| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0376/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/354 |
| Огноо | 2020-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/354
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дондовням,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч Е.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е.Н-д холбогдох 2034000000450 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Е Н, Монгол улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймаг Сайнцагаан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймаг Сайнцагаан сум Тэвш 2 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Е.Н нь согтуугаар Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 5 дугаар баг нутагт 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ц.Түмэнжаргалтай маргалдан улмаар нуруун тус газар нь хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Е.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч Е.Н нь согтуугаар Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 5 дугаар баг нутагт 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ц.Түмэнжаргалтай маргалдан улмаар нуруун тус газар нь хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ц.Түмэнжаргалын: “...Манайх Төв аймгийн Сэргэлэн сум Хайрхан 2-р баг “Ширээгийн булаг” гэх газар нутагладаг юм.Би хөдөө гэртээ эхнэр Шинэсар, том охин Ууганбямба, бага охин Сондорын хамт амьдардаг. Манай хажууд манай хадам аав Ных айл байдаг юм. Манай хадам ээж Мөнхзул Улаанбаатахр хотод хагалгаанд орж байгаа юм. Хадам аав Н өөрийн дагавар хүү Сумъяабазар, охин Бурмаа нарын хамт амьдарч байгаа. 2020 оны 07 сарын 23-ны өдөр манайх өглөө эрт хургаа хяргаж эхэлсэн. Хурга хяргаж байхад Сумъябазар, манай найз Батсайхан бид 3 байсан. Сумъяабазар ууртай гэрээс яваад ирсэн амандаа писдаанууд чинь хурга хяргахгүй байж архи уугаад гээд үглээд яваад байсан. Тэгсэн төд удалгүй араас манай хадам аав Н давхиж ирээд юун хуцаад байгаа писдаанууд вэ гээд хэл амаар доромжлоод байсан юм. Би Тэгэхээр нь урдаас нь та хурга харгалзахгүй байж юу гээд хуцаад байгаа бэ гэсэн чинь за чамайг би харна аа гээд гэр лүү мотоциклоо унаад яваад өгсөн. Тэгэхээр нь Базраа бид хоёр хэдэн дүү нартаа санаа зовоод араас нь давхиад очсон. Бид хоёрыг гэрт очиход манай зүүн талын жижиг гэрт сууж байсан. Сумъяабазар та одоо юм хийлцэхгүй байж яах гээд байгаа нь, ээж хойно өвчин зовлонтой байхад архи уугаад яваад байхын гэсэн чинь чи муу ер нь юу гээд байгаа нь гээд хутга бариад босоод ирсэн, тэгэхээр би наанаас нь тэврээд автал араас миний дал хэсэг рүү хутгаараа дүрсэн. Тэгээд би цусаа угаагаад найз Батсайхантай Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлсэн юм. Тухайн үед би цус их алдсан. Миний нүүр лүү нэг удаа гараараа зохисон. Тэгээд дал нуруу хэсэг рүү хутгалсан. Урьд өмнө нь манай эхнэр Шинэсарыг зодож байсан. Тэгэхээр би хадам аав Ц.Нямдорыг нэг удаа мангасдаж байсан. Тэр нь дээр юм бодсон байж магадгүй. Бас бага Бурмаа руу хайч шидэж байсан. Өрний асуудал бол байхгүй. Хадам дүүтэй муудаад байсан болохоор тийм юм болсон байх. Хадам аав архи уусан байсан болохоор архины халуундаа тэгсэн байх гэж бодож байна.Хадам аав Ц.Н архи уусан байсан. Өдөр хадам аав Н хадам ах Санжаа, мөн адуу хайж явсан 3 залуутай архи уугаад байсан. Би архи уугаагүй байсан. Би Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж цэвэршүүлсэн. Шөнө их лугшиж өвдөөд байсан. Тухайн үед цус их гарсан байсан. Одоо боолт хийлгэсэн байгаа. Өвчин намдаах эм ууж байгаа. Би гомдолтой байна. Эрүүл мэндээ хохирсон байна...” гэх мэдүүлэг/хх-11-16 тал/,
Яллагдагч Е.Нийн гэрчээр өгсөн мэдүүлэг: “...Би Дундговь Аймгийн Сайнцагаан суманд 1974 оны 08 сарын 25-ны өдөр Есэнтэй гэдэг хүний бага хүү болон мэндэлсэн юм. Манайх эхээс 8 хүүхэд байгаа. Би 1998 онд Уранбайгаль гэдэг хүнтэй өрх тусгаарласан юм. Уранбайгаль бид дундаасаа нэг охинтой манай охиныг Баярмаа гэдэг хотод хуулийн сургуульд сурч байгаа сонсогдсон. Охинтойгоо 2020 оны өвлөөс хойш холбоо бариагүй байгаа.Уранбайгаль бид хоёр 2000 оноос хоёр тийшээ болсон юм. Тэгээд 2002 онд Мөнхзултай танилцаж айл гэр болсон. Г.Мөнхзул хүү охин хоёртой байсан. Бид хоёр суугаад дундаасаа нэг охинтой болсон. Манай охин Бурмаа Дундговь аймагт сурдаг. Манай эхнэрийн хүүхэд Шинэсар 2015 онд Түмэнжаргал гэх залуутай айл гэрт орж амьдрах болсон. Манайхтай айл саахалт байж байгаад 2019-2020 оны өвөл цуг өвөлжсөн юм. Одоо Төв аймгийн Сэргэлэн сум Хайрхан 2-р багийн нутаг "Ширээгийн булаг" гэх газар нутаглаж байгаа. Манайх Төв аймгийн Сэргэлэн сум Хайрхан 2-р багийн нутаг "Ширээгийн булаг гэх газар хүргэн Ц.Түмэнжаргалын хамт нутаглаж байгаа. Манай эхнэр Мөнхзул Улаанбаатар хотод хагалгаанд орж байгаа. Би өөрийн бага охин Бурмаагийн хамт хөдөө байгаа юм. 2020 оны 07 сарын 23-ны өдөр манай дагавар хүү Сумъяабазар, хүргэн хүү Түмэнжаргал, Түмэнжаргалын найз Батсайхан нар хурга хяргаж байсан юм. Би тэр хэдийг хурга хяргаж байх хооронд Төв аймгийн Сэргэлэн суманд адуу маллаж байгаа Пагва, Төркө, өөр нэрийг нь мэдэхгүй 3 залуугийн хамт "Хараа 75" литрийн нэг шил архи хувааж уусан юм. Бид Хэдийг архи ууж байхад манай хүргэн Түмэнжаргал орж ирээд уулзаж байгаад гараад явсан. Надтай цуг архи ууж байсан Төркө, цуг явсан залуутайгаа хамт яваад өгсөн. Тэгээд байж Манай дагавар хүү Сумъяабазар дүү Бурмааг загнаад байсан юм. Би тэгээд араас нь хурга хяргаж байсан хашаан дээр очоод манай хургыг үлдээчих, өөрсдийнхөө хургыг хярга гэсэн чинь хүргэн Түмэнжаргал хургаа хяргаж чадахгүй юм бол манай гаднаас хэдэн малаа аваад зайлаа гэсэн юм. Намайг Сумъяабазартай нийлээд зодох гээд дайраад байхаар нь би гэрлүүгээ яваад өгсөн. Намайг жижиг гэрт ороход манай охин Бурмаа гурил элдээд сууж байсан би хажууд нь сууж байсан чинь Түмэнжаргал гаднаас орж ирээд эндээс зайл гээд байхад яагаад зайлахгүй байгаа юм гээд толгой хэсэг рүү нэг удаа хөлөөрөө хөшиглөөд авсан. Би босож ирээд хажууд хутга байхаар нь аваад Түмэнжаргалын ар нуруу хэсэг рүү хутгалсан юм. Тэгээд гаднаас Түмэнжаргалын найз Батсайхан, адуунд явж байсан Пагва хоёр орж ирээд Түмэнжаргалыг аваад гарсан. Намайг гэрээс гарахад Түмэнжаргалын ар нуруу хэсгээс цус гараад байх шиг байсан юм. Би тэгэхээр өөрийн охин Бурмааг сундлаад Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2-р багийн нутаг "Цусын даваа" гэх газар очоод охиноо буулгаж үлдээгээд, тэгээд хот яваад өгсөн..."гэх мэдүүлэг /хх-17-19 тал/
Н.Батсайханы гэрчээр өгсөн мэдүүлсэн: “...2020 оны 07 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед ирж найз Түмэнжаргалын гэрт хоносон юм. Өглөө босоод би хурга хяргасан юм. 11 цагийн үед Түмэнжаргал, Н хоёр муудалцаад байсан. Тэгээд тэр хоёр гэрлүү явсан. Тэр хоёр хоорондоо ноцолдоод байх шиг байсан. Намайг гэрт ороход түүний хадам аав Н, Түмэнжаргалыг хутгаласан байсан...” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,
М.Сумъяабазарын гэрчээр өгсөн мэдүүлсэн: “...2020 оны 07 дугаар сарын 28-ны Өглөө манайх хурга хяргасан юм... ...Хашаан дээр ирээд надтай хэрүүл хийгээд байсан. Тэгээд манай хойд аав Е.Н гэрлүү буцаад яваад өгсөн. Араас нь манай хүргэн ах Түмэнжаргал хүүхдүүд яачих юм билээ гээд яваад ирсэн. Гэрт ирсэн чинь хойд аав Е.Н намайг зодох гээд дайраад байсан. Манай хүргэн ах яах гээд байгаа юм гээд хорьсон чинь ална гээд гурилны хажууд байсан хутга аваад дайрсан. Хүргэн ах Түмэнжаргал хутгыг нь авах гэтэл араас нь хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-22-23 тал/,
Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №423 дугаар “Ц.Түмэнжаргалын биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. 3. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-25 тал/, зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Е.Н нь 2020 оны 8 сарын 18-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-51 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 8 сарын 21-ний өдөр 128 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-64 тал/ 2020 оны 8 сарын 21-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Е.Н-д холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Е.Н нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Е.Нийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Е.Н-д холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Е.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгасугай.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон.
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Е Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Н-д 500,000 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун /-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Н-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар /3 сарын/ хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Е.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Е.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгасугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Е.Нид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Е.Нид урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ