Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/348

 

 

                            

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тт холбогдох 2034000000355 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б Т, Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Зунумод суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт Төв аймаг Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг 9 дүгээр гудамж 31 тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 118 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, мөн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзсан, мөн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж оногдуулсан ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан гэв.

 

Хэргийн товч агуулга: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг 8 дугаар гудамжны 22 тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай байр болох Б.Хишигжаргалын өмчлөлийн байшинд цонхоор дотогш нэвтэрч 6 кг борц, 10 кг хөлдүү мах, 64 ширхэг хурганы арьс, 1 ширхэг тарвагны мах зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, бусдад 1720150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөргүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, Б.Хишигжаргалын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-04 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-5-9 тал/, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-11 тал/, хохирогч Б.Хишигжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-15-18 тал/, гэрч Д.Энхбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-22-23 тал/, гэрч Ш.Эрдэнэбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-25 тал/, 2020 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн Илтгэх хуудас /хх-26 тал/, Б.Тын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-27 тал/, Б.Хишигжаргалын өмчлөлийн хулгайд алдагдсан 4 нэр төрлийн эд хөрөнгүүдийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт/хх-38-47 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №77 дугаартай дүгнэлт/хх-54-62 тал/, Б.Тын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-76-82 тал/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-83 тал/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг 8 дугаар гудамжны 22 тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай байр болох Б.Хишигжаргалын өмчлөлийн байшинд цонхоор дотогш нэвтэрч 6 кг борц, 10 кг хөлдүү мах, 64 ширхэг хурганы арьс, 1 ширхэг тарвагны мах зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, бусдад 1720150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Хишигжаргалын: “2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 12 цагт Нисэх буудлын тэнд байдаг Хөшигтийн хөндий гэх газарт байдаг хөдөө гэрээсээ Төв аймаг Зуунмод 5 дугаар хороо 8-22 тоотод байдаг гэртээ эд зүйл тавих гээд иртэл хашаанд байдаг гэрийн ар талд байшингийн цонх нь онгорхой байсан тэгээд байшиндаа ороход үртэс хог бужигнуулаад эд зүйл сандаачилсан хөргөгчинд байсан борц байхгүй бас хөлдүү хоёр хэсэг байсан мах, тулам, үйлдвэрийн аргаар элдсэн дээлний хурган дотор 40ш байхгүй байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан. ... Би хулгайд алдсан элдсэн хурганы арьс болох 64 ширхэгийг хүлээж авсан. Өмнө өгсөн мэдүүлэг дээр яг нарийн тоог нь би мэдэхгүй байсан юм. Надад санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-18 тал/,

Гэрч Д.Энхбатын: “ ... 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай найз болох Т, Болдоо, Жагаа, Норх гэх хүмүүс “Ар Урт” гэх нэртэй дэлгүүрийн урд таараад Морьт хангай гэх нэртэй 0,75л архи хувааж уугаад би өөрийн 5 дугаар хороо 7-24 тоот болох гэрлүүгээ явсан. Тэр үед л Ттай уулзсан” гэх мэдүүлэг/хх-23 тал/,

Гэрч Ш.Эрдэнэбаярын: “ ... 2020 оны 06 дугаар сарын 01-ний орой айлд хулгай орсон дуудлага 102 дугаарын утсанд ирээд криминалистикийн шинжээчийн хамт хулгай орсон гэх газар очоод хойшлуулашгүй ажиллагаа хийгээд биечлэн сурвалжлага хийгээд явж байхад тус айлд байсан Нарандаваа гэдэг хүн Төмбө гэдэг хүн тулам зараад мөнгөтэй болчихсон  архи уугаад явж байна лээ гэж хэлсэн. Уг мэдээллийн дагуу ойр хавиар нь Төмбө гэх хүнийг бүтэн нэрийг нь Т гэдгийг мэдээд Тыг очиж уулзаад эхлээд зарсан тарваганы талаар ярилцаж байгаад байшинд орж хулгай хийсэн талаар нь асуухад хэргээ хүлээж хулгайлсан хурганы арьсаа гэртээ хадгалж байгаагаа хэлсэн. Үүний дагуу мөрдөгчийн хамт очиж үзлэг хийж элдсэн хурганы арьсыг хурааж авсан. Надад зөвхөн тулам, элдсэн хоёр хэсэг хурганы арьс хулгай хийсэн л гэж хэлсэн. Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 8-22 тоот хашаанд байрлах байшинд хулгай орсон байсан. Нарандаваа надад “Төмбө тулам зараад мөнгөтэй болчихсон архи уугаад явж байна лээ” гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-25 тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, Б.Хишигжаргалын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-04 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-5-9 тал/, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-11 тал/, 2020 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн Илтгэх хуудас /хх-26 тал/, Б.Хишигжаргалын өмчлөлийн хулгайд алдагдсан 4 нэр төрлийн эд хөрөнгүүдийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт/хх-38-47 тал/ зэргээр нотлогдож тогтоогдож байна.

 

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг 8 дугаар гудамжны 22 тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай байр болох Б.Хишигжаргалын өмчлөлийн байшингийн цонхоор дотогш нэвтэрч 6 кг борц, 10 кг хөлдүү мах, 64 ширхэг хурганы арьс, 1 ширхэг тарвагны мах зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, бусдад 1720150 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй эсхүл тухан цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхгүйгээр хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив болон субьектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч Б.Т нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Тын 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг 8 дугаар гудамжны 22 тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай байр болох Б.Хишигжаргалын өмчлөлийн байшинд цонхоор дотогш нэвтэрч 6 кг борц, 10 кг хөлдүү мах, 64 ширхэг хурганы арьс, 1 ширхэг тарвагны мах зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, бусдад 1720150 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч Б.Т нь төлж барагдуулсан, шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэгдэхээр хуульчлагдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна.” гэсэн хуулийн шаардлагад нийцэж байх тул хорих ялыг хөнгөрүүлж, ялын доод хэмжээны хоёрны нэгээс багагүй ял буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

        

              Хэргийн улмаас шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б Т-ыг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Батчулууны Тыг 1 /нэг/жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б Т-т оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн цагдан Хорих таслан сэргийлэх арга хэжмээ авч эдлэх ялын мөн өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

8.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ