| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/00427/и |
| Дугаар | 00427 |
| Огноо | 2017-04-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 00427
| 2017 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 155/ШШ2017/00427 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Мөрөн суманд 1970 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, хувиараа худалдагч хийдэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 09-08 тоотод оршин суух Боржигон Лхасүрэнгийн Бурмаа /РН-70092468/-гийн хүсэлттэй,
Талийгаач нөхөр Д.Жаргалсайханы ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Л.Бурмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Бурмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний нөхөр Д.Жаргалсайхан нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өвчний улмаас өөд болж насанд хүрээгүй охин Ж.Солонго нь өнчин үлдсэн юм. Одоо насанд хүрээгүй охин Солонгод тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэтэл нөхөр Д.Жаргалсайханы ажиллаж байсан жилийг сэргээн тогтоолгох шаардлагатай болсон учир шүүхэд хандсан юм.
Иймд талийгаач Давгадайн Жаргалсайханг Хөвсгөл аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Л.Бурмаа нь нас барсан нөхөр Д.Жаргалсайханы ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гарах эрхтэй болох нь Тухайлбал;
Талийгаач Д.Жаргалсайхан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан учир 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэж №0000183718 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар,
Насанд хүрээгүй буюу 2004 оны 8 дугаар сарын 02-нд төрсөн охин Тулгат овогт Жаргалсайханы Солонго /РЮ-04280201/-ын төрсний гэрчилгээний хуулбар,
Гэрлэгчдийг гэр бүл болсныг 1991 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд Хөвсгөл аймгийн Мөрөн сум бүртгэж II А № 63 дугаарын гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон шүүхэд гаргасан хүсэлт зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгч Л.Бурмааг талийгаач Д.Жаргалсайханы өмнөөс шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Л.Бурмаа нь талийгаач нөхөр Д.Жаргалсайханы ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгосноор охин Ж.Солонгод тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох тодорхой үр дагаврыг бий болгож байх ба талийгаач Д.Жаргалсайхан нь Хөвсгөл аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ноормчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг аймгийн архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Архивын тасгийн сан хөмрөгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн цалингийн тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тушаалд ....1-р бригадын ажилчин Д.Жаргалсайханыг өөрийн нь хүсэлтээр 5 дугаар сарын 01-нээс ажлаас чөлөөлсүгэй.... гэх тушаалын хуулбар,
Гэрч П.Лхагважавын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: ....Д.Жаргалсайхан нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид 1989 оны 9 дүгээр сараас 1991 он хүртэл нормчноор ажиллаж байсан. Д.Жаргалсайхан нь нэр хүнд сайтаа ажилчин байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар талийгаач Тулгат овогт Давгадайн Жаргалсайхан /РЮ-63120675/-г Хөвсгөл аймгийн Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангид 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Бурмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ