Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.С-д холбогдох 2116000000028 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, Б овгийн Д-н С.

Шүүгдэгч Д.С  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 0-0 тоот хашаанд оршин суух П.Н-н гэрт 10 жилийн сургууль төгссөнөөс хойш холбоо бариагүй гэж архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Б.Ч-тэй маргалдан түүний зүүн дал, эгэмний дээд хэсэгт хутгаар хатгаж зүүн далны дээд, зүүн эгэмний дээд хэсэгт шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.С-н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 0-0 тоот хашаанд оршин суух П.Н-н гэрт 10 жилийн сургууль төгссөнөөс хойш холбоо бариагүй гэж архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Б.Ч-тэй маргалдан түүний зүүн дал, эгэмний дээд хэсэгт хутгаар хатгаж зүүн далны дээд, зүүн эгэмний дээд хэсэгт шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.С гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Д.С-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... Би тэр өдөр багын найз Б.Ч-тэй уулзаж 2 пиво уусан. Пиво уугаад байж байсан чинь манай эхнэр намайг хойно айлд хүргээд өг гээд залгасан. Тэгээд Б.Ч бид 2 манай эхнэрийн хашааны гадаа нь ирсэн. Тэгээд залгасан чинь эхнэр, хүүхэд маань гарч ирсэн. Бид 3 нийлж нэг пиво уусан. Тэгээд байж байгаад нэг нэгэнтэйгээ холбоо барьдаггүй гэж найзтайгаа маргалдсан. Тэгээд тийм зүйл болсон ... Гэм буруугаа ойлгож байна. Би нэг их уудаггүй юм. Дахин тийм зүйл болохгүй гэж их ойлгосон ... Хохирогчтой хэрэг гарснаас 2 хоногийн дараа уулзаж уучлалт гуйсан... Эм тарианы мөнгө 10.000 гаруй төгрөг өгсөн. Эмнэлгээр хамт явсан ... ”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Б.Ч-н мөрдөн байцаалтад дахин өгсөн “... 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би Дэлгэр сумаас ирээд найз С-тэй 20 цагийн үед уулзаж бид хоёр 2.5 литр Сэрүүн гэх нэртэй 3 ширхэг пиво уусан. Тэгтэл С-н эхнэр нь С рүү утсаар залгаж айлд очмоор байна, чи хаана байгаад байгаа юм гээд залгаад байсан. Тэгээд бид 2 такси дуудаж Индэрт 0-0 тоотод С-н эхнэр Н-г хүүхэдтэй нь цуг аваад бид гурав хашааны гадаа юм яриад сууж байхад Н-н дүү Х С, Н хоёрыг хурдан ир гэж байсан. Бид нар тэдний хашааны гадаа сууж байгаад С бид хоёр 10 жил төгссөнөөс хойш холбоо бариагүй гээд бид хоёрын дунд маргаан болж С-г гэр рүү нь оруулахад миний өмнөөс хутга бариад над руу ирэхэд нь гарыг нь барих гэсэн чинь миний мөр хэсэг рүү нэг удаа дүрсэн. Тэгээд эхнэр нь гаднаас орж ирээд бид хоёрыг салгасан. Би тухайн үед хутгалсан гэж бодоогүй, гараад гүйсэн. Тэгээд С найзыгаа утсаар дуудахад намайг ирж авсан. Тэгээд мөрнөөс цус гарсныг мэдээд бид хоёр Нэгдсэн эмнэлгийн 103-т очиж үзүүлж боолгосон...” гэсэн мэдүүлэг /ХХ26/,

Хохирогч Б.Ч-н мөрдөн байцаалтад дахин өгсөн “... Надад учирсан хохирол байхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ... Шинжээчийн дүгнэлт гаргуулах 8000 төгрөг, наалт марал авсан түүний мөнгө 10000 төгрөг, нийт 18000 төгрөгийг Д.С өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ28/,

Гэрч Г.С-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2021 оны 02 дугаар сарын 23-ны өглөөний 03 цаг 30 минутын үед Ч над руу өөрийнхөө ******** дугаараас залгаж намайг ирээд Индэрт 0-0 тоотоос ав гэж хэлэхээр нь ойрхон явж байсан учраас очиж авсан. Тэгээд машинд Ч орж ирээд найз хутгалчих шиг боллоо цус гарч байна гэж хэлсэн. Тэгэхээр нь харсан чинь зүүн гарын алга руу нь цус урссан байхаар нь шууд аваад эмнэлэгт очиж үзүүлсэн. Би гадаа нь хүлээж байхад цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа нар бид нарыг аваад Индэрт 0- тоотод С-н гэрт нь ороход С унтаж байсан. Цустай хутга хурааж аваад зургийг нь авч байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ30/,

Гэрч П.Х-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би гэртээ унтаж байхад хаалга цохиод тайлж өгөхөд Н эгч хүүтэйгээ цуг хоёр ах зодолдоод манайд ороод ирсэн. Н аниа дүүг надад өгчихөөд эргээд гараад явсан. Хоёр настай хүү уйлаад байхаар нь би дүүгээ авч байсан юм. Тэр хоёр гэр дотор зодолдож байхад нь Н гаднаас орж ирээд салгасан чинь Ч нь гараад явсан... Тэр хоёр барьцалдсан байж байгаад С нь найз Ч-гээ хутгална гээд манай хар иштэй хутгыг бариад түүн рүү дайрахад аниа салгасан. Тэгээд тэр залуу нь гараад гүйсэн...хутга цус болсныг мэдээгүй, цагдаа нар   ирж хар бариултай хутгыг хараад энэ мөн үү гэж асуухад С агаа барьж байсан манай хутга мөн байна гэж хэлэхэд үзүүр нь цус болсон байсныг харсан” гэсэн мэдүүлэг /ХХ32/,

Гэрч П.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр манай нөхөр С манай найз уулзъя гэж байна гээд гарсан. Тэгсэн чинь манай эгч намайг ирж цуг хоноодох гээд дуудахаар нь С-г хүү бид хоёрыг хүргээд өг гэж хэлэхэд Ч-тэй цуг манай нөхөр ирсэн. Тэгээд тэр хоёр юм уусан байсан. Тэгээд бид нар манай хашааны гадаа машин дотор юм яриад сууж байгаад 1 ширхэг Сэнгүр нэртэй пиво уусан ... Хашааны гадаа муудалцаад байхаар С-г гэр рүүгээ оруулах гээд би хүүхдээ тэвэрч Ч, С-г сугадаад гэр рүү оруулсан. Би хүүхдээ дүү Х-д өгчихөөд бие засах гээд гарчихаад ороод ирэхэд С хутга бариад Ч рүү дайрч байхад би дундуур нь орж салгасан. Тэгээд Ч гараад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ34/,

Гэрч Ш.Т-н мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 23-ны шөнө жижүүрт гарч байхад 03 цаг 50 минутын үед нэг залуу найздаа хутгалуулсан гэж ирсэн. Тэгээд шархыг нь үзэхэд хутгалуулсан шарх байсан. Тэгээд тэр оройн 1-р ээлжийн эмч Б.У, яаралтай тусламжийн сувилагч О нар цэвэрлэж, хоёр оёдол тавьсан. Бил нар ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд гадны нөлөө орсон, амь насанд аюултай, тийм үйлчлүүлэгч ирэхэд цагдаагийн байгууллагад заавал мэдэгдэх ёстой байдаг...” гэсэн мэдүүлэг /ХХ42/,

Шинжээч  Б.М-н мөрдөн байцаалтад өгсөн "... Тухайн үед дуудлага мэдээллээр очиход С нь Ч-г хутгалсан гэж хэргийн газарт байсан хүмүүс болон Ч хэлж байсан учраас өөрийнхөө ойлголтоор тайлбарыг бичсэн юм... Би 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр жижүүрийн бүрэлдэхүүнд ажилласан юм. Тэгээд 22-ны шөнө гэж бодож 2021 оны 02 дугаар сарын 22-ны шөнө хийсэн үзлэгийн тэмдэглэл гэж бичсэн..." гэсэн мэдүүлэг /ХХ49/,

Шинжээч Т.Алтайбаатарын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 76 дугаартай  “... Б.Ч-н биед гэмтэл учирсан байна.

2. Б.Ч-н биед зүүн далны дээд хэсэгт болон зүүн эгэмний дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх 2021.02.23-нд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

4. Б.Ч-н биед учирсан шарх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /ХХ44-45/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ4-7/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ8-9/, драгер үлээлгэсэн тэмдэглэлийн хуулбар /ХХ12/, хохирогч Б.Ч-н Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /ХХ15/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай хутга зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.С нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Б.Ч хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүгдэгч Д.С хохиролд 18000 төгрөг төлсөн талаар шүүгдэгч, хохирогч нар зөрүүгүй мэдүүлсэн, хохирогч Б.Ч Цагдаагийн газарт “ ... Миний бие ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, Иймд Д.С-д холбогдох хэрэгт миний бие гомдолгүй байдлыг харгалзан үзнэ үү ...” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Д.С-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Г.С-н шүүх хуралдаанд гаргасан “торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хангах үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Г.С-н хөрөнгийн хэмжээ, ажил эрхэлдэггүй, тогтмол цалин хөлс, орлогогүй байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар зэргийг шүүх үндэслэж шүүгдэгчид нийтэд тустай ажил  хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн улсын яллагчийн “...Шүүгдэгчийн тухайд тогтвортой цалин хөлс, орлого байхгүй учир торгох ялыг оногдуулах боломжгүй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй гэсэн заалт байдаг. Энэ хориглосон субъектэд шүүгдэгч орохгүй байгаа учир өмнөх нийтэд тустай ажил хийлгэх ялын саналаа дэмжиж оролцож байна...” гэсэн дүгнэлт тайлбар үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 25 сантметрийн урттай, хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчид хохиролд 18000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Д-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-г 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  өдөрт 8 цагаар хийлгэхээр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.С-д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 25 сантметрийн урттай, хар өнгийн иштэй хутгыг устгасугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчид хохиролд 18000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА