Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/293

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Сүхням,

улсын яллагч Т.Төмөртулга,

хохирогч Э.Бямбасүрэн,

шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-д холбогдох 2034003190363 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овогт С.М , Монгол улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн хөгжмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүгийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 32-14 тоотод оршин суух хаягтай,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 573 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жил 2 сарын хорих ялыг тэнсэн харгалзсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 919 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч С.М нь Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутагт 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Э.Бямбасүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-04 тал/, хохирогч Ж.Бямбасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-06-07 тал/, хохирогч Э.Бямбасүрэнгээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-08 тал/, гэрч Г.Аззаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-09-10 тал/, гэрч С.Мөөс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-11 тал/, гэрч Б.өөс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-12-13 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №27 дугаартай дүгнэлт/хх-15-16 тал/, яллагдагч С.Мөөс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-25-27 тал/, С.Мийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-28 тал/, С.Мийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-45-49 тал/, хохирогч Э.Бямбасүрэнгийн гэмтэл авсан талаар харуулсан зураг/хх-62-64 тал/, хохирлын баримтууд/хх-66-67 тал/, С.Мийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/хх-70 тал/, С.Соронзонболдын тодорхойлолт/хх-74 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.М нь Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутагт 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Э.Бямбасүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

Хохирогч Э.Бямбасүрэнгийн: “... намайг чи одоо хамаг пиво уучихсан байна гэхээр нь би аваад өгчий гэхэд чи муу юугаараа авдагч юм гуйлгачин минь гээд бид хоёр муудалцаад эхэлсэн... би машины хойд талын  цонхыг нь чулуугаар цохиод хагалаад хаячихсан чинь  машинаа асаагаад ямар овоо пизда вэ одоо чамайг дайрч ална гээд хөөгөөд машинаараа мөргөж унагаад би ойчоод босох гэтэл ахиж машинтайгаа урдаас ирж миний цээж хэсэгт мөргөөд... баруун талын 7-р хавирга хугарсан, ахар сүүл орчимд хөндүүрлээд байна” гэх мэдүүлэг /хх-06-08 тал/,

Гэрч Г.Аззаяагийн: “...Тэгээд араас нь  гараад би байшинд гал түлэх гээд үлдсэн. Удалгүй гадаа түс тас хийх чимээ гартал би гараад хартал Бямбасүрэн чулуу барьчихсан машины цонх хагалчихсан  уурлаад Бямбасүрэнгийн чулуу барьсан гарыг мушгисан уу цохисон уу эсэхийг хараагүй ноцолдоод  Бямбасүрэнг доош нь дараад газар хэвтүүлчихсэн... хэрэлдээд... маргалдаад байхаар нь би очоод салгасан” гэх мэдүүлэг/хх-09-10 тал/,

Гэрч С.Мийн: “...тээврийн хэрэгслийн болон гэмтлийн талаар үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Би тухайн тээврийн хэрэгслийн эвдрэлийг өөрөө янзалчихсан машины талаар надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-12-13 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №27 дугаар “1.2. Э.Бямбасүрэнгийн биед баруун 7-р хавирганы мөгөөрсний зөрөөтэй хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/хх-15-16тал/,

Яллагдагч С.Мийн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа би хүлээн зөвшөөрч байна... Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт 2020 оны 04 сарын 03-ны үед иргэн Э.Бямбасүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна хэргийг хурдан шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-25-27 тал/, зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч С.Мийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Уг гэмт хэргийн улмаас Э.Бямбасүрэнгийн эрүүл мэндэд эмчилгээ, эм тариа оношлогоонд нийт 255814 төгрөг гарсныг шүүгдэгч С.Маас гаргуулж хохирогч Э.Бямбасүрэнд олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С овогт С.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.М-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар С.М-өөс  255814 /хоёр зуун тавин таван мянга найман зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Бямбасүрэнд олгосугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч С.М-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ц.ОТГОНЖАРГАЛ