| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07836/И |
| Дугаар | 102/ШШ2017/00696 |
| Огноо | 2017-03-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2017/00696
| 2017 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2017/00696 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 3 дугаар хэсэг, Сургуулийн гудамж, 1280 тоотод оршин суух, Мянгад овогт Дашдонровын Оюун /РД-ПБ56072060/,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 3 дугаар хэсэг, Сургуулийн гудамж, 1280 тоотод оршин суух, Мянгад овогт Гансүхийн Отгонбат /РД-ПБ87020871/ нарын,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Жасрайн гудамж, СОТ-2 байр, 36 тоотод оршин суух, Бөх-зайсан овогт Батдэлгэрийн Ариунаа /РД-ЧЗ71122882/-д холбогдуулан гаргасан,
Гэрээ цуцалж, гэрээгээр хүлээсэн үүргээс татгалзаж, орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн,
Хариуцагчийн газар чөлөөлүүлж, 5,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Д.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонбат, түүний өмгөөлөгч З.Уянга /шүүхэд төлөөлөх эрх-0925/ хариуцагч Б.Ариунаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бадамцэцэг /шүүхэд төлөөлөх эрх-0989/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюун, Г.Отгонбат нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Оюун, Г.Отгонбат, хариуцагч Б.Ариунаа нар 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан. Энэ гэрээний 1 дэх хэсэгт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1280а тоотод байрлах 700 м.кв газраас Д.Оюун, Г.Отгонбат нарыг нүүлгэн шилжүүлэх гэж заасан нь хэт нэг талыг барьсан зохицуулалт бөгөөд хүйтний улирал эхэлсэн энэ цаг үед уг газар дээр барьсан байшингаас хөөн гаргаж байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл төдийгүй Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж байна.
Мөн 2 дахь хэсэгт дээрх газар дээр баригдсан тоосгон байшинг 10,000,000 төгрөгөөр үнэлсэн нь мөн л Д.Оюун, Г.Отгонбат нарыг хохироосон заалт. Энэхүү байрыг хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК 2015 оны 7 дугаар сард 19,367,025 төгрөг гэж үнэлсэн бөгөөд гэрээнд заасан үнэлгээ даруй 9,367,025 төгрөгөөр бага байна. 2016 оны 10 дугаар сарын байдлаар байшинд оруулсан хөрөнгө оруулалт болон одоогийн зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур байгаа нь бодит байдалд үл нийцнэ.
Мөн гэрээний 2 дахь хэсэгт 10,000,000 төгрөгийг 5 жилийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Бидний хувьд уг гэрээг дүгнэхдээ төлбөр төлж барагдуулах хугацаа болох гэрээний гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцоогүй байгаа нь уг гэрээний хүчин төгөлдөр байдлыг алдагдуулж байна.
Дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалан Б.Ариунаа болон Д.Оюун, Г.Отгонбат нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээг цуцалж байгааг мэдэгдсэн бөгөөд өнөөг хүртэл ямар нэг хариу өгөөгүй тул уг гэрээг цуцалж, гэрээний дагуу хүлээсэн үүргээс татгалзан Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1280а тоотод байрлах 700 м.кв газраас Д.Оюун, Г.Отгонбат нарын эзэмшлийн 19,367,025 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг Б.Ариунаагийн эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.
Одоо талуудын хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнээс татгалзаад, хариуцагчийн өмчлөлийн газарт барьсан байшингаа нураан авч, газрыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор чөлөөлөхөөр хариуцагчтай эвлэрч байна гэв.
Хариуцагч Р.Ариунаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Оюун, Г.Отгонбат нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч Б.Ариунаагийн нэхэмжлэлтэй Д.Оюун, Д.Хөхөө нарт холбогдох Д.Оюуны хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүх хянан шийдвэрлэж миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган 4130 тоот шийдвэр гаргасан.
Нэхэмжлэгч Б.Ариунаагийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгч Т.Энхтуяагийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 21795 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2403 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж байгаа болно.
Нэхэмжпэгч Д.Оюун, Г.Отгонбат нарын нэхэмжлэлээр, Б.Ариунаад холбогдуулан иргэний хэрэг үүсгэх тухай 102/Ш32016/27427 тоот захирамжийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гарган иргэний хэрэг үүсгэсэн нь буруу юм.
Учир нь Д.Оюуны хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх тухай Б.Ариунаагийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар дахин нэхэмжлэл гаргасан, хариуцагч Д.Оюуны гэм буруутай болох нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон билээ.
Д.Оюун нь “4130 тоот хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх асуудлаар төлбөр төлөгч, төлбөр авагчийн хооронд байгуулсан гэрээг цуцлах, орон сууцыг Б.Ариунаагийн эзэмшлээс чөлөөлүүлэх” огноо байхгүй нэхэмжлэлийг гаргаж байгаа нь Б.Ариунаагийн нэхэмжлэлийн шаардлага болох “Д.Оюуны хууль бус эзэмшлээс газар чөлөөлөх” шаардлагын эсрэг үйл баримт болж байгааг анхааран үзнэ үү.
Дээр дурдсан асуудлууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэсэн үндэслэлд хамаарч байгааг анхаарна уу гэв.
Хариуцагч Б.Ариунаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Д.Оюун, Г.Отгонбат нарыг нөхрийн талын ах дүүс учраас миний өмчлөлийн газарт байх хувийн орон сууцандаа түр оршин суухыг зөвшөөрсөн юм. Гэтэл Д.Оюун, Г.Отгонбат нар нь Б.Ариунаа, Ц.Молор нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1280А тоотод байрлах 700 м.кв, 18652310390450 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар дээрх Баянзүрх дүүргийн 23-р хороо, сургуулийн 1280А тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 37.8 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204026895 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй хувийн орон сууцыг бидний зөвшөөрөлгүй, дур мэдэн, хууль бусаар нураасанд гомдолтой байна. Миний хувийн байшингийн хэмжээ нь 9 м.кв ба 4.20 м.кв буюу 37.8 м.кв бөгөөд байшингийн суурийг бетоноор цутгаж, 4 талыг нь шургааг модоор барьж, дээврийг нь шувуу нуруу босгож банзаар барьж 2 үе хар цаасаар бүрж дранкаар дарж бэхэлсэн. 4 талын ханыг дотор гаднагүй дранкаар дарж цементлээд гадуур нь будсан, 2 цонхтой, модон хаалгатай. Байшин барихад ашигласан материал нь шургааг мод, банз, дранк, цемент, хадаас, будаг, хар цаас болон бусад барилгын материал ашигласан.
Миний байшинг хууль бусаар нураачихаад, миний өмчлөлийн газарт шинээр байшин бариад эхэлсэн. Би удаа дараа байшингаа барихаа боль, хууль бус гэж анхааруулсаар байтал зогсоохгүй бариад байсан тул 2014 онд Дуүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4130 дугаартай шүүхийн шийдвэрт “Б.Ариунаа, Ц.Молор нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1280А тоотод байрлах 700 м.кв, 18652310390450 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Д.Оюуны хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй” гэж тогтоосон юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэхээр /байшинг буулгахаар/ очиход Д.Оюун, Г.Отгонбат нар нь надаас гуйсаар байгаад тухайн өдрөө нотариатаар баталгаажуулж “улаан тоосгон байшинг 10,000,000 төгрөгөөр үнэлж 5 жилийн дотор Д.Оюун, Г.Отгонбат нарт төлж барагдуулах” гэсэн агуулгатай гэрээ хийсэн.
Надад дутуу баригдсан байшинг худалдан авах хүсэл байгаагүй, ах дүүс гэж бодсондоо л энэ гэрээг хийсэн юм. Одоо дээрх гэрээ хүчингүй болсон тул би газраа чөлөөлүүлж авах хүсэлтэй байна.
Иймд миний өмчлөлийн газраас байшингаа авч газар чөлөөлүүлэх, миний байшинг нураасан тул байшингийн төлбөрт 5,800,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Одоо нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, газраа чөлөөлүүлж, хохирол 5,800,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг шаардлагаас 5,800,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзан нэхэмжлэгч нартай эвлэрч байна гэв.
Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Талууд дараах нөхцөлийг харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.
Нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлага болох талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээнээс татгалзах шаардлагыг хариуцагч Б.Ариунаа зөвшөөрч, хариуцагч нь газар чөлөөлүүлэх буюу 5,800,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5,800,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн 1280А тоотод байрлах “улаан тоосгон байшинг” нэхэмжлэгч нар өөрийн зардлаар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор буулгаж, газрыг чөлөөлөх, байшинг буулгаж дуусах хүртэл байшинд нэхэмжлэгч Д.Оюун, Г.Отгонбат нар амьдран суухгүйгээр харилцан тохиролцов гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюун, Г.Отгонбат нар нь, хариуцагч Б.Ариунаад холбогдуулан гэрээнээс татгалзан, амины орон сууц чөлөөлүүлэх тухай
Хариуцагч нь газар дээр баригдсан орон сууцыг буулгаж газар чөлөөлүүлж, 5,800,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.
Шүүх хуралдааны үеэр талууд эвлэрэн хэлэлцээд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээнээс татгалзаж, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн 1280А тоот газар дээр баригдсан байшинг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч Б.Ариунаа нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 5,800,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн 1280А тоот газарт баригдсан байшинг нэхэмжлэгч нар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор өөрийн зардлаар буулгаж, газрыг чөлөөлөх, уг байшинг буулгаж дуустал тус нэхэмжлэгч Д.Оюун, Г.Отгонбат нар түүнд амьдран суухгүйгээр харилцан тохиролцож харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Нэхэмжлэгч Д.Оюун нь Г.Отгонбатад эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон байх тул түүнийг Д.Оюуныг төлөөлж эвлэрэх эрх бүхий этгээд гэж үзсэн болно.
Иймээс зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх гэрээг бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байна гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.
Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 177,950 төгрөг төлөхөөс 107,750 төгрөг төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагчаас зөрүү болох 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ариунаагаас 255,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Оюун, Г.Отгонбат нарт олгож, нэхэмжлэгч Д.Оюун, Г.Отгонбат нараас 70,200 төгрөг гаргуулан хариуцагч Б.Ариунаад буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д.Оюун, Г.Отгонбат нарын нэхэмжлэлтэй, Б.Ариунаад холбогдох иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээнээс татгалзаж, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн 1280А тоот газар дээр баригдсан байшинг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч Б.Ариунаа нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 5,800,000 төгрөгөөс нь татгалзаж, үлдэх Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн 1280А тоот газарт баригдсан байшинг нэхэмжлэгч нар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор өөрийн зардлаар буулгаж, газрыг чөлөөлөх, уг байшинг буулгаж дуустал тус нэхэмжлэгч Д.Оюун, Г.Отгонбат нар түүнд амьдран суухгүйгээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 107,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, мөн хариуцагч Б.Ариунаагаас 255,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Оюун, Г.Отгонбат нарт олгон, нэхэмжлэгч Д.Оюун, Г.Отгонбат нараас 70,200 төгрөг гаргуулан хариуцагч Б.Ариунаад буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД