| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0075/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/077 |
| Огноо | 2021-03-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/077
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Шүүгдэгч: Л.Х нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Х д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000049 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, ******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Л.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Их номгон” худалдааны төвийн бичиг хэрэг хүүхдийн тоглоом зардаг дэлгүүрээр үйлчлүүлэхдээ иргэн Х.Ц гийн эзэмшлийн I Phone маркийн гар утсаа орхисныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Л.Х гийн мөрдөн байцаалтад өгсөн
... Хөдөөнөөс орж ирээд төвд байрлах “Их номгон “ худалдааны төвийн доод давхарт ороод юм үзсэн лангуун дээр нь цагаан өнгийн дэлгэцтэй утас байсан маркийг нь мэдэхгүй хулгай хийе гэж бодоогүй хүн нь гар утсаа хаясан байна гэж бодоод өөрийнхөө өмсөж явсан куртикээ дээр нь тавьж байгаад дэлгүүрээс аваад гарч яваад шууд гэрлүүгээ буюу Бууцагаан сум руу явсан. Тухайн үедээ утсыг нь буцааж өгье гэж бодсон сум руу явах унаа хүмүүсээ суулгасан гээд байхаар нь шууд явсан, гар утсанд ямар нэг дугаар хийж ашиглаагүй унтраалттай байсан гар утсыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 48-49 52-54/,
Хохирогч Х.Ц гийн мөрдөн байцаалтанд өгсөн
... 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн орой 19 цагийн орчим Баянхонгор аймгийн”Их номгон” худалдааны төвийн доод талд байх бэлэг дурсгалын тасгаас хамт явсан хүндээ цаг үзэж авахуулсан. Тэгэхдээ шилэн лангуун дээр I phone-7 маркийн цагаан өнгийн гар утас, малгай хоёроо тавиад сонголтоо хийж дуусаад гар утсаа үлдээгээд малгайгаа авсан байсан. Тэгээд цаг үзэх явцад хажуу байсан гурван эмэгтэй худалдагчийг цаг үзье гэх нэрийдлээр хоргоож цааш явах хойгуур миний лангуун дээр байсан гар утсан дээр куртикээ тавиад аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би төвд байх “Их номгон" худалдааны төв руу ортол Л.Х тэй таарсан мэнд мэдэлцээд доод давхрын бараа руу орсон би цаг үзээд даалуу авсан цаг үзэж байхад лангуун дээр өнгийг нь санахгүй байна нэг гар утас байхаар нь хэнийх вэ гэж хэлэх гэж байгаад цааш түлхсэн би даалуу аваад явсан.. Би гар утас авсныг хараагүй надад ямар нэг зүйл хэлээгүй Л.Х намайг дэлгүүрээс гарч явахаас өмнө түрүүлээд гараад явсан бид хоёр хамт яваагүй тухайн дэлгүүрт л таарсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 24- 25 /,
Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ны 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 40 дугаар шинжээчийн “...Х.Ц гийн эзэмшлийн эд зүйлийн зах зээлийн үнэ нь 350 000 төгрөг болохыг тогтоосон ...гэх дүгнэлт /хх-ийн 34 /
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 41-42/, шүүгдэгч Л.Х гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 53/,иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 55/, депозит дансны хуулгууд /хх-ийн 57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Их номгон” худалдааны төвийн бичиг хэрэг хүүхдийн тоглоом зардаг дэлгүүрээр үйлчлүүлэхдээ иргэн Х.Ц гийн эзэмшлийн I Phone маркийн гар утсаа орхисныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Л.Х гийн...лангуун дээр нь цагаан өнгийн дэлгэцтэй утас байсан маркийг нь мэдэхгүй, өөрийнхөө өмсөж явсан куртикээ дээр нь тавьж байгаад дэлгүүрээс аваад гарсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 48-49 52-54/,
Хохирогч Х.Ц гийн...шилэн лангуун дээр I phone-7 маркийн цагаан өнгийн гар утас, малгай хоёроо тавьсан, ... гар утсаа үлдээгээд малгайгаа авсан байсан, лангуун дээр байсан гар утсан дээр куртикээ тавиад аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Гэрч *******гийн....лангуун дээр өнгийг нь санахгүй байна нэг гар утас байхаар нь хэнийх вэ гэж хэлэх гэж байгаад цааш түлхсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 24- 25 /,
Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ны 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн “...Х.Ц гийн эзэмшлийн эд зүйлийн зах зээлийн үнэ нь 350 000 төгрөг ....дүгнэлт /хх-ийн 34 / болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Х дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Л.Х г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Х нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Х нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Л.Х д ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Х.Ц гийн гар утсыг буцаан өгсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хувийн байдлыг харгалзан Л.Х д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 -т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Л.Х д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Л.Х нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Л.Х бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Х д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Л.Х д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Л.Х д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ,энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Л.Х д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Х д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА