Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
Хэргийн индекс | 101/2017/00028/и |
Дугаар | 1401 |
Огноо | 2017-04-21 |
Маргааны төрөл | Даатгал, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 1401
2017 оны 04-р сарын 21-ны өдөр Дугаар 101/ШШ2017/01401 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
* иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: * дүүрэг, * хороо, *хороолол,* хаягт байрлах * дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, өөрийн байранд байрлах “Э” ХХК-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 7 934 070.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагч “Э” ХХК-ийг төлөөлж, Гүйцэтгэх захирал З.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч * Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 5 289 380.36 төгрөгийн шимтгэл, 2 644 690.18 төгрөгийн алданги нийт 7 934 070.54 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлөхгүй өр авлага үүсгэсэн.
“Э” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ зөрчиж байгаа тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.4, 26.1.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн шүүхэд шилжүүлж байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Э” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал З.Г шүүхэд гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Манай компани барилгын засвар үйлчилгээ эрхэлдэг бөгөөд энэ нь улирлын чанартай жилийн бүх хугацаанд үйл ажиллагаа эрхэлж чаддаггүйгээс гадна 2015, 2016 онуудад бараг ажил хийж чадсангүй. Энэ нь улс орны эдийн засгийн хямралтай холбоотой барилгын байгууллагууд зогсонги байдалтай байгаа юм.
Захирал З.Г би 55 настай, тэтгэврийн нас ойртож байгаа тул эрүүл мэнд, нийгмийн даатгалаа тасалдуулахгүйн үүднээс хүү Г.Тэмүүлэн, инженер П.Ихбаяр нарын ажлын байрыг хадгалах, мөн банк санхүүгийн байгууллагаас зээл тусламж авах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс манайх үйл ажиллагаа явуулаагүй ч гэсэн хүмүүсийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалыг тайландаа тусгаж, төлөлт хийхээр ажиллаж байна. Манайх төлж чадах учраас тайландаа тусгадаг болно.
Энэ хуримтлагдсан эрүүл мэнд, нийгмийн даатгалын өрийг энэ 2017 ондоо багтааж төлөлт хийх зорилготой байна. Улс орны эдийн засгийн хямрал болон барилгын байгууллагуудын нөхцөл байдлыг харгалзан үзэж хүү, алданги тооцохгүйгээр үндсэн тайланд тусгасан байдлаар өрийг төлүүлнэ үү гэжээ.
Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч * Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл, алданги болох нийт 7 934 070.54 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь шимтгэл болох 5 289 380.36 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, алданги болох 2 644 690.17 төгрөгийг төлөх боломжгүй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч “Э” ХХК нь * Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй байх бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар шимтгэлийн үлдэгдэл 5 289 380.36 төгрөг байгаа нь тус компанийн 2016 оны 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангуудаар /х.х-ийн 3-13 дахь талд/ тогтоогдож байна.
Хариуцагч шимтгэлийн дүн болон 5 289 380.36 төгрөгийн шаардлагын хувьд маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.
Харин алдангид тооцсон 2 644 690.17 төгрөгийн шаардлагын хувьд, тооцоолсон үнийн дүнгийн талаар маргаагүй боловч төлөх боломжгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д, “Хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” буюу шимтгэл төлөх талаар дурдсан үүргийг ажил олгогч болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь хүлээнэ гэж зохицуулжээ.
Түүнчлэн хариуцагч “Э” ХХК-ийн хувьд, хуульд зааснаар төлбөл зохих шимтгэлийг төлөх үүрэг дуусгавар болсон, бусдад шилжигдсэн болон үүргийг түдгэлзүүлсэн үндэслэл Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч * Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь шимтгэл болох 5 289 380.36 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-аас шаардах эрхтэй, хариуцагч хуульд заасан үндэслэлээр төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь шимтгэлд 50 хувиар алданги тооцон 2 644 690 төгрөгийг шаардсан байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт, “Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ:...” гэж, мөн хуулийн 20.1.2 дахь хэсэгт, “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.” гэж тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч хуульд заасан үндэслэлээр алданги тооцон шаардсан нь үндэслэлтэй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл, хуульд заасан алдангийн хариуцлага хүлээх үүргээс хөнгөрүүлэх болон чөлөөлөх үндэслэлийг тус хуулиар зохицуулаагүй байна.
Иймд хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан шаардсан 7 934 070 төгрөгийг хуульд зааснаар гаргуулах нь зүйтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-аас 7 934 070 төгрөгийг гаргуулан * Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.
2. Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-аас 141 895 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.АМАРЖАРГАЛАН