| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0661/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/068 |
| Огноо | 2021-03-16 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Шүүгдэгч Ш.Б , түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул
Шүүгдэгч Ө.Б , түүний өмгөөлөгч Б.Бурмаа, Т.Пүрэвдаваа
Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Ц.Баярмаа, Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ш.Б , Ө.Б , Б.Б нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1914001020230 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, овогт ын , Регистрийн дугаар ,
2. Монгол улсын иргэн, овогт гийн , Регистрийн дугаар ,
3. Монгол улсын иргэн, овогт ын , Регистрийн дугаар ,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Ш.Б , Ө.Б , Б.Б нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан эрэг” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 14-16-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр иргэн *******ийн эзэмшлийн нийт 28 тооны ямаа буюу олон тооны малыг хотноос нь хулгайлж *******т 3388000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ө.Б ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
... Б.Б , Ш.Б нарын хамт өөрийнхөө эзэмшлийн 76-06 БНХ улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслээр ямааг хулгайлсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 155-156/
Шүүгдэгч Ш.Б ын мөрдөн байцаалтад өгсөн
... Миний хувьд өөрийнхөө 28 тооны ямаа хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 157-158/
Шүүгдэгч Б.Б гийн мөрдөн байцаалтад өгсөн
... Ш.Б тай бүлэглэн *******ийн 28 тооны ямааг хулгайлсан болохоо хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 163-164/
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
... Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар нутаг “Цагаан эрэг” гэх газарт хамаатны ах *******гийнд манай мал байдаг байсан. Тэгтэл ******* утсаар яриад таны малын имтэй ижил имтэй малын махыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын айлын хашаанд үлдээсэн байна гэхээр нь нөхөр бид хоёр очиж үзэхэд малын арьсыг хуулж аваад махыг үлдээсэн байсан. Айлын хаваржааны хашаан дээр 10 тооны малын мах, мөн тус хаваржааны ойролцоо мөн 6 тооны малын мах, мөн Булсангийн хотгор гэх газарт 12 тооны малын мах хаясан байсан. 12 малын ойролцоо элсэнд машин суугаад гарсан машины мөр байсныг мөрдөгч ******* зургийг нь авсан. Дээрх 28 тооны ямаа нь бүгд манай ямаа байсан. Өмнө нь 2018 оны 11 дүгээр сард идшээ авах үед малнаас 10 тооны ямаа дутсан байсан. Дээрх ямааг нэмээд нийт 38 тооны ямаа алдсан гэж гомдол гаргасан. Дээрх 28 тооны ямаанаас 22 нь эм ямаа, 6 нь эр ямаа байсан. 10 тооны ямаа нь тогтоогдохгүй бол 28 ямааны үнэлгээгээр хохирол нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг / хх-ийн 58-67 /
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
... ******* утсаар яриад танай ямаа байж магадгүй арьсыг нь аваад махыг нь айлын хашаанд үлдээсэн байна гэхээр нь очиж үзэхэд манай ямааг 3 хэсэг газарт арьсыг нь аваад махыг нь үлдээсэн байсан. 3 газарт 10, 6, 12 гэсэн нийт 28 тооны ямааны мах байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 70-72 /
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 02 дугаар сарын эхээр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэн болох ******* гэх хүнээс 1.800.000 төгрөгт 76-06 БНХ улсын дугаартай верна аксент маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч байсан. Тэгээд хэсэг унаж байгаад Ө.Б д зарсан. Одоо тус тээврийн хэрэгсэл нь Ө.Б ы өөрийн эзэмшлийнх юм байгаа. Би түүнд 1.500.000 төгрөгөөр худалдаж байсан . Надад холбогдох мөнгийг нь бүрэн гаргаж өгсөн ... гэх мэдүүлэг / хх-ийн 109-110 /
Гэрч *******ы мөрдөн байцаалтад өгсөн
... Баянхонгор аймгийн Баацагаан сумын Зүүн хаяа 6 багийн нутаг “Гэцэн” гэх газарт байх өвөлжөөгөө эргээд очсон чинь манай малын хашаан дотор 10 билүүл 4 12 тооны ямааны арьсыг нь хуулж авсан бусад бүх зүйлтэй нь үлдээсэн байсан. /гэдсийн хагалаагүй, чихийг нь тасалж авчихсан байсан/ ... гэх мэдүүлэг /хх-ийн 98- 99/
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын төв рүү эхнэр хүүхдүүдээ хүргэж өгөх гээд явж байхдаа Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн нутаг “Хэрцэнгийн тал” гэх газарт байх өвөлжөөндөө очиход хашаан дотор 10 тооны ямааны мах байсан. /гаднах арьсыг хуулаад авсан, өөр бусад зүйлстэй үлдээсэн байсан/ ... мөн өвөлжөөнөөс наанаа 6 тооны ямааны гулууз мах, “Хүнхэрийн арлуу” 12 тооны ямаа мах тус тус хэвтэж байсан.... манай хашаанд хэвтэж байсан 10 ямаа, мөн манай өвөлжөөнөөс наана байсан 6 тооны ямааны чихийг нь таслаад авсан байсан ба харин 12 тооны ямааны чихийг нь огтлоогүй байсан. Тэдгээрийн чихийг нь харсан чинь манайхтай ойрхон саахалт байсан гэх хүний малын имтэй адилхан байхаар нь тэдний хамаатан болох ын утас руу залгаад хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 101-102/
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
... Манай эхнэртэй ах дүүгийн холбоотой // гэх хүн надруу утсаар залгаад манай хашаанд мал нядлаад хаясан байна нагац ын мал юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь ах руу залгаад утсаар /Х.БатОргил/-ын ярьсан зүйлийн талаар хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 107-108/
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 262 дугаартай шинжээчийн ...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 76-06 БНХ улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 1,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ ... гэх дүгнэлт /хх-ийн 133-134/
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 283 дугаартай шинжээчийн ... хулгайд алдсан ямааны нийт үнэ 3,080,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ ... гэх дүгнэлт /хх-ийн 99-100/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 3-4, 7-8, 11-12/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-31/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ххийн 32-37/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 51-55/, шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 47/, тэдгээрийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48-50/, шүүгдэгч Ш.Б ын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3-р багийн Засаг даргын 2019.03.11-ний өдрийн 25 дугаартай тодорхойлолт /хх-ийн 165/, шүүгдэгч Б.Б н хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3-р багийн Засаг даргын 2019.03.11-ний өдрийн 26 5 дугаартай тодорхойлолт /хх-ийн 166/, шүүгдэгч Ө.Б ы хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3-р багийн Засаг даргын 2019.03.11- ний өдрийн 27 дугаартай тодорхойлолт /хх-ийн 167/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 176-178/, шүүгдэгч Ш.Б , Б.Б нарын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 179- 186/, хохирол төлсөн баримтууд /хх-ийн 196-198/, хохирогч *******ийн хүсэлт /хх-ийн 195/, нас тоолсон тэмдэглэл / хх-ийн 175-176/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.Б , Ө.Б , Б.Б нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан эрэг” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 14-16-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр иргэн *******ийн эзэмшлийн нийт 28 тооны ямаа буюу олон тооны малыг хотноос нь хулгайлж *******т 3388000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэглт, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Б , Б.Б , Ө.Б нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж иргэн *******ийн өмчлөлийн 28 тооны ямааг хулгайлсан буюу нийт 3080000 төгрөгийг хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Б , Б.Б , Ө.Б нар нь үйлдлээрээ нэгдэж хамтран үйлдэж байгаа нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар... энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно... гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ш.Б , Б.Б , Ө.Б нар нь мал хулгайлах гэмт хэргийг 3 удаагийн үйлдлээр буюу 2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд хохирогч *******ийн нийт 28 тооны бог малыг хотноос болон бэлчээрээс нь хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Түүнчлэн шүүгдэгч нарын дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар ашиг олох санаа зорилгоор / хулгайлсан малаа хээр нядалж зөвхөн арьсыг нь өвчин авч, бусад хэсгийг нь ил задгай орхиж явсан/ бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр , нууц, далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг өөрсдөө хүсч үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдлүүд нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой гэж үзэж шүүгдэгч Ө.Б , Ш.Б , Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзлээ.
Иймд Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ө.Б , Ш.Б , Б.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ө.Б , Ш.Б , Б.Б нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Уг гэмт хэргийн хохирогч *******ийн 28 тооны ямааг 3,080,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, шүүгдэгч Ө.Б , Ш.Б , Б.Б нар нь бусдын 28 тооны ямааг хулгайлж авсан өөрсдийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримтад маргаагүй, түүнчлэн шүүгдэгч Ө.Б , Ш.Б , Б.Б нар нь гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч, Ө.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ш.Б , Б.Б , Ө.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ө.Б , Ш.Б , Б.Б нар нь хохирогч *******ийн / хх-ийн 194-195/, хохирлыг барагдуулсан, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Шүүгдэгч Ө.Б нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн бүртгэгдээгүй байна.
Уг хэргийн оролцогч өсвөр насны шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 5 сар 22 хоногтой байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх үед 18 насанд хүрсэн байна.
Шүүгдэгч Ө.Б , Ш.Б , Б.Б нарт ял оногдуулахдаа учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ш.Б , Б.Б , Ө.Б нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин шүүгдэгч Ш.Б , Б.Б нар нь тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн № 69 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссэж,
Өвсөр насны шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулах тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 8.7 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ш.Б , өвсөр насны шүүгдэгч Б.Б нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах, 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг тус тус хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байна.
Шүүгдэгч Ш.Б ыг тэнсэж , өсвөр насны шүүгдэгч Б.Б нар нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5-т дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн № 69 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарыг үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Б , Ө.Б , Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ө.Б ы эзэмшлийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгож , харин шүүгдэгч Ө.Б ы эзэмшлийн.... улсын дугаартай тээврийн хэрэгсэл...-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б , Ш.Б нарын өмнөх буюу Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн № 69 дугаар шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон хоноггүй ба 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 25 хоног, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 272 хоног нийт цагдан хоригдсон 297 хоногийг ялтны эдлэх ялд тус тус оруулан тооцов.
Шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б , Ш.Б нарын эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Ш.Б , овогт Б.Б , овогт Ө.Б нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ө.Б ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Б , Ш.Б нарыг тус бүр 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Ш.Б д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, шүүгдэгч Б.Б д гэмт хэргийн хор уршгийг арилгах 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Б , Б.Б нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5-т заасныг тус тус журамлан мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Ш.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Б , Ш.Б нарт тус бүр оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ө.Б д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ө.Б ы өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б , Ш.Б нар нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 25 хоног, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 272 хоног нийт цагдан хоригдсон 297 хоногийг ялтны эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.
8. Шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ө.Б , Б.Б , Ш.Б бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б , Ш.Б нарын эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч Ө.Б ы эзэмшлийн.... улсын дугаартай тээврийн хэрэгсэл...-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Шүүгдэгч Б.Б , Ш.Б , Б.Б нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.Б д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Б , Ш.Б , Б.Б нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА