Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Л.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Ө-т холбогдох 2116000500041 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Х овгийн Л-н Ө.

Шүүгдэгч Л.Ө нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Х-н гээсэн саарал өнгийн гэртэй, ар таг нь саарал өнгөтэй урд тал нь хар өнгийн Самсунг галакси А51 маркын гар утсыг 2021 оны 02 дугаар сарын сүүлээр олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж ашиглаж завшсаны улмаас хохирогч Б.Х-т 854100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Л.Ө-н 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Х-н гээсэн Самсунг галакси А51 маркын гар утсыг 2021 оны 02 дугаар сарын сүүлээр олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж ашиглаж завшсаны улмаас 854100 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийн завшин бага хэмжээнээс дээш хохирол учруулж, өмчлөх эрхэд халдсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Л.Ө гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Л.Ө-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Би 2021 оны 02 дугаар сарын сүүлээр байсан, өдрийг нь сайн санахгүй байна. Манай зээ хүү дугуй унаад явсан. Би араас нь дагаж явж байгаад энэ утсыг 5, 6 дугаар гудамжны дундаас олсон ... Гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм алдаа гаргахгүй...”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Б.Х-н мөрдөн байцаалтад өгсөн “...Самсунг А51 маркын хар өнгийн гар утас байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын 24-ний үед сагдаж байна өөрийнхөө барьж байсан утсаны дэлгэцийг  хагалчихаад шинээр утас лизиндэж авсан. Тухайн үед 890000 төгрөгөөр авсан санагдаж байна...Мобикомоос очиж утасныхаа сериал дугаарыг асуухад ********************** гэж хэлсэн. Би сард мобикомд 99,000 төгрөг төлдөг юм...” гэсэн мэдүүлэг /ХХ42-43/,

 Хохирогч Б.Х-н мөрдөн байцаалтад дахин өгсөн “...Гар утсаа олоод авчихсан учир ямар нэгэн гомдол алга, согтуудаа өөрийнхөө гар утсаа гээчхээд төвөг учруулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ48-49/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би мобикомын ******** дугаар барьдаг, өөр ямар нэгэн дугаар байхгүй ... Би өөрөө I Phone 7 plus маркын  гар утас ашигладаг бөгөөд тухайн өдөр миний утасны цэнэг дуусаад хүн рүү мөнгө шилжүүлэх шаардлага гарсан учир хамт адуунд явж байсан М-н гар утсанд өөрийнхөө сим картыг хийгээд мобайл банкаар мөнгө шилжүүлэх үйлдэл хийгээд тухайн үед хүн рүү залгаж байсан юм. Тэгээд тухайн үед ашиглаж дуусаад сим картаа аваад М-д буцаагаад өгсөн. Одоо М-д байгаа байх...” гэсэн мэдүүлэг /ХХ74-75/,

Гэрч Б.М-н мөрдөн байцаалтад дахин өгсөн “...Би одоогоор ямар нэгэн гар утас байхгүй байгаа. Саяхан өөрийнхөө LG Q51 загварын гар утсаа морь унаж яваад хээр хаячихсан юм. Тэгээд сим картаа одоохондоо сэргээж чадаагүй байгаа. Би айлд морь тэжээж уях ажилд нь туслаад, өөрийнхөө 1 морийг хамт тэжээгээд байж байдаг юм. Тэгээд өөрийнхөө гэртээ хааяа завтай үедээ очдог. Би морь мал байдаг Ус Алтай хашаанаас хичээлдээ яваад, бусад цагаараа морио тэжээгээд байж байдаг юм. Харзат баг 0-0 тоотод байдаг өөрийнхөө гэртээ нэг өдөр очсон чинь манай ээж гар утас олсон гэж ярьж байсан юм. Тэгээд тухайн утсыг үзэхэд А51 загварын гар утас байсан... Харин саяхан өөрийнхөө утсыг хаячихаад гэртээ очоод ээжээс нөгөө олсон гар утсаа өгөөч гэж хэлээд авчихсан. Гэхдээ симээ сэргээгээгүй учир барьж ашиглаж чадаагүй надад зүгээр явж байсан юм ... Саяхан 3 хоногийн өмнө Б ах бид хоёр хөдөө адуунд явж байгаад Б ахын гар утасны цэнэг дуусаад надад байсан А51 маркын утсанд симээ хийж ашигласан юм. Тухайн үедээ хэрэглээд надад буцаагаад өгчихсөн юм. Би ямар нэгэн сим карт хийж амжиагүй байсан юм. Ээжээс очиж аваад удаагүй 7 хонож байна. Тухайн утсыг интернэт ашиглаж фэйсбүүк ордог байсан юм. Самсунг Галакси А51 загварын гар утас байна лээ, ар тал нь цагаан өнгөтэй, саарал өнгийн гэртэй утас байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ77-78/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Манай эхнэр ус авах гээд зээ хүү Монгол дугуй унаад тэр хоёр усанд явсан юм. Тэгээд ирэхдээ саарал гэртэй гар утас олсон гэж үзүүлэхэд шилэн наалт нь зүүн талын доод хэсэгтээ бага зэрэг цуурсан байсан. Эхнэр бид хоёр утас мэдэхгүй болохоор асааж үзээгүй ... Манай хүү М утсаа хаяад утасгүй болчихлоо гээд ээжээсээ асуугаад авсан. Найзынхаа сим хийсэн чинь л цагдаагаас дуудсан гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ85/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ17/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ18/, Мобиком корпораци ХХК-ний албан бичиг, хавсралт /ХХ24/, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний хуулбар /28-30/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ34-36/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ37/, Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-820/144 дугаартай дүгнэлт /ХХ91-94/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ө-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид хохирол төлөгдсөн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Л.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Л.Ө-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр шүүгдэгч Л.Ө-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Л.Ө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн тул түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Л.Ө-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч Б.Х-н хохирол төлөгдсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Л-н Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ө-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч А.Ө-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч Б.Х-н хохирол төлөгдсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА