| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/00429/и |
| Дугаар | 00429 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 00429
| 2017 оны 04 сарын 19 өдөр | Дугаар 155/ШШ2017/00429 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Ханх суманд 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Ханх сумын төвд оршин суух Онход овогт Дагвын Баатар /РИ-57021513/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Д.Баатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Баатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Хөвсгөл аймгийн Ханх суманд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Хөвсгөлийн долгион нэгдэлд хоньчноор ажиллаж байтал Хөвсгөлийн долгион нэгдэл татан буугдаж Ренчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлтэй нэгдэж түүнээс хойш Алтан тал нэгдэл тартал тасралтгүй малчнаар ажиллаж байсан болно. Одоо ажиллаж байсан жилээ тогтоолгож өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр минь олдохгүй байгаа тул шүүхэд хандсан юм.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Ханх сумын Хөвсгөлийн долгион нэгдлийн 1 дүгээр бригадад 1974 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1978 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1978 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд адуучнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.Баатар нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Ханх сумын Хөвсгөлийн долигоон нэгдлийн 1 дүгээр бригадад 1974 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1978 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэл хоньчноор, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1978 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ыг хүртэл адуучнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3/48 дугаартай архивын лавлагаа, цалин хөлсний тодорхойлолт,
Гэрч Ц.Батбаярын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн: ....Д.Баатар нь Ханх сумын 8 жилийн сургуулийг 1974 онд төгсөөд Хөвсгөл аймгийн Ханх сумын Хөвсгөлийн долигоон нэгдэлд илгээлтээр гараад 1992 оныг хүртэл үхэрчин, хоньчин хийж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Л.Нарангийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн: ....Д.Баатар нь 1974 оноос 1991 оныг дуустал буюу нэгдэл тарах хүртэл Хөвсгөл аймгийн Хөвсгөлийн долигоон нэгдэл, Алтан тал нэгдэлд үхэрчин байсан. 1974 оны 6 дугаар сард илгээлтээр гарч байсан. 1978 он хүртэл Ханх сумын Хөвсгөлийн долигоон нэгдэл гэж байгаад 1978 оноос Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 5 дугаар бригад болсон.... гэх мэдүүлэг, фото гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Д.Баатараас нотлох баримтаар гаргаж өгсөн Диплом, Баярын бичиг зэрэг баримтыг үнэлгээгүй болно. Учир нь: Нэрийг нь засварлаж бичсэн байна.
Хөвсгөл аймгийн Ханх сумын засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3/48 дугаар ....Ханх сумын 3 дугаар багийн иргэн Дагвын Баатарын 1971-1977 оны нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр нь Ханх сумын АДХГЗ-ын контор шатахад устаж үгүй болсон нь үнэн болно.... гэх албан бичиг хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч Д.Баатарын улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Онход овогт Дагвын Баатар /РИ-57021513/-ыг Хөвсгөл аймгийн Ханхсумын Хөвсгөлийн долигон нэгдлийн 1 дүгээр бригадад 1974 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1978 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэл хоньчноор, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1978 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ыг хүртэл адуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Баатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ