Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 221/MA2023/0005

 

Г.Т, Б.У, Б.У,

Г.Ч, Б.У нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 688 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, өмгөөлөгч Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0479/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Г.Т, Б.У, Б.У, Г.Ч г нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

            2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 688 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Т, Б.У, Б.У, Г.Ч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/204 дүгээр захирамжийг бүхэлд нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэн хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасан. Улсын дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 110 дугаар тогтоолын 23 дахь хэсэгт нэхэмжлэгч нарт 2018 оны А/1177 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээний талаар “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх зохицуулалт нь тодорхой нэгж талбарын газрыг нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжүүлэхийг ойлгоно. Харин тодорхой нэгж талбарын газрыг шилжүүлж байгаа нэрээр өөр нэгж талбарын газрыг эзэмших эрх үүсгэх, шилжих боломжгүй бөгөөд хууль зүйн хувьд зөвшөөрөгдөөгүй. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нарт уг газрыг эзэмших эрх хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу үүсээгүй, шилжүүлээгүй тул тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй” гэж дүгнэсэн. Тиймээс нэхэмжлэгч нарын 2018 оны А/1177 дугаар захирамжаар олгосон газар эзэмших эрхийн талаар шүүхээс нэгэнт үнэлсэн байхад анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл үүсээгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.2. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны маргаан бүхий газарт “Нисэх Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө” батлагдсан бөгөөд тухайн газарт “амины орон сууц”-ны зориулалтаар газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалт, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг зөрчсөн, мөн шилжүүлж байгаа хүсэлтийн дагуу өөр байршилд газар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

3.3. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн Засаг дарга өөрийн шийдвэрээрээ Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн бол хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу нэхэмжлэгч нарт 2018 оны А/1177дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо Газрын тухай хууль тогтоомж дээрх байдлаар зөрчсөн тул Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг бүрэн хангасан гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 688 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:     

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч Г.Т, Б.У, Б.У, Г.Ч, Б.У нараас “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.2. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/1177 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.Т, Б.У, Б.У, Г.Ч, Б.У нарт газар эзэмшүүлсэн байна.

2.3. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/204 дүгээр захирамжаар “... Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1177 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины сууцны зориулалтаар олгогдсон тус бүр 600 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

2.4. Анхан шатны шүүхээс “...хариуцагч нь өмнөх Нийслэлийн Засаг даргын захирамжийг хууль тогтоомжид нийцээгүй гэж үзвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийн “...өөрөө хүчингүй болгох” заалтыг баримтлах учиртай атал уг заалтыг баримтлаагүй, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-ийг баримтлах тохиолдолд тухайн газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д зааснаар хүчингүй болгох учиртай бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...газрыг шилжүүлж байгаа нэрийдлээр өөр нэгж талбарын газрын эзэмших эрх бусдад үүсгэх/шилжих боломжгүй ... гэж Дээд шүүхийн тогтоолд заасан” гэх тайлбар энэ маргааны тухайд хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй, маргаан бүхий актад энэ үндэслэлийг дурдаагүй, хүчингүй болгож буй захиргааны актаа тухайлан заагаагүй зэргээс уг акт утга агуулгын илэрхий алдаатай, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл үүсээгүй” гэж дүгнэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

2.5. Тодруулбал, хариуцагчаас “нэг этгээдээс нөгөө этгээдэд газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ өөр нэгж талбарт шилжүүлэх боломжгүй” гэж тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд энэ талаарх баримтыг огт цуглуулахгүйгээр дээрх байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

2.6. Түүнчлэн, анх нэхэмжлэгч Г.Т, Б.У, Б.У, Г.Ч, Б.У нарт газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1177 дугаар захирамжийн 3 дахь заалтаар уг захирамж гарсантай холбогдуулан өмнө нь иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгосон захирамж болон захирамжийн холбогдох хэсгүүдийг хүчингүй болсонд тооцсон байх бөгөөд үүний дотор нэхэмжлэгч нарт өмнө нь газар эзэмшүүлсэн захирамжууд багтаагүй байх тул уг захирамжууд хүчингүй болсон эсэхийг зайлшгүй тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

2.7. Мөн анхан шатны шүүх маргааны гол зүйл болох нэхэмжлэгч нар хаана байршилтай газрыг хэрхэн шилжүүлэн авсан талаар тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын шилжүүлэн авахаас өмнөх болон шилжүүлэн авсны дараах газрын байршил, нэгж талбарын дугааруудыг зайлшгүй тодруулах шаардлагатай.  

2.8. Нөгөөтээгүүр хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.Ч, Б.У нараас Нийслэлийн газрын албанд “газар эзэмших эрх шилжүүлж, байршил солих тухай” хүсэлтүүдийг гаргаж байсан болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагчаас энэ талаар тайлбар, татгалзлыг үндэслэлийг тодруулж нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийхээр байна. Учир нь нэхэмжлэгч тал “тухайн газруудыг эзэмших эрхийг шинээр олж авсан” гэж мөн тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй.

2.9. Нэхэмжлэгч нар “газар эзэмших эрхийг нь Засаг дарга хууль бусаар хүчингүй болгосон” талаар маргаж байхад анхан шатны шүүх хэрэгт нэхэмжлэгч нарын газар баталгаажилтын хувийн хэргийг огт цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх төдийгүй уг баримтыг авалгүйгээр маргааны үйл баримтад дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

 

Нэгэнт давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 688 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                               Г.БИЛГҮҮН