэн. Тухайн үедээ куртикнийхээ халааснаас заазуур гаргаж ирээд О-ын толгойн хэсэгт заазуурын бариул хэсгээр 2-3 удаа цохисон.” гэх,

гэрч Ц.Е “...С үгийн зөрүүгүй О-ын толгой, тархи руу цохиод эхэлсэн. ...О-ын толгой руу заазуурын арын бариул хэсгээр шааж аваад байсан ба сүүлд цохихдоо заазуурын иртэй хэсгээр нь цохичих шиг болсон. Тэгтэл О-ын толгойноос цус гараад эхэлсэн ба энэ үед Э-ыг зодоод эхэлсэн.” гэх,

насанд хүрээгүй гэрч М.Ц-ийн “...О-ын хамаатны ах С гэдэг залуу ирээд хаалга нүдээд байсан, ...Тухайн үед О хаалгаа нээж өгтөл Отгонбатын толгой руу цохиж эхэлсэн, ...С гэдэг залуу О-ын толгойд заазуураараа нэлээн олон цохисон ба 2-3 удаагийн давтамжтай зодсон. Э-ын нүүр рүү цохиод хамраас нь цус гаргачихсан. О-ын толгойноос цус гараад салфеткаар тогтоох гэтэл цус нь тогтохгүй байсан.” гэх,

насанд хүрээгүй гэрч А.Б-Э-ийн “...С ирээд “хаалгаа нээ” гээд хашхираад байхаар нь О хаалга нээж өгсөн. С орж ирээд шууд О-ыг зодоод, Э хажуугаас нь болиулах гэтэл Э-ыг бас зодож, куртикнээсээ заазуур гаргаж ирээд О-ыг заазуураар айлгаж ойртуулахгүй байсан.” гэх,

Т.С-ын “...2021 оны 2 дугаар сарын 14-ний шөнө 2 цагийн орчимд гэрээс гарч тамхилахдаа хаалгаа санаандгүй хаасан. ...О эгчийн утсаар facebook орж О-тай чатаар “чи хаана байна, би түлхүүр авмаар байна” гэхэд “ПС-нд ирж ав” гэхээр нь “чи дөхүүлээд өгчих” гэхэд “би завгүй байна” гээд чатаа харахгүй, утсаа авахгүй байсан. ...О сандрахдаа хаалга нээж өгсөн. ...Тэгээд би дотогшоо ороод...О-тыг баруун гараараа толгой хэсэг рүү нь 3, 4 удаа цохиод “чи түлхүүр авч ирээд өгчихгүй, тоглож байна гээд хэлчихгүй алга болчих юм, би ч гэсэн тоглодог, чамайг ойлгоно шүү дээ” гээд толгой руу нь заазуурын ишээр нэг удаа цохиод, Энхтамирыг баруун гараараа нэг удаа толгой хэсэг рүү цохисон.” гэх мэдүүлгүүд болон,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн Э.Ү-оос Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл,  хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэг бүхий сиди хүлээн авсан тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.А-ын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 02/084, 02/085 дугаартай дүгнэлтүүд, Э.Энхтамир, Э.Отгонбат нарын биед үзлэг хийсэн талаарх хүний их эмч Р.Энхтүвшингийн тодорхойлолтууд, иргэн Э.О, Э.Э нарыг зодохдоо ашигласан гэх ахуйн хэрэглээний 12.5см урттай заазуурыг хураан авсан тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилсан байна.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Т.С, хохирогч Э.О, Э.Э нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, мөн яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Хохирогч Э.О-ын “...Эмчилгээний зардал болох 200.000 төгрөгийг С-оос авсан, гомдол саналгүй.” гэсэн, хохирогч Э.Э-ын “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтүүд хэрэгт авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. 

          Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүхээс шүүгдэгч Т.С-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Т.С-ын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” байх бөгөөд хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн төдийгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр,түүнээс олон хүний” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.С-д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, хохирогч нарын гомдол, саналгүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухай зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч Т.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчид таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар;

Шүүгдэгч Т.С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган үлдээж,

ахуйн хэрэглээний ногоон өнгийн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Т-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.С-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хоёр сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 250.000 төгрөгийг төлж барагдуулахыг даалгаж, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсгүүдэд зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган үлдээж, ахуйн хэрэглээний ногоон өнгийн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан

 авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХТУНГАЛАГ