Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 221/MA2023/0006

 

 

 

 

 

 

 

 

 

 

“О” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М

Хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “О” ХХК-ийн татварын өрийг өршөөлд хамруулахыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 34 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 119/2022/0030/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “О” ХХК-иас Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан “Татварын өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “О” ХХК-ийн татварын өрийг өршөөлд хамруулахыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 34 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хууль/Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 28 дугаар зүйлийн 28.1, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Татварын өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “О” ХХК-ийн татварын өрийг өршөөлд хамруулахыг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Манай компани 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татвар 1 911 172 700 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 84 475 700 төгрөг, суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татвараар 999 700 төгрөг, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татвар 1 904 600 төгрөг, нийт 1 998 552 700 төгрөгийн татварын өртэй байсан.

Тухайн татварын өр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны агуу хариуцлага болон албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлд хамаарна гэж үндэслэлээ тайлбарласан.

Орхон аймгийн 14 дүгээр шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсаны дагуу дээрх 1 998 552 700 төгрөгийн албан татварын өрийг Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамж гарсан.

Тодруулбал, шүүгчийн захирамж нь “О” ХХК-ийн албан татварын өрийг бүхэлд нь илэрхий болгон хүлээн зөвшөөрч, сайн дураараа хэсэгчлэн төлөхөө илэрхийлсэн “Эвлэрлийн гэрээ”-г баталсан байдаг.

2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ..., татварын болон ... нөхөн мэдүүлсэн, ... хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуулийн зорилтыг тодорхойлжээ.

Мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын хууль болон ..., Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ”, 3.1-д “сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс /2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр/ эхлэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусна” гэжээ.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд ..., мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ... хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн мэдээлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, ... хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” энэ заалтын “Доор дурдсан хуульд хуульд заасан бүртгэл” гэдэгт хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль” гэж тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч “О” ХХК 2014 оны байдлаарх илтгээгүй байсан татварын мэдээллээ хуульд заасны дагуу татварын байгууллагад мэдүүлсний дагуу эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд энэ нь цаг хугацааны хувьд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 05 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ... мэдүүлсэн...” гэж заасан хамаарч байгаа болно.

Түүнчлэн ямар нэгэн байгууллагын шалгалтаар тухайн татвар илрээгүй бөгөөд “сайн дурын үндсэн дээр татвараа төлөхөө илэрхийлсэн” болох нь иргэний хэргийн шүүхэд зохигчид эвлэрлийн гэрээ байгуулснаас тодорхой харагдаж байна.

Гэтэл шүүхээс үүнийг үндэслэх хэсгийн 4.11-д “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон” гэж буруу дүгнэсэн. Учир нь энэ тохиолдолд нэхэмжлэгчийг татвар төлөх, холбогдох хуулийг зөрчсөн асуудлаар дүгнэсэн татварын акт гараагүй байсан.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.9-д “татвар төлөгч өөрөө тодорхойлж, тайлагнасан” болохыг дүгнэсэн атлаа хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Иймд дээрх албан татварыг өрийг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамааруулан нэг удаа чөлөөлөх үндэслэл бүрдсэн гэж үзэж байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.3-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх мөрдөн байцаах, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна” гэж заасны дагуу Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар захирамжтай /шүүхийн шийдвэртэй/ “О” ХХК-ийн нийт 1 998 552 700 төгрөгийн татварын өрийг өршөөлд хамруулахаар байна.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөлд үзүүлэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр шүүхийн шийдвэртэй эсэхээс үл хамааран хувь хүн, хуулийн этгээдийн төлөгдөөгүй татварыг нэг удаа чөлөөлсөн байгаа тул тэгш байдлыг хангах нь хуулийн зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.5, 4.6-д эс үйлдэхүй тогтоогдохгүй бөгөөд татгалзсан шийдвэр нь захиргааны акт байна гэж дүгнэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд тухайн хуулийн дагуу шийдвэр гаргаагүй, эсвэл тухайн шийдвэрийг гаргахаас татгалзсан нь шүүхэд ижил үр дагавартайгаар шийдвэрлэгдэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “О” ХХК-иас “Татварын өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “О” ХХК-ийн татварын өрийг өршөөлд хамруулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргажээ.

2.2. Анхан шатны шүүх “... “О” ХХК-ийн 1 998 552 700 төгрөгийн татварын өр нь татвар төлөгч өөрөө тодорхойлж, тайлагнасан албан татвар байх бөгөөд ... хуулийн үйлчлэлийн хүрээнд өөрөө сайн дураар ил болгож мэдээлсэн гэх үндэслэл байхгүй тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалан татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж зааснаар татар төлөх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

2.3. Нэхэмжлэгч “О” ХХК-иас дээрх 1 998 552 700 төгрөгийн татварын өрийг өршөөлд хамруулах тухай хүсэлтийг гаргасны дагуу Орхон аймгийн Татварын хэлтсээс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/161 дүгээр албан бичгээр “...тус компанийн үүсгэсэн албан татварын өрийг чөлөөлөх, өршөөлийн тухай хуулийн холбогдох заалтад хамруулах хууль зүйн үндэслэлгүй” гэх татгалзсан хариуг өгсөн бөгөөд хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “О” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Нэмэгдсэн өртгийн албан татвар 1 911 172 700 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 84 475 700 төгрөг, суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татвараар 999 700 төгрөг, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татвар 1 904 600 төгрөг, нийт 1 998 552 700 төгрөгийн төлөгдөөгүй татварын өртэй байсан бөгөөд Орхон аймгийн Татварын хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “хугацаандаа төлөгдөөгүй 1 998 552 700 төгрөгийг төлүүлэх”-ээр Сум дундын 14 дүгээр шүүхэд хандаж, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 115 дугаар эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

2.5. Уг эвлэрлийн гэрээгээр “2014 онд багтаан 200 сая төгрөг, 2015 оны 1, 2 дугаар улиралд 200 сая төгрөг, 2015 оны 3 дугаар улиралд үлдэгдлийг сар бүр тэнцүү дүнгээр төлөхөөр” тохиролцсон байх бөгөөд Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 104 дүгээр захирамжаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогч нарын хэн аль нь маргаагүй хэдий ч нэхэмжлэгч компаниас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар татвар төлөгч нь “татвараа үнэн зөв мэдээлсэн”, “татвар төлөхөө илэрхийлсэн”, Эвлэрлийн гэрээ байгуулсан зэргээс үзвэл манай компанийн 1 998 552 700 төгрөгийн албан татварыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулан нэг удаа чөлөөлөх үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргаж буйг хүлээн авах боломжгүй.

2.6. Учир нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 2 дугаар зүйлийн 2.1-д “Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч “О” ХХК-иас дээрх хуульд заасны дагуу сайн дурын үндсэн шинээр тайлагнасан үйл баримт тогтоогдсонгүй.

2.7. Түүнчлэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3.-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан бол шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээн хүн хамаарна” гэж тус тус зохицуулжээ.

2.8. Өөрөөр хэлбэл, өршөөн хэлтрүүлэх дээрх хуулийн зохицуулалт нь зөвхөн зөрчил гаргаж, шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээдэд хамаарахаар байна.

 

2.9. Тодруулбал, татварын албанаас нэхэмжлэгч хуулийн этгээдэд аливаа хэлбэрээр шийтгэл оногдуулсан зүйл байхгүй байгаа энэ тохиолдолд түүнийг өршөөлд хамруулах хууль зүйн үндэслэлгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН