| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/00428/и |
| Дугаар | 00428 |
| Огноо | 2017-04-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 00428
| 2017 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 155/ШШ2017/00428 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, одоо Мөрөн сумын 12 дугаар баг 01-11 тоотод оршин суух, Боржигон овогт Өлзийн Энхтайван /РХ-62011730/-ны хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Ө.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Энхтайван шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь хуучнаар Хатгал хотын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ТМСургуулийн тракторын ангид элсэж суралцаж тракторын жолооч мэргэжлээр төгсөөд аймгийн ойн аж ахуйд хуваарилагдаж тракторын жолоочоор ажиллаж байгаад цэрэгт 1981 онд татагдаж яваад 1984 онд цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн хуучнаар Хатгал хотын Модны аж ахуйн үйлдвэр уулын хэсэгт ДТ-55 маркийн тракторын жолоочоор 1995 оныг хүртэл ажиллаж байгаад уг үйлдвэр нь татан буугдаж Хөвсгөл аймгийн хорих 443 дугаар ангид шилжихэд трактортайгаа хамт шилжиж очиж ажиллаж байсан юм. Одоо өндөр настны тэтгэвэрт орох болзол хангасан ба зарим ажилд орсон гарсан тушаал нь олдохгүй буруу зөрүү гарснаас болоод миний ажиллаж байсан жил тооцогдохгүй байгаа тул ажиллаж байсан жилээ шүүхээр сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан болно.
Иймд намайг Хөвсгөл аймгийн ойн аж ахуйд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тракторын жолооч, Хөвсгөл аймгийн Хатгал хот /хуучнаар/ Модны үйлдвэрт 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл банз зөөгч, 1984 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Хорих 443 дугаар ангид 1999 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл уулын ДТ-55 маркийн тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ө.Энхтайван нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн ойн аж ахуйд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тракторын жолооч, Хөвсгөл аймгийн Хатгал хот /хуучнаар/ Модны үйлдвэрт 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл банз зөөгч, 1984 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Хорих 443 дугаар ангид 1999 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл уулын ДТ-55 маркийн тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгч Ө.Энхтайванд 1977 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хатгал тосгоны Модны цехээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,
Хөвсгөл аймгийн ойн аж ахуйн даргын 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 89 дугаар ....1/ Мөрөн хотын ойн техник мэргэжлийн сургууль төгсөж ОМАҮЯ томилолтоор хуваарилагдаж ирсэн Ө.Энхтайван...нарыг 7-р сарын 1-нээс эхлэн.... гэх Ажилчин ажилд авах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Ой, агнуурын аж ахуйн даргын 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаар ....1/ Ээлжит цэргийн албанд татагдах доорх хүмүүст 1981 оны ээлжийн амралтыг 6 дугаар сарын 15-наас эхлэн Энхтайванд ажлын 26 хоног бодож олгосугай. 2/ Энхтайван нарыг мөн сарын 15-ны өдрөөс эхлэн тус тусын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.... гэх Ээлжийн амралт олгох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Хатгал ОМҮ-т тракторчнаар ажиллаж байсан Өлзийбат овогтой Энхтайвангийн 1988 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуусталх цалингийн түүвэр эх хувь,
Шүүхийн шийдвэр биелүүлэх Ерөнхий газрын хорих 443 дугаар ангийн даргын 1999 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ...Хатгалын модны үйлдвэрээс ирсэн ТДТ-55 тракторын жолоочоор Өлзий овогтой Энхтайванг 1999 оны 9 дүгээр сарын 15-наас эхлэн авч ажлуулсугай.... гэх Ажилд авах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 371 дугаар Даатгуулагч Өлзий овогтой Энхтайван нь Хорих ангид шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, шимтгэл төлсөн тухай архивын лавлагаа,
Б.Н.М.А.У сайд нарын Зөвлөлийн Улсын дээд, тусгай, дунд, техник мэргэжлийн боловсролын хорооны даргын 1980 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 804617 дугаар бүхий Уулын тракторын мэргэжлийн 3-р зэрэг-ийн Үнэмлэхийн хуулбар,
Гэрч М.Ганхуягийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: ....Ө.Энхтайван нь 1984 онд цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Модны Цехэд 1984 оны 7 дугаар сараас 1995 оны 10 дугаар сар хүртэл модны үйлдвэр татан буугдах хүртэл тракторын жолооч хийж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч В.Нанжмаагийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: ....Ө.Энхтайван нь 1980 онд ойн ТМС-ийг төгсөж ирээд Хөвсгөл аймгийн ойн ан агнуурын аж ахуйд 1980 оноос 1981 оны хооронд уулын трактор барьдаг байсан. 1980 оны 6 дугаар сараас ажилд орсон санагдаж байна. 1981 оны хавар цэргийн албанд татагдсан.... гэх мэдүүлэг, тракторын жолоочийн №053846 дугаартай үнэмлэх, №53842 дугаартай жолоочийн талон, 1985 оны диплом, 1986, 1988 оны баярын бичиг, 1986 оны одонт тугийн дурсамж, фото гэрэл зургууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хөвсгөл аймгийн Хорих 443-р ангийн даргын тушаалаар 1999 оны 9 дүгээр сарын 15-нд нэхэмжлэгч Ө.Энхтайванг ажилд томилсон тушаал хэрэгт авагдсан байх боловч Аймгийн нийгмийн даатгалын газрын 2016 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн 371 дугаартай архивын лавлагаанд 1999 оны 3 сард 3433 төгрөгийн цалин хөлс бичигдсэн байх тул нэхэмжлэгч Ө.Энхтайванг 1999 оны 3 сараас ажиллаж эхэлсэн байна гэж шүүх үзсэн болно.
Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд 70.200 төгрөг төлөх атал 72.200 төгрөг төлсөн байх ба илүү төлсөн 2.000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ө.Энхтайванд олгож шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Өлзийн Энхтайван /РХ-62011730/-ыг Хөвсгөл аймгийн ой, агнуурын аж ахуйд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тракторын жолооч, Хөвсгөл аймгийн Хатгал хот /хуучнаар/ Модны үйлдвэрт 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл банз зөөгч, 1984 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Хорих 443 дугаар ангид 1999 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл уулын ДТ-55 маркийн тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72.200 /далан хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 2.000 /хоёр мянга/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ө.Энхтайванд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ