Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 026

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Өлгий сумын 13 дугаар багийн оршин суугч А.Сийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Өлгий сум хариуцсан улсын бүртгэгч М.Рд холбогдох,

            “Ш.Х, А.С нарт охин Ү-г үрчилснийг бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах тухай”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.С, хариуцагч Өлгий сум хариуцсан Улсын бүртгэгч М.Р,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек, орчуулагч А.Е  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Х, А.С нарт охин Үммүгулимийг үрчлүүлсэн гэрчилгээ олгохыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүргэгч М.Рд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар тайлбарлавал, миний хууль ёсны нөхөр Ш.Х бид хоёр сайн дурын үндсэн дээр Өлгий сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” А/40 дугаар захирамжаар миний хүү Х.Еы охин Үммүгулимийг хууль ёсоор үрчилж авсан юм. Охин Үммүгулим нь үрчилж авсан цагаас хойш одоо хүртэл миний асрамжид эрүүл саруул өсөж байна. Нөхөр болох Ш.Х нь 2019 оны 02 дугаар арын 26-ны өдөр өвчний учир нас барсан юм. Өлгий сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” А/40 дугаар захирамж нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүргэгч М.Рд бидний хууль ёсоор үрчилж авсан охин Үммүмгулимд үрчилсний гэрчилгээ олгохгүй татгалзаж байгаа явдалд гомдолтой байна.  Иймд Ш.Х, А.С нарт охин Үммүгулимийг үрчилснийг бүртгэж,  гэрчилгээ олгохыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүргэгч М.Рд даалгаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Өлгий сум хариуцсан Улсын бүртгэгчээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Өлгий сум хариуцсан улсын бүртгэгч гэсэн албан тушаалтай.  Ш.Х, А.С нарт  хүүхэд үрчлүүлсэн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” А/40 тоот захирамж гарсан нь үнэн. Захирамж гарснаас хойш нэг хоногт багтаан бүртгэл хийнэ гэсэн журамтай байгаа. Захирамж гарсан өдөр хүүхэд үрчлэгч, үрчлэн авагч талыг дуудахад, А.С ирээд “...миний нөхөр өвчтэй байгаа тул бүртгэл хийж, гэрчилгээ олгож өгнө үү...” гэсэн. Тэгэхэд үрчлэгч болон үрчлэн авагч талууд биечлэн ирэх ёстой гэсэн боловч үрчлэн авагч хоёр хүн биечлэн ирж чадаагүй учраас би бүртгэл хийж чадаагүй нь үнэн болно. Тэгээд бүртгэл хийхээс татгалзсанд гомдолтой байна гэж шүүхэд хандсан байна гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.С нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Өлгий сум хариуцсан улсын бүртгэгч М.Рд холбогдуулан “Ш.Х, А.С нарт охин Үммүмгүлимийг үрчилснийг бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаарлага гаргажээ.

Өлгий сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/40 дүгээр “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар[1]  Е.Гийг өвөг эцэг Ш.Х, эмэг эх Асбаугийн Саварбек нарт үрчлүүлэх шийдвэр гарсан нь, захирамж гарсны дараа буюу 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үрчлэн авагч эцэг Ш.Х нь  нас барсан[2] нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Хариуцагч нь шүүхэд “үрчлэлтийг бүртгэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/207 дугаар тушаалаар баталсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 12.2-т  заасан  “Хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхөд үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн аль нэгийг, эсхүл асран хамгаалах байгууллагын ажилтныг байлцуулна” гэсэн заалт зөрчигдөх ба  үрчлэн авагч эцэг, эхийг заавал биечлэн байлцуулж гарын үсэг зуруулах шаардлагатай” гэж тайлбарлан   үрчилсний гэрчилгээ олгохоос татгалзжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байна”, 55.6-д “Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана”, 55.7-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана” гэж тус тус заажээ.

Өлгий сумын Засаг даргад гаргасан   үрчлэн авагч Ш.Х, А.С  нарын хүсэлт[3], үрчлүүлэгч Х.Е, Н.С  нарын зөвшөөрөл[4] нь хүүхэд үрчлэх, үрчлүүлэхийг зохицуулсан  дээрх хуульд заасан ерөнхий нөхцөлийг хангасан  байх тул хүүхэд үрчлүүлэх тухай эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр шийдвэр  гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8-т “Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ”, Иргэний бүртгэлийн тухай хуулийн /2018 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6-д “Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш  ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/207 дугаар тушаалаар баталсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын 12.1-т “Үрчилсний бүртгэлийг хөтлөхдөө Гэр бүлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримтлах бөгөөд мөн хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрт үндэслэнэ”, 12.2-т “Хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхөд үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн аль нэгийг, эсхүл асран хамгаалах байгууллагын ажилтныг байлцуулна” гэж тус тус заажээ.

Сумын Засаг даргын шийдвэр гарах үед үрчлэн авагч Ш.Х нь амьд сэрүүн байсан, үрчлэлтийг бүртгэх үед нас барсан үйл баримт тогтоогдсон байх ба хариуцагчийн   үрчлэн авагч байхгүй үндэслэлээр Үийн үрчлэлтийг бүртгэхгүй, үрчлэлтийн гэрчилгээ олгохгүй байгаа  эс үйлдэхүй нь үрчлэлтийг бүртгэх асуудлыг зохицуулсан хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, хүүхдийн улсын бүртгэлд бүртгэгдэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж шүүхээс  дүгнэлээ.

Түүнчлэн хүүхэд үрчлэн авагч  А.Сийг  Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасан хүүхэд үрчлүүлэхийг хориглосон хүнд хамааруулах хууль зүйн үндэслэл байхгүй, хуулийн 57.1-д заасан “ ...насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн  чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой”  хүн болох нь хэрэгт авагдсан Өлгий сумын 13 дугаар багийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13/10 дугаартай тодорхойлолтоор[5] тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Е.Үийг өвөг эцэг Ш.Х,  эмэг эх А.С нарт үрчилснийг бүртгэж, гэрчилгээ олгохыг  аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Өлгий сум хариуцсан улсын бүртгэгч М.Рд даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8, шинэчилсэн найруулгатай Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Сийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ш.Х, А.С нарт  Е.Үийг үрчилснийг бүртгэж,  гэрчилгээ олгохыг  Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Өлгий сум хариуцсан улсын бүртгэгч М.Рд даалгасугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан  нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

                          ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                               З.ГҮЛБАРША

             

 

 


[1] Хэргийн 4 дүгээр хуудас

[2] Хэргийн 5 дугаар хуудас

[3] Хэргийн 3 дугаар хуудас

[4] Хэргийн 13 дугаар хуудас

[5] Хэргийн  15 дугаар хуудас