Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/38

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

улсын яллагч Г.Э,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Б-ийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2119000040033 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 1971 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймаг Хөвсгөл суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт жолооч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 6 дугаар баг, Дампилын 15-1503 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Б-ийн Б /РД:ЕЭ71012571/,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 4 замын уулзвар дээр 36-55ДГО улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө”,

16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас гарцаар зам хөндлөн гарч явсан Д.Ц-ыг мөргөж, түүний амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт; “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмэх зүйлгүй.” гэв.                            

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн орчимд танихгүй дугаараас эмэгтэй хүн над руу яриад зам тээврийн осол болсон талаар хэлэхээр нь би 4 замын уулзвар дээр очсон. ...Намайг очиход төв 4 замын урагшаа явдаг замын явган хүний гарц дээр манай ээжийг Б тэврээд байж байсан өөр нэг цагдаа хувцастай хүн харагдсан. Тэгээд ээжийг Б-ын машинд суулгаад эмнэлэгт хүргэсэн, зам тээврийн ослын талаар Баяртогтох надад юм яриагүй. ...15.000.000 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжилж байна, үүнээс Б.Б 8.000.000 төгрөгийг төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-30-31, 146/,

Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 9.30 минутын орчимд гэрээсээ байгууллагын тээврийн хэрэгсэл болох старекс маркийн 36-55ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. ...Би ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш төв засмал замаар замын хөдөлгөөнд оролцож яваад, 4 замын уулзварын баруун талын гэрлэн дохионы улаан гэрэл асаад машинтайгаа зогсож байхдаа талийгаачийг замын урд талаар тортой юм барьчихсан зүүн зүг рүү алхаж байгааг харсан. Тэгээд ногоон гэрэл асаад, замын хөдөлгөөнд оролцоод 4 замын уулзвараар баруун тийш эргэтэл нарны гялбаанд ороод юу ч хараагүй, гэнэт машин түчигнээд явчихаар нь араас машин мөргөчихлөө гэж бодоод зогсоод машинаасаа буугаад арагшаа хартал арын машины жолооч машин дотроосоо миний өөдөөс урагшаа гараараа заахаар нь би машиныхаа урд талаар тойроод очтол эмэгтэй хүн миний машины урд купер доор толгой нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байдалтай хэвтэж байхыг хараад би сандраад гупер доороос гаргаж авах гэж буцаж машиндаа суугаад арагш ухрах үйлдэл хийчихээд машинаасаа буугаад очиход талийгаач хэвтэж байгаа чигтээ байхаар нь очоод цээж хэсгийг нь түшээд суулгасан. Тэгтэл талийгаач “хүүхдүүдийг минь дуудаарай” гээд, энэ үед манай ажлын Ганчулуун гэх эмэгтэй ирээд утсаар хүүхдүүдийг нь, түргэний эмч дуудсан. Намайг талийгаачийн цээжийг түшиж байхад талийгаач “энэ талын гар хачин болчихлоо” гээд зүүн гараа өргөөд байсан. Удалгүй хүү Э гүйгээд ирсэн, тэгээд би талийгаачийг машиндаа суулгаад эмнэлэг авч явсан. Талийгаачийг гаднаас нь харахад шанаа орчим зулгарсан байдалтай байсан, би сандраад сайн анзаараагүй. ...Б.Э надаас уг хэргийн хохиролд 15.000.000 төгрөгийг нэхэмжилсэн, үүнээс би 7.800.000 төгрөгийг өгсөн. Мөнгийг өгөхдөө хувааж дансаар болон бэлнээр өгсөн, үлдэгдэл хохирлыг ойрын хугацаанд төлж барагдуулна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-33-35, 135/,

Гэрч У.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн орчим төв замаар хойноосоо урагшаа өөрийн 31-74ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож явахад манай байгууллагын автомашин 4 замын урд талын явган хүний гарцын тэнд зогсож байгаа харагдахаар нь би хажуугаар нь өнгөрөөд машинаас буугаад очтол манай ажлын Баяртогтох ах байсан, “ах нь хүн дайрчихлаа” гээд настай эмэгтэйн толгойг нь түшчихсэн нилээн сандарсан байдалтай “түргэн дуудаач” гэхээр нь би түргэн тусламж дуудсан. Мөргүүлсэн гэх хүн намайг очиход ухаантай, “миний гар өвдөөд байна” гээд зүүн талын гараа заасан, “толгой өвдөөд байна ёо, ёо” гээд байсан. Би “хүүхдүүдийнхээ дугаарыг хэлээд өгөөч” гэхэд 99084704 дугаартай утас хэлэхээр нь би залгахад эрэгтэй хүн авахаар нь болсон асуудлыг хэлэхэд “за” гээд тасалсан. ... Машинд мөргүүлсэн гэх хүний нүүр хэсэг халцарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-37/,

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Манай байгууллагын жолооч Б.Б нь 36-55ДГО улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. ...Манай байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгсэл нь урд өмнө эвдрэл гэмтэл байгаагүй, техникийн үзлэгт тухай бүр хамрагдаж байсан. Осол болох үед машины урд талын куперийн будаг халцарсан нь техникийн болон эд зүйлийн үнэлгээний дүгнэлтээр гарсан, ...Б.Б нь 36-55ДГО улсын дугаартай “Хьюндай Старекс” тээврийн хэрэгслийн урд талын гуперийн будаг халцарсан байсныг өөрийн зардлаар засварлаж өгсөн тул өөр нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хх-96-97, 149/,

Иргэн Э.А-аас “...90908808 дугаарын утсаар Сайншанд сум 3 дугаар баг 4 замын уулзвар дээр явган зорчигч машинд мөргүүлчихлээ.” гэсэн дуудлага хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-8/,

Дорноговь шүүхийн шинжилгээний албаны мэргэжилтний тэмдэглэл /хх-9/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-13/,

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын эзэмшлийн “Хьюндай Старекс”  маркийн 36-55ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Б.Б-оос хураан авсан тухай, мөн уг тээврийн хэрэгслийг өмчлөгчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-14-15/,

Амь хохирогчийн хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-19/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8/,

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-39-50/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.А-ын 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 02/01 дугаартай “...Амь хохирогч Д.Ц-ын цогцост хийсэн шинжилгээгээр зүүн уушигны эдийн урагдал, дэлүүний эдийн том хэмжээний няцрал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, зүүн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, нурууны 9 дүгээр нугаламын хугарал, зүүн бугалга ясны хугарал, хуйхны дотор, гадаргуу, дух, зүүн бугалга, зүүн шуу, зүүн алганы ар хэсэг, зүүн сарвуу, цээжний цус хурал, дух, зүүн шанаа, эрүү, хэвлийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Гэмтлүүдийн үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Амь хохирогч Д.Ц нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан байна. Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд спиртийн агууламж илрээгүй байна. Амь хохирогчийн цогцосноос авсан цус B/III/ бүлгийн харьяалалтай байна.” гэсэн дүгнэлт /хх-51-52/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Б-ын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 114 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Б 49/эр гэж хаягласан цусанд спирт илрээгүй.” гэсэн дүгнэлт /хх-68/,

Техникийн шинжээч Р.П-ын 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн № 01 дугаартай дүгнэлт /хх-75-76/,

Дорноговь аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер, мэргэшсэн инженер Б.П-ийн техникийн дүгнэлт, хэмжилтийн хуудас /хх-77-78/,

“Хьюндай Старекс” маркийн 36-55ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-79-80/,

Хөрөнгө даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 588 дугаартай үнэлгээний тайлан /хх-86-87/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-99/,

Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-103/,

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/59 дугаар “Б.Б-ыг хөдөлмөрийн гэрээгээр авч ажиллуулах тухай” тушаал, жолоочийн ажлын байрны тодорхойлолт, ажилчин албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл /хх-113-121/,

Б.Б-ын 98198 дугаартай жолоочийн үнэмлэх /хх-138/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн “...Хохирол төлбөр 8.000.000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-161/,

Б.Б-ын “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч байна. Б.Э-д хохирол төлбөрийг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-162/ зэрэг болно.

          Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт, 4 замын уулзвар дээр 36-55ДГО улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, ... зам тавьж өгнө” гэснийг,

16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Ц-ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Б-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн орчимд танихгүй дугаараас эмэгтэй хүн над руу яриад зам тээврийн осол болсон талаар хэлэхээр нь би 4 замын уулзвар дээр очсон. ...Намайг очиход төв 4 замын урагшаа явдаг замын явган хүний гарц дээр манай ээжийг Баяртогтох тэврээд байж байсан.” гэх, 

гэрч, яллагдагч Б.Б-ын “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр... ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш төв засмал замаар замын хөдөлгөөнд оролцож яваад, 4 замын уулзварын баруун талын гэрлэн дохионы улаан гэрэл асаад машинтайгаа зогсож байхдаа талийгаачийг замын урд талаар тортой юм барьчихсан зүүн зүг рүү алхаж байгааг харсан. Тэгээд ногоон гэрэл асаад би замын хөдөлгөөнд оролцоод 4 замын уулзвараар баруун тийш эргэтэл нарны гялбаанд ороод юу ч хараагүй, гэнэт машин түчигнээд явчихаар нь араас машин мөргөчихлөө гэж бодоод зогсоод машинаасаа буугаад арагшаа хартал арын машины жолооч машин дотроосоо миний өөдөөс урагшаа гараараа заахаар нь би машиныхаа урд талаар тойроод очтол эмэгтэй хүн миний машины урд купер доор толгой нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байдалтай хэвтэж байхыг хараад би сандраад гупер доороос гаргаж авах гэж буцаж машиндаа суугаад арагш ухрах үйлдэл хийчихээд машинаасаа буугаад очиход талийгаач хэвтэж байгаа чигтээ байхаар нь очоод цээж хэсгийг нь түшээд суулгасан.” гэх,   

гэрч У.Г-ы “...манай байгууллагын автомашин 4 замын урд талын явган хүний гарцын тэнд зогсож байгаа харагдахаар нь би хажуугаар нь өнгөрөөд машинаас буугаад очтол манай ажлын Б ах байсан, “ах нь хүн дайрчихлаа” гээд настай эмэгтэйн толгойг нь түшчихсэн нилээн сандарсан байдалтай “түргэн дуудаач” гэхээр нь би түргэн тусламж дуудсан.” гэх,

иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Е-ийн “...Манай байгууллагын жолооч Б.Б нь 36-55ДГО улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан.” гэх мэдүүлгүүд, 

мөн иргэн Э.А-аас “...90908808 дугаарын утсаар Сайншанд сум 3 дугаар баг 4 замын уулзвар дээр явган зорчигч машинд мөргүүлчихлээ.” гэсэн дуудлага хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, амь хохирогчийн хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэлүүд болон эдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.А-ын 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 02/01 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт,

иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн “...Б.Б нь 36-55ДГО улсын дугаартай “Хьюндай Старекс” тээврийн хэрэгслийн урд талын гуперийн будаг халцарсан байсныг өөрийн зардлаар засварлаж өгсөн тул өөр нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. 

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч Б.Б-ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд дээрх хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах нь гэм буруугийн зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан бодит хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн болон түүний хувийн байдал, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж,

тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

          Шүүгдэгч Б.Б нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нэг жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Бусад асуудлын талаар;

Шүүгдэгч Б.Б нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган үлдээж,

шар өнгийн хуванцар сав 1 ширхэг, цагаан өнгийн гялгар уут 1 ширхэгийг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, 

В ангиллын жолоочийн 98198 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч Б.Б-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван  жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3.Шүүгдэгч Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

4.Шүүгдэгч Б.Б нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нэг жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186, 188, 189 дүгээр зүйлүүдэд зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай. 

7.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсгүүдэд зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган үлдээж, шар өнгийн хуванцар сав 1 ширхэг, цагаан өнгийн гялгар уут 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9.Хэрэгт хураан ирүүлсэн В ангиллын жолоочийн 98198 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч Б.Б-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

10.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЭНХТУНГАЛАГ