Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 1404

 

 

 

 

 

 

 

2017 оны 04-р сарын 21-ний өдөр      Дугаар 101/ШШ2017/01404    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * хороо, Алтайн * тоотод оршин суух, 61 настай, эрэгтэй, М овогт Ш Ц /*********/  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, Н хотхон, * дүгээр байр, 21 тоотод оршин суух, 35 настай, эрэгтэй, Б овогт Ө Ж /*********/ холбогдох,

            Зээлийн гэрээний үүрэгт 90 000 000 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ц, хариуцагч Ө.Ж, гэрч З.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

            Ө.Ж нь 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 60 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай 4 хувийн хүүтэйгээр зээлж, өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, * хороо, * хороолол, Төмөр замын * байр, 16 тоотод буй 54 м.кв, 4 өрөө орон сууцыг барьцаалсан. Барьцааны гэрээг зээл өгөхийн өмнө улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн. Ө.Ж нь сарын хүүгээ өгч байснаа ор тас алга болчхоор нь 2016 оны 08 дугаар сарын 18-нд шүүхэд өгөхөд хаяг дээрээ оршин суудаггүй нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон.

            2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2016/******* тоот шүүгчийн захирамжаар Ө.Жг эрэн сурвалжлуулж хаягийг тогтоолоо. Ө.Жгаас үндсэн зээл 60 000 000 төгрөг, зээлийн гэрээний 6-д заасны дагуу хугацаа хэтэрсэн төлөлт 0,5 хувийн алданги болох үндсэн зээлийн 50 хувь буюу 30 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Ө.Жгаас нийт 90 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү, сайн дураар гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Манай танил эгч Соёл намайг дуудаж манай найз байгаа юмаа туслаач гэсэн. Тэр дагуу би зээлийн болон барьцааны гэрээ байгуулж өөрийн нэр дээрх орон сууцаа барьцаалсан. Зээлийн 60 000 000 төгрөгийг би хүлээн аваагүй, З.Г гэж хүн хүлээн авсан тул гэрээний үүргийг би хүлээхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч Ө.Жд холбогдуулан 90 000 000 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Нэхэмжлэгч нь 90 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангуулах үндэслэлийг зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 60 000 000 төгрөг, гэрээгээр тохиролцсон алдангид 30 000 000 төгрөг гаргуулна гэж тодорхойлжээ.

            Зохигч талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан 60 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатайгаар, сард 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон нь зохигчдын тайлбар, тус зээлийн гэрээний хуулбараар /х.х-ийн 8 дахь талд/ тогтоогдож байна.

            Тус гэрээг агуулга болон зорилго, талуудын хүсэл зоригийн илэрхийллээс  дүгнэн үзэхэд Иргэний хуулийн 28* зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, талуудад үүрэг үүсгэсэн гэж үзэх үндэслэлтэй.

            Нөгөө талаар зээл болох 60 000 000 төгрөгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ хэрэгжсэн бөгөөд гэрээний үүргийг зээлдэгчээс шаардах эрх зээлдүүлэгчид үүссэн байна.

            Зохигчид 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан тус гэрээгээр зээлдүүлэгчийн эрх, үүргийг Ш.Ц, зээлдэгчийн эрх, үүргийг Ө.Ж хүлээхээр харилцан тохиролцсон байх бөгөөд /х.х-ийн 8 дахь талд/ зээлийн төлбөрийг зээлдэгч Ө.Ж биечлэн хүлээн аваагүй талаар зохигчид маргаагүй байна.

            Зээлийн гэрээгээр шилжүүлэх 60 000 000 төгрөгийг гэрээний тал болоогүй этгээд болох З.Г хүлээн авсныг зээлдэгч тал мэдсэн бөгөөд зээлдэгчээс өөр этгээд тухайн төлбөрийг хүлээн авахыг зөвшөөрсөн, ойлгосон, гэрээ байгуулах үедээ мэдэж байсан талаар тайлбарлаж байна. Зээлийн гэрээгээр шилжүүлэх төлбөрийг зээлдэгчээс өөр этгээд хүлээн авахыг зээлдүүлэгч мөн мэдэж байсан талаар нэхэмжлэгч тайлбарлаж байна.

            Зохигчдын тайлбар болон шүүх хуралдааны үед гэрч З.Гын гаргаж байгаа мэдүүлэг зэргээс дүгнэн үзэхэд, гэрээний талууд анхнаасаа хүсэл зоригоо илэрхийлэхдээ зээлдэгчээс өөр этгээд мөнгийг хүлээн авах талаар тохиролцоонд хүрсэн, үүнийг зөвшөөрсний үндсэн дээр гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

            Талуудын байгуулсан зээлийн гэрээн дээр /8-9 дэх талд/ “Ө.Ж миний талаас зээлж буй мөнгийг тухай бүрд нь Модчин овогт Загдаагийн Гд /ФМ58030316/ өгөхийг хүлээн зөвшөөрөв.” гэсэн тэмдэглэл үйлдэгдсэн байх боловч тухайн тэмдэглэлийг хэн үйлдсэн талаар зохигчид эргэлзээтэй тайлбар өгч байх тул шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

            Зээлдэгч тал өөр этгээд зээлийн төлбөрийг хүлээн авна гэдгийг мэдэж, тэр агуулгаар зээлийн гэрээ байгуулсан байх тул өөрөө биечлэн хүлээн аваагүй гэх үндэслэлээр түүнийг байгуулсан гэрээний дагуу хүлээх зээлдэгчийн үүрэг, хариуцлагаас чөлөөлөхгүй юм.

            Зээлдэгчийг гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй, гэрээ байгуулаагүй бол тухайн гэрээ байгуулагдахгүй, З.Гд 60 000 000 төгрөг хүлээлгэн өгөх үүрэг зээлдүүлэгч талд үүсэхгүй байсан тул гэрээ байгуулсан, гарын үсэг зурсан, 60 000 000 төгрөгийг бусдад шилжүүлэх үүрэг үүсгэсний хариуцлагыг зээлдэгчийн үүрэг бүхий Ө.Ж хариуцах нь зүйтэй.

            Хариуцагч Ө.Ж нь гуравдагч этгээдээс /Соёл гэгчээс/ байраа барьцаанд тавихыг гуйсны дагуу барьцаалж, барьцааны болон зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлах боловч хариуцагчийн гуравдагч этгээдтэй хийсэн тохиролцоо, үйлдэлд шүүх дүгнэлт өгөхгүй бөгөөд гагцхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчдын хооронд үүссэн маргаанд хууль зүйн дүгнэлт өгч байгааг дурдах нь зүйтэй.

            Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээг хариуцагч дүр үзүүлэн хийсэн болон бусад байдлаар хэлцлийг хүчин төгөлдөр бус болгох нөхцөл, үндэслэлүүд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хүчин төгөлдөр зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

            Иргэний хуулийн 28* зүйлийн 281.1 дэх хэсэгт, “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зохицуулжээ.

Талуудын байгуулсан гэрээний 1-д, “...2014 оны 09 дүгээр сарын 21-нийг хүртэл...” хугацаагаар зээлж авсан байх бөгөөд гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэрээний үүргийн зөрчил гарсан гэдэгтэй зохигч талууд маргахгүй байна.

Зээлийн хүүг төлж байсан тул нэхэмжлэлээр шаардахгүй гэж тайлбарлаж, зээлийн үндсэн төлбөрт 60 000 000 төгрөг, алдангид 30 000 000 төгрөг гаргуулна гэж тайлбарлажээ.

Гэрээнд заасан болон Иргэний хуулийн 28* зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлсэн төлбөр төлөх үүргээ зээлдэгч тал биелүүлэх үүрэгтэй тул 60 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Талуудын байгуулсан гэрээний 6 дахь хэсэгт, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байна.

Иргэний хуулийн 23* зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги тооцохоор тохиролцсон нь хуульд нийцэх бөгөөд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон нэхэмжилж байгаа нь мөн хуулийн 23* зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.

Хэдийгээр Иргэний хуулийн 23* зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээг багасгах зохицуулалттай боловч, мөн хуулийн “анзын хэмжээ илт их байх”, “хэргийн нөхцөл байдлыг харгалзах” гэсэн урьдчилсан шаардлагуудад дүгнэлт хийх ёстой.

Хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд үндсэн зээл төлөх талаар ямар нэг арга хэмжээ аваагүй, зээлдэгч тухайн гэрээний талаар ямар нэгэн анхаарал тавиагүй, нэхэмжлэгчээс хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд хугацаа алдсан зэрэг нөхцөл байдлаас дүгнэн үзэж, гэрээнд заасны дагуу үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч тал зохих хариуцлага хүлээх нь зүй ёсонд нийцнэ гэж үзэв.

Алдангид гэрээнд заасан болон хуульд заасан хэмжээгээр буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон 30 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.     

            Иймд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг буюу 90 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.  

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаар үүргийг сайн дураар гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулна гэжээ.

            Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулах мөн өдөр буюу 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Барьцааны гэрээ байгуулж, Баянгол дүүргийн * хороо, * хороолол, Төмөр замын * байр, 16 тоотод байрлах 54 м.кв 4 өрөө, улсын бүртгэлийн Ү-***********, гэрчилгээний *********** дугаар бүхий орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, тус барьцааны гэрээний хуулбараар /х.х-ийн 7 дахь талд/ тогтоогдож байна.

            Тус барьцааны зүйл нь зээлдэгч буюу барьцаалуулагч Ө.Жгийн өмчлөлийн хөрөнгө болох нь /нэг хүний өмч/ 2013 оны 0* сарын 03-ны өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар /х.х-ийн 6 дахь талд/ тогтоогдож байна.

            Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэг, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээ байна.

Барьцааны гэрээний дагуу зээлдэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн барьцаалагчийн шаардах эрх нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4* зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй”, 41.2-т заасан “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй.” гэсэн зохицуулалтад нийцэж байна.

Иймд барьцаагаар хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй бөгөөд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 28* зүйлийн 281.1 дэх хэсэг, 23* зүйлийн 232.4 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4* зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Ө.Жгаас 90 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Цт олгож, хариуцагч нь төлбөрийг сайн дураар төлөөгүй бол барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн * хороо, * хороолол, Төмөр замын * байр, 16 тоотод байрлах 54 м.кв 4 өрөө, улсын бүртгэлийн Ү-***********, гэрчилгээний *********** дугаар бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Ө.Жгаас 607 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Цт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АМАРЖАРГАЛАН