| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0395/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/368 |
| Огноо | 2020-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буяннэмэх ,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Сд холбогдох 2034000000496 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ц С, Монгол улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Увс аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Төв аймаг Батсүмбэр сум Үдлэг 4 дүгээр багийн 4-44 тоотод оршин суух хаягтай, урьд урьд Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 200 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Мөн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1010 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 4 жил 6 сар 3 хоногийн ялаас 3 жилийн ялыг өршөөн хасаж, 1 жил 6 сар 3 хоногийн ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 20 дугаартай шүүгчийн захирамжаар 5 сар 24 хоногийн өмнө тэнсэн суллагдаж байсан.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Ц.С нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өдөр Төв аймаг Батсүмбэр сумын Үдлэг 4 багийн нутагт М.Цогтгэрэл, Ц.Цогтбаатар нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч Ц.С нь согтуугаар 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4-р багийн нутагт М.Цогтгэрэл, Ц.Цогтбаатар нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ц.Цогтбаатарын: ".. 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд 4-р баг Бургалтай гэх газар аав Цогтгэрэл гол дээр хүнтэй сууж байхыг нь хараад яваад очсон чинь аав Цогтгэрэл нь С гэх хүнд зодуулчихсан.С нь гэр рүүгээ явчихсан байсан. Тэгээд би яагаад аавыг зодсоныг асуух гээд Сынд очоод дуудсан чинь гарч ирээд над руу орилоод гараад ирсэн. Тэгээд намайг С хоёр нүд рүү гараараа 4 удаа цохиод, 1 удаа толгойгоороо мөргөсөн, хөлөөрөө миний нүд рүү өшиглөсөн. Тэгээд би шууд цагдаагийн байгууллагад хандсан. С нь согтуу байсан. Тэгээд ямар ч шалтгаангүйгээр намайг зодчихсон. Миний толгой руу гараараа баруун зүүн талаас цохиод, толгойгоороо 1 удаа мөргөөд, 1 удаа өшиглөсөн. Намайг 2020 оны 08 сарын 15-ны оройны 17 цагийн орчимд намайг цохисон. Миний толгой болоод нүдний ухархайгаар хатгаж, бас нуруу өвдөөд байгаа. Би зодуулсандаа гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх- 3 тал/
Хохирогч Ц.Цогтгэрэлийн: “...2020 оны 08 сарын 15-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд 4-р баг Бургалтай гэх газраар хонио хариулаад явж байтал гол дээр С Соёрхол нэртэй 0,75 литрийн архи талд нь оруулчихсан сууж байсан. Би тэрнээс нь 3 куртик уучхаад сууж байгаад С манайх руу явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь за тэгье гээд боссон чинь чи ер нь хэнийг өмөөрөөд байдаг юм бэ? гээд намайг газар унагаагаад гараараа толгой дээр цохиод байсан. Би хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд намайг тэнд үлдээчхээд С гэр рүүгээ яваад өгсөн. Цогтбаатар гэдэг манай хүүхэд над дээр ирээд харчхаад Стай уулзана, учрыг нь олно гээд Сынх руу явсан. Тэгээд би яваад очсон. Манай хүүхдийг С намайг бас зодчихсон байсан. Намайг газар унагаагаад толгой руу гараараа цохиод байсан. Намайг 2020 оны 08 сарын 15-ны оройны 17 цагийн орчимд намайг цохисон, Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4-р баг Бургалтай гэх газар намайг зодсон. Миний хүүхдийг зодсонд би гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх- 5 тал/,
Шүүгдэгч Ц.Сын гэрчээр өгсөн мэдүүлэг : “...2020 оны 08 сарын 15-ны өдөр би айлд үхэр алж янзлаад тэр айл 1 шил архи гаргаж өгсөн юм. Тэгээд тэрнээс нь уугаад байж байтал Цогтгэрэл ах хүрээд ирсэн. Бид нар архиа хувааж уучхаад явцгаах болсон. Тэгээд би мал байдаг айлын нь хүнийг энэ хүмүүс ирчхээд байхад ганц аяга халуун цай өгчхөж болдоггүй юм байхдаа" гэж хэлсэн чинь Цогтгэрэл “Чамд ямар хамаатай юм” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь бид хоёр муудалцаад бид хоёр зууралдаад байхаар нь гараараа нүүр рүү 2 удаа цохих шиг болсон. Тэгээд би салаад гэр рүүгээ яваад өгсөн. Тэгээд удалгүй гэрийн гадаа байж байтал Цогтбаатар хүрээд ирсэн. Тэгээд над руу дайрахаар нь миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би нүүр рүү нь 2-3 удаа цохисон...Би Цогтгэрэлтэй муудалцсан шалтгаан нь би "Энэ хүмүүс ирчихээд байхад ганц аяга халуун цай өгчхөж болдоггүй юм байхдаа” гэж хэлснээс болсон. Харин Цогтбаатартай муудалцаж зодолдсон шалтгаан нь Цогтбаатар над руу алнаа, аавыг зодсон байна гээд над руу дайрсан бид хоёр харилцан зодолдсон. Би үүдэн хоёр шүд хөдөлчихсөн, хүзүү улаан эрээн болчихсон. Би Цогтгэрэлийн нүүр рүү нь гараа хэд хэдэн удаа цохисон, яг хэд гэдгийг нь мэдэхгүй байна. Би Цогтбаатарын нүүр рүү 1-2 удаа л нүүр рүү нь цохисон. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." "...Цогтгэрэл нь унахдаа цамцны захнаас татаад уначихсан юм... Энэ хоёр намайг боосон, цохисон юм бол байхгүй..." гэх мэдүүлгүүд /хх-7-8 тал/,
Ц.Сын яллагдагчаар өгсөн мэдүүлэг "...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан бүхэн үнэн зөв.Би хохирогч Цогтбаатар, Цогтгэрэл нарын эрүүл мэндийн зардалд нь 500,000 төгрөг бэлнээр өгч санал гомдолгүй болгосон...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-46-47 тал/,
Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 466 дугаартай: "..Ц.Цогтбаатарын биед баруун нүдний дээд доод зовхи, зуун бугалгын цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх- 13 тал / бүсэлхий нурууны компьютерт томографийн шинжилгээ хийсэн байдал, гэрэл зургийн хамт, /хх-15-16 тал/,
Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №465 дугаар “ М.Цогтгэрэлийн биед тархи доргилт, баруун нүдний дээд доод Зовхины цус хуралт, хамрын зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 19-20 тал/, толгойн компьютерт томографийн шинжилгээ хийсэн байдал, гэрэл зургийн хамт /хх-21-23 тал/, зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.С нь 2020 оны 9 сарын 03-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-54 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 9 сарын 04-ны өдөр 133 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-66 тал/ 2020 оны 9 сарын 04-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ц.Сд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.С нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ц.Сыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Сд холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Ц Сыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д 900/есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /3сарын/ хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.С нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ