| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2017/01409/и |
| Дугаар | 1424 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 1424
2017 оны 04-р сарын 25-ны өдөр Дугаар 101/ШШ2017/01424 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * хороо, * тоотод оршин суух, 32 настай, эмэгтэй, Ч овогт Г Ө /**********/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол, * тоотод оршин суух /Баянгол дүүрэг, * хороо, * тоотод оршин суух гэж хаягаа тодорхойлсон/, 37 настай, эрэгтэй, Б овогт А Б /************/ холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Г.Ө миний бие 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр А.Бийн гуйснаар 5 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлүүлсэн болно. Зээлүүлэхдээ барьцаа болгон гарааш авсан боловч гараашаа зарж байж мөнгийг чинь өгнө гэж буцаан авсан. Тус мөнгийг 2016 оны * сараас цувуулан 4 100 000 төгрөг авсан. А.Б нь 10 хоногийн хугацаатай авна гэж худал хэлж авсан мөнгөө өгөхгүй байгаа тул тохирох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Үлдэгдэл 900 000 төгрөгийг гаргуулна гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Г.Өы гаргасан 900 000 төгрөгийн нэхэмжлэхийг 30-45 хоногийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Ө нь хариуцагч А.Бт холбогдуулан 900 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тодорхой хугацаатайгаар хүлээн зөвшөөрч болох талаар тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь 900 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангуулах үндэслэлийг зохигч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөх үүргийн хувиар гаргуулна гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч А.Бийн гуйснаар түүнд 10 хоногийн хугацаатайгаар 5 000 000 төгрөг зээлдүүлсэн гэж тайлбарлах бөгөөд тус гэрээний төлбөрөөс 4 100 000 төгрөгийг төлсөн талаарх тайлбартай хариуцагч маргаж тайлбар, нотлох баримт гаргаагүй байна.
Зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний дагуу 5 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаагаар зээлдүүлсэн талаарх нэхэмжлэгчийн тайлбартай хариуцагч маргаагүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ зохигчдын хооронд амаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Гэрээний дагуу 5 000 000 төгрөгийг шилжүүлсэнтэй маргаагүй бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн төлбөр тооцоо барагдуулах тухай албан мэдэгдэл гэсэн баримтад 4 000 000 төгрөгийн тооцоог хэрхэн барагдуулах талаар хариуцагч гарын үсэг зурсан байх тул /х.х-ийн 3 дахь талд/ зээлийн гэрээ хэрэгжсэн, гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүрэг зээлдэгч талд үүссэн гэж үзэв.
“4 000 000 төгрөг төлөх тооцоо” гэж тус баримтад бичсэнийг зээлээс 1 000 000 төгрөгийг төлсний дараа үлдэх 4 000 000 төгрөгийг төлөх тооцооллыг бичсэн баримт гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийг гэрээнд заасан хугацаанд буюу 10 хоногийн дотор төлөх үүрэгтэй бөгөөд энэ хугацаа өнгөрснөөр зээлдүүлэгч зээлдэгчээс буцаан шаардах эрх хуулийн дагуу үүссэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо зээлдүүлсэн 5 000 000 төгрөгөөс зээлдэгч 4 100 000 төгрөгийг буцаан төлсөн тул үлдэгдэл 900 000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлжээ.
Гэрээний дагуу төлөх төлбөрт 4 100 000 төгрөгийг төлсөн болон үлдэгдэл 900 000 төгрөгийг төлөх үүрэгтэй талаар хариуцагч маргаагүй байх тул зээлдүүлэгчийн шаардлага үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Зээлийн гэрээ байгуулахдаа гарааш барьцаалсан талаар нэхэмжлэгч тайлбарлах бөгөөд тухайн гараашийг зээлдэгч буцаан авсан тул барьцаа хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй гэснийг дурдах нь зүйтэй.
Зээлийн гэрээнд хүү тооцоогүй, алданги тооцох тохиролцоо байхгүй гэх бөгөөд зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэдийгээр хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнтэй маргаагүй боловч түүнийг тодорхой хугацаатайгаар төлөх тайлбар гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл бүрдсэн гэж үзээгүй болно. Нөгөө талаар тайлбарт тусгасан хугацааг хүлээн зөвшөөрч эвлэрсэн гэрээг зохигчид байгуулаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Тус хэргийг хянан шийдвэрлэх хурлыг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 11.00 цагт товлон зохигч талуудад мэдэгдсэн бөгөөд хариуцагч А.Б нь “би хуралдаа очиж амжихгүй, хариу тайлбартаа тодорхой бичсэн” гэсэн хариу өгсөн байна. Иймд хариуцагчийг шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхгүй талаарх тайлбар нь хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1* зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Боос 900 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Өд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч А.Боос 26 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Өд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН