Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/279

 

 

                            

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргад О.Эрдэнэбат,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т-т холбогдох эрүүгийн 2034003620321 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Н. Т, Монгол улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар 1, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 119А-292 тоотод, урьд 2000 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 59 дугаартай тогтоолоор зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг мөн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэв.

 

Хэргийн товч агуулга:/яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Н.Т нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд 3 дугаар баг "онгоцны хоолой" гэх газарт Хюьндай портер маркийн 68-41 ТӨВ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ".23.1. Зорчигчийн хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн ачаан дээр зорчиж явсан зорчигч Э.Учрал-Эрдэнэ нь унаж амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр бүтэн сайн өдөр байсан. Манай ээж өнгөрөөд удаагүй байсан, маргааш нутаглуулна гээд орой нь усанд явах болоод хөдлөх гээд портер дээр иртэл ах, дүү нарын нийлсэн 3 хүүхэд машин дээр тоглож байсныг нь буулгачихаад би хол явна гээд буулгасан. Манай Должинсүрэн гээд хүргэн би хамт явъя ахаа гэхээр нь хүүхдүүдийг энд олон хүнтэй бужигнаж байхаар хамт явжил байг гээд хамт аваад явсан. Бага хүүхдээ ард тавьсан унтуулчихсан байсан, би сэрхээр нь өвөр дээрээ аваад явж байсан. Тэгээд усаа авчихаад буцаад явж байтал 20-30 км хурдтай явж байсан. Нэг доргитол манай хүргэн хүүхэд уначихлаа яанаа гэхээр нь гараад очтол талийгаачийн хамраас нь цус гарсан байсан. Манай хүргэн судасыг нь дараад үзтэл үхсэн байна гэсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-12/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-16 тал/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэбатын мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/, насанд хүрээгүй гэрч Д.Баярмаагийн мэдүүлэг /хх-ийн 22 тал/, гэрч Ц.Должинсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/, гэрч Ж.Наранхүүгийн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/, Замын Цагдаагийн шинжээчийн №59 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-50 тал/, шүүгдэгч Н.Тын хувийн байдлыг тогтоосон бусад баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Т нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд 3 дугаар баг "онгоцны хоолой" гэх газарт Хюьндай портер маркийн 68-41 ТӨВ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ".23.1. Зорчигчийн хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн ачаан дээр зорчиж явсан зорчигч Э.Учрал-Эрдэнэ нь унаж амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэбатын: “...Э.Учрал-Эрдэнэ бол манай хамгийн бага хүү байгаа юм...би хэрэг гардаг өдөр Улаанбаатар хотод буяны ажлын ю цуглуулаад явж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 23 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Замын нурамт гэдэг газар очиход намайг манай хамаатнууд тосч аваад Э.Урал-Эрдэнийг тээврийн хэрэгсэл дээрээс унаж нас барсан гэж хэлсэн...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/

Гэрч Ц.Должинсүрэнгийн: "...2020 оны үдээс хойш ажил явдал дээр байж байгаад Төөгөө ах портертэй нэг залуу, 3 хүүхэдтэй усанд худаг руу явах гэж байсан. Тэгэхээр нь би хамт явах гээд портерийн тэвш дээр 3 хүүхэдтэй сууж явсан. Тэгээд бид усаа авчихаад худгаас хөдлөөд 1 километр орчим явж байхад портер дээр надтай хамт сууж явсан 3 хүүхдийн 1 эрэгтэй хүүхэд нь тэвшнээс автомашины зүүн тал руу унасан тэгэхээр нь би зогсоорой гээд орилсон чинь намайг орилсоноос 4-5 метр яваад зогссон. Тэгээд унасан хүүхэд дээр би түрүүлээд гүйгээд очсон чинь судас нь цохилохгүй байсан...Төөгөө ах харин ахынхаа ганц хүүхдийг алчихлаа гээд орилоод байхаар нь би тайвшруулаад...тэгээд сумын цагдаа, эмнэлэг ирсэн...ямар нэгэн юм үнэртээгүй, харахад бол зүгээр л байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

Гэрч Ж.Наранхүүгийн "...Би Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 3-р баг багт ажил явдалд ирчихсэн байсан. Тэгээд 2020 оны 04 сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд Төөгөө, Должинсүрэн, 3 хүүхэдтэй хамт худаг руу усанд явсан...усаа аваад худгаас хөдлөөд явж байтал Должинсүрэн араас цонх тогшоод хүүхэд уначихлаа гэж хэлсэн...яг осол болох үед архи уугаагүй байсан." Гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

Шүүгдэгч Н.Т-ын яллагдагчаар өгсөн "...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би зүйл ангийг бол хүлээн зөвшөөрч байна...би хэрэг учрал болох үед архи соггууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин осол болсны дараагаар сандраад байхаар нь өөрийгөө тайвшруулах гээд...архины талаас илүүг нь уучихсан юм. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 6-12 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-16 тал/, Замын цагдаагийн шинжээчийн №43 дугаартай "...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ".23.1. Зорчигчийн хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно." гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан." гэх дүгнэлт /хх-ийн 45-46 тал/, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №59 дугаартай "...Талийгаач Э.Учрал-Эрдэний цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр суурь яс, зулай, баруун зүүн чамархай, ар дагз ясны хугарал, хуйханд цус хуралт, зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн хацар, шанаа чамархай зөөлөн эдийн няцрал, зулгаралт, эрүүнд шарх, хүзүү, баруун зүүн эгэмний дор, цээж, баруун зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааварт гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь авто осол гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ." гэх дүгнэлт /хх-ийн 49-50 тал/, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Н.Т-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Н.Т нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд 3 дугаар баг "онгоцны хоолой" гэх газарт Хюьндай портер маркийн 68-41 ТӨВ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ".23.1. Зорчигчийн хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн ачаан дээр зорчиж явсан зорчигч Э.Учрал-Эрдэнэ нь унаж амь нас хохирсон гэмт хэргийн улмаас талийгаачийн биед “суурь яс, зулай, баруун зүүн чамархай, ар дагз ясны хугарал, хуйханд цус хуралт, зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн хацар, шанаа чамархай зөөлөн эдийн няцрал, зулгаралт, эрүүнд шарх, хүзүү, баруун зүүн эгэмний дор, цээж, баруун зүүн шуунд зулгаралт” гэмтэл учирч улмаар амь нас нь хохирсон болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

Шүүгдэгч Н.Т нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Н.Т-ын Замын Хөдөлгөөний Дүрмийн зохих зүйл заалтыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон байна.

 

Шүүгдэгч Н.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ гэмт хэргийн улмаас төрөл садангийн хүн болох өөрийн төрсөн ахых нь хүүхэд болох Э.Учрал-Эрдэний амь нас хохирсон, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул Н.Т-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

 

        Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэбат нь мөрдөн байцаалтын шатанд “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэж /хх-ийн 18/, шүүхээс шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд “гомдолгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул нь энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх тхохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Н.Т нь бусдад төлөх төлөхгүй байна.

 

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдаж, бичгийн баримтаар хураагдаж ирсэн №212038 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овгийн Н.Т-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Н Т-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Н.Т-т үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Н.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, түүний №212038 дугаарын жолоочийн үнэмлэх /1 ширхэг/-ийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Т нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж №566882 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт хураагдсан СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.ОТГОНЖАРГАЛ