Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/062

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Улсын яллагч: Э.Гантулга

Шүүгдэгч Ц.Е нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Е холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000052 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн,  ******* *******ийн *******, ******* регистрийн дугаартай.

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Е нь Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 02 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Б.Г тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар Б.Г ийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 Шүүгдэгч Ц.Е ын мөрдөн байцаалтад өгсөн

...2021 оны 02 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Б.Г ийн гэрт очоод хэрүүл маргаан хийж нүүр хэсэг рүү нь гараа зангидаж байгаад
Б.Г ийг 1 удаа цохитол хөмсөг нь зулгарч цус гарсан байсан. Би хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 62-64/,
         

Хохирогч Б.Г ийн  мөрдөн байцаалтанд өгсөн

...2021 оны 02 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр багт байх гэртээ унтаж байхад 1 дүгээр багийн малчин Ц.Е нь танайд очлоо архи дарс бэлдээд байж байгаараа гэж утсаар ярьсан. Тэгээд удалгүй хүнээр машинаа бариулаад манайд ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь чихний нь ар тал руу нь 2 удаа цохиод хүүхэд айлгачихлаа гар гэхэд надтай зууралдаад гадаа гарсан. Тэгээд гадаа гараад миний баруун нүдний дээд талд гараараа цохиж хөмсөгний дээд талаас цус гарсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 16-19 /,         

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

...2021 оны 02 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө нөхөр хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр багт байх гэртээ унтаж байхад манай нөхөр 1 дүгээр багийн малчин Ц.Е ирэх гэж байна гэнэ гээд таваг бэлдээд байж байтал Ц.Е , ******* нар ирсэн. Тэгээд мэнд мэдэлцэж байж байгаад манай нөхөр болон Ц.Е нар хоорондоо хэрүүл маргаан хийж барилцаж аваад хүүхдүүд унтаж байсан орон дээр унаад хүүхдүүд сэрээд уйлахаар нь би гэрээс гарцгаа гээд гаргасан. Тэгээд гадаа гараад манай нөхрийн хөмсгийг цохиж гэмтээсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27/

Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн

...2021 оны 02 дугаар сарын 01-ний шөнө Ц.Е нь архи уучихаад машин барьж Б.Г ийнд очно гэхээр нь би согтуу хүн машин барьж болохгүй би хүргэж өгье гээд машиныг нь унаад Ц.Ерөөлт-Очрын хамт Б.Г ийнд очсон. Тэгээд тэд хоорондоо мэнд мэдэлцэж байгаад хэрүүл маргаан хийгээд барилцаж аваад гэрээс гарсан. Гадаа гараад маргалдаж байгаад Б.Г  мод аваад Ц.Е ыг цохисон. Ц.Е нь Б.Г ийг гараараа цохисон. Би тэр  хоёрыг салгах үед Б.Г ийг хөмсөг нь задарсан байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 30-32 /,      

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 сарын 04-ний өдрийн 81 дугаартай

1.Б.Г ийн биед духанд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт / хх-ийн  48-49/,     

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02/, эвлэрлийн гэрээ / хх-ийн 03/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол / хх-ийн 05/, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл / хх-ийн 07-10/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 56-57/, депозит дансны хуулгууд /хх-ийн 66-70/,  эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 72/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 73/,иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Е нь Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 02 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Б.Г тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар Б.Г ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Ц.Е ын...шөнө Б.Г ийн гэрт очоод хэрүүл маргаан хийж нүүр хэсэг рүү нь гараа зангидаж байгаад Б.Г ийг 1 удаа цохитол хөмсөг нь зулгарч цус гарсан байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 62-64/,

Хохирогч Б.Г ийн... гадаа гараад миний баруун нүдний дээд талд гараараа цохиж хөмсөгний дээд талаас цус гарсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 16-19 /

Гэрч *******гийн... гадаа гараад манай нөхрийн хөмсгийг цохиж гэмтээсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27/,

Гэрч *******ийн...Б. Гансүхийн хөмсөг нь задарсан байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 30-32 /,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 сарын 04-ний өдрийн 81 дугаартай шинжээчийн...Б.Г ийн биед духанд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт / хх-ийн  48-49/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Е Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ц.Е ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.                

Хэрэг учрал болсон хохирогч Ц.Е , шүүгдэгч Б.Г  нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийн түүний нүүрэн тус газарт гараараа цохисон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.Е нь хохирогч Б.Г ийн нүүрэн тус газарт гараараа цохьсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... духанд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 48-49/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.Е нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Е нь анх удаа хөнгөн гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Хохирогч Б.Г  нь Ц.Е ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хохирогч хохирол нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Е нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ц.Е нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан, түүний хувийн байдал, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой буюу шүүгдэгч Ц.Е нь ХААН банкны Баянхонгор аймаг дахь салбар ******* тоот дансыг эзэмшдэг бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 03-ны байдлаар 1.464.616,23 төгрөгийг үлдэгдэлтэй байх бөгөөд шүүхээс оногдуулсан торгуулийн ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, шүүгдэгчийн мэдүүлэг зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Е торгох ял оногдуулж, уг  торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Ц.Е ын эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Ц.Е буцаан олгож, шүүгдэгч Ц.Е нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Ц.Е нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4,   36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  овогт Ц.Е ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Е ыг  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Е  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Ц.Е нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ц.Е ын эзэмшлийн “...гар утас..”-ыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Ц.Е буцаан олгосугай,

6. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Е хэрэглэсэн  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА