| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0057/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/069 |
| Огноо | 2021-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/069
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Б.Бат-Оргил
Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа
Шүүгдэгч Д.Ц , түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ц д холбогдох эрүүгийн 2114000000047 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Д.Ц нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн орчимд архидан согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-6-44 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу эхнэр Х.Д гийн толгойн үснээс нь зулгааж, гараараа хэвлий хэсэг рүү цохиж, хөл рүү өшиглөж зодон эрүүл мэндэд нь баруун бөөрний доргилт, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Хохирогч Х.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зах гарчихаад гэртээ иртэл Д.Ц архи уучихсан байсан. Би айгаад унт унт гэтэл янхан банзал минь намайг унтуулж яах гээд байгаа гээд гаднаас охин ******* орж ирээд архи уулаа гэтэл охиныг янз бүрээр золбин шээс чамайг нөжийг чинь идүүлнэ гээд охиныг цохих гэхээр нь би урдуур нь ортол охин гэрээс гараад явсан. Д.Ц араас нь гараад эргэж охин орж ирээд байж байтал 5-10 минутын дараа Д.Ц орж ирээд чамайг яасан их золбингууд өмөөрдөг гээд босож ирээд дахин охин руу дайрахад гэрээсээ гараад гүйсэн. Намайг зурагт асаах гэж байхад араас хөл рүү өшиглөсөн эргээд хартал миний ард зогсож байснаа 2 настай охиныг зүүн талын орон дээр шидсэн эхлээд томчуудыг нь алчихаад дараа нь багачуудыг нь алчихаад өөрийгөө егүүтгэнэ гээд байхаар нь би одоо болиоч гэхэд яасан их том дуугардаг янхан, гичий минь гэж хэлээд миний толгойн үснээс зулгаасан гарнаас нь бариад автал нэг гараараа элэгдсэн тэр үед нь би гэрийн баруун талын орны толгой хэсгийн ханыг мөргөөд унахад дахин намайг 2 удаа гараараа элэгдээд дахин хүйсний доод хэсэг рүү гараа зангидаж цохьсон. Дараа нь намайг өшиглөх гэж байгаад орны толгойн хөлөнд тээглээд хойшоо саваад ойчсон. Би бостол баруун талын өвдөгний доод шилбэ хэсэг рүү 1 удаа өшиглөсөн би эвхрээд шалан дээр унахад далайгаад дээрээс дэвсэх гэтэл манай 7 настай банди чарлаад Д.Ц гийн хөлнөөс зуурсан. Тэгтэл хүүхдийг мөрнөөс нь аваад ширээний хэсэг рүү түлхсэн,...Одоо миний нуруу, элэг, баруун хөл өвдөөд гишгэж болохгүй, мөн шээж чадахгүй гуурсаар шээсээ гадагшлуулж байна, хэвлий, хүйсний хэсэг рүү цохиж зодсон. Цээж их өвдөлттэй байна...Гэрт байхдаа өмнө нь хутга, заазуур зэргийг хайгаад байхаар нь би нуусан байсан. Д.Ц нь архи уучихаараа байнга агсам тавиад дандаа толгой руу гараараа цохино эсвэл хутга, заазуур бариад дайраад өөрийнхөө гараараа албаар надад хутга бариулчихаад өөр рүүгээ тулгаад байдаг. Мөн толгой руу хүйтэн ус шанагаар хутгаад асгаад гэр рүү гаднаас том том чулуу нүүлгэх зэргээр авирлаад гэрт байгаа хоолны халуун сав зэргийг авч яваад зараад архи аваад уучихдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16, 17-18/
Насанд хүрээгүй гэрч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн
...ээж бид хоёр 17 цагийн үед гэртээ ирэхэд аав Д.Ц архи уусан байхаар нь би та архи уухгүй гээд байсан яасан гэтэл намайг хэл амаар доромжлоод байсан ээж урдуур орж ирээд одоо боль битгий давраад байгаарай гэж хэлтэл ээжийг гэрийн зүүн талын ор руу түлхэж унагаагаад хөл рүү нь өшиглөөд авсан. Тэгэхэд нь би гэрээс гарч гүйгээд цагдаад дуудлага өгчихөөд эргээд гэртээ орох гэхэд гэрийн хаалгыг дотроос нь түгжсэн манай бага 2 дүү уйлаад ээж гэр дотроос авраарай гээд орилоод байсан. Би хаалга нүдэхэд гэрийн хаалга аав Д.Ц онгойлгоход ээж гэрийн баруун талын модон орны доор шалан дээр хэвтсэн босоод алхаж чадахгүй орон дээр сууж байгаа харагдсан. Тэгээд ээжийг эмнэлэгт авч ирээд үзүүлээд асуухад аав ээжийн хэвлий хэсэг рүү гараа зангидаж байгаад хэд хэд элэгдсэн, үснээс нь зулгаагаад толгой руу нь алгадсан дээрээс нь дэвсэх гэж байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,
Насанд хүрээгүй гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
...Ээж, эгч хоёр гэрээс гараад оройхон гэртээ ирсэн. Би дүү *******, аав Д.Ц гийн хамт гэртээ үлдсэн. Гэрт байхад аав ганцаараа архи уугаад байсан Д.*******ыг өнчин хүүхэд чамайг алчихна гээд гараа далайсан. Тэгтэл ээж эгчийн урдуур ороод аавыг түлхсэн эгч гэрээс гараад зугтаасан. Аав араас нь гараад чулуу шидсэн аав гэрийнхээ хаалгыг дотроосоо түгжээд ээжийн гэдэс рүү гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд ээжийг өшиглөх гэсэн тэгтэл орны мод хөлд нь тээглээд аав ойчсон. Тэгээд босож ирээд хөлөөрөө ээжийн бөөр лүү өшиглөөд, нүүр рүү нь цохих гэж байгаад болиод гэдэс рүү нь цохиод байсан. Ээжийн амыг аав таглаад байхаар нь би гараараа аавынхаа нурууны доод руу цохитол аав үснээс зулгаагаад хүзүүнээс чимхээд зурагт руу түлхсэн. Аав эгч *******ыг г муухай үгээр хэлээд байсан. Тэгсэн ээж эгчийг өмөөрсөн тэгээд аав ээжийг зодоод байсан... гэх мэдүүлэг /хах-ийн 26-27 /,
Шинжээч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Х.Д гийн биед учирсан баруун бөөрний доргилт, баруун шилбэний зулгаралт гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд өөрөөр хэлбэл нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой тул гэмтлийн зэргийг ялган тогтоох боломжгүй бүрдэл байдлаар нэгтгэж гэмтлийн зэргийг тогтооно гэж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан байдаг тул гэмтлийн зэргийг нэгтгэн дүгнэж биед нь хөнгөн гэмтэл учирсан гэж дүгнэсэн. Хохирогч Х.Д гийн биед баруун бөөрний доргилт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар буюу 4 долоо хоногоос доош хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж үзсэн. Дүгнэлтийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон мөн өдрийн гэмтлийн тасгийн 1208 тоот өвчний түүхийг үндэслэн гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,
Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаар шинжээчийн
1.Х.Д гийн биед баруун бөөрний доргилт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /ххх-ийн 46-47/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 02-05/,Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 61-63/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/, 2000 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар / хх-ийн 78-79/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 364 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 80-84/, эмчлүүлэгчийн карт / хх-ийн 86-97/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 99/, , иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 100/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 101/, депозит дансны хуулгууд /хх-ийн 103-106/, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн хувийн хэрэг / хх-ийн 136-145/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Ц нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн орчимд архидан согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-6- 44 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу эхнэр Х.Д гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч Х.Д гийн ... намайг хөл рүү өшиглөсөн, миний толгойтой үснээс зулгааж нэг гараараа элэгдсэн, дахин намайг 2 удаа гараараа элэгдээд дахин хүйсний доод хэсэг рүү гараа зангидаж цохьсон, би бостол баруун талын өвдөгний доод шилбэ хэсэг рүү 1 удаа өшиглөсөн би эвхрээд шалан дээр унахад далайгаад дээрээс дэвсэх гэтэл манай 7 настай банди Д.Ц гийн хөлнөөс зуурсан хүүхдийг мөрнөөс нь аваад ширээний хэсэг рүү түлхсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16, 17-18/,
Насанд хүрээгүй гэрч Д.*******ын... ээжийг гэрийн зүүн талын ор руу түлхэж унагаад хөл рүү нь өшиглөсөн,...ээж гэрийн баруун талын модон орны доор шалан дээр хэвтсэн байж байгаад босоод алхаж чадахгүй орон дээр сууж байгаа харагдсан,...аав ээжийн хэвлий хэсэг рүү гараа зангидаж байгаад хэд хэд элэгдсэн үснээс нь зулгаагаад толгой руу нь алгадсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,
Насанд хүрээгүй гэрч *******гийн...аав гэрийн хаалгыг дотроосоо түгжээд ээжийн гэдэс рүү гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа цохьсон, хөлөөрөө ээжийн бөөр лүү өшиглөөд, нүүр рүү нь цохих гэж байгаад болиод гэдэс рүү нь цохиод байсан,....би гараараа аавынхаа нурууны доод руу цохитол аав үснээс зулгаагаад хүзүүнээс чимхээд зурагт руу түлхсэн. ...гэх мэдүүлэг /хах-ийн 26-27 /
Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаартай...Х.Д гийн биед баруун бөөрний доргилт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47/, зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.Ц нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон өдөр хохирогч Х.Д , шүүгдэгч Д.Ц нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийн толгойн үснээс нь зулгааж, гараараа хэвлий хэсэг рүү цохиж, хөл рүү өшиглөж зодсон нь үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч Д.Ц нь хохирогч Х.Д гийн толгойн үснээс нь зулгааж, гараараа хэвлий хэсэг рүү цохиж, хөл рүү өшиглөж зодсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... биед баруун бөөрний доргилт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 46-47/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт ...Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно ...гэж заажээ.
Шүүгдэгч Д.Ц , хохирогч Х.Д нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.
Иймд Д.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.
Шүүгдэгч Д.Ц д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан ...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн... эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Д.Ц нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №364 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.
Гэтэл шүүгдэгч Д.Ц нь дээрхи тэнссэн хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Д.Ц д хоёр мянга долоон зуун төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, хохирогчийн өмгөөлөгч торгох ялыг оногдуулах боломжгүй дүгнэлтыг тус тус гаргаж оролцсон болно.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт санал болгосон шүүгдэгчид торгох ялыг сонгож оногдуулах нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирохгүй, түүнчлэн шүүгдэгч хувьд ноогдох хөрөнгөгүй, тогтмол орлогогүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ба шүүхэс оногдуулах торгуулийн ял биелэгдэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн болохыг дурдаж байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэв.
Тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн №194 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч Д.Ц д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байх тул 2021 оны 03 дугаар сарын 14-нөөс 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 3 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцлоо.
Шүүгдэгч Д.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Х.Д 100000 төгрөг төлсөн, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол буюу гэмтлийн улмаас Аймгийн Нэгдсэн эмнэлэгт төлбөрт үйлчилээ авсан төлбөрийн баримтыг хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгтгаргаж өгсөн байх тул шүүгдэгч Д.Ц гаас 400,000 төгрөг гаргуулж, хохирогч Х.Д д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин хохирогч Х.Д цаашид эмчилгээ хийлгэсэн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалаж, шүүгдэгч Д.Ц гийн эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Д.Ц гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Ц д 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Д.Ц д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Ц д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д заасныг журамлан мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, 90 хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 90 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай:
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ц гийн 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 3 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Д.Ц д оногдуулсан 1 жил 90 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Ц гаас 400000 төгрөг гаргуулж, хохирогч Х.Д д олгсугай.
9. Хохирогч Х.Д цаашид эмчилгээ хийлгэсэн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Шүүгдэгч Д.Ц гийн эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
12. Шүүгдэгч Д.Ц д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ц д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА