Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 20

 

    Ч.Н, Т.Б  нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, ерөнхий шүүгч  Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

  Шүүх хуралдаанд:

  Нарийн бичгийн дарга                           Г.Должинсүрэн

  Прокурор                                                С.Алтай   

  Шүүгдэгч нарын өмгөөлөгч                   Г.Цэрэндолгор

  Шүүгдэгч                                                 Ч.Н нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ч.Н, Т.Б нарт холбогдох эрүүгийн 1821000000053 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ч овогт Ч.Н, 1996 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,  эх, ах,  дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн тоотод оршин суух, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ялаа бүрэн эдэлж дууссан.  

Шүүгдэгч Б овогт Т.Б, 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын ... тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, сэтгэцийн хөгжлийн эмгэг өвчин, оюун ухааны хөнгөн хомсдолтой, уг өвчний улмаас 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай.

Ч.Н, Т.Б нар нь 2018 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг “Т т” хүнсний дэлгүүрийн гадна Б.Уг шинэ тамхи өгөлгүй татаж байсан тамхиа өглөө гэх шалтгаанаар бүлэглэн зодож хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай шүүгдэгч Ч.Н, Т.Б нарыг “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх  хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор:

1/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н, Т.Б нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож;

2/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нг нэг жил хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж;

3/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож;

4/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Т.Бт анхааруулан;

5/Шүүгдэгч Т.Бт хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган;

6/Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдан;

7/Бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ч.Нын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэн, Т.Бн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр зааж;

8/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ч.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нар  хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “Ч.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 , мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг харгалзан тэнсэж өгнө үү”гэжээ.

Прокурор С.Алтай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Н нь ял шийтгэл эдэлснээс хойш 2 сарын дараа дахин гэмт хэрэгт холбогдсон нь түүний хувийн байдлыг харуулж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ч.Н хэдийгээр өмнө нь ял шийтгүүлсэн боловч ялаа эдэлж дууссан тул ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар   тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

            Шүүгдэгч Ч.Н, Т.Б нар нь бүлэглэн  2018 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Тэгш Тал” хүнсний дэлгүүрийн гадна хохирогч Б.Уыг “тамхины акурк өглөө” гэх шалтгаанаар зодож, түүний биед тархины доргилт, нүүрний болон толгойн үстэй хэсэг, зүүн бөөрний хэсгийн зөөлөн эдийн няцрал, духны болон хоёр гарын сарвуу хэсгийн зөөлөн эдийн зулгарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

1. Хохирогч Б.Уын “...дэлгүүрийн гадаа такси хүлээгээд тамхи татаад сууж байсан чинь хоёр залуу ирээд тамхиа өгчих гэхээр нь татаж байсан тамхиа өгөөд, дахин нэг тамхи гаргаж асаагаад өөрөө татсан чинь тэр хоёр залуу намайг тамхитай байж акурка өглөө гээд өшиглөж унагаагаад хоёр талаас балбаж зодсон. Нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн ирж салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/;  

2. Гэрч Ц.Х, Б.Г, О.О нарын “...Г, Б, Н, О, Х бид нар караокенаас гараад Хг хүргэж өгөхөөр явсан. Айлын гадаа олуулаа очоод яахав гээд Б, Н хоёр гудамжны үзүүрийн хүнсний дэлгүүрийн гадна хүлээж үлдээд Г, О хоёр Хыг гэр рүү нь оруулж өгөхөөр явсан. Бид гурвыг Хны гэрийн үүдэнд очиход хойно Н, Бг хоёр хүнтэй муудах чимээ гарахаар нь очиход тэр хоёр нэг ахтай маргалдаад барьцалдаад байж байсан. Н тэр хүнийг унагааж тэр хоёр өшиглөсөн. Бид гурав очиж салгаж болиулсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/;

3. Шүүгдэгч Ч.Нн   “...тэр ах тамхи татаж байхаар нь ахаа тамхиа өгчих гэж гуйсан чинь татаж байсан тамхиа өгсөн. Тэгээд өөрөө дахин тамхи гаргаж ирээд татахаар нь Бг чи тэр ахаас тамхи гуйчихаач гэсэн чинь тэр ах өөрөө зодоод ав гэсэн. Тэгээд тэр ахтай маргалдаад би тэр ахыг цохисон чинь ойчоод өгсөн. Унасан хойно нь толгой руу нь нэг удаа бөөр рүү нь хоёр удаа өшиглөсөн. Хажуу талаас Б ороод өшиглөж байсан. Г, Х, О нар ирж салгасан. Б бид хоёрыг цаанаа байж бай гэхээр нь хашааны үзүүрт хүлээж байсан чинь Г утсаар  залгаад энэ ахтай учраа ол гэсэн. Тэгэхээр нь Б бид хоёр нөгөө ахын гэр рүү нь ороход эхнэр нь гурван хүүхдийн хамт, мөн Г, О нар хамт байсан. Тэгээд тэр ахын эхнэр утсаараа цагдаа дуудаж байхаар нь би гараад зугтаачихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/;

4. Шүүгдэгч Т.Бийн “...Н бид хоёрыг дэлгүүрийн гадаа үлдээгээд бусад нь Хишигсайханыг хүргэж өгөх гээд явсан. Бид хоёр дэлгүүрийн урд тамхи татаад сууж байсан ахаас тамхи гуйсан. Тэгсэн тэр ах татаж байсан тамхиа өгсөн. Тэгэхээр нь, ахаа шинэ тамхи өгчих гэсэн чинь, — хуц, чаддаг юм бол зодоод ав гэсэн. Тэгээд тэр ахтай маргалдаад зодолдсон. Тэр ах бид хоёрыг цохиж чадаагүй. Би тэр ахыг хоёр удаа өшиглөсөн. Н толгой руу нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 110/;

5. Шинжээч А.Болор-Эрдэнийн “Б.Уын биед тархи доргилт, нүүрний болон толгойн үстэй хэсэг, зүүн бөөрний хэсгийн зөөлөн эдийн няцралт, духны болон хоёр гарын сарвуу хэсгийн зөөлөн эдийн зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 34/ зэрэг нотлох баримтууд болно.

            Хэргийг зөв зүйлчилсэн ба анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын давж заалдах гомдолд дурдсан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан” гэх үндэслэлүүдээр анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх буюу ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Шүүхийн шийдвэрт нөлөөлсөн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн  1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ч.Нын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 45 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДОЛГОРМАА                         

                             ШҮҮГЧИД                                                   С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                                Л.НАРАНБАЯР