Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 1403

 

 

 

 

 

 

 

2017 оны 04-р сарын 21-ний өдөр     Дугаар 101/ШШ2017/01403     Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сонгинохайран дүүрэг, * хороо, Их наран * гудамж, *оршин суух, 43 настай, эмэгтэй, Ц гэрүүд овогт У Пгийн /************3/  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, ***** тоотод оршин суух, 51 настай, эмэгтэй, Б овогт О Н /***********/ холбогдох,

            Зээлийн гэрээний үндсэн үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.П, хариуцагч О.Н, гэрч Ц.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

            О.Н нь 2014 оны 10 дугаар сард 3 хонь бэлэн 500 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлэн авсан боловч өгөлгүй 2015 оныг дуусгасан. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 25-нд /1 000 000/ төгрөгөө 8 хувийн хүүтэй бодож бэлэн өгье гэж гэрээ бичиж гарын үсэг зурсан боловч одоог хүртэл өгөлгүй дахин хулхитаж утсаа ч авахгүй залилсаар байгаа тул үндсэн мөнгө болох 1 000 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

            О.Н миний бие У.Пгээс 2014 оны 10 дугаар сард нэг бүрийг нь 180 000 төгрөгөөр тооцож 3 ширхэг хонь авсан, мөн бэлнээр 400 000 төгрөгийг зээлсэн. Миний бие түүнээс хонь болон мөнгө авахдаа хамт ажилладаг Ц.Өын хамт явж авсан бөгөөд үүнээс хойш У.Пгийн Хаан банкны 5025975643 тоот дансанд 300 000 төгрөгөөр 2 удаа буюу нийт 600 000 төгрөгийг, Ц.Өын данснаас бэлэн бусаар 55 000 төгрөгийг, бэлнээр 70 000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөгийг тус тус төлсөн.

            Бидний хооронд ямар нэгэн бичгээр хийсэн хэлцэл байхгүй тул У.Пд зээлийн хүү гэж төлөх үндэслэлгүй болно. Иймд У.Пгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч У.Пд холбогдуулан 1 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Нэхэмжлэгч нь 1 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангуулах үндэслэлийг 1 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх гэрээ байгуулсан тул тус гэрээний дагуу үндсэн зээл болох 1 000 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна.

Тухайн 1 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сард өгсөн 3 хонины үнэ болох 540 000 төгрөг /1 хонийг 180 000 төгрөгөөр худалдсан гэв/, бэлнээр 400 000 төгрөг зээлдүүлсэн тул тус төлбөрүүдийг нийлүүлэн бичгээр зээлийн гэрээг хожим байгуулж, 2015 оны 12 дугаар сарын 05-наас эхлэн 1 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр зээлсэн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь зохигчдын тайлбар болон хожим бичгээр байгуулсан гэх зээлийн гэрээ гэсэн баримтаар /х.х-ийн 3 дахь талд/ тус тус тогтоогдож байна.

Талуудын хооронд 1 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэх гэрээгээр зээлдүүлэх нөхцөлөөр шилжүүлээгүй, 2014 оны 10 дугаар сард худалдан авсан 3 хонины үнэ болох 540 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сард бэлнээр зээлж авсан 400 000 төгрөгийн төлөлтийг нийлүүлсэн тооцоолол гэдэгтэй зохигч талууд маргахгүй байх тул уг үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт, “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зохицуулжээ.

Тус гэрээний агуулга, гэрээ байгуулсан талуудын хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэн үзэхэд 2014 оны 10 дугаар сард нэг бүрийг нь 180 000 төгрөгөөр буюу нийт 540 000 төгрөгөөр худалдан авсан 3 хонины төлбөрийг зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн мөнгө гэж үзэх боломжгүй юм.

Талууд 3 хонь 540 000 төгрөгөөр худалдан авсан талаар маргаагүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үйл баримт нь тэдгээрийн тайлбар, гэрч Ц.Өын шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь худалдсан зүйлийн үнийг худалдан авагчаас шаардах эрхтэй бөгөөд харин тухайн төлбөрийг хожим зээлдүүлсэн болгож хүсэл зориг илэрхийлэх нь хуульд нийцэхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд хамаарах 540 000 төгрөг нь худалдсан хөрөнгийн үнэ тул зээлийн төлбөр гэж үзэхгүй, түүнд хүү тооцох үндэслэл байхгүй болно.

Харин 2014 оны 12 дугаар сард 460 000 төгрөгийг бэлнээр зээлийн нөхцөлөөр өгсөн, 400 000 төгрөгийг бэлнээр авсан гэсэн зохигчдын тайлбар зөрүүтэй байх боловч гэрч Ц.Өын мэдүүлгээр 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Таван шард байрлах Хөрс худалдааны төвийн хажууд 400 000 төгрөгийг бэлнээр би өөрөө тоолж авсан гэсэн мэдүүлгээр  400 000 төгрөг зээлдүүлсэн гэж дүгнэхээр байна.

Зохигчид 400 000 төгрөг зээлдүүлсэн харилцаанд хүү төлөхөөр тохиролцсон бөгөөд хүү төлөх үүргээ хүлээн зөвшөөрч хүү төлж байсан талаар хариуцагч маргаагүй. Хэдийгээр тухайн үедээ хүү тооцох нөхцөлтэй зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч энэ хүсэл зоригоо хожим бичгээр илэрхийлснийг буруутгах боломжгүй.

Зээлийн гэрээнд хүү төлөхөөр амаар тохиролцсоноо бичгээр илэрхийлсэн гэсэн нь талуудын үйлдсэн баримтаар /х.х-ийн 3 дахь талд/ тогтоогдох ба энэ баримт нь 1 000 000 төгрөг зээлэх зээлийн гэрээ байгуулагдсаныг нотлохгүй, харин өмнө нь зээлсэн 400 000 төгрөгд 8 хувийн хүү төлөхөөр тохиролцсон болохыг нотолж байна гэж үзэв.

Иймд талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээ болон зээлийн дагуу үүсэх үүргийн хувьд хонины үнэ 540 000 төгрөг, зээлийн үндсэн төлбөрт 400 000 төгрөг, 400 000 төгрөгд 8 хувиар хүү тооцон 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлснээс хойш 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 576 000 төгрөг, нийт 1 513 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэв.

Талуудын хооронд үүссэн төлбөрийн үүргийн хүрээнд хариуцагч талаас 2015 оны 0* сарын 20-ны өдөр 20 000 төгрөг,

2015 оны 0* сарын 27-ны өдөр 10 000 төгрөг,

2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 15 000 төгрөг /өөр дансаар/

2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 20 000 төгрөг,

2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 300 000 төгрөг,

2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 100 000 төгрөг,

2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 200 000 төгрөг,

2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 20 000 төгрөг /өөр дансаар/,

2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөг,

2015 оны 07 дугаар сард 40 000 төгрөг бэлнээр,

2015 оны 07 дугаар сарын 03-нд 30 000 төгрөг бэлнээр, нийт 1 255 000 төгрөгийг нэхэмжлэгч У.Пд хүлээлгэн өгсөн талаар маргахгүй байна.

Харин хариуцагч дахин 25 000 төгрөгийг нэхэмжлэгчийн ээжийн дансаар шилжүүлсэн гэх боловч нэхэмжлэгч түүнийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тухайн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Дээр дурдсанаар талуудын хооронд үүссэн үүргийн дагуу нэхэмжлэгчид төлөх ёстой 1 513 000 төгрөгийн төлбөрөөс хариуцагч 1 255 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд үлдэх 261 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу хүлээсэн төлбөрт гаргуулах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 261 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 739 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 1* зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч О.Наас 261 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Пд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 739 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч О.Наас 8 480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Пд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

              

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.АМАРЖАРГАЛАН