Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 027

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур  сумын 8 дугаар  багийн оршин суугч Ители овогт  Т.Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ногооннуур сумын улсын бүртгэгчид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ногооннуур сумын улсын бүртгэгчийн А.Е-г үрчилсний бүртгэл хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, А.Е өвөг эцэг Д.Т, эмэг эх Т.Г нар үрчилсний бүртгэл хөтлөхийг тус сумын улсын бүртгэгчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Т.Г, түүний өмгөөлөгч К.Зулкаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Үрчлэгч Д.Талгатбек, Т.Г нар бид эхнэр, нөхөр бөгөөд хүү Т.А бэр К.К нарын бичгээр гаргасан зөвшөөрлийн дагуу ач хүү А.Е-г холбогдох хууль тогтоомжийн дагуу Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” 08 дугаар захирамжаар үрчилж авсан юм.

Ач хүү А.Е-ыг үрчилж авахдаа Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан ...хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байх...” гэсэн, мөн хуулийн 55.2-д заасан үрчлэгч, үрчлүүлэгч нар А.Е-ыг үрчлэх тухай зөвшөөрөл хүсэлтийг хамтран гаргасан, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан бичиг баримтаа бүрэн бүрдүүлснээр хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасныг үндэслэж Ногооннуур сумын Засаг дарга 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 08 тоот захирамж гаргаж, ач хүү А.Е нь Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар Д.Талгатбек, Т.Г бидэнд хууль ёсоор үрчлэгдсэн болно.

Гэтэл Ногооннуур сум дахь улсын бүртгэгч нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д ...хүүхэд үрчлүүлэх тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарснаас хойш ажлын 1 өдрийн дотор бүртгүүлэх үүргийг зөрчсөн гэж үзээд бүртгэхээс татгалзсан хариу өгч үрчлэгч бидний болон үрчлэгдэгч ач хүү А.Е-ын эрх ашгийг зөрчиж байна. Улсын бүртгэгч Т.Естай нь нэг хоногийн дотор захирамжийг авч ирсэнгүй гэж бид нарын хүсэлт болон холбогдох материалыг хүлээж авахаас татгалзсан.

Энэхүү үрчлэлт бүртгүүлэхтэй холбоотой маргаан нь Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д заасан үндэслэлээр хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” 130/ШЗ2019/00551 тоот захирамжаар захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан хэмээн үзэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн юм.

Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д үрчилсний бүртгэлийн төрөл, 6.2-д төрсний гэрчилгээтэй холбоотой харилцааг хуулиар зохицуулсан байх ба мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д ...энэ хуулийн 6, 7, 8-д заасан улсын бүртгэлтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байх тул нэхэмжлэлийг харьяаллын дагуу танай шүүхэд гаргаж байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Үрчлэгч Д.Т, Т.Г нар нь хүү Т.А, бэр К.К нараас төрсөн, ач хүү А.Е-ыг холбогдох бичиг баримтуудыг үндэслэж Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Ногооннуур сумын Засаг даргын “Хүүхэд үрчлүүлэх тухай” 08 тоот захирамжаар үрчилж авсан байгаа юм.

Гэр бүлийн тухай  хуулийн 55 дугаар зүйлийн 55.8, Иргэний улсын бүртгэлийн  хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасны дагуу “шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын нэг өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ гэж заасан тул үрчлэгч нар Ногооннуур сумын Засаг даргын “Хүүхэд үрчлүүлэх тухай” 08 дугаар захирамжийг хуулийн хугацаанд авч ирээгүй, 02 дугаар сарын үед бүртгүүлэх тухай санал гаргаж захирамжийг авч ирсэн нь хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэж бүртгэхээс татгалзсан юм.

Энэ нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан ...ажлын нэг өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ” гэснийг зөрчсөн тул Улсын бүртгэлийн  Ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-д заасан холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан болно. Мөн улсын бүртгэл хийлгэхэд үрчлэгч нар бүрэн хүрэлцэн ирээгүй явдал нь бүртгэхээс татгалзах үндэслэл болсон гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Т.Г болон түүний нөхөр Д.Талгатбек нар нь өөрсдийн ач хүү А.Елнурыг Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-д заасан үндэслэлийн дагуу хууль ёсоор үрчлэлт хийлгэсэн байгаа. Үрчлэлт хийлгэхтэй холбоотой Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-д зааснаар шаардагдах бүх бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлж өгсөн. Үрчлүүлэгч болон үрчлэн авагч тал харилцан хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрсөн, эдгээр зөвшөөрлийн бичгүүд нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа.

Ногооннуур сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” 08 тоот захирамжаар А.Е-ыг Д.Т, Т.Г нарт хууль ёсоор үрчлүүлсэн болох нь нотлогдож байгаа. Хүүхэд үрчилсний бүртгэл хөтлөх, улсын бүртгэлд бүртгэх асуудал улсын бүртгэгчийн эрх хэмжээний асуудал байх бөгөөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ” гэж заасан байдаг. Гэтэл улсын бүртгэгч “эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор” гэснийг хүүхэд үрчлэх тухай шийдвэр гарснаас хойш 1 хоногийн дотор бүртгэх ёстой мэтээр ойлгож, хууль бус шаардлага тавьсан нь хуульд нийцэхгүй байна. Тийм учраас Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А.Е-г үрчилсний бүртгэлд бүртгэхгүй байгаа улсын бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, А.Е-ыг өвөг эцэг Д.Т, эмэг эх Т.Г нар үрчилсний бүртгэл хөтлөхийг даалгах шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Улсын бүртгэл хөтлөх ажиллагаанд талуудын зарим нь ирээгүй явдал нь бүртгэхгүй байх үндэслэл болсон гэж хариуцагч тайлбарлаж байгаа хэдий боловч Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд талуудыг заавал улсын бүртгэл хийх ажиллагаанд байлцуулах гэсэн зохицуулалт байхгүй.  Тийм учраас хариуцагчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Гаас  анх шүүхэд “Ногооннуур сумын улсын бүртгэгчийн хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэл хийхгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоож,  А.Е-г үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмэлт тэмдэглэл хийхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба  шүүх хуралдааныг явцад ... төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэл хийхгүй байгаа улсын бүргэгчийн эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, төрсний гэрчилгээнд нэмэлт тэмдэглэл хийхийг даалгах талаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг багасгаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагаа “Ногооннуур сумын улсын бүртгэгчийн А.Е-ыг үрчилсний бүртгэл хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, А.Еыг өвөг эцэг Д.Т, эмэг эх Т.Г нар үрчилсний бүртгэл хөтлөхийг тус сумын улсын бүртгэгчид даалгах тухай” гэж тодруулсан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т.Г, түүний нөхөр Д.Т нар нь өөрсдийн төрсөн хүү Т.А түүний эхнэр К.К  нарын дундаас 2015 оны  08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн Е нэртэй хүүг  үрчлэн авах тухай хүсэлтээ Ногооннуур сумын Засаг даргад гаргасныг үндэслэн сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж гарч, А.Е-ыг өвөг эцэг Д.Т, эмэг эх Т.Г нарт үрчлүүлжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байна, 55.6-д үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана, 55.7-д сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана гэж тус тус заасан.

Ногооннуур сумын Засаг даргаас хүүхэд үрчлэн авагч Д.Талгатбек, Т.Г нарын хүсэлт, үрчлүүлэгч Т.А, К.К нарын зөвшөөрлийг тус тус үндэслэн “Хүүхэд үрчлүүлэх тухай” дээрх захирамжийг гаргасан нь хуулийн холбогдох зохицуулалттай нийцсэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8-д хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ гэж заасан. Гэтэл бүртгэл хөтлөх эрх бүхий этгээд болох Ногооннуур сумын улсын бүртгэгч нь нэхэмжлэгчийн А.Е-ыг үрчилж авсан талаар үрчилсний бүртгэл хөтлөхөөс татгалзсан байх ба  үндэслэлээ Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д ...шийдвэрийг хүлээн авснаас хойш  ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ гэж заасныг нэхэмжлэгч зөрчиж хуулийн хугацаанд хүүхэд үрчлүүлсэн тухай захирамжийг авч ирээгүй, мөн улсын бүртгэл хийхэд үрчлэгч нар бүрэн хүрэлцэн ирээгүй явдал нь бүртгэхээс татгалзсан үндэслэл болсон гэж тайлбарлаж, бүртгэл хийхээс татгалзсан нь дараах байдлаар хууль бус байна.

 Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д  улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш  ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ гэж заасан. Ажлын 1 өдрийн дотор үрчилсний бүртгэл хийх энэхүү зохицуулалт нь улсын бүртгэгчээс бүртгэл хийхэд  хамаарах хугацаа юм. Өөрөөр хэлбэл улсын бүртгэгч нь хүүхэд үрчлүүлсэн талаарх эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш энэ талаарх бүртгэлийг ажлын 1 өдрийн дотор хөтлөх талаарх зохицуулалт тул нэхэмжлэгчийг хуулийн уг зүйлийг зөрчсөн гэж үзсэн нь хууль бус байна.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/207 дугаар тушаалаар “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ыг шинээр баталсан байх ба журмын 12.1-т үрчилсний бүртгэлийг хөтлөхдөө Гэр бүлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримтлах бөгөөд мөн хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрт үндэслэнэ гэж, 12.2-т хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхөд үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн аль нэгийг, эсхүл асран хамгаалах байгууллагын ажилтныг байлцуулна гэж тус тус заасан тул Ногооннуур сумын улсын бүртгэгчийн улсын бүртгэл хийлгэхээр үрчлэгч нар бүрэн хүрэлцэн ирээгүй гэх үндэслэл нь мөн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд  үрчлэн авагч эцэг Д.Талгатбек нь  сумын Засаг даргын хүүхэд үрчлүүлэх тухай шийдвэр гарсны дараа буюу 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан 0000222527 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр  тогтоогдож байна.

А.Е-г үрчлэн авагч эцэг нь нас барсан байх боловч үрчлэн авагч эцэг, эхийг заавал байлцуулах зохицуулалт бүхий Хууль зүйн сайдын 2015 оны А/193 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам” хүчингүй болсон, шинээр батлагдсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-д хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхөд үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн аль нэгийг, эсхүл асран хамгаалах байгууллагын ажилтныг байлцуулна гэж зохицуулагдсан.  Түүнчлэн Ногооннуур сумын  Засаг даргын “Хүүхэд үрчлүүлэх тухай” 08 дугаар захирамж нь хуульд заасан журмын дагуу гарсан, хүчин төгөлдөр шийдвэр мөн тул үрчлэн авагч эцэг нас барсан нь  А.Е-г  өвөг эцэг Д.Т, эмэг эх Т.Г нар үрчилж авсан үйл баримтыг үгүйсгэхгүй, энэ нь үрчилсний бүртгэл хийхээс татгалзах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Дээрх байдлаар хариуцагч Ногооннуур сумын улсын бүртгэгчийн А.Е-ыг үрчилсний бүртгэл хөтлөхөөс татгалзсан нь хууль бус байх тул, түүний хүүхэд үрчилсний бүртгэл хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, А.Е-ыг өвөг эцэг Д.Т, эмэг эх Т.Г нар  үрчилсний бүртгэл хөтлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 5 дугаар зүйлийн 5.8, 11 дүгээр зүйлийн 11.6-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ногооннуур сумын улсын бүртгэгчийн А.Е-ыг үрчилсний бүртгэл хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Алдабергений Е-ыг өвөг эцэг Д.Т, эмэг эх Т.Г нар үрчилсний бүртгэл хөтлөхийг тус сумын улсын бүртгэгчид даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан  нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.РИЗА