Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 791

 

 

 

 

 

 “Капитал” банкны  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/06078 дугаар шийдвэртэй

 

            Нэхэмжлэгч  “Капитал” банкны нэхэмжлэлтэй

            Хариуцагч Г.Ойдовт холбогдох

 

            10 900 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

            Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Идэрчулуун

Хариуцагч Г.Ойдов

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Санчир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

   Нэхэмжлэгч “Капитал” банкны нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  "Капитал" банкнаас Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 81 байрны 106 тоот 55.66 м2 талбай бүхий орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, Г.Ойдовоос үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд зохигчийн эвлэрлийг үндэслэн тус орон сууцны 1м2 тутмыг 1 700 000 төгрөгөөр тооцож, 94 622 000 төгрөгөөс урьдчилгаа төлбөр болох 20 000 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний дотор төлөх, ажиллагсдын орон сууцны зээлийн 355 тоот гэрээ хүчингүй болсон тул зээл, зээлийн хүүний төлбөрт төлсөн 10 122 000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт нэмж тооцуулах, урьдчилгаа төлбөрийг төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Г.Ойдовын нэр дээр шилжүүлэх, орон сууцны төлбөр болох 64 500 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 01-нд төлөхөөр тус тус эвлэрлийг баталсан. Г.Ойдовоос ажиллагсдын орон сууцны зээлийн 355 тоот гэрээний зээл, зээлийн хүүнд төлсөн 10 122 000 төгрөг болон 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөг, нийт 31 122 000 төгрөгийг төлсөн ба үүнийг урьдчилгаа төлбөрт тус тус тооцсон. Үлдэгдэл төлбөр болох 64 500 000 төгрөгийг Монголын Ипотекийн корпорацийн /МИК/ бүх шалгуур үзүүлэлт болон шаардлагыг хангаж байвал тухайн үеийн Монголын ипотекийн корпорацийн орон сууцны нөхцлөөр, хэрэв хангахгүй бол 15 жилийн хугацаатай сарын 1.3 хувийн хүүтэй орон сууцны зээлийн нөхцлөөр зээл авч нэхэмжлэгчид 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлөх ёстой байсан. Банкны зүгээс удаа дараа эвлэрлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардаж байсан боловч   хариуцагч нь 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр үлдэгдэл 64 500 000 төгрөгийг төлж дуусгасан. Иймд 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 1 жил 26 хоног буюу 13 сарын хүү 10 900 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагчийн төлөх ёстой 64 500 000 төгрөг банкинд байсан бол олох байсан ашиг, орлого гэж үзнэ. Хариуцагчийн зүгээс манай банкинд хандаж ямар нэг зээл авах тухай хүсэлтийг огт гаргаж байгаагүй, хэрэгт хариуцагч зээл хүсч байсан баримт ч байхгүй байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

Хариуцагч Г.Ойдовын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 484 тоот захирамжаар "Капитал" банк болон Г.Ойдов миний бие дараах нөхцлүүдийн талаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүнд:

1. 94 622 000 төгрөгөөр орон сууцыг худалдан авах,

  1. Өмнө зээлийн төлбөрт төлөгдсөн 10 122 000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт нэмж тооцох,
  2. Орон сууцны урьдчилгаа төлбөр болох 20 000 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх,
  3. Урьдчилгаа төлбөр төлөгдсөн тохиолдолд "Капитал" банк нь 64 500 000 төгрөгийн зээлийг тухайн үед МИК-ийн шаардлагыг бүрэн хангаж байвал МИК-ийн орон сууцны зээлийн нөхцлөөр, хангахгүй бол "Капитал" банкны орон сууцны зээлийн нөхцлөөр буюу сарын 1,3% хүүтэй 15 жилийн хугацаатайгаар Г.Ойдов надад зээл олгохоор тохирсон. Өөрөөр хэлбэл эвлэрлийн гэрээнд хугацаа хэтрүүлсэн бол хүү төлөх талаар тусгаагүй бөгөөд нөгөө талаас орон сууцны үлдэгдэл төлбөр болох 64 500 000 төгрөгийг нэхэмжлэгч "Капитал" банк нь Г.Ойдов надад орон сууцны зээл олгох замаар асуудлыг шийдвэрлэхээр харилцан тохиролцсон болно. Гэвч нэхэмжлэгч "Капитал" банк нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 484 тоот захирамжаар баталгаажуулсан эвлэрлийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй бөгөөд миний бие орон сууцны зээл авахаар удаа дараа "Капитал" банкинд очиж уулзсан боловч зээлийн санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар надад зээл олгохгүй хойшлуулж байсан. Эцэст нь миний бие "Ариг" банкнаас 64 500 000 төгрөгийг МИК-ийн нөхцлөөр буюу 30 жилийн хугацаатай сарын 0.67%, жилийн 8% хүүтэй зээлээр авч "Капитал" банкинд төлж, орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулсан. Иймд миний бие "Капитал" банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 10 900 500 төгрөг гаргуулах тухай "Капитал" банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189 358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Капитал” банк давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг тус тус үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй тул алдаатай шийдвэр болсон гэж үзэж байна. Тухайлбал:

-Шүүх " ... хариуцагчаас 64 500 000 төгрөгийг заасан хугацаанд төлөхгүй боп ямар нэг байдлаар хариуцлага хүлээх, төлбөр төлөхийг тусгаагүй байна ..." гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Капитал банк Г.Ойдовоос үлдэгдэл төлбөрийг 64 500 000 төгрөгийг 2015 оны 05 сарын 02-нд төлөхийг шаардсан.

Шүүх "... Капитал банкийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар Г.Ойдовоос олох ёстой байсан гэх 10 900 500 төгрөгийг шаардах эрхгүй...”  гэж үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байна. Мөн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон өөрчилж, хариуцагчаас 10 900 500 (арван сая есөн зуун мянга таван зуун) төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч Г.Ойдовт холбогдуулж үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үүссэн хохирлын төлбөрт 10 900 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн, шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 484 дугаар захирамжаар “Капитал банк” ХХК-ийн Г.Ойдовт холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах сөрөг нэхэмжлэлтэй хэрэгт талуудын  2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Уг эвлэрлийн гэрээгээр талууд орон сууцыг 94 622 000 төгрөгөөр тооцож худалдах, худалдан авах гэрээ байгуулах, зээл, зээлийн хүүнд төлсөн 10 122 000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт нэмж тооцуулах, нэхэмжлэгч “Капитал” банк нь Монголын Ипотекийн корпорацийн бүх шалгуур үзүүлэлт болон шаардлагыг хангаж байвал тухайн үеийн МИК-ийн орон сууцны зээлийн нөхцлөөр, хэрэв хангахгүй бол 15 жилийн хугацаатай сарын 1.3 хувийн хүүтэй Капитал банкны орон сууцны зээлийн нөхцлөөр Г.Ойдовт зээл олгох, хариуцагч Г.Ойдов нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 64 500 000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 01-ний дотор багтаан төлөх үүргийг тус тус хүлээсэн ба энэ үйл баримтад маргаагүй.

 

Хариуцагч Г.Ойдов дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Ариг” банкнаас 64 500 000 төгрөгийг Монголын Ипотекийн корпорацийн нөхцлөөр буюу 30 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлдэн авч, уг мөнгийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч “Капитал” банкны дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, тэрээр гэрээний хугацаа хэтрүүлсэн үндэслэлээ “нэхэмжлэгч “Капитал” банк зээлийн санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар зээл олгоогүй” гэж тайлбарласныг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч тал Монголын Ипотекийн корпорацийн эсхүл өөрийн банкны орон сууцны зээлийн нөхцлөөр Г.Ойдовт зээл олгох үүргээ биелүүлээгүй байх ба “хариуцагч Г.Ойдовын ирүүлсэн материал зээлийн шаардлага хангаагүй, зээл авах тухай хүсэлт гаргаагүй” гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул хариуцагч гэрээний үүргээ зөрчихөд нэхэмжлэгчийн гэм буруу нөлөөлсөн гэж үзэв.

Шүүх нэхэмжлэгч “Капитал” банкийг  Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс учирсан хохирлын төлбөр 10 900 500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзсэн нь хуульд нийцжээ.

 

Нөгөө талаар хариуцагчийн үүрэг гүйцэтгэх гэрээгээр тогтоосон хугацаа хэтэрмэгц, нэхэмжлэгч Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 484 дугаар шүүгчийн захирамжийн 3 дахь хэсэгт “...энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх”-ээр заасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлж өөрийгөө алдагдлаас сэргийлэх боломжтой байсан байна.

 

 Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/06078 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189 358 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                                            

                                                 ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

                

                                                                                                       А.МӨНХЗУЛ