Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 00430

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2017/00430

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1966 онд төрсөн, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багт оршин суух, Арвин овогт Ширчингийн Баасанжав /РБ-66041505/-ын хүсэлттэй

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймаг дахь Хөвсгөл дулаан ХХК-д ээлжийн ажилтан, Мөрөн сумын 7 дугаар баг 12-01 тоотод оршин суух Цахир овогт Санжхандын Отгонжаргал /ЦГ-66081009/,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Баасанжав шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ш.Баасанжав нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1980 оны 5 дугаар сарын 20-ны өдөр малчнаар элсэн орсон юм. Энэ хугацаанаас хойш Жаргалант амьдрал нэгдэлдээ хоньчноор 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор нэгдэл тартал тасралтгүй ажиллаж байсан.

Одоо нас ахиж тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн жилүүдэд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр, материал устаж алга болсон тул нэгдэлд ажиллаж байсан жилээ шүүхээр сэргээн тогтоох шаардлагатай гэсэн юм.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1980 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс, 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал шүүх хуралдаанд тайлбартаа: Ш.Баасанжав нь миний ангийн хүүхэд ба одоо биеийн байдал нь тааруухан байгаан улмаас би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус шүүх хуралдаанд оролцож байна. Ш.Баасанжав нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумандаа 6 дугаар ангиа төгсөөд хөдөө эцэг, эхтэйгээ Жаргалант амьдрал нэгдэлд хоньчноор ажиллаж байсан юм билээ. Ингээд хөдөлмөрийн насанд хүрч бие даан 1984-1990 оныг дуустал буюу нэгдэл тартал тасралтгүй ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилд орсон гарсан тушаал нь олдохгүй байгаа тул шүүхэд хандсан болно.

Иймээс Ш.Баасанжавын Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Баасанжав нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Ноос түүхийн эд хүлээн авах агентын 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Ширчингийн Баасанжав 15 кг хонины ноос тушаасан тухай тасалбар,

Гэрч О.Бумаагийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: ....Би Баасанжавтай хамт Улаан-Уул сумын сургуульд хамт сурч байсан ба Баасанжав нь 8 дугаар ангиа төгсөлгүй Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад 1980 оноос 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчин байсан. ... гэх мэдүүлэг,

Гэрч А.Гүндэгмаагийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ний өдөр өгсөн: ....Ш.Баасанжав нь 1980 онд сургуулиа төгсөлгүй аав, ээжийн хамт хөдөө гарч мал маллах болсон. 1984 онд 18 нас хүрсэн байх. Тэр цагаас хойш Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1991 оныг дуустал малчин байсан. Би амралтаараа хөдөө гарч амрахдаа таарч гэр орноор нь орж гарч явдаг байсан.... гэх мэдүүлэг, баярын бичиг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Ш.Баасанжавын ажиллаж байсан талаарх холбогдох баримт лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 10/202 дугаартай ....Соёо багийн иргэн Ширчин овогтой Баасанжав нь 1980 оны 6 сарын 20-ноос 1989 оны 12 сарын 31-ныг дуустал хоньчноор ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж үлдээгүй болохыг.... гэх,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10/634 дугаартай ....Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын тушаал байхгүй тул Ш.Баасанжавт хол холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх,

Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ....Улаан-Уул сумын Засаг нэгдсэн контор санхүү тасгийн өрөө 1984 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шатсан.... гэх тодорхойлолтууд тус тус хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Арвин овогт Ширчингийн Баасанжав /РБ-66041505/-г Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад 1984 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.Баасанжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ