Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/046

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Б ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000033 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.                                                                                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, Регистрийн дугаар: *******,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Д.Б  нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 7 дугаар гудамжны 26 тоотод байх *******гийн гэрт С.Т ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Д.Б ийн мөрдөн байцаалтад өгсөн

..би  *******гийн гэрт 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орсон. Тэнд С.Т  байсан бид хоёр маргалдсан тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Маргааш ******* нь надад С.Т ыг намайг зодсон гэж хэлсэн. Би С.Т тай уулзахад чи намайг цохьсон гэж хэлсэн, бид хоёр эвлэрсэн ямар нэгэн маргаантай зүйл байхгүй  эвлэрлийн гэрээ хүртэл хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,           

Хохирогч С.Т ын мөрдөн байцаалтанд өгсөн

...2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-7-26 тоотод байх хамт ажилладаг *******гийн гэрт очсон. Тэнд  0.5 граммтай Ерөөл архи хувааж ууж байхад Д.Б  ирж бид нар архиа хувааж уусан. Д.Б  архи ууж байхдаа надаас хэрүүл гуйгаад байсан тэгээд миний нүүр лүү нэг удаа мөргөж хавирга руу өшиглөсөн тэр хэсэгт  эмзэглэлтэй байна. Тухайн үед бид хоёроос өөр хүн *******гийн гэрт байгаагүй, Д.Б ид зодуулаад шууд гэртээ харихаар явсан. Намайг зодуулсан байхыг Сумъяа харсан мэдэж байгаа. Маргааш өглөө Д.Б намайг зодсон талаар ******* хэлж уулзах талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн  11-12/

Гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн

...2021 оны 01 сарын 17-ны өдөр гэртээ галаа түлж сууж байхад манай ажлын С.Т , Д.Б  хоёр орж ирэхдээ 0.5 граммтай нэг шил архи авч орж ирээд тэр хоёр уусан, би нүүрсэнд явлаа гэж тэр хоёрыг үлдээж гарч явсан...Маргааш өглөө нь ажил дээр ирэхэд С.Т ын нүдэн хөхөрсөн байхаар асуухад Д.Б ийг зодсон гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. С.Т ыг нүд хөхөрч хамар хэсэгт хавдсан байдалтай харагдаж байсан. Намайг гэрт байхад тэр хоёр маргалдаагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 15-16/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн № 58 дугаар шинжээчийн

1.С.Т ын биед хамрын таславчийн мурийлт, хамарт шарх, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй

5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой....гэх дүгнэлт /хх-ийн 25-26/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 35-36/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-ийн 59/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 45/, / эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, депозит дансны хуулгууд /хх-ийн 48-53/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 60-61/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Б  нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орой 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-7-26 тоотод байх *******гийн гэрт С.Т ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Д.Б ийн 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бид хоёр маргалдсан тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн  40-41 /,          

Хохирогч С.Т ын..Д.Б  ирж бид нар архиа хувааж уусан. Д.Б  архи ууж байхдаа надаас хэрүүл гуйгаад байсан миний нүүрэнд нэг удаа мөргөж хавирга руу өшиглөсөн тэр хэсэгт эмзэглэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 /,

Гэрч  *******гийн ...С.Т ыг нүд хөхөрч хамар хэсэгт хавдсан байдалтай харагдаж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 /,

Баянхонгор   аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын .22-ны өдрийн 58 дугаартай “...С.Т ын биед хамрын таславчны мурийлт, хамарт шарх, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэг учрал болсон хохирогч С.Т , шүүгдэгч Д.Б  нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийн нүүрэнд нэг удаа мөргөж, хавиргаа руу нь өшиглөсөн  нь   үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Б  нь хохирогч С.Т ын нүүрэнд нэг удаа мөргөж, хавирга руу нь өшиглөсөн  үйлдэл нь хохирогчийн биед нь ... биед хамрын таславчны мурийлт, хамарт шарх, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 25-26/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Д.Б  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Б  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Хохирогч С.Т  нь Д.Б ийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 800000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б  нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Б  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан, түүний хувийн байдал, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой буюу шүүгдэгч Д.Б  нь 2020 онд 225 толгой мал тоолуулсан талаар мал тооллогын бүртгэл болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Д.Б ид торгох ял оногдуулж, уг  торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Д.Б  эзэмшлийн “...Самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Д.Б  буцаан олгож, шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4,   36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Д.Б  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Б ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б  оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Б ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Д.Б ийн эзэмшлийн “...гар утас..”-ыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Д.Б ид буцаан олгосугай,

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б ид хэрэглэсэн  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА