Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 21

 

 Н.Хд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                            Г.Должинсүрэн

           Прокурор                                                 Б.Догмиддорж

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      Г.Э

           Шүүгдэгч                                                  Н.Х нар оролцов.                                   

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-ны давж заалдах гомдлоор Н.Хд холбогдох эрүүгийн  1821000330045 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Улаанбаатар хотод 1989 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, эрүүл ахуйч мэргэжилтэй, “Д х” ХК-д эрүүл ахуйч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Төвийн 1-14 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Нын Х.

Н.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын талбайн зүүн талын төв зам дээр 36-42 УНХ улсын дугаартай “Тoyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 13 дугаар бүлгийн 13.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн Б.Тийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж шүүгдэгч Н.Хд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г овогт Нын Хг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нын Хыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хд оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Хд анхааруулж,

-Эрүүгийн 1821000330045 дугаартай хэрэгт шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, 284110 /хоёр зуун наян дөрвөн мянга нэг зуун арав/ төгрөгийг илүү төлсөн болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

-Өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчийн төлөөлөгч Г.Эд мэдэгдэж,

-Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн УП89022026 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж … шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх хохирлын дүнг тооцохдоо алдаа гаргаж 2 өөр зардлыг хооронд нь тооцож шийдвэрлэсэн байна. Тогтоох хэсгийн 5-д хохирогчид төлөх төлбөргүй, 284110 төгрөгийг илүү төлсөн байна гэж дурджээ. Гэтэл шүүхийн тогтоосон бодитой зардал 841200 төгрөг нь шүүгдэгчийн талаас гаргасан зардал бөгөөд нэхэмжлэгч миний зүгээс нэмж 557090 төгрөгийн зардал гаргасан байдаг. Мөн миний шүүхэд гаргаж өгсөн баримтаас зарим зардлыг /компьютер оношилгооны зардал 120000 төгрөг гэх мэт/ оруулж тооцоогүй байдаг. Энэ хоёр өөр зардлыг хооронд нь тооцож шүүгдэгчийн гаргасан зардлаас миний гаргасан зардлыг хасаж намайг 284110 төгрөг илүү авсан гэж тогтоожээ. Шүүгдэгчээс бодитой 841200 төгрөгийн зардал гарсан, мөн надаас 557090 төгрөгийн бодитой зардал гарсан гэж шүүх тогтоосон хэрнээ нэмж тооцолгүй хасаж тооцсон нь иргэн намайг хохироож байна. Одоо шүүгдэгч хүүхдийн минь эмчилгээний зардлыг төлөхөөс цааргалж, надаас илүү төлсөн гэх мөнгөө нэхэж байна. Шүүх хохирлыг буруу тооцсоноос болж иргэн миний хохирол нэмэгдэж байна. Шүүгдэгч шүүхийг үл хүндэтгэн, ... өсвөр насны хохирогчийг өөрийгөө хамгаалж шүүхэд тайлбар гаргаж чадахгүйг далимдуулж шүүхэд худал мэдүүлэг өгсөн. Худал тайлбар мэдүүлэг өгсөн гэдэг нь нотлох баримт болох камерын бичлэгээр нотлогддог. Хамгийн бага ялаар шийтгэж мөн хохирогчийг давхар давхар хохироох шийдвэр гаргасанд гомдолтой байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Догмиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирлын тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг шийтгэх тогтоолд зааж өгсөн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Н.Хд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Н.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын талбайн зүүн талын төв зам дээр 36-42 УНХ улсын дугаартай “Toyota prius-20”маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн, мөн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн Б.Тийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Н.Хын үйлдсэн хэрэг нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Өсвөр насны хохирогч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Гэрээсээ сургууль руугаа явж байгаад Тусгаар тогтнолын талбайн зүүн талын замын явган хүний гарцаар гарах гэж байгаад машинд дайруулчихсан юм. Тэр машин цагаан өнгөтэй байсан бөгөөд жолооч эгч машинаас гарч ирэхдээ гар утсаар ярьж байсан. Тэгээд намайг эмнэлэг рүү аваад явж байхдаа манай ээжийн дугаарыг асуухаар нь хэлж өгсөн юм. Би машин ирж байхыг харсан боловч замаар гарах гэж байсан чинь машин дайрчихсан юм. Ингээд машинд дайруулаад миний хөл хугарчихсан бөгөөд миний хөлөнд эмч нар хадаас хийчихсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх 16-18/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…Манай хүү Т 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 12 цаг 30 минутын орчимд сургуульдаа явахаар гарсан юм. Манай хүү гараад удаагүй байхад миний гар утас руу танихгүй дугаараас залгаж, хүүг чинь мөргөчихлөө би хүүхдийг чинь аваад эмнэлэг явж байна та хүлээн авах дээр яваад очих уу гэж хэлэхээр нь тэгье гэж хэлээд шууд хүлээн авах тасаг дээр очсон чинь манай хүү Т хүлээн авахын орон дээр хөл өвдөөд байна гэж хэлээд уйлаад байсан. …Рентгэн зураг авахуулсан чинь зүүн хөлний шагайны дээд талын хоёр яс хугарсан гэж хэлсэн юм. …Эмч үзээд шагайнд ойрхон хугарсан учраас 10 хоног татлага хийж бороолуулж эдгээнэ гэж хэлэхээр нь хурдан эдгээхийн тулд хадуулья гэсэн чинь манай эмнэлэгт хагалгаа хийж хадуулах боломжгүй гэсэн учраас Улаанбаатар хот руу явж хагалгаанд орох шаардлагатай болсон. …2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хагалгаанд орж 02 дугаар сарын 02-ны өдөр эмнэлгээс гарч Дорнод аймагт ирсэн. …Манай хүүгийн хагалгааг эрүүл мэндийн даатгалын сангаас 100% гаргасан болохоор уг мөнгөн дүнг нэхэмжлэх юм. Би ажлаасаа цалингүй чөлөө авч явсан учраас байгууллагаас гаргасан мөнгөн дүнгээр нэхэмжилнэ. …Хүүхдээ хөл дээрээ гүйдэг болтол нь Хонгорзулд гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай хүүхдийн тулгуур яс, шилбэ нь хугарсан байсан. Манай аймагт эмчилгээ хийх боломжгүй гэсэн учраас мэс заслын эмч Ганбатын зөвлөснөөр Улаанбаатар хот руу очиж 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хагалгаанд орсон.  Хөлдөө 3 хадаас тавиулж гибсдүүлсэн, одоо хүртэл явж чадахгүй суга таягтай байгаа. Хичээлдээ 2-3 сар яваагүй, цаашид эдгэрээд өмнөх шигээ зүгээр болно гэж байхгүй. Хүүхдээ бүрэн эдгэртэл гомдолтой байна. Энэ хугацаанд бидний зүгээс хүүхэддээ хүүхдийн кальци 130680 төгрөгөөр, эм тариа 36200 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Мөн би ажлаасаа эхлээд 2 хоногийн, дараа нь 6 хоногийн цалингүй чөлөө авч хүүхдээ эмчилгээнд авч явсан, энэ нь илүү цагийн мөнгөтэй нийт 390210 төгрөг болж, нийт 557090 төгрөг гарсан байгаа. …Бидэнд нийт 1187800 төгрөгийн замын болон хоол эргэлтийн зардал, эм шаардлагатай зүйлийн зардлыг өгсөн гэж Хонгорзул ярьж байна. Бид хохиролд түүний тооцоонд бичигдсэн зүйлээс бинт 2 ш, торко, татлага, гипс, унааны зардлууд,  эмчид өгөх 150000 төгрөг, барагшун, кальци зэрэг зүйлүүдийг авсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Харин хоол эргэлт, хүнсний зүйл, 2 ширхэгээс бусад бинт өгсөн гэдгийг тооцоонд оруулах боломжгүй гэж үзэж байна. Бид цаашдын эмчилгээнд гарах зардлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 01 сарын 23-ны өдөр хүүхдээ сургуулиас нь аваад тусгаар тогтнолын талбайн зүүн талын замаар явж байсан юм. Явган хүний гарцан дээгүүр явж байтал гэнэт замын хажуу талаас нэг хүүхэд гүйгээд гараад ирсэн. Тэгээд би сандраад зогсоох арга хэмжээ аваад буухад, нүдний шил нь цантчихсан нүүрээ битүү ороосон хүүхэд газар унасан байсан. Уйлаад байхаар нь аваад эмнэлэг явсан. Анх эмнэлэг дээр очиход Энхтулга эмч үзсэн. Эмч тухайн үед “сарын хугацаа өнгөрөхөд эдгэрнэ” гэж хэлсэн. Миний буруу болохыг ойлгон гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2018 оны 02 сарын 06-ны өдрийн 04 тоотын “...Жолооч Н.Хонгорзул нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жолооч Н.Х нь хөдөлгөөнд аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйгээс осол гарах шалтгаан болсон гэж үзлээ…” гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33/,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 122 тоотын ...Г.Тгийн биед зүүн шилбэ ясны хөндлөн далд хугарал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо…” гэсэн дүгнэлт /хх-ийн 37/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Хын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогджээ.

Н.Хд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

            Харин шүүх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг тооцохдоо шүүгдэгч Н.Хыг хохирогчид нийт 841200 төгрөгийг бодитойгоор зарцуулсан гэж үзэн хохирогчийн төлөөлөгчийн зарцуулсан 557090 төгрөгийг дээрх мөнгөнөөс хасаж 284110 төгрөгийг илүү төлсөн талаар шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иргэний хуулийн 506 дугаар зүйлийн 506.1-д зааснаар “Арван зургаан нас хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ийнхүү гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн 505.1-д зааснаар нөхөн төлнө” гэсэн байна.

Ийнхүү хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э шүүхэд өсвөр насны хохирогч Г.Тг Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр явахдаа ажлаасаа 8 хоногийн цалингүй чөлөө авсан тухай Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/12, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/17 тоот тушаалууд /хх-ийн 58-59, 91-92/, энэ хугацаанд авах байсан цалингийн тодорхойлолт /хх-ийн 57, 89/, хүүхдийн кальци /хх-ийн 57/, аптекаас авсан эмийн зарлагын баримт /хх-ийн 88/ зэрэг нийт 557090 төгрөгийн нотлох баримт гаргаж өгчээ. Гэтэл шүүх дээрх 557090 төгрөгийг шүүгдэгчийн талаас гаргасан замын зардал, эмчилгээний зардал зэрэгт зарцуулсан 841200 төгрөгнөөс хасаж, зөрүү 284110 төгрөгийг илүү төлсөн гэж үзэн шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан “…Шүүгдэгчээс бодитой 841200 төгрөгийн зардал гарсан, мөн надаас 557090 төгрөгийн бодитой зардал гарсан гэж шүүх тогтоосон хэрнээ нэмж тооцолгүй хасаж тооцсон нь иргэн намайг хохироож байна…” гэх гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Б.Хн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан <<…дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх …>> ялаас торгох ялыг сонгож хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “…Хамгийн бага ялаар шийтгэж хохирогчийг давхар, давхар хохироох шийдвэр гаргасан” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаас “энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, 284110 /хоёр зуун наян дөрвөн мянга нэг зуун арав/ төгрөгийг илүү төлсөн” гэснийг хасч, уг заалтад “Иргэний хуулийн 506 дугаар зүйлийн 506.1-д зааснаар шүүгдэгч Н.Хс бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд 8 өдрийн цалин 390210 төгрөг, хүүхдийн кальцийн 130680 төгрөг, эмийн зардалд 36200 төгрөг нийт 557090 /таван зуун тавин долоон мянга ер/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эд олгосугай” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

                ШҮҮГЧИД                                              С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                               Ж.ДОЛГОРМАА